Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2499

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

     Дугаар 182/ШШ2018/02499

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Л. Б

 

Хариуцагч: М. Б

 

ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 1.100.000 төгрөг, ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн хохиролд 1.875.000 төгрөг, нийт 2.975.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Л.Б нь “Мон спийд” ХХК-ийн захирал ажилтай, компани нь дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхэлдэг ба 30-79 УБЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины өмчлөгч юм. Энэхүү автомашиныг компанийн үйл ажиллагаанд буюу үйлчилгээнд гарсан жолооч нарыг зөөх ажиллагаанд ашигладаг ба 2018 оны 02 сард компаний ажилтан н.Баянсан жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж автомашинд эвдрэл гэмтэл учруулсан юм. 2018 оны 02 сарын 23-нд Чингэлтэй дүүргийн 10-р хороо, 39 дүгээр сургуулийн зүүн урд байрлалтай кузов засвар ажиллуулдаг М.Бтай уулзан харилцан тохиролцож автомашины кузов засварыг бүрэн хийлгэхээр болсон ба ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож урьдчилгаанд нь 800.000 төгрөгийг төлсөн. Дараа нь осол гаргасан жолооч нэмж 300.000 төгрөгийг өгсөн байсан ба нийт 1.100.000 төгрөгийг түүнд төлсөн.

 

Тухайн үед автомашины зүүн талын урд хойд хаалга гэмтэлтэй, багана хугарсан, хойд буфер хагарсан, багажны хаалга солихоор болсон байсан. М.Б нь автомашиныг үзээд үнээ тохирч ажил гүйцэтгэх хугацааг 14 хоногоор харилцан тохиролцсон юм. Гэвч 2018 оны 04 сарын 19-нд буюу засварт өгсөнөөс хойш 55 хоног өнгөрсөний дараа ч авто машин засварлагдаж дуусаагүй, дээр нь маш ихээр бохирлогдсон, цаашид ч засвар үйлчилгээ чанартай хийгдэх баталгаа байхгүй байсан тул маргаан үүсч автомашинаа буцаан авсан болно. М.Бы тайлбараар автомашины зүүн талын урд хаалгыг сольсон, хаалга хоорондын баганыг сольсон, зүүн талын хойд хаалганы сэвийг гаргасан, багажны хаалгыг сольсон, хойд буферийг таллаж хуваан хагарсан хэсгийг авч өөр буфертэй нийлүүлэн нааж засварласан, баруун талын хугарсан толийг наасан, сольсон хаалга, багааж зэрэг хэсгийг кодын дагуу шинээр будсан зэрэг засварыг хийсэн гэх боловч эдгээр засвар үйлчилгээ нь чанарын шаардлага хангахгүй байсан. Өөрөөр хэлбэл автомашины өнгө зөрүүтэй, будсан хэсэг нь барзгар, илт мэдэгдэхээр, зүүн талын урд, хойд хаалганууд гажилттай, бүрэн хаагдахгүй, чихарч дуугардаг байдалтай, хойд талын багажны хаалга гажилттай, бүрэн хаагддаггүй автомашины копут гажилттай, ангархай, буфер нь ангархай, дотор талын салоны доторлогоо, резинийг буцаан хийгээгүй, хийх боломжгүй болгож, бохирлосон, багана гагнасан байдал маш бохир, чанаргүй, баруун талын толийг наасан төмөр тор нь ил байрласан өнгө үзэмжгүй, баруун талын хойд гэрлийг угсраагүй, зүүн талын хойд гурвалжин шил нь гажилттай, ангархай, автомашины дотор суудал болон бусад зүйлс маш ихээр бохирлогдсон байсан болно. Л.Б нь автомашины ерөнхий байдлыг үзээд 2 сарын хугацаанд засвар хийж байж дуусаагүй ийм байдалтай байгаа юм чинь цаашид ч дуусахгүй, чанартай болохгүй гэсэн дүгнэлт хийж автомашинаа авч явснаар тэдний дунд маргаан үүссэн. Одоо автомашин нь хэвийн үйл ажиллагаатай ашиглах ямар ч боломжгүй байгаа ба дахин шинээр засвар үйлчилгээ хийлгэх шаардпагатай байгаа болно. Л.Бийн ажил гүйцэтгэсэн гэх бодит байдпыг шүүхэд нотлох зорилгоор одоог хүртэл автомашиныг засварлуулж, үйл ажиллагаанд ашиглаагүй байгаа болно. 30-79 УБЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг “Мон спийд” ХХК-ийн үйл ажиллагаанд ашигладаг байсан ба автомашин ашиглагдахгүй байсан хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор өөр автомашиныг түрээслэн ажиллуулж байсан болно. Дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэхэд дуудлаганд гарсан жолоочийг очиж авах, дараагийн дуудлагад хүргэх ажилд автомашин ашиглах зайлшгүй шаардлагатай байдаг.

 

Автомашиныг засварт байх хугацаанд иргэн Г.Тэлмэнгээс 09-07 УБӨ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг түрээслэн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор 2018 оны 02 сарын 25-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж хоног тутамд 25.000 төгрөг төлж байгаа. 2018 оны 03 сарын 10-ны өдөр автомашин засвар үйлчилгээнээс гараагүй, одоог хүртэл хэвийн ашиглаж болохооргүй байх тул иргэн Г.Тэлмэнгийн машиныг үргэлжүүлэн ашиглахаас өөр аргагүйд хүрсэн болно. 2018 оны 03 сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэл нийт 75 өдөр автомашиныг түрээслэн ашигласан төлбөрт 1.875.000 төгрөгийг М.Б төлөх ёстой гэж үзэн нэхэмжилж байна. Хэрэв М.Б нь тогтоосон хугацаанд ажлаа чанартай гүйцэтгэж өгсөн бол Л.Б нь 2018 оны 03 сарын 10-ны өдрөөс хойш автомашин түрээсэлж өдрийн 25.000 төгрөг төлөхгүй байх байсан. Тиймээс гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол гэж үзэж автомашин түрээсэлсэн зардлыг нэхэмжилж байгаа болно.

 

Иймд М.Быг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ноцтой зөрчиж ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж урьдчилгаанд төлсөн 1.100.000 төгрөг болон 2018 оны 03 сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 сарын 24-ний өдрийг хүртэл 75 хоног автомашин түрээслэн ашиглаж байсан зардал болох 1.875.000 төгрөг, нийт 2.975.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Б миний бие Л.Бийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Л.Б гэх хүнээс ямар нэгэн машин хүлээн авч янзлаагүй. 30-79 УБЭ улсын дугаартай автомашиныг н.Алтангадас гэдэг хүнээс хүлээн авч янзалсан. Би н.Алтангадастай 1.800.000 төгрөгөөр янзлахаар тохирсон байсан бөгөөд бид хоёрын хувьд ажил гүйцэтгэх хугацаа тохирсон зүйл байхгүй. Ажлын хөлсөнд 1.100.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 700.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Энэ хүмүүс үлдэгдэл төлбөрөө төлөхгүй арга саам хайж, түрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Үнэндээ бол би хохирсон хүн нь юм гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэл, автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Гэрэл финанс ББСБ” ХХК-ийн тодорхойлолт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, авто машины фото зураг зэрэг баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч М.Бд холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 1.100.000 төгрөг, ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн хохиролд 1.875.000 төгрөг, нийт 2.975.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь М.Бтай байгуулсан гэрээг цуцалж гэрээгээр шилжүүлсэн мөнгө, хохирлоо нэхэмжилсэн шаардлага байх ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ хариуцагчийн автомашинд хийсэн засвар нь чанарын шаардлага хангаагүйн улмаас дахин засвар хийх шаардлагатай болсон, мөн тохирсон хугацаандаа ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс иргэн Г.Тэлмэнтэй түрээсийн гэрээ байгуулж, засварт байсан автомашины оронд өөр автомашиныг ажил үйлчилгээндээ ашиглан түрээсийн төлбөр төлж компанид хохирол учирсан гэсэн байна.

 

Хариуцагч М.Б засварын автомашиныг Л.Боос биш, өөр хүнээс хүлээж авсан, ажил гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ба засварыг хийсэн гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тайлбарыг, засварт зарцуулагдсан гэх эд зүйл, материалын зардлын баримтыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б зам тээврийн осолд өртсөн өөрийн 30-79 УБЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг хариуцагч М.Баар засварлуулах, ингэхдээ 14 хоногийн дотор 1.5 сая төгрөгөөр засварлуулахаар тохиролцон, урьдчилгаанд 1.100.000 төгрөгийг төлж 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр автомашиныг М.Бд шилжүүлсэн байна.

 

Л.Б Мон спийд сервис ХХК-ийн захирал ба уг компани дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байх ба дуудлагын жолоочийг хүргэж өгч авдаг ажилд өөрийн өмчлөлийн 30-79 УБЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг ашигладгийг нэхэмжлэгч тайлбарлаж байна. Дээрх автомашины өмчлөгч Л.Б байх бөгөөд зээл болон фидуцийн гэрээгээр автомашины эзэмшлийн нэр “Гэрэл финанс ББСБ” ХХК-д түр шилжсэн байсан нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Гэрэл финанс ББСБ” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

М.Б нь автомашины зүүн талын хаалгууд болон хаалга хоорондын багана,  багажны хаалгыг сольж засварласан, крыло, хойд буферийг эвлүүлж нааж засварласан, баруун талын хугарсан толийг наасан, сольж засварласан хэсгийг кодын дагуу шинээр будсан зэрэг засварыг хийсэн боловч чанарын шаардлага хангаагүй, автомашиныг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр аваагүй засварын хугацааг сунгасан боловч чанартай, бүрэн засварлагдаагүй, автомашины өнгө зөрүүтэй, будсан хэсэг нь барзгар, хаалганууд гажилттай, бүрэн хаагдахгүй, чихарч дуугардаг байдалтай, автомашины копут буфер гажилттай, ангархай, зарим засвар хийгдээгүй байсан тул 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр автомашиныг арга буюу авч өөр газраар дахин засвар хийлгэсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч автомашинд дахин засвар хийлгэж, хариуцагчийн автомашинд тавьсан 2 хаалга, 1 крыло, 1 хойд буферийг буцаан өгөхөөр автомашинаас салгаж авсан нь фото зургаас харагдаж байна.

 

Шүүхээс томилсон шинжээч М.Бы засвар хийсэн дээрх автомашинд дахин засвар хийх шаардлагатайг тодорхойлсон байна.

 

Хариуцагч М.Б ажлыг хийж гүйцэтгэсэн, үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй гэх боловч гүйцэтгэсэн ажлыг ямар нэг байдлаар хүлээлцээгүй, гүйцэтгэлийн талаар баримтаар нотлоогүй болно. 

 

Ийнхүү хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тогтоосон нэмэлт хугацаанд үр дүн гараагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж буй нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-тэй нийцэж байна. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үүрэгтэй ба харин хариуцагчийн автомашинд хийсэн, түүнээс салган авч болохгүй зүйлийн үнэ, бодит гарсан зардлыг суутган тооцож, нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 1.100.000 төгрөгөөс үлдэх мөнгө 533.500 төгрөг болж байна. Хариуцагчийн автомашинд тавьсан 2 хаалга, 1 крыло, 1 хойд буферийг хариуцагчид буцаан өгөх нь зүйтэй байна.

 

Автомашин хугацаандаа засварлагдаж гараагүйгээс оронд нь өөр автомашин түрээсээр авч ашигласан нь гэрээ, мөнгө төлсөн баримтаар тогтоогдож байх ба автомашиныг засвараас гаргах байсан 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс автомашиныг хариуцагчаас буцаан авсан 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 1.000.000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгов.

 

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Л.Бийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн 1.533.500 төгрөгийн шаардлагыг хангаж, 1.441.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан М.Баас 1.533.500 төгрөгийг гаргуулж Л.Бид олгож, нэхэмжлэгчийн 1.441.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, фото зурагт буй Тоёота приус маркийн автомашины 2 хаалга, крыло, хойд буферийг Л.Боос гаргуулж М.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 39.486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД