Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч П.Улаанхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Улаанхүүд холбогдох эрүүгийн 201619000567 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварын техникч мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун түрүү 51 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Алаг адуу овогт Пүрэвдаваагийн Улаанхүү /РД:ОГ88060112/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Улаанхүү нь согтуугаар Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутагт байрлах “Бат-Сүндэр” амралтын газарт амарч байсан амрагчдын гэрт 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэвтрэн орж ширээн дээр тавьсан М.Наранцэнгэлийн “Эл Жи” маркийн гар утас 1 ширхэг 20.000 орчим төгрөг бүхий бор өнгийн хэтэвч 1 ширхэг, Г.Оргилын “Самсунг галакси Эс-5” маркийн гар утас 1 ширхэг, А.Саруултөгсийн “Эйч Ти Си” маркийн гар утас 1 ширхэгийг тус тус хулгайлж, бусдад 525.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

 

Шүүгдэгч П.Улаанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч Г.Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 07 сарын 23-ны өдөр найз М.Наранцэнгэл, А.Саруултөгс, Цолмон, Төгөлдөр, Тэлмүүн, Цэлмэг нарын хамт Төв аймгийн Баянчандмань сумын төвийн нутагт байрлах Батсүндэр амралтын газарт орой 20-21 цагийн үед очиж 5 ханатай цэнхэр өнгийн гэр авч байрласан юм. Бид нар бөөнөөрөө хотоос авчирсан хоол хүнсээ идэж, уугаад, авчирсан архи пиво хувааж уугаад 04 цагийн үед бүгд унтаж амарсан юм. Тухайн үед Саруултөгс хамгийн сүүлд хаалгаа хаасан. Хаалга нь бага зэрэг гажаатай дотроосоо цоожилох боломжгүй байсан юм. Тэгээд унтаад өглөө 8 цаг 40 минутад сэрэхэд Наранцэнгэл ширээн дээр байсан гар утас, түрийвч алга байна гэсний дагуу бүгд сэрсэн юм. Тэгээд би өөрийн гар утасыг шалгаж үзэхэд ширээн дээр орхисон миний Самсунг эс-5 маркийн шаргал өнгийн гэртэй гар утас, Саруултөгсийн гар утас мөн алга болсон байсан тус сумын цагдааруу дуудлага өгсөн. Цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал урд гэрт байрлаж байсан залуучуудын нэг нь ирээд манай найз гар утсыг чинь авсан байна. Уучлаарай буцаагаад өгье, та нар цагдаад битгий хэлээрэй” гэж хэлээд байж байтал цагдаа ирсэн. Цагдаа хулгай хийсэн нэг залууг аваад явсан. Бид нарын эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Өөр зүйл болоогүй. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хх-23 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Наранцэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .. Би 2016 оны 07 сарын 23-ны өдөр найз Оргил, А.Саруултөгс, Цолмон, Төгөлдөр, Тэлмүүн, Цэлмэг нарын хамт Төв аймгийн Баянчандмань сумын төвийн нутагт байрлах Аглаг бүтээлийн хийдийг үзэж сонирхоод буцах замдаа Төв аймгийн Баянчандмань сумын төвийн нутагт байрлах Батсүндэр амралтын газарт орой 20-21 цагийн үед очиж 5 ханатай цэнхэр өнгийн гэр авч байрласан юм. Тэгээд амрангаа авчирсан архи пиво хувааж уугаад 04 цагийн үед бүгд унтаж амарсан юм. Би өглөө 8 цаг 40 минутад сэрээд ширээн дээр байсан гар утас, түрийвчээ шалгахад алга байсан тул найз нарыгаа сэрээж асуухад мэдэх хүн байгаагүй. Хамгийн сүүлд Саруултөгс хаалга хааж амарсан ба тухайн хаалга нь гажсан гүйцэт хаагддаггүй, цоожгүй байсан юм.  Тэгээд сумын цагдааруу дуудлага өгөөд байж байталманай амарч байсан гэрийн урд талд байрлаж байсан хүмүүсийн нэг Тулга гэх залуу нь орж ирээд манай найз гар утсыг чинь авсан байна. Уучлаарай буцаагаад өгье, та нар цагдаад битгий хэлээрэй” гэж хэлээд байж байтал цагдаа ирсэн. Цагдаа хулгай хийсэн нэг залууг аваад явсан. Бид нарын эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Өөр зүйл болоогүй. Би удахгүй бүгд найрамдах хятад ард улс руу явах тул хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй. Гомдол санал алга гэх мэдүүлэг /хх-27 тал/,                                                                                                                                                                                                                                

 

Иргэний нэхэмжлэгч А.Саруултөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .. Би 2016 оны 07 сарын 23-ны өдөр 10 жилийн найзууд болох Наранцэнгэл, Цолмон, Төгөлдөр, Тэлмүүн, Цэлмэг нарын хамт Төв аймгийн Борнуур сумын нутаг Аглаг бүтээлийн хийдийг үзэж сонирхоод буцах замдаа Төв аймгийн Баянчандмань сумын төвийн нутагт байрлах Батсүндэр амралтын газарт орой 20-21 цагийн үед очиж 5 ханатай цэнхэр өнгийн бүрээстэй монгол гэр авч бүгдээрээ байрласан юм. Тэгээд бид нар амрангаа авчирсан 1 шил архи, 10-аад ширхэг 500 граммтай пиво хувааж уугаад юм ярисаар байгаад 04 цагийн үед унтаж амарсан юм. Өглөө 8 цаг өнгөрч байхад Наранцэнгэл бид нарыг дуудаж сэрээгээд “миний гар утас түрийвч ширээн дээр байсан алга байна, мэдэж байгаа хүн байна уу” гэж асуусан юм. Би босоод ширээн дээр өөрийн тавьсан гар утасаа шалгасан боловч Оргилын гар утасны хамт алдагдсан байсан. Тэгээд бид эд зүйлээ хулгайд алдсаныг ойлгоод тус сумын цагдааруу дуудлага өгөөд байж байталманай амарч байсан гэрийн урд талд байрлаж байсан хүмүүсийн нэг ногоон өнгийн футболктой залуу орж ирээд манай найз гар утсыг чинь авсан байна. Уучлаарай буцаагаад өгье, та нар цагдаад битгий хэлээрэй” гэж хэлээд ярилцаад байж байтал цагдаа ирсэн. Цагдаа хулгай хийсэн нэг залууг аваад явсан. Цагдаа хулгай хийсэн хүнээр эд зүйл автомашины доод талд газар хаясан байсан 2 гар утас, 1 түрийвчийг гаргаж ирсэн. Тэгээд түүний оймосны түрүүнээс Наранцэнгэлийн гар утасыг гаргаж  ирсэн. Дараа нь бид нарыг дуудаж эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Өөр зүйл болоогүй. Би гомдолгүй тул шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хх-31 тал/,

                                                                                                                                                                                                                                  

        Гэрч С.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Би Төв аймгийн Баянчандмань сумын төвийн нутагт байрлах Батсүндэр амралтын газарт найз Улаанхүү, Тулга болон Улаанхүүгийн таних Болор-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ нарын хамт 2016 оны 07 сарын 23-ны өдрийн 21-22 цагийн үед очсон санагдаж байна. Тэгээд бид нар хотоос авчирсан 3 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уугаад ойролцоогоор 03 цагийн үед унтаж амарсан юм. Мөн тухайн үед Тулга, Оюун-Эрдэнэ нар уулын мод руу яваад өгсөн. Бид гурав унтсан. Өглөө 05-06 цагийн үед сэрэхэд хойд талын гэрт байсан хэдэн хүмүүс утас алга болсон гээд цагдааруу дуудлаг өг гээд гэрийнхээ гадаа яриад байсан. Тэгээд байж байтал нөгөө хоёр модноос ирээд бөөн юм болж байтал үлдсэн байсан Болор-Эрдэнэ Улаанхүүгийн оймсны засвар гар утас байна гэж хэлсэн. Тэр үед Тулга ойлгоод гэрээс гараад нөгөө алдсан хүүхдүүдтэй уулзаад манай хүн авсан байна уучлаарай гэж хэлээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. Тэгээд Улаанхүүг Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч цагдаа аваад явсан. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-34 тал/,

    

Гэрч Б.Тулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би Төв аймгийн Баянчандмань сумын төвийн нутагт байрлах Батсүндэр амралтын газарт найз Улаанхүү, Ганзориг болон Улаанхүүгийн таних Болор-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ нарын хамт 2016 оны 07 сарын 23-ны өдрийн нилээд орой 22-23 цагийн үед очсон юм. Тэгээд бид нар хотоос авчирсан 2.5 литрийн 3-4 ширхэг пиво хувааж уугаад ойролцоогоор 03-04 цагийн үед унтаж амарсан юм. Тухайн үед би Оюун-Эрдэнэ гэх хүүхнийг дагуудаап уулын модруу орж гадаа хамт унтсан юм. Тэгээд бид хоёр өглөө 07-08 цагийн үед нөгөө хэд дээрээ амарч байсан гэрт ирэхэд манай амарч байсан гэрийн хойд талын гэрээс гар утас зэрэг эд зүйл хулгайд алдагдсан хэрэг гарсан. Тухайн үед Болор-Эрдэнэ хүүхэн Улаанхүүгийн оймсны завсар гар утас байна гэж хэлсэн. Би тэгээд Улаанхүүгийн хөлийн оймсны завсар юу байгааг шалгаж үзэхэд нэг ширхэг гар утас байсан. Тэгээд би цагдаад асуудлыг хүндрүүлэхээс өмнө нөгөө хүмүүстэй уулзаж учрыг нь олох санаатай ганцаараа очиж уулзаад “манай найз гар утасыг чинь авсан байна, уучлаарай” гээд яриад байж байтал цагдаа ирсэн. Тэгээд Улаанхүүг Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгч цагдаа аваад явсан. Гар утас эд зүйлсийг нь заалгаж олуулаад хохирогч нарт нь өгсөн. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-35 тал/,

 

БУСАД БАРИМТ

-Баянчандмань сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-2 тал/,

-гомдол мэдээлллийг харъялалын дагуу шилжүүлэх тогтоол /хх-4 тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-15 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-17 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-19 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-20 тал/,

- битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зураг /хх-21 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-37, 39 тал/,

 

-шүүгдэгч 2016 оны 08 сарын 09-ний өдөр сэжигтнээр /хх-47-48 тал/, 2016 оны 08 сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-49-50 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- П.Улаанхүүгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-51 тал/,

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Улаанхүү нь согтуугаар Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутагт байрлах “Бат-Сүндэр” амралтын газарт амарч байсан амрагчдын гэрт 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэвтрэн орж ширээн дээр тавьсан М.Наранцэнгэлийн “Эл Жи” маркийн гар утас 1 ширхэг 20.000 орчим төгрөг бүхий бор өнгийн хэтэвч 1 ширхэг, Г.Оргилын “Самсунг галакси Эс-5” маркийн гар утас 1 ширхэг, А.Саруултөгсийн “Эйч Ти Си” маркийн гар утас 1 ширхэгийг тус тус хулгайлж, бусдад 525.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Улаанхүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Оргил, иргэний нэхэмжлэгч М.Наранцэнгэл, А.Саруултөгс, гэрч Б.Тулга, С.Ганзориг нарын мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Улаанхүүд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  

 

Хохирлын талаар

Хохирогч Г.Оргил, иргэний нэхэмжлэгч М.Наранцэнгэл, А.Саруултөгс нар мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21 инчийн хавтгай дэлгэцтэй хуучин зурагт битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч П.Улаанхүүд буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Улаанхүү нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Алаг адуу овогт Пүрэвдаваагийн Улаанхүүг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Улаанхүүгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Улаанхүүд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Улаанхүүд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Улаанхүүд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Улаанхүү нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан П.Улаанхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн П.Улаанхүүгийн эзэмшлийн “21 инчийн хавтгай дэлгэцтэй хуучин зурагт” битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Улаанхүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан П.Улаанхүүд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА