Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1389

 

 

 

 

           

 

 

 

2022            11            08                                       2022/ШЦТ/1389

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

           улсын яллагч Э.Оргилбат,

            хохирогч *********ын өмгөөлөгч А.Сандагдорж,

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208022731556 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дүүргийн **дугаар хороо ** дугаар байрны ************* ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, *********** дүүргийн ********** дугаар хороо *********** тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг биелүүлсэн, ********* овгийн ********************** (РД:***************)

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ************ нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 24 дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас **************** зодож эрүүл мэндэд нь эрүү ясны зөрүүтэй хоёрлосон хугарал, эрүүний мултрал ооч хэсэгт сорив, хүзүү, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч **************** шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хохирогчийг хөлдөөсөн савтай зүйлээр цохиогүй, харин айрагны жаахан шингэн үлдэгдэлтэй саваар цохисон. Би тухайн өдөр жаахан уусан байсан. Би *************амьдардаг орцыг цэвэрлэж угаадаг байсан. ************ нь архи ихээр уудаг, нус цэрээ хаях, хэл амаар доромжлох, хүүхэд айлгаж заналхийлэх үйлдэл гаргадаг байсан. Тэр өдөр бас нус цэрээ хаяад байхаар нь шаардлага тавихад өөдөөс доромжлоод байхаар тэсэхгүй цохичихсон юм. Одоо би тэр орцны жижүүрийг хийхгүй өөр ажил буюу харуул хамгаалалтын ажилд орсон. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Хохирогч ************* шүүхийн хэлэлцүүлэгт “... тэр өдөр найзтайгаа хамт гараад явж байтал энэ хүн намайг учир зүггүй хөлдүү зүйлтэй саваар цохиж зодсон. Миний эрүү хугарсан, энд тэнд хөхөрч хавдсан. Би одоо болтол эрүү хадуулах хагалгаанд орж чадаагүй,  одоо хоол ч олигтой зажилж идэж чадахгүй байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хороо*** дүгээр байрны 2 дугаар орцны үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас ********** зодож эрүүл мэндэд нь эрүү ясны зөрүүтэй хоёрлосон хугарал, эрүүний мултрал ооч хэсэгт сорив, хүзүү, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны: “...**** /эр 40н/ 2022.06.20-ны өдөр 24р байрны 2-р орцны жижүүрт зодуулсан” гэсэн хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хохирогч ***********: “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны гадаа найз ********** 2 орцонд архи уучхаад гараад ирсэн чинь 2 дугаар орцны жижүүр ***********нь муухай орилоод манай найзыг цохихоор нь би болиоч гэхэд намайг ************ нь зүүн шанаа руу цагаан өнгийн ундааны саванд хийж хөлдөөсөн зүйлээр цохисон, мөн салтаа руу өшиглөсөн, би урагшаа сөхөрч унахад эрүү рүү өшиглөж, дээрээс нөгөө хөлдөөсөн савтай зүйлээрээ хавирга, нуруу, хөл, гар гэх газруудад олон удаа цохиж зодсон. Чи манай ахыг шоронд хийсэн гэж зодож байна лээ. Өмнө нь орцны жижүүр байсан ************ гэх хүн намайг зодож хүнд гэмтэл учруулж шүүхээр орж ял авч байсан юм. Тэр хүн ***********ах юм байлгүй дээ. Миний эрүү хугарсан. Цээж, бөөр, давсаг гэх мэт газрууд нилэнхүйдээ хөхөрч няцарсан, гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн, эрүүл мэндийн 14 дүгээр төвд хэвтэн эмчлүүлсэн, одоо ч эмчилгээ хийлгүүлж байна. Гомдолтой байна. Цаашид хагалгаанд орно хагалгааны зардал хэд гарахыг мэдэхгүй байна. ***************аас бүх зардлаа гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3. Гэрч **********: “...2022 оны 06 дугаар сарын 23-ны 16 цагийн орчимд ********** бид хоёр Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, ** дүгээр байрны 2 дугаар орцонд архи уугаад гарч ирээд 2 дугаар орцны үүдэнд байж байхад орцны жижүүр *********** нь намайг түлхэж унагаахад ************ “чи орцны жижүүр байж яах гээд байгаа юм” гэхэд орцны жижүүр Баянбаатар нь буцаж орцны байр луугаа ороод ундааны саванд хийж хөлдөөсөн зүйлээр ******** нуруу, гар, хөл рүү нь цохисон мөн давсаг, төмсөг рүү нь өшиглөж байсан. Хэдэн удаа өшиглөж цохисныг нь хараагүй, ямар ч байсан*********** газар унасан байхад нь цохиж зодоод байсан би хажууд нь харж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

4. Гэрч Ж.Энхжаргал: “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өглөө гэрээсээ гарч яваад 1-2 цагийн дараа гэртээ ирэхэд Буян-Очир нь хүнд зодуулчихлаа гэж хэлээд гэрийнхээ орон дээр хэвтэж байсан бөгөөд өглөө 10 цагийн орчимд 103 түргэн тусламжийн дугаар луу утсаар залгаж манай хүү хүүхдэд зодуулсан. Бие нь муу байна гэж хэлэхэд түргэн тусламж хэсэг хугацааны дараа манай гэрт ирээд хүүг маань үзээд улмаар эмнэлгийн орон дээр хэвтүүлээд ГССҮТ-рүү аваачсан юм. Тухайн үед миний хүүгийн биеийн эрүү, уруул, зүүн дээд хөмсөг орчимд зулгарсан шарх, хөлийн гуя, хэвлий, бөөр хэсэг газруудад хөхрөлт үүссэн зэрэг гэмтлүүд үүссэн. Ингээд шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгосон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цолмонгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 9483 дугаартай “...*********** биед эрүү ясны зөрүүтэй хоёрлосон хугарал, эрүүний үений мултрал, ооч хэсэгт сорви, хүзүү, зүүн бугалга, хэвлийнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал),  

 

6. Хохирогч **************ын биед үүссэн гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 45-51 дэх тал),

 

7.  Шүүгдэгч ***********ын: “...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байрны 2 дугаар орцонд *******, ******** 2 миний хариуцдаг 2 дугаар орцонд архи уугаад байхаар нь “орцонд битгий архи уугаад бай гэртээ орж уу” гэхэд *********нь над руу салаавч гаргаад байхаар нь орцноосоо хөөж гаргаад ******ыг түлхэж унагаагаад эрүү рүү нь нэг удаа, гуя руу нь нэг удаа өшиглөөд, мөр лүү нь 2 удаа цохисон. Тэгтэл ***** “алнаа чамайг” гээд яваад өгсөн.******* нь байнга согтуу тэр хавийн байрны орцоор шээж, орцонд архи ууж, нус цэрээ хаяж танхайрдаг.  Би орцны жижүүрийн байранд эхнэр ********* бид 2, 2 хүү ***************** нарын хамт амьдардаг. Сургуульд явах, сургуулиас ирэх, гадаа тоглох үед ***************нь энэ муу хоёр зэвүүн бацаан гэж манай 2 хүүхэд рүү гар далайж айлган сүрдүүлдэг, ***********г тэр хавийнхан архичин гэдгийг нь андахгүй мэднэ. Гэртээ тэр хавийн бүх архичныг цуглуулж байнга архи ууж хэрүүл маргаан зодоон цохион үүсгэдэг. Би *****************ыг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. *************ын учирсан хохирлыг төлөөгүй байгаа. Ойрын хугацаанд төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч **************** нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **дүгээр байрны 2 дугаар орцны *** бол хохирогч ********* нь тухайн орцны ... тоотод оршин суугч иргэн байх бөгөөд ******** нь тухайн орцыг угааж арчих ажлыг давхар хийдэг бол хохирогч ***** нь тухайн орцонд архи уух, эсхүл нус цэр, шүлсээ хаях, шээх зэрэг үйлдэл хийдгээс улбаалан шүүгдэгч ****, хохирогч ****** нарын хооронд  үл ойлголцол үүсэх, маргалдах шалтгаан болсоор ирсэн байх ба тухайн өдөр мөн л энэ асуудлаас үүдэн хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч ********** нь хохирогч *********ын биед халдаж, дотроо шингэн биеттэй саваар цохих, өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь  гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.

 Хэдийгээр шүүгдэгч ************ын зүгээс хохирогчид тавьж буй шаардлагыг буруутгах үндэслэлгүй, энд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхээргүй хэдий ч уг асуудлыг хүчирхийллийн аргаар шийдсэн шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. 

Иймд шүүгдэгч ************** нь хүний биед халдаж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч *************ыг тус хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймээс шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилж холбогдох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн.

Уг баримтыг судлахад нийт 778.747 төгрөгийн баримт байх ба үүнээс 172.140 төгрөгийн баримт юунд зарцуулсан нь тодорхойгүй баримт байх тул энэ хэргийн улмаас учирсан зардал гэж дүгнэх боломжгүй, иймээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Харин үлдсэн 606.607 төгрөгийн баримт нь эм тариа авсан, эмнэлэгт үзүүлсэн зэрэг баримтууд байх тул хангаж, шүүгдэгч **************аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэх зүйтэй.

 Мөн хохирогч ************ нь цаашид эрүү хадуулах, хадаасаа авхуулах хагалгаанд орох зардал, эм тарианы зардлаа тус тус нэхэмжилнэ гэх тул  энэхүү зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч *************т Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч ******** нь “...эрүүгийн хариуцлаа дээр хэлэх зүйлгүй хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна” гэж,

Шүүгдэгч “...надад эрүүгийн хариуцлага дээр хэлэх зүйл алга” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч **************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан “ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, улмаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол хор уршгийг арилгаагүй, нөгөө талаас шүүгдэгч ***************ын хувийн байдлын хувьд өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй, өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ************** нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 7 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон /56 цаг/ хасаж, эдлэх ялыг 344 цагаар тогтоов.

Харин шүүгдэгч ************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч **************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ************ овогт ***********************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************т 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ын цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 7x8=56 цагийг хасаж, 344 (гурван зуун дөчин дөрөв) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч **************ын нэхэмжлэлийн шаардлагаас 172.140 (нэг зуун далан хоёр мянга, нэг зуун дөч) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 606.607 (зургаан зуун зургаан мянга, зургаан зуун долоо) төгрөгийг шүүгдэгч ************аас гаргуулж, хохирогч *************т олгож, хохирогч *************** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *************аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргаах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ