Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
Хэргийн индекс | 182/2018/00375/и |
Дугаар | 164 |
Огноо | 2019-01-22 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 164
2019 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 182/ШШ2019/00164 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Ч. М
Хариуцагч: ТЕГ,
ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.328.224 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ч.М нь 2014 онд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаанд түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул шүүхэд хандсан. Улмаар 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг ажлаас халсан ажил олгогчийн тушаал, шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж ажилд эгүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн зүгээс давж заалдаж, маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч тогтоол, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байтал шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй даруй 6 сарын турш түүнийг хүлээлгэсний эцэст Гааль ТЕГ даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаартай тушаал гарч түүнийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст улсын байцаагчаар томилсон юм.
Ажил олгогчийн буруутай, хууль зөрчсөн үйлдлийн улмаас Ч.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхол 2014 оны 11 сараас эхлэн 2016 оны 03 сар хүртэлх хугацаанд буюу бүхэл бүтэн 17 сарын хугацаанд зөрчигдөж, хууль бусаар ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоор ажилгүй, цалин орлогогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан зэргээр хохироод байна. Ч.Мын тухайн үед ажиллаж байсан хугацааны сарын цалин хөлсний хэмжээг сард 777.352 төгрөг гэж захиргааны хэргийн шүүх тогтоосон. Иймд шүүхээс тогтоосон цалингийн хэмжээг үндэслэн ажилгүй байсан хугацаа буюу 12 сард тооцож нийт 9.328.224 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах, мөн шүүхийн шийдвэрийн дагуу болон ажилгүй байсан хугацааны тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гааль, ТЕГ даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Ч.Мыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар томилсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг биелүүлсэн. Ч.М нь нэхэмжлэлдээ ямар үндэслэлээр 9.328.224 төгрөгийг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгөх талаар дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн 62.1.4 дэх заалтад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг нэхэмжлэлд тусгасан байна гэдгийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-ийг зөрчсөн. Манайд 2015 оны 10 дугаар сарын 16-нд хүсэлт гаргаж байсныг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөнгийг олгохгүй гэж хариу өгсөн байдаг. Гэтэл шүүхэд нэхэмжлэл 2018 оны 01 дүгээр сард гаргасан байна.
Иймд Ч.Мын “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, татвар шимтгэлийн нөхөн төлүүлж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 209 дугаар тогтоол, Гааль, ТЕГ даргын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн нөхөн олговрын мөнгө гаргах тухай тушаал зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч ТЕГт холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9.328.224 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх Татварын ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 209 дугаар тогтоолоор ТЕГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 сарын 21-ний өдрийн А/382 тоот тушаалыг хүчингүй болгож, Ч.Мыг урьд ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж Ч.Мд олгох, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ТЕГ даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 4.296.943 төгрөгийг Ч.Мд олгосныг талууд тайлбарлаж байна.
Гааль ТЕГ даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаартай тушаал гарч Ч.Мыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст улсын байцаагчаар томилжээ.
Нэхэмжлэгч 2014 оны 11 сараас хойш 2016 оны 03 сар хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Улсын дээд шүүхийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 209 дугаар тогтоолоор Ч.Мын нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдэж, тэр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоогдож, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулж Ч.Мд олгохоор заасан байна. Тэрээр 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 09 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан нь Ч.Мын буруутай холбогдохгүй, түүнээс шалтгаалаагүй тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч түүнд олгож, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийх нь зүйд нийцнэ.
Харин нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов. Ажил олгогч ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байхад шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэгч холбогдох газарт хандаагүй, мөн ажилтныг ажилд ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй байгаа тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд тавьж шийдвэрлүүлэлгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдлууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн урьдын нэхэмжлэлийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд олгогдоогүй цалин хөлстэй тэнцэх олговрыг Татварын ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэхдээ шүүх түрүүчийн шүүхийн шийдвэрээр тооцсон цалин хөлсний дунджийг үндэслэв. Энэ нь 3.679.466 төгрөг болж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Татварын ерөнхий газраас 3.679.466 төгрөгийг гаргуулж Ч.Мд олгож, нэхэмжлэгчийн 5.648.758 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Ч.Мд олгох ёстой 3.679.466 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 73.821 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 164.201 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С. БУД