Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2019/00126

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүргийн  дугаар хороо, дугаар хороолол,  дугаар байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн хороо, , /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Э ХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 52,269,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн төлөөлөгч Ц.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг шүүх 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1418 дугаар магадлалаар шийдвэрлэсэн. Тухайн үед хариуцагч Э ХК нь намайг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилж, зохигчид ажилд эгүүлэн тогтоох шаардлагад эвлэрэн хэлэлцсэнийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талууд эвлэрэн хэлэлцэхдээ ажилгүй байсан хугацааны цалинд 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал 12 сар ажилгүй байсан хугацааны цалин 52,269,600 төгрөг гаргуулж өгөхөөр тохирсон боловч одоо болтол өгөөгүй. Мөн уг нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны хооронд 1 жил 2 сар 3 хоног ажилгүй байсан хугацаа гэж тооцож 2 сар 3 хоног буюу 23,896,011.5 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 75,017,388 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

Хариуцагч Э ХК шүүхэд болон төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Т нь 2018 оны 03 дугаар сард Э ХК-д холбогдуулан Төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэр гарсан. Тус Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэрээр Ц.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарч байна. Хөлсөөр ажиллах гэрээ нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болохоор 3 сарын хугацаатай байгуулсан байна. Гэрээний хугацаа дуусахаас 8 хоногийн өмнө гэрээг цуцалсан явдалд Ц.Тийг гэм буруутай гэх үндэслэлгүй тул 8 хоногийн ажлын хөлс 1,227,906 төгрөгийг Э ХК-иас гаргуулан 8 хоногийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгаж, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1418 дугаар магадлалд Ц.Тийг хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүйгээр Э ХК-ийн Захиргааны хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр ажилд орсныг шүүхэд буруу тайлбарлан ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлагын хувьд эвлэрсэн гэж үзэж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талууд энэхүү 1418 дугаартай магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй. Ц.Тийн ажиллаж байсан Төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаал цааш үргэлжлээгүй төсөл зогссон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулж Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр авсан. Иймд  Ц.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Э ХК-нд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 52,269,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 75,017,388 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ц.Тийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулж томилсон гэж маргаж байна.

Тус шүүхэд нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Э ХК-нд холбогдуулан төслийн ерөнхий зохион байгуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу хариуцагч Э ХК-иас 1,227,906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тэд олгож, нэхэмжлэгч Ц.Тийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Э ХК-д даалган, нэхэмжлэлийн шаардлагаас төслийн ерөнхий зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Ц.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ий өдөр гүйцэтгэх захирлын Б/31 тоот тушаалаар уурхайн уулын хэлтсийн Төслийн ерөнхий зохион байгуулагчийн албан тушаалд түр томилогджээ. Түүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэх баримтад зааснаар гэрээ нь 3 сарын хугацаатай байна. Нэхэмжлэгч Ц.Тийн гаргасан эдгээр зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасны дагуу ялимгүй зөрчил гэх үндэстэй байх ба эдгээр зөрчлийн улмаас ажиллуулагч гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй гэж дүгнэхээр байна. Иймд ажиллуулагч Э ХК нь нэхэмжлэгч Ч.Төмөрсүхтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болохоос 8 хоногийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хууль бус болжээ. Гэвч талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ 3 сарын хугацаатай байх ба энэ хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болохоор байна. Нэгэнт гэрээг хугацаатай байгуулсан тул уг хугацаа жам ёсны дагуу дуусгавар болсны дараа үргэлжлүүлэн сунгах байсан хэмээн эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэж заажээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1448 дугаар магадлалаар “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас  “нэхэмжлэлийн шаардлагаас төслийн ерөнхий зохицуулагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Тийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилж, зохигчид ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХК-иас 1,227,906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тэд олгож, нэхэмжлэгч Ц.Тийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Э ХК-нд даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байх ба уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00566 дугаар шийдвэрээр 8 хоногийн ажлын хөлс 1,227,906 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тэд олгож шийдвэрлэсэн бөгөөд сарын дундаж цалин хөлсийг буюу нэг өдрийн хөлсийг 153,488.25 төгрөгөөр тооцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ц.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 3,299,992 төгрөг:21,5=өдөрт 153,488 төгрөг х  308 өдөр/ 47,274,304 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байсан боловч сарын дундаж цалин хөлсөө 5,247,317 төгрөгөөр тооцож 75,017,388 төгрөг шаардсан тооцоолол нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдаагүй, Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/220 тоот тушаалаар  Ц.Тийг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Нийтлэг үйлчилгээ, аж ахуй хариуцсан менежерээр томилж /хх-ийн 6 тал/ хөдөлмөрийн харилцаа шинээр үүссэн байх ба ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч Э ХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 75,017,388 төгрөг гаргуулах тухай Ц.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 75,017,388 төгрөг гаргуулах тухай Ц.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,729 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ