Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1388

 

 

 

 

 

 

 

 

    2022            11            08                                   2022/ШЦТ/1388

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

            хохирогч *************** өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

            шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* овогт ************ ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208022811301 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********** оны ********** дугаар сарын *********-ний өдөр Завхан аймгийн *********** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, 1 хүүхдийн хамт **************** дүүргийн ********* дугаар хороо, ************* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт зааснаар 352 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, *********** овгийн ************  (РД:*************)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед ************** дүүргийн ***** дугаар хороо, ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ****************** “Гэр цэвэрлэсэнгүй” гэх асуудлаар маргалдан  цэвэр усны саваар баруун чихэн тус газарт цохиж баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэжээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************ нь: “...би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *********** мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9822 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), шүүгдэгч ************* мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дэх тал), шүүгдэгчийн хувийн  байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 49-56, 59-64 дэх тал), хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 25 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 хуудас баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

            Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч ************ нь “...шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогч **************д гэмтэл учирсан, уг гэмтлээс шалтгаалж хагалгаанд орсон, цаашид дэглэм гам барьж байх шаардлагатай болсон. Энэ хүн ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь ажлын газрын тодорхойлолт, дансны хуулгаар тогтоогдож байгаа тул эм тариа, хагалгааны зардал болон хоол хүнсний зардал, дутуу авсан цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 6 сараар тооцон нийт 4.853.362 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү, Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлттэй байна” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч ****************ийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нь “...гэм буруугийн асуудал дээр маргахгүй, гэхдээ хохирлын тооцооны асуудал дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч нь өвдсөн ч бай, өвдөөгүй ч бай хоол хүнс, ахуйн зүйл хэрэглэнэ, энэ зардал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал бус учир шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгийг хангалттай нотлох баримт алга байна. Иймээс энэ зардлыг одоогоор гаргуулах боломж бололцоо бүрдээгүй гэсэн үг. Харин эмчилгээний зардлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөх бололцоотой юм. Түүнчлэн цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч нь төлнө гэдгээ илэрхийлж байгааг харгалзаж үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед *************** дүүргийн *** дугаар хороо, ************* тоотод гэртээ өөрийн хамтран амьдрагч **************** хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, жижиг устай саваар *************ийн баруун чихэн тус газарт цохиж, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч ************ийн“...Би хамтран амьдрагч *************той хамт амьдраад 10 жил болж байгаа, дундуур нь салж нийлээд л байж байдаг юм. 2021 оны өвөл 12 дугаар сард *********** явчихсан байж байгаад гэртээ ирсэн ба тэр хугацаанаас хойш хамт амьдарч байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ************ бид хоёр гэрээ засаж цэвэрлэх гээд буулгаж орхичхоод байж байтал *********** машинтайгаа ойрхон гарчхаад ирье гэж яваад маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 11 цагийн үед гэрт орж ирээд намайг гэрийнхээ юмыг яагаад цэвэрлэж янзлаагүй байгаа юм гээд над руу уурлаад хүү /6 настай/ ********** хоол идэх гэж байхад нь ээжийнхээ хийж өгсөн өмхий хоолыг битгий ид, явъя гээд гараас нь татаад манай хүү явахгүй гэж хэлсэн. Тэгсэн ************ надад хүүхдийг миний эсрэг байлгасан гэж уурлаад 0,5 литрийн устай саваар миний баруун чих рүү нэг удаа цохичхоод гараад явчихаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний баруун чих сайн юм сонсохгүй, хатгаж өвдөөд байна. *********** 3 жилийн өмнө буюу Завхан аймагт байхдаа миний зүүн чих рүү цохиж гэмтээж байсан ба одоо ч гэсэн хэнгэрэг нь цоорхой байдаг юм. Тухайн үед хөдөө байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа, тухайн эмнэлэгт хэнгэрэг нөхөн хагалгаанд ороход 2,698,062 төгрөг болно гэсэн бөгөөд надад мөнгө байхгүй болохоор хагалгаанд орж чадахгүй байгаа. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9822 дугаартай “...************ баруун хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь 2022 оны 07 дугаар 10-ны өдөр үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

3. Яллагдагч *************ийн“...Би **************тэй амьдраад 7 гаран жил болж байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй, яг тогтсон амьдрал байхгүй, ирэн очин байдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өглөө наадам болж байсан болохоор *************дүүргийн ****** дугаар хороонд байх ************ийн гэрт очоод ************д “хамт манай ах дүү нар луу явъя наадам болж байна, халуун чулуу барьж хорхог идье” гэж хэлсэн чинь “чи урьд шөнө гэртээ ирж хоноогүй, гадуур тэнэлээ, гэр орон сандаачиж хаячхаад тусалсангүй” гэж уурлаад намайг гэрээс хөөгөөд байхаар нь би уурандаа ууж байсан 0.5 литрийн бага зэрэг устай саваараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон, тэгээд намайг хөөгөөд байхаар нь би гэрээсээ гараад явчихсан юм. Гэрт орж гарах болгон хэрүүл хийгээд намайг гэрээс хөөгөөд байсан болохоор уурандаа ийм үйлдэл гаргасан байна. Би урьд өмнө нь зодож цохисон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл ) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч ************, хохирогч ************ нар нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 10 жил орчмын хугацаанд хамтран амьдарч байсан, дундаасаа 1 хүүтэй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас үзвэл, хохирогч *********** нь гэрээ буулгачхаад буцааж барих үед тусалсангүй гэх асуудлыг хамтран амьдрагч **********д тавьсныг буруутгах үндэслэлгүй ба шүүгдэгч ************** нь өөрийн ажлаас зугтаасан хойрго байдалдаа дүгнэлт хийхийн оронд хамтран амьдрагч **************  баруун чих рүү устай саваар цохиж хэнгэргийг нь гэмтээсэн, өмнө мөн хохирогчийн зүүн чихийг гэмтээж байсан талаар хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан байх тул шүүгдэгч ************* нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохиж ********** бие махбодод санаатай халдаж хүч хэрэглэсэн энэхүү үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн баруун чихэнд гэмтэл учруулсан, мөн өмнө зүүн чихийг гэмтээж байсан асуудал нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн, хоол хүнс, ахуйн хэрэглээний зардалд 2.333.362 төгрөг, дутуу авсан цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бууюу 420.000 төгрөгийг 6 сараар тооцон 2.520.000 төгрөг, нийт 4.853.362 төгрөг нэхэмжилж, баримтуудын хамт ирүүлсэн байна. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Эдгээр баримтуудыг нягталж үзвэл, эмчилгээ, хагалгаанд 831.282 төгрөг зарцуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн холбогдох е баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч **************оос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 Харин бусад зардал болох хоол хүнс, ахуй хэрэглээний зардал гэж нэхэмжилсэн 1.502.080 төгрөгийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй гаргах зардалд хамаарахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хохирогч ************* нь “******************” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, сард 1 сая орчим төгрөг авдаг гэсэн тодорхойлолт, дансны хуулга зэргийг гаргаж өгсөн байх ба дансны хуулгаар түүний цалинг тооцоолох боломжгүй, хэдий хугацаанд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй болохыг илэрхийлэх баримтгүй, эмнэлгийн магадлагаа байхгүй, мөн цалинг тооцоолсон цалингийн цэс гэх мэт шаардлагатай баримтууд ирээгүй тул тогтоох боломжгүй, мөн хохирогч ***********д энэхүү дутуу авсан цалин хөлснийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 сарын хугацаагаар тооцож олгох боломжгүй байна. Иймд холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *************оос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч нь “...хохирол төлөхөөр завсарлага авсан атлаа төлөөгүй тул энэ байдлыг харгалзан ялаа оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хохирол төлөхөөр завсарлаа авсан ч хувийн шалтгааны улмаас төлж чадалгүй ирсэн байна. Гэхдээ шүүгдэгч нь хохирлоо төлнө гэж илэрхийлсээр ирснийг харгалзах хэрэгтэй. Иймд прокурорын санал болгосон ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч ************* нь “...гэм буруу дээр маргахгүй, хохирлоо ч төлнө, иймд надад торгох ялыг оногдуулах боломж байна уу” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч *************ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

            Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, хохирлыг төлж барагдуулаагүй, мөн шүүгдэгч *************д дээрх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Шүүгдэгч ************* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч **************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.         

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******** овогт ********* **************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************д 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч **********ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.502.080 (нэг сая, таван зуун хоёр мянга, наян)  төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  эмчилгээ хагалгаанд зарцуулсан зардлын дүн 831.282 (найман зуун гучин нэгэн мянга, хоёр зуун наян хоёр) төгрөгийг шүүгдэгч **************оос гаргуулж хохирогч ************ олгож, хохирогч ************ нь дутуу авсан цалин хөлс орлого, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ