Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

 

Х хэлтсийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02600 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э ХХК-д холбогдох  

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 333 188 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н, Э.Х, У.З

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.О

Прокурор С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч Э ХХКнь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ мөн хуулийн 17 дугаар зүйл ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2017 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 222 125 353 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 111 062 677 төгрөг, нийт 333 188 030 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 333 188 030 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Э ХХК-иас гаргуулж, шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү. Нийгмийн даатгалын улсын байцаагч нь зөрчил хянан шалгасны үндсэн дээр акт тавьдаг. Уг төлбөрт акт тавих шаардлагагүй, алданги ногдуулахаар хуульд тусгасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонбат хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 333 188 030 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд үндсэн төлбөр 222 125 353 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрч байна. Э ХХКнь барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2013 оноос барилгын салбар бүрэн зогсож 4 жил бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй, орлого олохгүй бүрэн зогсонги байдалд орсон байгаа хүнд нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Иймд хугацаа хэтрүүлсэн алдангид тооцогдсон 111 062 677 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах гэж зааснаас үзвэл нийгмийн даатгалын байгууллага алдангийг тооцохдоо нийгмийн даатгалын байцаагч заавал акт гаргахаар хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байцаагч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4-т Тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах гэж заасан эрхтэй ч ийнхүү үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Засгийн газрын батласан Нийгмийн байцаагчийн дүрэм-ийг дагаж мөрдөх үүрэгтэй. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм журам батлах тухай тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйл Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичиг-ийн 3.5-д Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллага, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх, алданги, торгууль...зардлыг шийдвэрлэхээр акт үйлдэнэ гэж зохицуулжээ.

Гэтэл нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс 111 062 677 төгрөгийн акт үйлдээгүй актыг албан ёсоор Э ХХК-д шуудан болон бичиг хэргээр хүргүүлээгүй, Э ХХКнь актын хууль зүйн үндэслэлийн талаар дээд шатны байгууллага албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаж актын хууль зүйн үндэслэлийг хянуулах боломжийг хязгаарласан төдийгүй нийгмийн даатгалын байцаагч Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.1.2-д заасан алданги ногдуулах ажиллагааг хууль ёсны дагуу хийгээгүй нь алданги шаардах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Акт үйлдээгүй учир шимтгэл ногдуулах эрх үүсэхгүй. Акт үйлдсэнээр эрх зүйн зөрчил гаргасныг тогтооно. Өөрөө хэлбэл 222 125 353 төгрөг төлөөгүй байна гэдгийг тогтоож, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож байгааг санкц буюу 111 062 677 төгрөгийн алдангийг тогтоож акт үйлдэж, төлбөр төлөгчид гардуулах ёстой. Төлбөр төлөгчид гомдол гаргах эрхийг нээж өгөх ёстой. Нийгмийн даатгалын байцаагч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн хуулийн этгээдийн хууль эрх ашиг сонирхол зөрчигдсөн бол энэ тухай мэдэгдэж энэ талаар гомдол гаргах эрхийг хангах үүрэгтэй. Бид 2 үндэслэлээр актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд хууль ёсны дагуу нийгмийн даатгалын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, шаардах эрх үүсээгүй, акттай холбоотой эрхээр хангаагүй байна. Өнөөдрийн нэхэж байгаа 111 062 677 төгрөгийн алдангийг төлөх хууль ёсны үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. 222 000 000 төгрөгийг эдийн засаг хүндрээд үндсэн төлбөрөө төлж чадахгүй байгаа нь хариуцагч санаатай төлбөрөө төлөхгүй байгаа хууль бус үйлдэл гараагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсэг болох алданги ногдуулсан 111 062 677 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин 2017 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 222 125 353 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 111 062 677 төгрөг нийт 333 188 030 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж заасан байх тул 333 188 030 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг Э ХХК-аас гаргуулж алдангийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 333 188 030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 823 890 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, өмгөөлөгч Д.О нар давж заалдах гомдолдоо: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү торгуультай” гэж зохицуулсан нь нийгмийн даатгалын байцаагч алданги тооцохдоо заавал акт үйлдэж зөрчилд шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна. Мөн хуулийн 26.2.4-т “Нийгмийн даатгалын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хуульчилж өгсөн боловч тухайн эрхээ хэрхэн яаж хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулаагүй тул 26.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар тогтоол гаргаж нарийвчлан зохицуулах эрхийг хуулиар олгосоны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “дүрэм журам батлах тухай” тогтоолыг 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлд Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичиг 3.5-д “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллагын төлөх алданги, торгууль...зардлыг төлүүлэхээр акт үйлдэнэ” гэж зохицуулсан нь алданги шаардах хууль зүйн үндэслэл бүрдээгүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 111 062 677 төгрөгийн алданги ногдуулсан акт үйлдээгүйгээ шүүх хуралд хүлээн зөвшөөрч алданги ногдуулсан акт үйлдэх ёстойгоо мэдсээр байж хэрэгжүүлээгүй тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Улсын байцаагчийн акт нь шимтгэл төлөхгүй хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги торгууль ногдуулахдаа үйлддэг акт бөгөөд энэ актыг нэхэмжлэгч тал үйлдээгүй, хэргийн материалд уг акт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 222 125 353 төгрөг, алданги 111 062 677 төгрөг, нийт 333 188 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл 1 011 453 795.07 төгрөг төлөөгүй байснаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 388 дугаар шүүгчийн захирамжаар зохигчид 788 135 206 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг хасч, үлдэх 222 125 353 төгрөг, алданги 111 062 677 төгрөг, нийт 333 188 030 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй” гэж, хариуцагч нь “үндсэн төлбөр 222 125 353 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нийгмийн байцаагч нь тухайн төлбөрт акт тогтоох байсан, уг ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй тул алдангийг төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

       Э ХХК нь ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 222 125 353 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, өр хуримтлагдсан болох нь тус компанийн тайлан, шимтгэл ногдуулалтын тооцоо, заавал даатгал даатгуулагчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 4-18/

 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулав.

 

       Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах”, мөн Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3.2-т “Нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон шимтгэл ногдуулалт, төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих, шимтгэлийн орлого бүрдүүлэхтэй  холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалгалтын удирдамж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, нэгдсэн акт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэврийн хуудас,  харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдэл, харилцах дансыг нээх зөвшөөрөл, хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга (цаашид "акт, нэгдсэн акт, шийтгэвэр, шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, шалгалтын танилцуулга" гэх) үйлдэнэ” тус тус заажээ.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагчаас алданги гаргуулахаар шаардахын тулд улсын байцаагчийн акт үйлдэх, үйлдсэн актад алданги, шимтгэлийн хэмжээг тодорхой заасан байх, уг алдангийг төлөх хугацааг зааж өгөх, тогтоосон хугацаандаа алдангийг төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах дараалалтай байжээ. Дээрх ажиллагааг хийгээгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй болно. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон алданги шаардахын тулд хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдах ёстой юм.

 

Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 222 125 353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 111 062 677 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02600 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...333 188 030 төгрөг...” гэснийг “...222 125 353 төгрөг...” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1 823 890 төгрөг...” гэснийг “...1 268 577 төгрөг...” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 783 400 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

 

                            ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН