Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/39

 

2019 оны 05 сарын 24 өдөр                          

           2019/ДШМ/39                                                        Зуунмод

Ж.Эрдэнэбаатар, Ц.Бат нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Э, Ц.Б нарт холбогдох  дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгч Ж.Э-ийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Төв аймаг Зуунмод суманд 1981 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, А-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ж.Э /РД:/.

Төв аймаг Зуунмод суманд 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, 3б гудамж 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ц.Б /РД:/.

 

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг 3В-3 тоотод оршин суух Б.Д-ийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 351.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                        

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Ж.Э, Ц.Б нарыг үлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ж.Э, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдолдоо: “Миний бие ээж Б-ын хамт Төв аймгийн 2 дугаар багт оршин суудаг. Би анх удаа 17.1-1 гэсэн зүйл ангиар таслагдаж 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Урьдчилан хорих байранд саатуулагдаж байгаа бөгөөд энд байх хугацаандаа өөрийн алдаа дутагдлаа бүрэн ухаарч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний ээж өндөр настай, бөөрний дутагдалтай, эмнэлгийн хяналтад байдаг учир миний бие асардаг байсан. Цаашид асаргаа шаардлагатай тул миний хохирлоо бүрэн барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02-р сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Хэрэгт холбогдохын өмнө Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, 3Б-4 тоотод ам бүл 6-уулаа амьдарч байсан. Ээж Цэрэннадмид 67 настай тэтгэвэрт, ах Ариунболд 49 настай 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн группд, эхнэр Оюунчимэг 3 сартай жирэмсэн, ажилгүй, 2 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Эхнэр маань ажил хийх боломжгүй. Ээж, ах 2 асаргаа шаардлагатай тул гэрт байдаг. Би Улаанбаатар хот, ХУД-т “Ард гард” ХХК-д бетон арматурчингаар ажиллаж, ар гэрээ авч явдаг байсан. Иймд миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж миний ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02-р сарын 26-ны өдрийн 68-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Ж.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар хэр хэмжээ, хохирол төлбөр байхгүй, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаагаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, хувийн байдал ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3-д заасан үндэслэлээр ялын доод хэмжээний 2-ны нэгээс багагүй ял шийтгэл оногдуулана гэж заасны дагуу Ж.Э-т шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж шүүгдэгч нарт тус бүр 1 жил 6 сар хорих ял оногдуулсан. Гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбартаа: Ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. 350.000 төгрөгний хохирол учирсан. Энэ учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байдаг. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд маргадаггүй, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б гаргасан тайлбартаа: Би ээж, ах, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ээж маань бие муутай, ах маань группд, байнгын асаргаа шаардлагатай байдаг. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүдэгч Ж.Э, Ц.Б нарт холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг 3В-3 тоотод оршин суух Б.Д-ийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 351.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хохирогч Б.Д, иргэний нэхэмжлэгч Д.Д, гэрч Н.Э, Б.Э, Х.Н, Д.Д, Л.Н нарын мэдүүлгүүд, “Уваа Уул Аудит” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/52 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 27-30 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/, цагдаагийн байгууллагын цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-60 дугаар хуудас/, эрэн сурвалжлалт зарлах тухай баримт /хх-ийн 77-80 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Э, Ц.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас 351.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол болох эд зүйлийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгсөн. Мөн иргэний нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн нэхэмжилсэн 110.000 төгрөгийг нь шүүхийн шатанд төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч Ж.Э, Ц.Б нар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Жүгдэрнамжилийн Эрдэнэбаатар, Боржигон овгийн Цэрэннадмидын Бат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэснийг хөнгөрүүлж, шүүгдэгч тус бүрийг 1 жил хорих ял шийтгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн 2019 оны 2 сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолыг оролцогч нарт 3 сарын 26-ны өдөр гардуулж өгсөн байна /хэргийн 120 дугаар хуудас/. Шүүгдэгч нар 4 сарын 4, 8-ны өдөр давж заалдах гомдол гаргаж, шүүхэд ирүүлсэн байна. Хамгийн сүүлд шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Б.Энхтуяа 4 сарын 12-нд давж заалдах гомдол гаргажээ.  Хамгийн сүүлд давж заалдах гомдол гаргасан хугацаагаар тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлд зааснаар дараагийн ажлын өдөрт буюу 4 сарын 15-ны өдөрт багтаан гомдлын хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдолд хариу тайлбар гаргах 7 хоног дуусмагц хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр хуульчилсан. Хуульд заасны дагуу 04 сарын 22-нд хавтаст хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлэх байтал 14 хоногийн дараа 5 сарын 6-ны өдөр ирүүлсэн байна. Анхан шатны шүүх хуульд заасан хугацааг хэтрүүлж эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгаад цаашид анхаарах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

а. 2 дахь заалтын “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ж.Э, Боржигон овгийн Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ж.Б, Боржигон овгийн Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.”  гэж

б. 3 дахь заалтын “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ж.Э, Боржигон овгийн Ц.Б нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Ж.Э, Боржигон овгийн Ц.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Ж.Э, Ц.Б нарын тус тус цагдан хоригдсон 87 хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

4. Шүүгдэгч Ж.Э, Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

 

            ШҮҮГЧИД                                                                          Т.ЭНХМАА

 

                                                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ