Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1432

 

 

 

 

 

 

 

 

    2022            11            22                                   2022/ШЦТ/1432

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

           улсын яллагч В.Батдэлгэр, (томилолт)  

            шүүгдэгч ****************, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос ********************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005190493 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***************** оны ********** дүгээр сарын ************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****************** ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, **************** дүүргийн ********* дүгээр хороо, зээлийн ********** дугаар гудамж ************тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******************** (РД:********************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 22 цаг 50 минутын орчимд ************ дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны зүүн замд “**************” маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралт 5.3 “...гэрэл нь бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй,  гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч ************** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “....Би 2022 оны 9 дүгээр 3-ны шөнийн 22 цаг өнгөрч байхад дүүгээ авах гээд машинтай явж байсан, тухайн үед замд ширүүн бороо ороод түгжрэл ихтэй байсан, би 5-10 километр цагийн  хурдтай явсан, гэнэт 2, 3 согтуу ах нар машины урдуур ороод ирсэн, нэг хүн нь миний машинд мөргүүлсэн, эргүүлийн цагдаа ирээд намайг “наад хүнээ гэмтлийн эмнэлэг рүү аваад яв” гэсэн, би 2022 оны 8 сард жолоочийн курс төгсөж жолооч болсон, замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг сайн хараагүй явсны улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ ойлгож, гэм буруугаа хүлээж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Хохирогч ************  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2022 оны 9 сарын 3-ны өдөр Хилчин хотхоны автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн, нэг сэргэхэд эмнэлэг дээр очсон байсан, би ослын улмаас Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, шүүгдэгч надад тухайн үед эм, тариа авч өгсөн, одоо миний тархи байнга өвдөж байгаа, удаан суухаар нугас руу хатгаж өвддөг болсон учир удаан сууж чадахгүй байгаа, эмчилгээ хийлгэе гэхээр мөнгө их орохоор байгаа тул эмчлүүлж чадаагүй. 10 гаран хоног эмчилгээ хийлгэхэд 1 сая гаран төгрөгийн төлбөр гарахаар байгаа, мөнгөгүй учир эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж чадаагүй, эмч намайг нурууны зураг авхуул гэсэн боловч мөнгөгүй учир нурууны зураг авхуулж чадаагүй, би эмчилгээ хийлгэхийн тулд мөнгө хэрэгтэй байгаа талаараа шүүгдэгчид хэлсэн, гэтэл 1 сая төгрөг өгье гэж хэлээд чимээгүй болсон, би ослоос хойш 2,3 сар ажилгүй байна, өдөр 100,000 төгрөгийн орлого олдог, зарим өдөрт 70,000-80,000 төгрөгийн орлоготой ажил хийж байсан, эмч намайг хамаагүй ажил хийж болохгүй гэсэн, одоо эмчийн бичиг өгсөн эмийг өөрөө аваад, эмнэлгээр явж байгаа, цаашид эмчилгээ хийлгэвэл хохирлоо энэ хүнээс нэхэмжилнэ, мөн би 2,3 сар ажил хийж чадаагүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Иргэний хариуцагч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “...*************** улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх. Тухайн орой ********** дүүгээ ажлаас нь авах гэж яваад осол гаргасан, тэр үед  бороо орж байсан нь нөлөөлсөн байх. хохирогчид хохирол төлөх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч ************ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогч *********** нь “... би энэ ослоос болж 2 сар гаруй хугацаанд ажлаа хийж чадсангүй ар гэрийн байдал хүнд байна, энэ орлого болон цаашид хийгдэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь: “....прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл дээр бол маргахгүй, гэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн зарим заалтын зөрчсөн асуудал дээр тайлбар гаргаж мэтгэлцэж оролцож байна. Тухайлбал, тухайн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн, осол болох үе эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, урд талын оврын гэрэл асахгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн их гэрэл тухайн үед асуулттай байсан. Иймээс бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “...гэрлийн  бүрхүүл  бохирдсон, хагарч цөмөрсөн,  байхгүй болсон буюу  бүрхүүл  дээр өнгөт  хальс  наасан,  гэрэл нь  асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заасан атал улсын яллагч нь  үгийн дундаас таслаад  “гэрэл нь бүдэг асдаг болсон” гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. Харин замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр заалт дээр бол маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 22 цаг 50 минутын орчимд бороо орж үзэгдэх орчин хязгаарлагдсан үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны зүүн замд иргэн ************* эзэмшлийн “******************улсын дугаартай, урд хоёр оврын гэрэл асахгүй байгаа бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож явж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэх үедээ хурдаа хасаж, давуу эрхтэйгээр явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч ************ зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлснээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан үйл баримт нь:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Зам тээврийн осол нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны зүүн талын аспалтан тэгш шулуун, нойтон, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ явган хүний замтай хашлагатай, хайсгүй, замд үйлдэгдсэн байв. Явган зорчигч анх мөргөсөн газрыг А үсгээр, унасан газрыг Б үсгээр, үл хөдлөх цэгээр дугааргүй гэрлийн шонг авч В үсгээр тэмдэглэж хэмжилтийг хийлээ. Замын өргөн 14м, А цэгээс Б цэг хүртэл 2.3м А, Б цэгээс замын баруун хашлага хүртэл 3.8, 3.4, А цэгээс В цэг хүртэл 4.9х13.7м байв. Жолооч эрүүл, явган зорчигч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэж тэмдэглэсэн (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

 

2. Хохирогч ************ “...2022 оны 09 дүгээр 03-ны орой 22 цаг өнгөрч 23 цаг болж байх үед би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны зүүн талын замаар зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар зүүнээсээ баруун тийшээ чиглэлд алхаад явж байтал хойноосоо урагшаа чиглэлд явж байсан автомашин миний биеийн баруун хэсэгт мөргөсөн. Мөргүүлээд ухаан алдсан нэг ухаан орсон чинь гэмтлийн эмнэлэгт байсан. Мөргөсөн автомашиныхаа марк, улсын дугаарыг нь санахгүй байгаа. Сүүлд гэмтлийн эмнэлэгт байхад жолооч нь гээд нэг залуу ирж байсан. Ослын улмаас гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтээд гарсан. Ослын улмаас миний тархинд цус хурж, яс цуурсан гэж эмч хэлсэн. Гомдолтой байна. Шүүгдэгч надад тухайн үед эм, тариа авч өгсөн, одоо миний тархи байнга өвдөж байгаа, удаан суухаар нугас руу хатгаж өвддөг болсон учир удаан сууж чадахгүй байгаа, эмчилгээ хийлгэе гэхээр мөнгө их орохоор байгаа тул эмчлүүлж чадаагүй. 10 гаран хоног эмчилгээ хийлгэхэд 1 сая гаран төгрөгийн төлбөр гарахаар байгаа, мөнгөгүй учир эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж чадаагүй, эмч намайг нурууны зураг авхуул гэсэн боловч мөнгөгүй учир нурууны зураг авхуулж чадаагүй, би эмчилгээ хийлгэхийн тулд мөнгө хэрэгтэй байгаа талаараа шүүгдэгчид хэлсэн, гэтэл 1 сая төгрөг өгье гэж хэлээд чимээгүй болсон, би ослоос хойш 2,3 сар ажилгүй байна, өдөр 100,000 төгрөгийн орлого олдог, зарим өдөрт 70,000-80,000 төгрөгийн орлоготой ажил хийж байсан, эмч намайг одоо хамаагүй ажил хийж болохгүй гэсэн, эмчийн бичиг өгсөн эмийг өөрөө аваад, эмнэлгээр явж байгаа, цаашид эмчилгээ хийлгэвэл хохирлоо энэ хүнээс нэхэмжилнэ, мөн би 2,3 сар ажил хийж чадаагүй...” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 11 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3. Иргэний хариуцагч ************** өгсөн: “...****************** улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх. Тухайн орой ************* дүүгээ ажлаас нь авах гэж яваад осол гаргасан, тэр үед  бороо орж байсан нь нөлөөлсөн байх. хохирогчид хохирол төлөх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12186 дугаартай дүгнэлт: хэсэг газрын үзлэг хэсэгт “... баруун чихний  дэлбэнгийн  гэдсэнд 2,5 см  мэс заслын  4-5 тооны оёдол бүхий шархтай” гэж, ГССҮТ эмнэлгийн эмчийн  тэмдэглэлд “баруун чих оёдолтой,  баруун чихнээс цус гарна” гэж тэмдэглэсэн.

Дүгнэлт хэсэгт : “...************* биед суурь ясны баруун их далавчаас хөхлөг сэртэн дайран чамархай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаах тархины хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чихний дэлбэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 50 дахь тал),

 

5. "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 5ВВ92Ү дугаартай дүгнэлт: “..********* улсын дугаартай NHW110023706  арлын дугаартай,  баруун гар талдаа жолооны хүртэй,  энгийн их гэрэлтэй  автомашиныг “Автотээврийн  хэрэгслийн  техникийн  хяналтын үзлэг хийх заавар”-ын  стандартыг  мөрдлөг болгон  шалгаж үзэхэд: “...Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд оврын 2 гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд оврын 2 гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-58 дахь тал),

 

6. Мөрдөгчийн 1081 дугаартай магадлагаа: “...1. **************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ************ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. а/ “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;” гэснийг, мөн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч ************** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж, (хавтаст хэргийн 61 дэх тал),

 

7. Шүүгдэгч **************“...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Т******************* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоход Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 38-19  тоотод байрлах гэрээсээ гараад дүүгээ Цэцэг төвөөс дүүгээ авах гээд Хилчин хотхоны зүүн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 10 км цагийн хурдтай явж байтал тухайн бороо ороод харагдах орчин муу байх үед явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн гүйгээд ороод ирсэн. Тэгээд би машиныхаа баруун урд талын хэсгээр тухайн хүнийг шүргээд газар унасан. Тэгээд би тухайн хүнийг машиндаа суулгаад ГССҮТ-рүү хүргэж өгсөн. Би осол болох үед драйгер багаж үлээхэд 0,00 хувь байсан. Би тухайн үед явган хүний гарцыг хараагүй. Би осол болсны дараа машинаас буугаад харахад явган хүний гарц байсан. Би осол болох үед ганцаараа явж байсан. Би 2022 оны 8 сард жолооч болсон. Осол болох үед бөглөрөл түгжрэлтэй, харагдах орчин муу, бороо их орж байсан. Явган хүний эмчилгээний зардалд мөнгө төсөн байгаа. Би цаашид хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч ************* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрх авсан хүн байх ба тэрээр 2022 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 22 цаг 50 минутын орчимд дүүгээ тосож авах зорилгоор өөрийн төрсөн эцэг ************* эзэмшлийн, ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд оврын 2 гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын баруун гар талын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл бүхий ************улсын дугаартай  тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан, энэ үед бороо орж үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдалтай байсан нь хохирогч болон шүүгдэгчийнх мэдүүлэгт дурдагдсан байна.

Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар осол гарсан газар нь  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны зүүн замд үйлдэгдсэн, тухайн зам нь нойтон, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ бүхий зам байх бөгөөд явган зорчигч нь явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явах үедээ мөргүүлж, унасан нь осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч дээр мөргөгдсөн гэх А цэг болон  унасан гэх Б цэгээр тэмдэглэгдэж, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр бэхжигдсэн байна.

“Toyota Prius 11” маркийн 31-58 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Чинзориг нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний зохицуулдаг болон зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасах, явган зорчигчийг гарч явсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, мөн үзэгдэлт хангалтгүй нөхцөлд аливаа гэнэт гарч ирэх саад, бэрхшээлийг тооцоолж анхаарал болгоомжтой явах ёстой буюу цаашилбал зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авбал зохих этгээд байна.

Гэтэл тэрээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг Хилчин хотхоны зүүн замд давуу эрхтэйгээр /бусад замын хөдөлгөөнд оролцогчдоос  хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг/ явган хүний гарцаар гарч явсан хохирогч *************** болон явган хүний гарц аль алиныг олж харалгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явснаар /шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан/  хохирогчийг очиж мөргөн хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг өөрийн хайнга болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тухайн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн, осол болох үе эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, урд талын оврын гэрэл асахгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн их гэрэл тухайн үед асаалттай байсан. Иймээс бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “...гэрлийн  бүрхүүл  бохирдсон, хагарч цөмөрсөн,  байхгүй болсон буюу  бүрхүүл  дээр өнгөт  хальс  наасан,  гэрэл нь  асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заасан атал улсын яллагч нь  үгийн дундаас таслаад  “гэрэл нь бүдэг асдаг болсон” гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэсэн санал дүгнэлт гаргасан.

Өмгөөлөгчийн гаргасан дээрх санал дүгнэлтүүдээс “Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3-т “...гэрлийн  бүрхүүл  бохирдсон, хагарч цөмөрсөн,  байхгүй болсон буюу  бүрхүүл  дээр өнгөт  хальс  наасан,  гэрэл нь  асахгүй, бүдэг асдаг болсон” гэсэн заасан атал улсын яллагч нь  үгийн дундаас таслаад  “гэрэл нь бүдэг асдаг болсон” гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэсэн санал дүгнэлт нь үндэслэлтэй юм. Учир нь, шүүгдэгч ************** жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд хоёр оврын гэрэл болон улсын дугаарын баруун гар талын  гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан, өөрөөр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан нь Баянзүрх техникийн  хяналтын үзлэгийн төвийн  шинжээчийн 5ВВ92Y дүгнэлтэд тусгагдсан байна. Иймээс дээрх заалтаар буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин өмгөөлөгчөөс гаргасан “тухайн тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн, осол болох үе эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, урд талын оврын гэрэл асахгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн их гэрэл тухайн үед асаалттай байсан. Иймээс бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явсан нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болно. Учир нь,

“Оврын гэрэл” нь  автомашины  урд талд цагаан,  ар талд улаан өнгөтэй хосоороо байрлах эдгээр гэрлүүд нь харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед автомашины оврын өргөнийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэхээс гадна  хөдөлгөөний  аль чигт  хандсан болохыг  мэдээлэхэд зориулагдсан, бусад тээврийн  хэрэгсэл ирж  мөргөхөөс  урьдчилан  сэргийлэх  чухал үүрэгтэй байдаг. Оврын гэрлүүдийг дангаар  асаах боломжтойгоос  гадна  том гэрлийг /их гэрлийг/ асаах үед хамт хэрэглэх боломжтой.

Иймд аливаа тээврийн хэрэгслийн  урд болон хойд оврын гэрлүүд нь харанхуй болон үзэгдэлт хангалтгүй үед зайшгүй ашиглагддаг гэрэл байх тул шүүгдэгчийн шөнийн цагаар, бороо орж үзэгдэлт хангалтгүй нөхцөл үүссэн тухайн үед түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад үүссэн байсан урд хоёр оврын гэрэл асахгүй гэмтэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч ************** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно. 

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “...тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг  шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг  өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

                Тус ослын улмаас хохирогч ***************биед хүнд гэмтэл учирсан, түүнийг эмнэлэгт хэвтсэн үеэс хийгдсэн бүх эмчилгээ, асаргаа зэргийн зардлыг шүүгдэгч *********** нь хариуцаж төлж ирсэн, холбогдох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ба гаргаж өгсөн баримтын хүрээнд тооцоход хохирогч ************* нийт 547.600 төгрөг зарцуулсан, уг дүн дээр хохирогч ************** нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 04/4338 дугаартай албан бичиг: “...Иргэн ********************** нь 2022 оны 09 дүгээр сард эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна” гэж тэмдэглэсэн төдийгүй төлбөрийн мэдээллийг хүснэгтэлж ирүүлсэн байна.  (хавтаст хэргийн 31, 32 дахь тал)

Өөрөөр хэлбэл, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт  хэвтэж эмчлүүлсэн **************** төлбөр гэж Эрүүл мэндийн даатгалын сангаас 426,500 төгрөг төлснийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй байна.

 

            Түүнчлэн хохирогч ************ нь мод зүсэгчийн ажил эрхэлдэг, 2 сар гарангийн хугацаанд ажил хийж чадсангүй. Энэ  хугацааны орлогоо нэхэмжилмээр байна. Би бас цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн бөгөөд энэ хэрэгт түүний орлогыг илтгэх ямар нэгэн баримт авагдаагүй тул энэ тогтоолоор гаргах боломжгүй, иймээс хохирогч ************** нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлууд, дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлогоо нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *************, иргэн хариуцагч *************** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Иргэн ************* нь шүүгдэгч *************жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь байх бөгөөд тэрээр иргэний нэхэмжлэгчийн хувьд тухайн ослоос үүдэн өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгч ************* нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгч нь түүнд төлөх төлбөргүй гэж дүгнэсэн,  нөгөө талаас тээврийн хэрэгслээ шүүгдэгч **************өөрийн зөвшөөрлөөр өгч явуулсны улмаас тухайн зам тээврийн осол гарсан ба тус хэрэгт иргэний хариуцагчаар  татагдсан, өөрөөр хэлбэл,  иргэний хариуцагч *********** нь тээврийн хэрэгслийн ашиглагч ************* өөрөө тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн этгээд тул бусдад учирсан гэм хорыг  хариуцан арилгах үүрэгтэй байна. Иймд хохирогчийн цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлыг шүүгдэгчийн нэгэн адил хариуцахаар байгаа тул хохирогч ************* нь шүүгдэгчээс гадна иргэний хариуцагчаас хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдав.

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, 2.5 дахь заалтад заасан оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж  байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх ” тухай дүгнэлтийг,

Хохирогч нь “... шүүгдэгчид оногдуулах тэнсэнгийн хугацааг бууруулж 6 сараар тогтоож болох  өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь: “...Шүүгдэгч **************нь зүйлчлэл дээр маргадаггүй, одоо 19 настай хүүхэд. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүмүүст 21 нас хүртэлх насны хүмүүсийг хамааруулахаар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч ************** хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч эцэг эхийн хяналтад байлгаж хүмүүжүүлэхээр тусгаж өгнө үү. Учир нь ***************эцэг **************** нь  өөрийн хяналтад байлгах тухай хүсэлтийг гаргаж өгсөн байгаа. Нэмэгдэл ялын хувьд хэлэх зүйлгүй. Мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байх боломжтой” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нь: “... өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч **************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “... гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн,  учруулсан хохирлыг  баримтын хүрээнд төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч ************* нь 19 настай,  өсвөр насны хүүхэд байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой”  гэсэн санал дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авч хангах боломжгүй гэж үзсэн. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ  арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага  хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг  үйлдэх  үедээ  арван дөрвөн насанд  хүрсэн ба арван найман  насанд хүрээгүй  байсан  хүнд энэ бүлэгт  заасан үндэслэл,  журмын дагуу  эрүүгийн хариуцлага  хүлээлгэнэ” гэж заасан.

Харин шүүгдэгч ************** нь 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн /РД****************/ болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон /хавтаст хэргийн 76 дахь тал/ бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 насанд хүрсэн, тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 9 сартай байсан бол шүүхийн шийдвэр гарах үед 19 насанд хүрсэн байсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *********** нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан  байх тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл хамаарахааргүй байна гэж дүгнэхээр байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8.1  дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс  арван найман  насанд хүрсэн ба хорин нэгэн насанд  хүрээгүй хүнд энэ  бүлэгт  заасан үндэслэл,  журмаар  ял оногдуулж,  хүмүүжлийн  чанартай  албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан боловч энэ  зүйлийг   18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн нь оюун санаа,  сэтгэхүйн  хөгжлийн хувьд өсвөр насны хэмжээнд,  юмс үзэгдлийн мөн чанар,  үр дагаврыг  ухамсарлан ойлгох чадвар сул, энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт бусад  баримтуудаар  батлагдсан хүний хувьд хэрэглэж болох онцгой зохицуулалт байх бөгөөд шүүгдэгч **************** хувьд ийм баримт, дүгнэлт авагдаагүй тул түүнд энэ  зохицуулалт хамаарахгүй гэж үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хүмүүжлийн чанартай албадлыг арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.  

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг аль алиныг журамлаж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлтийг гаргасан боловч шүүхээс  дээрх зүйл заалтыг давхардуулан хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой  бөгөөд хууль тогтоогчоос  дээрх хоёр зүйл заалтыг  хэрхэн хэрэглэх талаар буюу тухайн тохиолдол бүрт, ямар шаардлага хангасан хүнд хэрэглэх талаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд тодорхой тайлбарлаж дурдсан болно.

Иймд  тус шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр анхаарал болгоомжгүй байдлаар тээврийн хэрэгслээ жолоодсон, үүнээс үүдэн гарах эрсдэлийг тооцоолоогүй нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, хохирогчид учирсан хохирлын шинж,  хохирогчид учирсан гэмтээс үүдэлтэй хор уршиг бүрэн арилаагүй, нөгөө талаас шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж,  тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо баримтын хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, Хүнс, технологийн  политехник  коллежид суралцдаг зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, 2.5 дахь заалтад заасан оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж  байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *************мэдэгдэж, шүүгдэгч ************** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтож, түүний В ангиллын 1451799 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******************** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ************** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг  арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, 2.5 дахь заалтад заасан оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж  байгаа эрх бүхий  байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *****************мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга  хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай.

 

            5. Шүүгдэгч **************** В ангиллын 1451799 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч ************* нь хохирогч *************** 547.600 (таван зуун дөчин долоон мянга, зургаан зуу) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 426.500 (дөрвөн зуун хорин зургаа мянга, таван зуу) төгрөгийг тус тус төлсөн, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж,

            хохирогч ********** нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч **************, иргэн хариуцагч **************** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч **************нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ