Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

        Х.Б, Б.Б нарт  холбогдох 

       эрүүгийн хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э, Ц.Б

Хохирогчийн өмгөөлөгч В.У

Шүүгдэгч Б.Б, Х.Б

Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Х.Б нарт холбогдох 1712000800178 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн  Ороох гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Х.Б 

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б

 

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг,  Цагаан давааны 01-04 тоот хашаанд Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Х.Б, Б.Б нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, Жаргалант ам  гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож тус тусын биед эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, Хазаар гэх газар иргэн Х.Р-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.    /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Х.Б, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч  Х.Б, Б.Б нарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг 

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын 600.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б-д үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1.406.000 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, Ороох гэх газар оршин суух  Х.Б-т олгож, хохирогч Х.Б нь бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Б-оос 530.310 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 дугаар байрны 44 тоотод оршин суух Б.Б-д олгож, Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогч Б.Б нь Б-оос, хохирогч Х.Р нь Б.Б-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Б.Б нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-аас Х.Б-т нотлох баримтын шаардлага хангасан гэж 1.406.000 төгрөгийн хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн нь яг ямар хохирол төлбөрт гаргуулсан нь ойлгомжгүй мухар байна. Иймд 1.406.000 төгрөг надаас гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Х.Р нь эхлээд намайг хэл амаар доромжилж, мориноос татаж унагаан  дээр гарч гишүүгээр хөл, гар руу олон удаа цохиж зодоход нь би өөрийгөө хамгаалж цохисон болно. Хэрвээ би өөрийгөө хамгаалж Х.Р-ийн эсрэг цохиогүй бол миний биед хүнд гэмтэл үүсгэж, эрүүл мэнд, амь насаараа хохирохыг үгүйсгэхгүй байсан. Иймд хэргийг дахин нягтлан үзэж зөв шийдвэрлэж өгнө үү. Мөн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой 2019 оны 06 дугаар сарын 17-ны орой утсаар танилцсан болно. Шүүх хуралд миний бие өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан төдийгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, Хазаар гэх газар иргэн Х.Р-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон юм. Харин хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэн үзэхэд хохирогч болох Х.Р нь эхэлж Б.Б-тай маргалдах үедээ түүний унаж явсан мориных нь цулбуураас татаж, морьтой нь хөвдөнд шигтгэн унагааж, гишүү болон гараараа зодож эхэлсэн бөгөөд хохирогчийн энэ хууль бус тулгарсан довтолгооны эсрэг өөрийн амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөгөө хамгаалж хийсэн Б.Б-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй, гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж тооцохоор байна. Аргагүй хамгаалалтын шинжтэй энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Ч, З.Б, хохирогч Х.Р болон шүүгдэгч Б.Б-ны мэдүүлгүүдээр хангалттай эргэлзээгүй бүрэн дүүрэн нотлогдож байна. Мөн шүүгдэгч Б.Б-аас 1.406.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирол төлбөрийг багасган Б.Б-ы Х.Р-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би Х.Б, Б.Б нарт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 01-04 тоот хашаанд Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож түүний бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Х.Б, Б.Б нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн  Жаргалант ам  гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож тус тусын биед эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар иргэн Х.Р-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б-т холбогдох эрүүгийн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1.406.000 төгрөг гаргуулан Х.Б-т олгож, шүүгдэгч Х.Б-оос 530.310 төгрөг гаргуулан Б.Б-д олгохоор  шийдвэрлэжээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Б.Б-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хохирогч Б.Б-д учирсан хохирлыг шүүгдэгч Х.Б-оос гаргуулахаар шийдвэрлэсэн. Бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхтэй болохыг магадлалд тусгаж өгнө үү. Б.Б нь барилгын ажил эрхэлдэг байсан бөгөөд энэ хэргээс болоод тэрээд гэрээгээр заасан ажлаа гүйцэтгээгүй, чадаагүй тул түүнд  хохирол учирсан. Цаашдаа алдагдсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа учраас магадлалд дурдаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэргээс болж аль алинд нь хөнгөн гэмтэл учирсан бөгөөд бүх хүнд хохирол төлбөр учирсан. Б.Б-аас Х.Б-т гаргуулж шийдвэрлэсэн хохирол нь хөнгөн гэмтэлд учирсан зардлаас илүү их хохирол төлбөр гаргуулж шийдвэрлэсэн байгаа. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгасан талаар тайлбар гаргаж байна. Харин ч хөөн хэлэлцэх хугацааг дууссанд Х.Б өөрөө буруутай. Учир нь Х.Б дуудуулаад огт ирдэггүй бөгөөд цагдаа нартай хамт явж авчирч байсан. Х.Б-ын Б.Б-ы амь биед халдах гээд байсан үйлдлийн улмаас аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл байгаа. Харин нөгөө хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Харин миний зүгээс гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч өгнө үү. Ингээд шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлийг оруулж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Х.Б-т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хохирол дээр хасаж тооцсон байгаа баримтуудыг давж заалдах шатны шүүх эргэж харна уу. Тухайн баримтууд нь хасагдахааргүй баримтууд байсан. Энэ хэрэгт зөвхөн Х.Б-ыг буруутгаад байж болохгүй. Өнөөдөр Х.Б илүү тайлбар хэлж байгаагаар буруутан болохгүй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх Х.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах гэж хуульчилсан. 

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчийг томилох тухай 141 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж гаргаж ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчээр тус шүүхийн шүүгч Б.О-ийг томилсон байна.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А-т тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг орлон ажиллах, ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчийг томилох зэрэг эрхүүд олгогдоогүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй.

 

Гэтэл шүүгч Р.А ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчээр тус шүүхийн шүүгч Б.О-ийг томилж улмаар шүүгч Б.О Х.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаан даргалагч томилж хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

Шүүгдэгч Х.Б, Б.Б нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

 

Анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай захирамжинд Х.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 11 цаг 30 минутанд хэлэлцүүлэхээр тогтоосон атлаа 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цаг 00 минутанд явуулсан, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжинд 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 15 цаг 00 минутанд хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутанд хэлэлцүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Х.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Т.ДАВААСҮРЭН

                                                 ШҮҮГЧИД     Д.БЯМБАСҮРЭН

                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ