Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1399

 

 

 

 

 

 

 

 

2022           11             11                                          2022/ШЦТ/1399

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Э.Чанцалням,

            шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт *********** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001688 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****ны өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “*********” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ************** дүүргийн *** дугаар хороо ************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********** овогт ************ ************* /РД:************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ************ дүүргийн ********* дугаар хороо, ***************тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч **************** гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодон биед хамар, баруун шуу, шилбэ, зүүн дал, мөр, бугалга, тохой, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 9 дэх тал), яллагдагч ************* мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13425 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******** нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ************* дүүргийн *******дугаар хороо, ***************тоотод хамтран амьдрагч *************** таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед хамар, баруун шуу, шилбэ, зүүн дал, мөр, бугалга, тохой, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь: 

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...*********** 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан ********** дүүргийн ***дугаар хороо, ************* дүгээр гудамжны *** тоотод нөхөр зодоод байна” гэсэн гомдол гаргасан (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Хохирогч *************: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ажлаа тараад ажлынхаа хүнийг хүлээж байгаад 03 цагийн орчимд гэртээ ирээд унтах гэсэн чинь манай нөхөр болох ***********намайг оройтож ирлээ гэж хэрүүл өдөөд миний толгойны ар хэсэг, нүүр лүү гараараа цохиод, миний цээж , бэлхүүс рүү өшиглөөд, нуруу руу маань галын хайчаар цохиод байсан. Би яг хэдэн удаа цохиулснаа санахгүй байна. Маш олон удаа намайг цохисон. Тухайн үед би цагдаа дуудах гэсэн чинь миний гар утсыг шидээд эвдчихсэн ба хутга бариад намайг ална гээд байсан. Шөнийн 04 цагаас өглөөний 07 цаг хүртэл намайг тасралтгүй зодсон. *********** урьд нь 2021 онд намайг зодоод баривчилгаанд явж байсан ба тэрнээс хойш надад бас гар хүрч байсан. Хэзээ яаж гэдгийг нь би тодорхой санахгүй байна. ************** бид хоёр 2019 оноос хойш хамт амьдарч байгаа ба дундаасаа 1 хүүхэдтэй, албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. ************* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 9 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13425 дугаартай “...************* биед хамар, баруун шуу, шилбэ, зүүн дал, мөр, бугалга, тохой, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14 дэх тал)

 

4. Яллагдагч ***************“...2022 оны 09  дүгээр сарын 28-ны орой намайг ажил дээрээ байхад манай эхнэр надтай утсаар ярихдаа намайг хүүхэнтэй байна гээд хардаад хэрүүл хийгээд байсан. Тэрнээс болоод эхнэрийг шөнө ирэхэд нь чамайг шөнө ирэхэд чинь би хардахгүй байгаа биз дээ гэхэд эхнэр надад хандан би ямар чи бишдээ гэсэн, тэгээд хэрүүл болсон. 2021 оны 7 сард эхнэр намайг өөр хүнтэй харьцаатай болохыг мэдээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болж би эхнэрт гар хүрсэн, тэгээд нэг удаа шүүхээр орж баривчилгаанд явсан. Өөрөөр зодож нүдэж байгаагүй. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Тухайн үеийн хэрүүл маргаанаас болж эхнэрийн баруун хөлний өвдгөн дээр хөхөрсөн байсан тэрийг би өшиглөөд хөхрүүлсэн, өөрөөр ил харагдах гэмтэл байгаагүй. Эхнэр бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Дээрх гэмтлүүдийг би түүнд учруулсан. Эхнэртэй маргалдсандаа болоод эхнэрийн нүүр, цээж хэвлий рүү, хөл гар болон нуруу хэсэг рүү нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөж дээрх гэмтлүүдийг учруулсан. Хийсэн хэрэгтэй харамсаж байгаа дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч **********, хохирогч ************ нар эхнэр, нөхөр  болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон тэдгээрийн хохирогч яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон (хавтаст хэргийн 8, 26, 29 дэх тал) байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч ************ нь өөрийн эхнэр ***************** шөнө оройн цагаар ирсэн асуудлаас үүдэлтэйгээр хоорондоо маргалдан улмаар  *************** толгой, нүүр, цээж рүү цохиж, гэдэс хэвлий рүү нь өшиглөх зэргээр зодсон, хохирогчид учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан,  шүүгдэгч ************** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа эхнэрийнхээ бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээс гадна хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч ************* энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ы

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь ************* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ************* танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч ****************гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нь “*************” ХХК-д гагнуурчнаар ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ********** овогт ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 900 (есөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ