Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01038

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 113 дугаар магадлалтай,

Б.М-ын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

Капитал зууч ХХК-ийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.М-ын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М надаас 113,500,000 төгрөг гаргуулж Дархан Цалам ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний өмчийн Сэлэнгэ аймаг, Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот, 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт битүүмжилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-иар үнэлүүлэхэд 25,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь одоогийн зах зээлийн ханш болох 35,000,000-45,000,000 төгрөгийн үнэлгээнээс хэт доогуур, ямар ч үндэслэл, тооцоо судалгаагүйгээр 25,000,000 төгрөгөөр үнэлсэнд маш их гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу миний бие албан ёсны үнэлгээтэй 2020.06.26-ны өдөр танилцаж, мэдэгдлийг албан тоотоор авсан болно. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа 2019.04.03-ны өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн. Мөн 2020.06.03-нд Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн хоёр компани үнэлгээг гаргахдаа зах зээлийн бодит үнэ ханшид нийцүүлж үнэлгээ гаргаж чадаагүй гэж үзэж байна. Иймд нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах байруудыг 2020.03.25, 2020.04.07-ны өдрийн 0233, 0270 тус тус дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд 35,000,000-55,000,000 төгрөгөөр үнэлсэн байгааг нь тухайн байрны зах зээлийн ханшийг тодорхойлох зорилгоор нотлох баримтаар гарган өгсөн. 35,000,000-55,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 25,000,000 төгрөгөөр үнэлж байгаа асуудал нь зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур байгаа нь гомдол гаргагчийн эрх ашгийг хохироож байна. Хуулийн хүрээнд үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор буюу 2020.07.02-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар шүүхэд гомдол гаргаж байгаа тул гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар Б.М-аас 113,500,000 төгрөг гаргуулж Дархан цалам ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Тус газар нь гүйцэтгэх баримт бичгийг 2017.02.06-ны өдөр хүлээн авч 17070216 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот, 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 448/01, 448/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020.06.02-ны өдрийн 17070216/13, 17070216/14 дугаартай тогтоолоор хураан авч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2020.06.03-ны өдрийн 20/20 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот, 24 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон 25,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2020.06.25-ны өдөр ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020.06.26-ны өдрийн 03/1710, 03/1712 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг тусгай зөвшөөрлийн эрхтэй Капитал зууч ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн шинжилгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын стандартыг баримтлан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ гаргуулахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээнд төлбөр төлөгч Б.М гомдол гаргаж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар гомдлыг нь хангасны дагуу бид хөрөнгө үнэлэх ажиллагааг дахин явуулсан. Энэхүү ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул Б.М-ын гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Б.М-ын Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 113 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.  Мөн хэрэгт хавсаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. Анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба явуулахдаа “Ашид билгүүн” ХХК, “Капитал зууч” ХХК-г тус тус шинжээчээр томилон Сэлэнгэ аймаг, Сайхан сум 7 дугаар баг, 20 дугаар байрны  27 тоот 24 м.кв талбайтай орон сууцыг үнэлүүлсэн. “Ашид билгүүн” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг 23,719,100 төгрөгөөр үнэлж байсныг би эс зөвшөөрч гомдол гаргаснаар дахин шинжээч томилж “Капитал зууч” ХХК-иар үнэлгээ гаргуулсан бөгөөд уг компани нь үл хөдлөх хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үл хөдлөх хөрөнгө нь манай суманд байрладаг. Сайхан суманд үндсэндээ 20-иод л орон сууцны барилга байгаа учраас орон сууцны үнэ харьцангуй өндөр байдаг. Том суурин аймаг, нийслэл шиг байрлал, насжилтаар тэр бүр үнэ тодорхойлогдоод байдаггүй бүгд л ижил зэрэгцээ 1 байранд байрладаг орон сууц байдаг. Гэтэл үнэлгээ гаргаж байгаа компаниуд үл хөдлөх хөрөнгө байрлах нутаг дэвсгэр, онцлогийг харгалзан үзэхгүй зах зээлийн ханшийг хэт бууруулан миний үл хөдлөх хөрөнгийг хэт үнэгүйдүүлж доогуур үнэлсэнд миний бие гомдолтой байгаа билээ. Гомдол гаргасан үндэслэлээ нотлохын тулд тухайн суманд худалдан борлуулагдаж буй ижил төрлийн орон сууцнуудын зах зээлийн үнийг тодорхойлсон худалдах-худалдан авах гэрээг би нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад энэ нотлох баримттай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэн үзэлгүйгээр “гомдол гаргагч тал өөрийн эзэмшлийн 2 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс өндөр байх нөхцөл байдал, давуу тал зэргийг тодорхойлоогүй, нөгөө талаас шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ хууль зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт гаргасан тэр байдал тогтоогдохгүй байхад зөвхөн 2 гэрээг үндэслэн эрх бүхий этгээдээс гаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. ...” гэж үзэж шийдвэр, магадлал гаргасан нь өөрөө үндэслэлгүй шийдвэр, магадлал байгаа юм. Би иргэн хүнийхээ хувьд өөрийн зүгээс гаргаж болох нотлох баримтаа хангалттай гаргаж өгсөн гэж бодож байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ зөрүүтэй гарлаа гэхэд 10,000,000-15,000,000 төгрөгөөр зөрүүтэй байна гэдэг нь байх боломжгүй юм. Миний гаргаж өгсөн худалдах-худалдан авах гэрээний үнэ, шинжээчдийн үнэлсэн үнэлгээний үнийн зөрүүтэй байдал нь хэрэгт харьцуулагдах нь тодорхой байсан юм бол түүнийг тодорхой болгож байж шүүх шийдвэр гаргах нь хууль ёсны үндэслэлийг бий болгох байсан. Гэтэл хэрхэн харьцуулалт хийх нь тодорхой бус байна гэж үзчихээд гомдлыг хүлээн авахгүй байгаа нь өөрөө ойлгомжгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадахгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх эсхүл гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.М Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан “Капитал зууч ХХК-ийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.09.26-ны өдрийн 1250 дугаар захирамжаар Б.М  “Дархан цалам ББСБ-д 113,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Б.М-ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот, 24 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хурааж, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020.06.03-ны өдрийн 20/20 тоот тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр үнэлжээ.

Нэхэмжлэгч дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн үндэслэлээ “...зах зээлийн ханш өнөөдрийн байдлаар 35,000,000-аас 45,000,000 төгрөгийн үнэтэй байхад манай орон сууцыг багаар үнэлсэн...” гэжээ.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан бөгөөд шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд “...орон сууцны” үнэлгээ тогтоохоор заасан боловч тухайн үнэ нь зах зээлийн үнийг тодорхой заагаагүй нь хуульд нийцээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгох ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан.

Шинжээч “Капитал зууч” ХХК нь үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хуульд заасан ямар аргуудыг ашигласан эсэх нь тодорхой бус, энэ талаар үнэлгээний тайланд огт дурдаагүй, зах зээлийн үнэлгээг хэрхэн яаж тогтоосон үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагад нийцсэн эсэх, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, залруулаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хуульд нийцээгүй гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 113 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар төлбөрт хураагдсан Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 27 тоот, 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн 2020.06.25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...дурдсугай” гэснийг “...дурьдаж...”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      Г.ЦАГААНЦООЖ

                      Х.ЭРДЭНЭСУВД