Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 10 өдөр

     Дугаар 182/ШШ2019/00091

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: С. Д

Хариуцагч: Б. Г

            4.502.200 төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч С.Д нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.Дүүхиймаа миний бие өөрийн төрсөн дүүгийн найз болох Б.Гыг яаралтай мөнгөний хэрэгцээ гараад байна гээд 2017 оны 11 сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг зээлээч, маргааш буцаагаад өгчихье гэсний дагуу  2.000.000 төгрөгийг Б.Гы Хаан банкны данс руу мобайл банк үйлчилгээг ашиглан шилжүүлсэн. Тухайн үед Б.Гд яаралтай мөнгөний хэрэг гарсан учраас зээлийн гэрээг бичгээр байгуулах боломжгүй байсан. Гэтэл Б.Г зээлсэн мөнгөө өгнө гээд өгөхгүй байсан учраас 2018 оны 02 сарын 28-ны өдөр 2017 оны 11 сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай нэг сарын 6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Ингээд Б.Г нь мөн л зээлсэн мөнгөө өгнө өө, хүүгээ төлнө гэдэг боловч нэг ч удаа төлөлт хийлгүй явсаар удсан тул миний бие 2018 оны 05 сарын 30-ны өдөр Б.Гы Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 1-р хэсэг 204 тоот хаягийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс Б.Гыг дээрх хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Улмаар Б.Гыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болж, өөрийн оршин суугаа харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гарч хаягийг нь олж тогтоолгосон. Иймд үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүү 2017 оны 11 сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл тооцон 1.432.000 төгрөг, 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 сарын 16-н ы өдрийг хүртэлх хугацааны 7 сар 15 хоног буюу нийт 225 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,5 хувийн алданги тооцоход өдрийн 10.000 төгрөг буюу нийт 2.250.000 төгрөг болж байгаа боловч үндсэн зээлийн тавин хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцож 1.000.000 төгрөг, Б.Гыг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөг, нийт 4.502.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, дипозит дансны хуулга зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Б.Гд холбогдуулж зээлийн төлбөр, бусад зардалд 4.502.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

С.Д, Б.Г нар нь С.Дгийн дүүгээр дамжуулан танилууд болсон байх ба С.Д нь Б.Гд түүний удахгүй буцааж өгнө гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 11 сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг зээлдүүлж шилжүүлсэн болох нь түүний дипозит дансны хуулгаас харагдаж байна.

 

Б.Г мөнгийг буцаан төлөхгүй байсан тул С.Д, Б.Г мөнгө буцаан төлөх хугацааг тохиролцон 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Гэрээгээр Б.Г 2.000.000 төгрөгийг С.Дд 2018 оны 04 сарын 01-ний өдөр буцаан төлөх, нэг сарын 6 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 1.432.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, Б.Гыг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн хамт, нийт 4.502.200 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар мөнгө зээлдүүлэх асуудлыг анх амаар тохиролцсон байх бөгөөд бичгээр гэрээ байгуулах үе хүртэл зээлдүүлсэн мөнгөд хүү, алданги тооцох үндэслэлгүй байна.

 

2018 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул энэ үеэс зээлийн гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2018 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл хүүг тооцоход 120.000 төгрөг болж байна.

 

Зээлийн үүргийн үнийн дүн 2.120.000 төгрөг болох ба гэрээнд зааснаар алданги тооцоход хоногт 10.600 төгрөг, хугацаа хэтэрсэн 225 хоногт 2.385.000 төгрөг болж байх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн заалтыг үндэслэвэл алданги нь 1.060.000 төгрөг болж байна.

 

Хариуцагч зээлийг эргэн төлөөгүйгээр үл барам оршин суух хаяг нь тодорхойгүй болж, зээлдүүлсэн мөнгөө олж авахын тулд нэхэмжлэгч хариуцагч болох Б.Гыг эрэн сурвалжлуулж нэмж 70.200 төгрөгийн зардал гаргасан байх тул Б.Г зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс зээлдүүлэгчид учруулсан хохирол болох энэ мөнгийг Б.Гаас нэхэмжлэгчид гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр 2.000.000 төгрөг, зээлийн хүү 120.000 төгрөг, алданги 1.060.000 төгрөг, хохирол 70.200 төгрөгийн хамт нийт 3.250.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн 1.252.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, түүнийг албадан ирүүлсэн ба нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг баримтлан Б.Гаас 3.250.200 төгрөгийг гаргуулж С.Дд олгож, нэхэмжлэгчийн 1.252.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 86.990 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 66.953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

        

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД