Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2019/00173

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  дүүрэг, дугаар  хороо, гудамжтоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Л.С-д  холбогдох

 

307,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, хариуцагч Л.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 08 дугаар сард Б.Огийн барилга дээр Л.С, Б.А, Л.М нартай өдрийн 40,000 төгрөгөөр барилгын ажил хийсэн. 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд мөнгөгүй гээд Л.С 36,000 төгрөг, Б.А 16,000 , Л.М 55,000 төгрөгийг зээлсэн. Найзууд болохоор Б.А, Л.М нарын зээлсэн мөнгийг Л.Сгаас нэхсэн байсан бөгөөд 71,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Л.С над руу 22-ны орой яриад чи цалингаа аваарай цалингаас чинь 105,000 төгрөгийн өрийг Б.Ад өгсөн. Дээрээс нь би чамаас 25,000 төгрөг суутгаж авна гэхээр нь би яагаад чи надаас мөнгө суутгаж авдаг юм. Би одоо чамтай уулзъя гэтэл уулзахгүй, би чамд 75,000 төгрөгийг дансаар явуулъя гээд маргаан гарсан. Би ажлын хөлс 200,000 төгрөг, Л.Сд зээлдүүлсэн 36,000 төгрөг авах ёстой гэв. 

 

Хариуцагч Л.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс 307,000 төгрөгийг аваагүй. 200,000 төгрөг болох ажлын хөлсийг өгөх байсан.  Гэтэл Б.А өмнө нь тусдаа ажил хийгээд 200,000 төгрөг авах ёстой байснаас 105,000 төгрөгийг аваагүй байсан юм байна лээ. Тэр үед Т.О нь Зомингийн утсыг нь барьцаалаад авсан байсан. Т.Оийг Зомингийн гар утсыг өгөөд үлдсэн мөнгөө авчихаж болно гээд Б.А цалингаас нь 105,000 төгрөг авсан. Би Т.Оээс 10,000 төгрөгийг зээлж хүнс авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин 26,000 төгрөг нь нийлж архи уусан архиныхаа мөнгийг өр болгоод надаас нэхэж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Л.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 307,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед, ажлын хөлс 200,000 төгрөг, зээлийн төлбөрт 36,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа 71,000 төгрөгөөр багасгаж байна.

 

Хариуцагч Л.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажлын хөлс 200,000 төгрөг өгөхөөс Б.Ад 105,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 95,000 төгрөгийг, зээлсэн 10,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 202,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.    

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар ажлын хөлс шаардах эрхтэй.

 

Л.С, Т.О, Б.А, Л.М нар Б.Отэй 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд барилгын засварын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцож уг ажлыг хүлээлгэн өгсөн байна. 

 

Ажилтан Л.С  ажил олгогч Б.Отэй 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажлын хөлс 2,242,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны дотор төлөхөөр тохирч, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2,220,000 төгрөгийг Л.С хүлээн авч талууд гарын үсэг зурсан /хх-ийн 4 тал/ байх ба Л.С дээрх ажлын хөлсийг бусад хүмүүст олгох үүрэг хүлээсэн байна.

 

Төлбөр барагдуулах хэлцэлд зааснаар ажилтан Т.Оэд ажлын хөлс 200,000 төгрөгийг өгөх тухайд талууд маргаагүй.

 

Хариуцагч Л.С нь Т.Оэд ажлын хөлс 200,000 төгрөг өгөхөөс  Б.Ад түүний өр 105,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 95,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч Л.С бусдын зөвшөөрөлгүй ажлын хөлс 105,000 төгрөгийг Б.Ад шилжүүлсэн нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс 200,000 төгрөгийг хариуцагч Л.Сгаас гаргуулж нэхэмжлэгч Т.Оэд олгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Т.О нь Л.Сгаас зээлийн төлбөрт 36,000 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч Л.С 10,000 төгрөг төлөхийг зөвшөөрч 26,000 төгрөгийг зээлж аваагүй гэж мэтгэлцэж байна.      

 

Нэхэмжлэгч Т.О нь 26,000 төгрөг зээлдүүлсэн талаарх баримтыг шүүхэд  ирүүлээгүй  нь  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25

дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа  71,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч Л.Сгаас зээлийн төлбөрт 10,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 26,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт  зааснаар Т.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Сд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 71,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 359 дүгээрр зүйлийн 359.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Сгаас 210,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Оэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 9,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Сгаас 6,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Оэд олгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ