Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 110/ШШ2021/0044

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, шүүгч М.Риза, илтгэгч Ерөнхий шүүгч З.Гүлбарша нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох,

               “Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгахнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Г.Т шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Т “ХХК-аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Увс аймгийн Өндөрхангай болон Цагаанхайрхан сумдын нутагт орших “Бадаг” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-017830 тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болно.

             Тус компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-нд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар хандсан боловч баталж өгөхөөс татгалзсан.

             Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05/01 дүгээр албан бичгээр бидний боловсруулсан 2018 оны хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг болтол ямар нэг хариу өгөхгүй, эрх зүйн акт гаргалгүй эс үйлдэхүй гаргаж байна.

           Үүний улмаас Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс манай компанийн XV-017830 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт дутуу“ гэх үндэслэлээр сунгахаас татгалзсан болохыг мэдсэн.

            Энэхүү шийдвэртэй холбогдуулан Ашигт малтмалын газрын даргад хандсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/332 дугаар албан бичгээр “… тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримтыг дутуу ирүүлсэн...” гэжээ.

            Гэтэл уг баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэгч бидний буруутай үйл ажиллагаа биш бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзаж, эс үйлдэхүй гаргасан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын буруутай үйлдэл гэж үзэж байна.

             Учир нь, манай эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь тус аймгийн 2 сумын зааглан байдаг бөгөөд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу 2018 оны хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсаар атал Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас ямар ч учир шалтгаангүйгээр хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас бидний 2015 оноос хойших хугацаанд зарцуулсан хөрөнгийг болон цаашид төлөвлөсөн ажлыг маань үгүй хийж байгаад үнэхээр гомдолтой байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэснийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү.

            Энэ нэхэмжлэлд дурдсан асуудал нь дээрх Ашигт малтмалын тухай хуулийн зүйлд заасны дагуу сумын Засаг даргын бүрэн эрхэд шууд хамаарах бөгөөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай, Ашигт малтмалын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан гомдлыг урьдчилсан байдлаар хянахаар зохицуулсан хуулиар нарийвчилсан зохицуулалт байхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

            Бидний зүгээс орон нутагтайгаа ямагт хамтарч ажиллахад бэлэн бөгөөд орон нутагт нэн шаардлагатай ямарваа нэг хүсэлт саналыг дэмжихэд татгалзахгүй болохыг энэхүү нэхэмжлэлдээ албан ёсоор дурдъя гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Т” ХХК 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 05/01 тоот албан бичгээр ашигт  малтмалын хайгуулын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хүссэн албан бичиг, тайлангаа Өндөрхангай сумын Засаг даргад хүргүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан шуудангийн бичгээр нотлогдож байгаа. Уг албан бичгээр хүргүүлсэн менежментийн төлөвлөгөөг Өндөрхангай сумын Засаг дарга батлаагүйгээс болж, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмалын газраас манай лицензийг цуцалсан тухай мэдэгдлийг 2018 оны сүүлээр гаргасан байгаа. Тиймээс Өндөрхангай сумын Засаг даргын менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж,  менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэл гаргасан байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэсэн хуулийн заалтыг тодорхой шалтгаангүйгээр биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.

Манай компани 2016-2017 онд хайгуулын ажил хийгээгүй. Жил болгон хайгуулын ажлын төлөвлөгөө гэж гарах ёстой. Тэрний дагуу хийсэн ажлын тайлан гэж гардаг. Мэргэжлийн хяналтын газар болон Ашигт малтмалын газар,  сумын байгаль орчны байцаагч нар хүлээж авч хамтран баталгаажуулдаг. Энэ талаар баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Хайгуулын ажил гэхээр одоохондоо газрыг ухаж төнхөж, газрын хэвлийг хөндсөн асуудал байхгүй. Яагаад гэвэл хайгуулын ажил 9 жилийн хугацаанд үргэлжилдэг учраас хайгуулын ажлыг үе шат дараалалтай хийдэг. Эхэндээ хөрснөөс чулууны дээж авах  байдлаар судалгаа шинжилгээ хийгээд, дараа нь цаашаагаа үргэлжилж ямар байдлаар хайгуул хийх вэ гэдгээ шийдвэрлэдэг.

Өндөрхангай сумын Засаг дарга “Т” ХХК  хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэнтэй холбоотой тайлбар гаргаж өгөөч гэсэн албан тоотыг Ашигт малтмалын газарт хүргүүлж, үүний дагуу Ашигт малтмалын газраас албан тоот хүргүүлсэн байгаа. “Т” ХХК-ийн хувьд жил жилд хийсэн ажлын тайланг Мэргэжлийн хяналт болон Ашигт малтмалын газарт батлуулаад цахимаар явуулдаг.

Өндөрхангай сумын байгаль орчны мэргэжилтэн Б.Ариунболд гэдэг хүн тайлангийн 7 дугаар маягтад гарын үсэг зурж гаргаж өгсөн. Хариуцагч  тал манай компанийн эзэмшиж байгаа газарт хаваржаа, намаржаа байдаг гэсэн тайлбар хэлж байна. Яг газар дээр нь очиж үзвэл малчдын хаваржаа, намаржаа байдаггүй. Тийм болохоор үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна

Иймд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбартаа  болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

 

“Т” ХХК-ний нэхэмжлэлтэй Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Тухайн үед буюу 2015 онд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед аймгийн зүгээс  сумаас санал авч ажиллаагүй, бидэнд ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас тухайн төлөвлөгөөг нь баталж өгөх боломжгүй юм.

2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “е” нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах боломжгүй юм.

Учир нь, орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн аж ахуй нэгж байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж энэ талаар гарын үсгээ зурж өгсөн.

Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээ эсрэг аливаа  үйл ажиллагаанд оролцож төлөвлөгөөг батлах ёс зүй надад байхгүй.

3. Анх авсан лицензийн баримтыг хуулийн дагуу авсан эсэх талаараа танилцуулна уу.  Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх заалтыг хэрэгсэхгүйгээр авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж хууль зөрчиж авсан гэж үзэж байна.

 “Т” ХХК нь Өндөрхангай сумын бүс нутагт ямар нэгэн хайгуулын ажил явуулсан тухай мэдээ тайлангаа сумд өгөөгүй. Сумын төрийн санд нөхөн сэргээх ажлын дэнчинг байршуулаагүй.

Байгаль орчны төлөвлөгөөг батлах хугацааг сунгуулах үед гэнэт гарч ирээд хүсэлт гаргаж байгаа тул цаашид байгаль орчны төлөвлөгөөг батлах боломжгүй  гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргаж байна.

Нэхэмжлэгч  “Т” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж  дүгнээд, нэхэмжлэгч “Т” ХХК-аас  Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгахнэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”... хариуцагчийн  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүй татгалзсан эс үйлдэхүйн  улмаас 2015 оноос хойших хугацаанд зарцуулсан хөрөнгө болон цаашид төлөвлөсөн ажил үгүй болж байна, Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй  үндэслэлээр манай компанийн XV 017830 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан” гэж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ  “... анхны олгогдсон тусгай зөвшөөрлийг авах үед сумаас санал аваагүй ба тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдоогүй, ямар нэгэн  мэдээ, тайланг сумд өгч байгаагүй, сумын төрийн санд нөхөн сэргээх ажлын дэнчинг байршуулаагүй, зөвхөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  батлуулах үед гэнэт гарч ирээд хүсэлт гаргасан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч “Т “ХХК-д  Ашигт малтмалын газраас 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр   Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт орших “Бадаг” гэх газраас 2985.38 гектар хэмжээтэй талбайд ашигт малтмал хайх  XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[1]  2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.

Улмаар  нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусах болсонтой   холбогдуулан нэхэмжлэгч талаас   Өндөрхангай сумын Засаг даргад 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр биечлэн,  2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 05/01 дугаар албан бичгээр[2]  хандсан,  Өндөрхангай сумын Засаг дарга уг албан бичгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авсан боловч уг төлөвлөгөөг батлаагүй зэрэг үйл баримт нь  нэхэмжлэгч, хариуцагчийн  тайлбар, хэрэгт авагдсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг[3] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын тухай 38 дугаар зүйлийн 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-д  “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд …”, 35.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”,  35.2.2-т “ байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан” гэж  тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудад  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг анх авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг боловсруулж,  тухайн сумын Засаг даргад хүргүүлэн батлуулах,  уг батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр  байлгах   үүрэгтэйг  заасан  байх ба  дээрх зохицуулалтуудаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь   байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр   батлуулан өөртөө зайлшгүй байлгах   бичиг баримт   гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал “... жил болгон хайгуулын ажлын төлөвлөгөөг гаргаж, тэрний дагуу хийсэн ажлын тайлан гэж гардаг. Мэргэжлийн хяналтын газар болон Ашигт малтмалын газар,  сумын байгаль орчны байцаагч нар хүлээж авч хамтран баталгаажуулдаг. Энэ талаар баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа” гэж тайлбарласан ба  энэ талаарх нотлох баримтууд[4] болох  “Т” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутаг дахь “Бадаг”-ийн  талбайд 2015, 2016, 2017  онуудад   гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө, “Т” ХХК-ийн Увс  аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутаг дахь “Бадаг”-ийн  талбайд 2015, 2016  онуудын  гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан  зэрэг  нь хэрэгт   авагдсан бөгөөд  нэхэмжлэгчийн гаргасан энэхүү төлөвлөгөө нь  Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.3-т  заасан “… төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө”  байна.

  Уг төлөвлөгөө болон төлөвлөгөөний  биелэлтийн тайлангийн талаар хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ”, 48.1.1-д “хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор”, 48.1.2-т “хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор” гэж тус тус зохицуулсан  байх ба хуулийн дээрх заалтуудаас  үзэхэд   хайгуулын ажлын төлөвлөгөөг  жил болгон боловсруулан батлуулж, биелэлтийн тайланг дараа жил нь хуульд заасан хугацаанд  тайлагнахаар заажээ.

Харин  байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь хайгуулын ажлын төлөвлөгөөнөөс  өөр ойлголт бөгөөд  уг төлөвлөгөө нь  тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 3 жилийн хугацаанд нэг удаа хийгдэх   ба  уг төлөвлөгөөний  биелэлтийн тайлангийн талаар   хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж зааснаас   үзэхэд 3 жилд нэг удаа боловсруулан батлагдах уг  төлөвлөгөөний биелэлтийг жил бүр  тайлагнах, төлөвлөгөөнд тусгагдсан ажил  бүрэн биелэгдсэн эсэхийг эрх бүхий байгууллага буюу байгаль орчны хяналтын алба болон сумын Засаг даргад хүргүүлэн  дүгнүүлэхээр байна.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан.

Нэхэмжлэгч нь  анх тусгай зөвшөөрөл авсны дараа хуульд заасан 30 хоногийн дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны хяналтын алба болон Өндөрхангай сумын Засаг даргатай зөвшилцөн  боловсруулж, сумын Засаг даргаар  батлуулах, түүний биелэлтийг жил болгон тайланд тусгаж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх үүрэгтэй байсан бөгөөд уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй  болох нь хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар[5] нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хайгуулын  тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардагдах  “шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаас өмнөх буюу  тусгай зөвшөөрөл авсны дараа   2015 онд   “байгаль орчны төлөвлөгөө”-г  батлуулах,  мөн биелэлтийн тайланг  жил болгон гаргаж байгаль орчны хяналтын алба болон  хариуцагчид хүргүүлэн   дүгнүүлэх   зэрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн “...  байгаль орчны төлөвлөгөөг батлах хугацааг сунгуулах үед гэнэт гарч ирээд хүсэлт гаргаж байгаа тул цаашид байгаль орчны төлөвлөгөөг батлах боломжгүй” гэх тайлбар үндэслэлтэй тул шүүхээс  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “... анх 2015 онд тусгай зөвшөөрөл авсны дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг барьж, Өндөрхангай сумын Засаг даргатай уулзаж байсан. Тэгэхэд дандаа татгалзсан хариу авдаг. Татгалзсан хариуг албан бичгээр өг гэхэд өгдөггүй байсан” гэж тайлбарласан боловч энэ үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна  нэхэмжлэгчээс 2015 онд  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар  хариуцагчид албан ёсоор хүргүүлээгүй болох нь  хэрэгт авагдсан Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын  2015, 2016, 2017 онуудын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[6] болон тухайн онуудын бүртгэлийн дэвтрээр [7]  нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчид олгогдсон  2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн   XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг  хуульд заасан журмын дагуу олгогдсон  нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7/4963 дугаартай албан бичгээр[8] тогтоогдсон, мөн 2015, 2016, 2017 онуудад байгаль орчинд нөлөөлөхүйц хайгуулын ажлыг  хийгээгүй  тохиолдолд    Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1.8-д зааснаар “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх”  үүргийг  биелүүлэх шаардлагагүй байсан  тул хариуцагчийн  “... анхны олгогдсон тусгай зөвшөөрлийг авах үед сумаас санал аваагүй ба тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу олгогдоогүй, сумын төрийн санд нөхөн сэргээх ажлын дэнчинг байршуулаагүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан   “...  “Т” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д зааснаар шүүх харгалзан үзээд, дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн  болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2, 38 дугаар зүйлийн  38.1.1, 38.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Т” ХХК-ийн эзэмшлийн XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахыг даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                      

 

 

          

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЕРКЕШ

                                            ШҮҮГЧ                                   М.РИЗА

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 4 дүгээр хуудас 1 хавтас

[2] Хэргийн 13 дугаар хуудас 1 хавтас

[3] Хэргийн 50 дугаар хуудас 1 хавтас

[4] Хэргийн 120-206 дугаар хуудас / 1 хавтас/

[5] Хэргийн 134 дүгээр хуудас /3 хавтас/

[6] Хэргийн 77-78  дугаар хуудас /2 хавтас/

[7] Хэргийн 78-154 дүгээр хуудас /2 хавтас/

[8] Хэргийн 217 дугаар хуудас /1 хавтас/