Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2019/00119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймгийн сум, дугаар баг, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт А.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн дүгээр хороо, гудамж, тоот хаягт байрлах, Т газарт холбогдох,

Албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1,186,152 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зөрүүгийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/192 дугаар тушаалаар  аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцагчаар томилогдон ажиллаж байтал Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Ц.Быг уг албан тушаалд давхардуулан томилж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар  аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилж, албан тушаал бууруулсан. Ингээд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны Б/02 дугаар тушаалын Ц.Бод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 01 сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны Б/191 дүгээр тушаалаар Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилогдоод ажиллаж байна. Миний бие Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад албан тушаалын ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр 733,833 төгрөгийн цалин авч байсан бол албан тушаал буурч захиргааны тасгийн хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцагчаар ажиллах хугацаанд албан тушаалын ТЗ-6-5 ангилал, зэрэглэлээр 677,436 төгрөгийн цалин авч байсан тушаалын сарын үндсэн цалин 56,427 төгрөгөөр нэмэгдэл 26,520 төгрөгөөр буурсан. Иймд хэргийг хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрт цалингийн зөрүүгийн асуудал огт дурьдагдаагүй тул цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зөрүүгийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Т газар шүүхэд болон төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхад албан тушаалын ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр 733,833 төгрөгийн цалин авч байсан бол албан тушаал буурч захиргааны тасгийн хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцагчаар ажиллах хугацаанд албан тушаалын ТЗ-6-5 ангилал, зэрэглэлээр 677,436 төгрөгийн цалин авч байсан тушаалын сарын үндсэн цалин 56,427 төгрөгөөр буурсан” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр жилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байна. Тэгвэл  А.Б Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар  аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилж, албан тушаал бууруулсан тушаал гарснаар мэдсэн байна. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэхдээ цалингийн асуудлыг шийдвэрлүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт гаргаж болохгүй”гэж заасны дагуу шийдвэрлүүлээгүй харагдаж байна. Ажилтан албан тушаалын цалингийн зөрүү гарсныг мэдэж байсан ч нэхэмжлээгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.3 дэх хэсэгт заасны дагуу цалин хөлстэй хамааралтай маргааныг төрийн албаны төв байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан байна. Шүүхэд гомдол гаргах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд  А.Бын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Т газарт холбогдуулан Албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1,186,152 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зөрүүгийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

Нэхэмжлэгч А.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар  аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилогдож, албан тушаал бууруулан ажиллуулсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэн гомдол гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Ц.Бод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0808 дугаартай магадлалаар “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Ц.Бод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Быг урьд эрхэлж байсан  аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгасугай” гэж өөрчлөлт оруулж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор дээрх магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын  захиргааны тасгийн даргын албан тушаалд гэснийг“ Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд” гэж өөрчлөн магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар ажилтан А.Быг ажилд нь эгүүлэн томилж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг /хх-ийн 24 тал/ биелүүлсэн байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгоно гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч А.Бын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг сард 82,947 төгрөгөөр /82,947х14,3 сар/ тооцож нийт 1,186,152 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн шимтгэл төлсөн талаарх тэмдэглэлгээ,  түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал, ажилд эгүүлэн томилсон тушаал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч А.Бд албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү нэхэмжлэх эрх Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/76  дугаар тушаалаар  аймгийн татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчаар томилж албан тушаал бууруулсан үед үүссэн боловч ажилтан А.Б албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү нэхэмжлээгүй байжээ.

 Хариуцагч Т газар нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар А.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн байх ба ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.“Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” байжээ.

Ажилтан А.Б 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад эсвэл шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хэтрүүлж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

Иймд албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1,186,152 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зөрүүгийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай А.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т газарт холбогдох албан тушаал бууруулсан хугацааны цалингийн зөрүү 1,186,152 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зөрүүгийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай А.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,018 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ