Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 97

 

 

 

 

   2019 оны 01 сарын 10 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00097

      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

            Нэхэмжлэгч: “Б” СӨХ

Хариуцагч: “Л” ХХК-ийн “Л” эмнэлэг

895.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мандхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгс, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээг эрхлэн хариуцах зорилгоор зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйл 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл манай СӨХ-ны гишүүн 22 дугаар байрны 19 тоотод байрладаг “Л” эмнэлэг нь энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг үүсгэн өнөөг хүрсэн. “Л” эмнэлгийн захирал Д.Жгийн өмчлөлийн 28 м.кв талбайд ноогдох засвар үйлчилгээний хөлс 500 төгрөг, өргөтгөлийн талбайн хөлс 6.000 төгрөг, нийт сар бүр 20.000 төгрөгийг төлж байхаар тогтсон. Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, мөн СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд СӨХ-ны гүйцэтгэх захирал, түүний эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд 12.4.4-т энэ хууль болон иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учирсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчөөс шаардах, уг шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй бол иргэний хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан байдаг. Иймд СӨХ-ны гишүүн 22-р байрны 19 тоотын сууц өмчлөгч “Л” эмнэлгээс тус СӨХ-д төлөх ёстой 2014 оны 3-12 саруудын 71.400 төгрөг, 2015 оны 1-9 саруудын 64.260 төгрөг, 2015 оны 10-12 саруудын 60.000 төгрөг, 2016 оны 1-12 саруудын 240.000 төгрөг, 2017 оны 1-12 саруудын 240.000 төгрөг, 2018 оны 1-11 саруудын 220.000 төгрөг, нийт 895.660 төгрөгийг гаргуулж өгнө үү. “Л” эмнэлгийн 2017, 2018 онд төлсөн мөнгүүдийг өмнөх онуудын төлөгдөөгүй өрийн үлдэгдлээс хасаж тооцсон гэв.

 

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б” СӨХ бидний хооронд хийгдсэн ямар нэг гэрээ хэлцэл байхгүй. “Б” СӨХ нь бидэнд үйл ажиллагаагаа тайлагнадаггүй, оршин суугчдад зориулсан ямар ч ажил хийдэггүй. СӨХ-ны дарга н.Мандхай гэх хүн нь энэ албан тушаалыг хэзээ ямар журмаар хүлээн авсан нь тодорхойгүй. СӨХ-ны үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй эсэх нь тодорхой бус, уг байранд оршин суугчдаас гадна жолооны курс, цайны газар, дэлгүүр, хонгилд үйл ажиллагаа явуулж байгаа олон арван түрээслэгчдээс СӨХ-ны төлбөр гэж авч байгаа боловч энэ их хэмжээний хуримтлалыг хэрхэн зарцуулдаг нь тодорхойгүй. СӨХ-ны удирдах зөвлөл нь энэ байранд хамааралгүй оршин суугчдаас бүрдсэн, СӨХ-ны хурлаа хийдэггүй болно. Иргэний хуулийн 147 дугаар зүйл 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун хүйтэн цэвэр ус, ариутгал зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлж байна гэж заасны дагуу ОСНАА болон Чингэлтэйн эрчим хүчинд нэхэмжлэлийн дагуу банкаар дамжуулан бүх төлбөр тооцоогоо хийдэг бөгөөд СӨХ-ны төлбөр гэх сар бүр 7.140 төгрөгийг олон жил төлж байсан, одоо ч төлж байгаа бөгөөд ямар ч үндэслэлгүйгээр бидэнд танилцуулалгүйгээр төлбөрийг хэмжээг 20.000 төгрөг болгон нэмэгдүүлснээр манай эмнэлгийн хэвийн төлөгдөж байсан төлбөр нэг хэсэг тасалдсан нь СӨХ-ны өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Манай байр орц талаасаа орж гардаггүй тул бид өөрсдийн хариуцсан хэсгээ өөрсдөө цэвэрлэж тохижуулдаг бөгөөд СӨХ-ны талаас ямар ч үйлчилгээ авдаггүй. “Б” СӨХ-ны дансанд 2017, 2018 онуудын төлбөрийг төлж байсан бөгөөд уг нэхэмжлэлд огт төлбөр төлдөггүйгээр тооцоолж бидний төлсөн төлбөрийг хасаагүй байна. Иймд СӨХ-ны нэхэмжилж буй 895.660 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол, гэрчилгээ, дотоод дүрэм, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолууд “Л” ХХК-ийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дипозит дансны харилцагчийн хуулга зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” СӨХ нь “Л” ХХК-ийн “Л” эмнэлэг, Д.Жд холбогдуулж СӨХ-ны төлбөрт 895.660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь СӨХ-ны төлбөрийг гүйцэтгэх захирал нь Ж.Мандахай байхад А.Мандхай нэхэмжлэх эрхгүй, СӨХ-ны төлбөрт төлсөн мөнгийг урьд онуудын төлбөрт тооцсон, төлбөр нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 19 тоот орон сууц нь Д.Жгийн өмчлөлд байдаг, уг орон сууцыг “Б” СӨХ харъяалдаг болох нь талуудын тайлбар, гэрчилгээнүүдээр тогтоогдож байх ба “Б” СӨХ хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгө болох 2014 оны 3-12 саруудын 71.400 төгрөг, 2015 оны 1-9 саруудын 64.260 төгрөг, 2015 оны 10-12 саруудын 60.000 төгрөг, 2016 оны 1-12 саруудын 240.000 төгрөг, 2017 оны 1-12 саруудын 240.000 төгрөг, 2018 оны 1-11 саруудын 220.000 төгрөг, нийт 895.660 төгрөгийг нэхэмжилжээ.

Д.Жөөрийн орон сууцыг эмнэлгийн зориулалтаар ашигладаг, тэрээр эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг 1 гишүүнтэй компанитай ба өөрөө компани, эмнэлгийнхээ захирлаар ажилладаг болох нь гэрчилгээ, түүнд тэмдэглэгдсэн байдал, бусадтай хийсэн гэрээнүүдээс харагдаж байна.

Б СӨХ-г Чингэлтэй дүүргийн СӨХ-ны бүртгэлд бүртгэж 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон гэрчилгээнд 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ж.Мандахай гэх хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэсэн тэмдэглэл хийгдсэн байх ба энэ нь Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд хурлын шийдвэрт Гүйцэтгэх захирлаар Мандахайг томилсугай, Гишүүдээс гаргасан санал шүүмжлэлийн мөрөөр тодорхой ажил зохиохыг Ж.Мандахайд үүрэг болгосугай гэжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мандхай СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээнд өөрийн нь овгийн эхний үсэг, нэрийг алдаатай бичсэн байдаг болон залруулаагүйг тайлбарлаж байна.

Хэрэгт ирүүлсэн Б СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл, Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  хурлын тэмдэглэл, тогтоолд тус холбооны гүйцэтгэх захирал А.Мандхай гэж тэмдэглэсэн байдлууд байна.

Мандахай, Мандхай гэсэн нэрүүд адил дуудагддаг ба дээрх байдлаар Б СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.Мандахай, А.Мандхай нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож буй нэг хүн болох нь тогтоогдож байна. Б СӨХ өөрийн харъяалах байрны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжилсэн нь зөв байх ба А.Мандхай түүний хууль ёсны төлөөлөгч мөн байна.

Л эмнэлэг урьд нь СӨХ-ны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сард 7.140 төгрөгөөр төлж байсан байх бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 9, 11 дүгээр сар, 2018 оны 2, 6, 10 дугаар саруудад тус бүр 22.500 төгрөг, нийт 112.500 төгрөгийг төлсөн нь дансны хуулгаас харагдаж байна. Нэхэмжлэгчийн тооцон нэхэмжилсэн хугацааны зардлын дүнгээс хариуцагч өөр төлсөн байдал байхгүй байна.

Б СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар 21, 22, 23 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг өргөтгөлтэй аж ахуйн нэгжүүдээс дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сард талбайн 1 м кв-ыг 500 төгрөгөөр тооцож авах болсныг шийдвэрлэсэн байна. Энэ хурлын шийдвэр одоо хүчинтэй байна. Б СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  хурлаар аж ахуйн нэгжүүдийг нэр зааж тарифийг тэмдэглэсэн байх ба 22 дугаар байрны 19 тоот Л эмнэлэг сард 20.000 төгрөг гээд 2015 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэжээ. 22 дугаар байрны 19 тоотын талбайн хэмжээ 27 м кв болох нь гэрчилгээнээс харагдах ба бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тооцвол Л эмнэлгийн сард төлөх зардал 13.500 төгрөг болж байна. Нэхэмжлэгч 20.000 төгрөг гэсний учрыг өргөтгөлөөс нь 6.000 төгрөг авч буй гэж тайлбарлах боловч энэ талаар бүх гишүүдийн хурлын шийдвэр алга байна.

Иймд 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацааны зардлыг сард 13.500 төгрөгөөр тооцон төлүүлэх нь зүйтэй байна. Ингэж тооцвол хариуцагчийн төлөх 2014 оны 3 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 648.660 төгрөг болж байх ба үүнээс төлсөн 112.500 төгрөгийг хасвал 536.160 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч СӨХ-ноос үйлчилгээ авахгүй байгаа, тусдаа хаалгатай, хогийн тусгай гэрээтэй, мөнгө тусдаа төлдөг гэж тайлбарладаг боловч энэ нь бусад оршин суугчидтай адил нэг дээвэр доорх барилга, түүний ус, цахилгаан, дулааны шугам сүлжээ, СӨХ-ны эзэмшлийн орчны газрыг эзэмшиж ашиглаж байгаа байдлаар үгүйсгэгдэх юм. Л эмнэлэг, захирал Д.Жнь Элемент ХХК-тай “Эмнэлгийн аюултай болон эрсдэлтэй хог хаягдлыг тээвэрлэх, халдваргүйжүүлэх, устгах, аюулгүй болгох гэрээ” хийж төлбөр төлж буй нь СӨХ-ны зардалд хамаарахгүй бөгөөд энэ нь эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, эмнэлэгт тавигдах нэмэлт шаардлагыг биелүүлж буй асуудал байна.

Хариуцагч СӨХ-ны зардал нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэдэг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс үүсдэг. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан.

Нэхэмжлэгч хариуцагчийг СӨХ-ны төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байснаа тайлбарладаг ба энэ нь хариуцагч 2017, 2018 онд зарим төлбөрийг төлж байсан, нэхэмжлэгч энэ төлсөн төлбөрийг 2014 оныхоос өмнөх төлбөрт тооцсон байдлуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн СӨХ ажлаа зохих ёсоор хийдэггүй, хурлаа хийдэггүй, мэдэгддэггүй гэх боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүйн гадна энэ нь орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 149 дүгээр зүйлийн 149.1-ийг баримтлан “Л” эмнэлэг, Д.Жгээс 536.160 төгрөг гаргуулж “Б” СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн 359.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 26.046 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 16.735 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД