Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/971

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбадашийн Мд холбогдох эрүүгийн 2211 01594 1832 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогтой Бямбадашийн М /РД:.6/,

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Титэм Буйдан” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5 эхнэр, хадам эх, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Сэлбэ” хотхон 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Аксио” маркийн “59-37” УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа хохирогч З.Эрдэнэжаргалын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, 2 шүдний хугарал, сулрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 825 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...Миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах шаардлага байхгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.М нь  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Аксио” маркийн “59-37” УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа хохирогч З.Эрдэнэжаргалын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, 2 шүдний хугарал, сулрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч З.Эрдэнэжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01 цаг 10 минутад уулзалдаад тэндээсээ их дэлгүүр рүү алхсан юм. Тэгээд Улсын их дэлгүүрийн хойд талын саравчинд 01 цаг 50 минут хүртэл хоорондоо юм ярьж суусан. ...Гэтэл Төгөлдөрийн найз охин нь “хүн дагаад байна” гэж хэлээд “Инстаграм” стори хийсэн байсан, Төгөлдөр лүү залгасан, чат бичсэн байсан. Тэгэхээр нь бид хоёр санаа зовоод Төгөлдөрийн найз охины гэр лүү гүйсэн. Тэгээд Ялалтын талбай дээр хурдан алхаад явж байтал 30 орчим насны бүдүүн ах бид хоёроос юм асууя? гээд дуудсан. Тэгээд утсаа гаргаж ирэхээр нь утаснаасаа мэдэхгүй зүйлээ асуух гэж байгаа юм болов уу? гэж бодоод яасан ахаа гэтэл миний өмсөж явсан хар өнгийн пальтоноос зуураад тавихгүй байсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд гараа шудраад тавиулсан. Тэгээд цаашаа хурдтай алхсан. Гэтэл намайг араас хөл рүү өшиглөөд хавирах гээд байхаар нь тэр хүн угаасаа согтуу байсан учир би цаашаа зугтаачихсан. Миний араас гүйж байхдаа “өө олчихлоо” энэ мөн байна гээд утсаар ярингаа орилсон. Тэгээд цагаан машинаар бид хоёрыг хөөсөн. Хөөгөөд байхаар нь “гэм хийчихсэн биш" гэж бодоод өөрийн найз Төгөлдөрийг татаж зогсоогоод байж байтал, нөгөө туранхай саарал өнгийн цамц өмсчихсөн залуу нь нааш ир хоёр сда минь таарахгүй гэж бодоо юу? гээд орилоод байсан. Тэгж хэлэхээр нь “...та хэд хүн андуураад байх шиг байна аа хэл амаараа учраа ольё...” гэж хэлсэн. Гэтэл эрүүл байсан гэх улаан өнгийн өмдтэй, хөх фудволктой ах дуудаад “за тэгье, тэгье ахын дүү хэл амаараа учраа ольё” наашаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд дөхөж очих үед туранхай саарал өнгийн цамц өмсчихсөн байсан залуу нь зодох гэж дайрсан. Тэгэхээр нь бид хоёр айгаад, хоёр тийшээ салаад зугтаасан юм. Би зугтаахдаа эхлээд чигээрээ хойшоо гүйсэн боловч зүүн талд миний шүд рүү цохисон бүдүүн ах, хойд талд саарал цамцтай туранхай ах, гүйх боломж зөвхөн баруун тийшээ байсан учир би тэр зүг рүү зугтаасан. Гэтэл Төгөлдөр миний урдуур гарч ирээд эрүүл байсан гэх ах нь тэврээд намайг газарт унагаасан. Унах үедээ би зүүн гар талаараа дараад уначихсан юм. Намайг барьж авсан гэх ах намайг үгийн зөрүүгүй боосон. Тэр үед би өөрийнхөө гарыг хоолойн завсраараа хийгээд нөгөө ахын гарыг нь түлхээд эргээд дээшээ харсан. Гэтэл нөгөө согтуу саарал цамцтай туранхай ах болон бүдүүн ах хоёр ирснээ миний хөл рүү болон биеийн цээжин хэсэг рүү өшиглөсөн. Мөн дух руу цохиж, гараараа үсдэж дарж байсан. Тэгээд зодож байтал намайг барьчихсан байсан эрүүл байсан ах нөгөө хоёрыгоо болиулсан бөгөөд согтуу байсан хоёр нь цагдаа дуудъя, цагдаа руу явъя “энэ сда”-г аваад явъя гэхээр нь “...би тэгээ цагдаагаа дууд хамт яваад очъё...” гэж хэлсэн юм. Тэгээд намайг машиндаа чихэж суулгаад, жолоочийн суудал дээр эрүүл байсан гэх ах, жолоочийн эсрэг талын суудал дээр саарал өнгийн цамц өмсчихсөн байсан согтуу ах хойд талын суудал дээр миний хажууд бүдүүн ах ингээд бид дөрөв цагдаагийн хэлтэс рүү явахаар болсон. Тэр үед миний хажууд сууж байсан гэх бүдүүн ах миний дагз руу хэд хэдэн удаа алгадсан. Тэгэхээр нь би уурлаад “...та одоо болиоч дээ, аймар их зодлоо шүү дээ..” гэж хэлээд гараараа хаачихсан байсан юм. Тэгээд машины цонхоор урагш харах үед цагдаагийн машин харагдсан, тэгэхээр нь гараа буулгах үед миний шүд рүү баруун гараараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед миний шүд хугарчихсан юм. Тэгэхээр нь та миний шүдийг хугалчихлаа ш дээ гэтэл “Хохь чинь” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд бүдүүн ах нь болохоор хэл амаар доромжилж найзуудыгаа дууд, та нарыг шоронд чинь хатаана гэх мэтээр агсан тавьж байсан. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй, Зүв зүгээр явж байгаад согтуу хүмүүс дуудаад байхаар нь айсандаа л зугтаасан. Түүнээс ямар нэгэн байдлаар тэр хүмүүст гэм хор хийгээгүй. Өөр хүмүүстэй андуураад намайг зодчихсон юм. Дүгнэлтэд дурдагдсан байгаа уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, 2 шүдний хугарал, сулрал гэмтлийг миний хажууд суугаад толгой тархи, дагз руу цохиод, шүд рүү цохисон бүдүүн ах учруулсан, Яагаад гэвэл машины цонхоор цагдаагийн машин байна гээд гараа буулгах үед миний амруу хажууд сууж явсан гэх бүдүүн ах гараа атгаж байгаад цохисон. Тэр үед миний уруул язарч, 2 шүд хугарсан байдаг...” гэх /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,

Гэрч М.Төрмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 18-19 цагийн орчимд гэрээсээ гараад өөрийн ажлын захирал болох Мгийн ажлын байран дээр буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм буйдан” ХХК-ийн ажлын байран дээр ирсэн. Тэгээд М ах бид хоёр ажлын байран дээр нь уулзаад гарч 5 дугаар сургуулийн замын эсрэг талд байрлах пабад пиво ууж сууж байгаад ойролцоогоор 01 цаг өнгөрөөд буцаад М ахын ажил дээр ирсэн санагдаж байна. “...гэр лүүгээ харихаар болж “КФС”-ийн зам талдаа такси бариад явах гэтэл миний харснаар 3 залуу байсан, Тухайн 3 залуу ямар нэгэн шалтгаангүйгээр над руу дайраад байхаар нь зодолдож эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад тэр хүүхдүүд зугтаасан юм. Тэр хэдийн араас гүйгээд явж байтал замд хар өнгийн пальтотой мөн нэг нь шар үстэй хоёр залуу урдаас гараад ирсэн. Тэгээд Эрка бид гурав явж байгаад мөн үү? гээд бие биеэсээ асуутал нөгөө хоёр зугтаачихсан. Тэгэхээр нь мөн байна гэж бодоод араас нь хөөсөн юм. Би болохоор шар үстэй найз нь гээд байгаа залуугийн араас гүйсэн боловч барьж авч чадаагүй. Харин эргээд ирэх үед нэг өндөр хар өнгийн пальтотой байсан залууг Эрка болон М хоёр барьчихсан байсан бөгөөд би машины хаалга онгойлгож өгөөд цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Наашаа ирж байх замдаа “...би бишээ гээд нөгөө хар пальто өмсчихсөн залуу нь хэлж байсан...”, тэгээд бид гурав авчирсан. Хойд талын суудал дээр нөгөө залуу болон М нар суусан байсан. Харин жолоог Эрка барьж, би жолоочийн эсрэг талд суучихсан байдалтай явж байсан...” гэх /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

Гэрч Э.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд би өөрийн ээж болох Энэбишийн гэрээс гэр лүүгээр жаахан оройтож ирсэн юм. Гэтэл орцны үүдэнд манай хүү болох Эрдэнэжаргал нь гарч явж байсантай таарсан бөгөөд хаашаа явах гэж байгаа талаар нь асуухад найзуудтайгаа биллиард тоглочхоод ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь яах гээд байгаа юм бэ? орой болчихсон байна оръё миний хүү гэж хэлэхэд, ганц цаг тоглочхоод ирье л дээ юун сүртэй юм бэ? гэж хэлээд яваад өгсөн. Тэр өдрөө би орсон даруйдаа унтаад өгчихсөн байсан юм. Маргааш өдөр нь буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өглөө миний чат руу бичсэн байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад хүнд зодуулчихлаа гэх утга бүхий чат бичээд над руу зургаа явуулсан юм. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд надтай орцны үүдэнд таарахдаа миний хүүгийн нүүрэнд ил харагдах гэмтэл шарх сорви огт байгаагүй. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18 цагийн орчимд гэртээ ирсэн бөгөөд уруул нь хавдчихсан, хоёр шүд нь хугарчихсан, толгой өвдөөд байна гэж хэлээд ороод ирсэн. Тухайн үедээ халуун цай, хоол унд идэж чадахгүй өвдөөд байна гэж хэлээд л яваад байсан. Миний хувьд гомдолтой байна. Зүв зүгээр явж байсан хүүг минь зодчихсон, шүдийг нь хугалсан байсан...” гэх /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч Д.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Би 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний шилжих шөнө авто эргүүлийн үүргийг ахлагч н.Алтансүхийн хамтаар 116 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 02 цагийн орчимд “...Тэнгис Кинотеатрын орчимд дуудлагаар очсон, Тухайн үед өндөр хар өнгийн пальтотой залуу мөн машинтай 3 залуу урдаас гараад ирсэн. Тэгээд хар өнгийн пальто өмсчихсөн байсан залуу нь энэ хүмүүс манай найз бид хоёрыг хөөгөөд тэгэхээр нь айсандаа зугтаасан, гэтэл “...намайг андуураад зодчихлоо би бишээ...” гэх яриа өгүүлэл гаргаж байсан бөгөөд тэгээд л шууд цагдаагийн хэлтэс рүүгээ аваад ирсэн юм. Тухайн залууг хэлтэс дээр авч ирсний дараа харахад уруул нь язарчихсан байдалтай харагдаж байсан. Уруул ам хэсэг рүүгээ цохиулсан бололтой харагдаж байсан. Орж ирснийхээ дараа “...би бишээ гээд байхад намайг зодчихлоо...” гээд л яваад байсан. Түүний араас найз нь гэх шар өнгийн үстэй залуу найзыгаа хайгаад ороод ирсэн. Тэгээд нээх удалгүй дараагийн дуудлагадаа явсан...” гэх /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Гэрч Т.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ялалтын талбай дээр хурдан алхаад явж байтал гэрэлтүүлэгтэй шонгийн модны хажуу талаас нэг бүдүүн ах, ах нь та хоёроос юм асууя? гээд дуудсан. Тэгээд би өө ахаа завгүй явж байна явлаа гэж хэлэхэд манай найз яваад оччихсон юм. Явж очсон чинь шууд гараас нь барьж аваад утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгасан. Тэгснээ нөгөө хоёрыг чинь олчихлоо гэхээр нь манай найз гайхаад юу яриад байгаа юм бэ? гээд барьчихсан байсан гарыг нь тавиулсан. Гэтэл одоо цагдаа руу явна гээд хэлсэн. Бид хоёр гайхаад юун цагдаа яриад байгаа юм бэ? гэхэд наанаа байж бай гэж хэлсэн юм. Тэгээд манай найз уурлаад бид хоёр урагшаа жаахан хурдтай алхаж байтал араас дуудаад хөөсөн. Тэгээд бид хоёр Тэнгисийн хойд талын ардуур явдаг туслах зам руу гараад явж байтал ардаас цагаан өнгийн жижиг тэрэгтэй 2-3 ах хөөгөөд хүрээд ирсэн. Бид хоёр сандраад баруун гар тийшээ тоглоомын талбайтай хэсэг рүү эргээд гүйтэл машинтайгаа ирээд зам хашаад зогссон. Гэтэл машин дотроос 2 ах гарч ирсэн. Нэг нь болохоор согтуу байсан бөгөөд нөгөө ах нь жолоо барьчихсан явж байсан юм. Гарч ирээд шууд л давшлаад хөөгөөд байхаар нь “...та хэд хүн андуураад байх шиг байна аа хэл амаараа учраа ольё...” гэж хэлсэн. Гэтэл эрүүл байсан гэх улаан өнгийн өмдтэй, хөх фудволктой ах дуудаад “ах нь цагдаа байна дүү нараа хэл амаараа учраа ольё” наашаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд дөхөж очих үед туранхай саарал өнгийн цамц өмсчихсөн залуу зодох гэж дайрсан. Тэгэхээр нь бид хоёр айгаад хоёр тийшээ салаад зугтаасан. Гүйж байгаад 8 шаргын “Жи Эс” дэлгүүр орсон. Тэгээд найд болох Бэхбат руу цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэндээсээ буцаж гараад нөгөө уулзвар дээр очих үед хүн байхгүй байсан бөгөөд Нисдэг машины “GS-25” дэлгүүр лүү ороод утсаа цэнэглээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нээх удаагүй байж байтал Эрдэнэжаргал чатаар над руу залгаад “Андаа Чингэлтэй дүүргийн цагдаа дээр хүрээд ирээ, нөгөө хүмүүс чинь намайг зодчихлоо, миний хоёр шүд хугарчихлаа, уруул язраад, ам аймар хавдчихлаа ярьж болохгүй байна гэж хэлээд утсаа тасалчихсан? Тэгэхээр нь би хүрээд ирсэн бөгөөд үнэхээр шүд нь хугарч, уруул нь язарчихсан цус гарсан байдалтай байж байсан. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний шилжих шөнө надтай уулзах үед Эрдэнэжаргалын биед болон нүүрэнд ил харагдах гэмтэл шарх сорви огт байгаагүй...” гэх /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 29-ний шөнө унтах гээд хэвтэж байтал найз болох М нь өөрийн 91094145 дугаараас “...би Тэнгисийн хажууд хүнд зодуулчихлаа, баахан залуучууд нийлээд зодчихлоо” гэж хэлээд намайг дуудсан. ...Тэгээд би өөрийн “Аксио” 59-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мгийн байгаа газар нь ирсэн, ...Төрмөнхтэй уулзаад юу болсон талаар асуухад “...өө баахан залуучууд Мөнхөө ах бид хоёрыг нийлээд зодчихлоо..." гэж хэлээд байж байсан. ...гэтэл М над руу залгаад нөгөө хоёр залуу чинь энд явж байна, хүрээд ир гэхээр нь “Тэнгис” кинотеатрын урд талд яваад очсон, Гэтэл тийшээ зугтаачихлаа гэж хэлсэн бөгөөд хойноос нь харахад 2 хүүхэд гүйж байгаа харагдсан. Түүний араас би машинаа орхичхоод гүйсэн бөгөөд “...ахын дүү нараа нааш ир уулзаадахъя...” гэж хэлээд дөхөөд очтол цаашаа зугтаачихсан. Өндөр нь зүүн тийшээ зугтаасан бөгөөд намхан нь баруун тийшээ зугтаахаар нь өндрийнх нь араас хөөсөн. Гэтэл буцаж эргээд баруун тийшээ зугтаах гэсэн боловч тэр залуу бүдэрсэн, бүдрээд унахаар би дээрээс нь дараад авсан. Гэтэл М араас хүрээд ирсэн. Тэр үед М наад нөхдүүд чинь мөн байна гэж хэлээд цохих гэж оролдсон. Тэгээд би биеэрээ хаагаад байж бай цагдаа дуудсан юм уу? гэж асуусан. Нээх удалгүй тэр өндөр залууг дагуулаад би машин руугаа авч очсон юм. Би жолоогоо бариад миний хажуу талд яг хэн суусныг сайн санахгүй байна. Хойд талд тэр өндөр залууг аваад нэг нь суусан. Тэгээд машиндаа суулгаад 50 метр хүрэхгүй яваад л цагдаагийн машин хүрээд ирсэн. Тухайн үед тэр өндөр залуу “...би бишээ гээд байсан юм...” тэгэхээр нь яагаад зугтаасан гээд асуутал хариулахгүй байсан...” гэх /хавтас хэргийн 24-25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11888 дугаартай дүгнэлтэд:

З.Эрдэнэжаргалын биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, 2 шүдний хугарал, сулрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн хэргийн 55-56 дугаар тал/,

Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч З.Эрдэнэжаргалын биед учирсан гэмтлүүд нь уруул хамрын түвшинд буюу ам хэсэг рүү мохоо зүйлээр цохих үед үүснэ. Унах үед үүсэх боломжгүй...” гэх /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29-34 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч З.Эрдэнэжаргалын Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөр буюу 214,000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн шүүгдэгч Б.Мгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогтой Бямбадашийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Мгаас нийт 214,000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дах 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД