Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2021/0037

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: С.Б  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баяннуур сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч  К.Ержан, А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/660 дугаартай  аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож, ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар намайг аймгийн Засаг дарга шууд үүрэгт ажлаас чөлөөлж, Засаг даргын орлогч А.Сд Засаг даргын бүрэн эрхийг шилжүүлсэн томилгоо хийсэн шийдвэр нь бүхэлдээ хуульд нийцээгүй байна. Учир нь,

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.3-д “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол  аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заасан ба энэхүү хуулийн үндэслэлээр дараагийн Засаг даргыг томилох тухай аймгийн Засаг даргын шийдвэр гарснаар өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох учиртай. Гэтэл  дараагийн Засаг дарга томилогдож, миний бүрэн эрх дуусгавар болоогүй байхад ямар ч үндэслэлгүй захирамж гарган намайг шууд Засаг даргаас чөлөөлж байгаа нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн явдал юм.

Дээрх хуулийн заалтаас гадна сумын Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг доорх байдлаар хуульчилсан байна. Үүнд:

32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ  хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т  заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө”, 32.5-д “Засаг дарга огцрох тухай хүсэлтээ бичгээр гаргаж болно”, 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол  Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд намайг чөлөөлсөн үндэслэл  энэхүү заалтуудад огт хамаарахгүй юм.

Мөн хуулийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч  хэрэгжүүлж, хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж тус тус заасан байдаг. Үүнээс  үзэхэд зөвхөн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.4, 32.5, 32.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр сумын Засаг даргыг чөлөөлж, огцруулсан бол түүний бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болж, Засаг даргын орлогч нь түүний бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ гэж заасан байх бөгөөд хэрвээ сумын Засаг даргын бүрэн эрх дээрх хуульд заасан нөхцөлүүдийн аль нэг үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд Засаг даргын бүрэн эрх Засаг даргын орлогчид шууд шилжихээр байх бөгөөд эрх шилжүүлэхээр  дээд шатны Засаг дарга шийдвэр гаргах эрхгүй юм.  Аймгийн Засаг дарга албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын  Засаг даргын  эрхэд хөндлөнгөөс оролцон Засаг даргын эрхийг бусдад шилжүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хуулийг ноцтойгоор зөрчиж байгаагийн илэрхийлэл мөнөөс мөн гэж үзнэ.

2020 онд орон нутгийн сонгуульт жил болж, сонгуулийн үр дүнгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаанаар нийт төлөөлөгч нарын олонхийн саналаар  дараагийн Засаг даргад И.Дыг  нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч аймгийн Засаг дарга нь томилохоос татгалзсан ба И.Дыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид дахин нэрийг нь дэвшүүлэн энэ тухай аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч түүнийг одоо хүртэл сумын Засаг даргын үүрэгт ажилд томилоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарч дараагийн Засаг даргыг томилох хүртэлх хугацаанд Засаг даргын бүрэн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрх нь зөвхөн өмнөх Засаг даргад байх юм. Учир нь тухайн Засаг даргын үүрэгт ажилд томилогдох субъект нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтын  үндэслэлээр томилогдох учиртай.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар С.Б намайг дээрх холбогдох хуульд заасан аль нэг үндэслэлийг баримтлахгүйгээр чөлөөлж, А.Сд сумын Засаг даргын бүрэн эрхийг шилжүүлж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаагаас гадна төр, нийтийн эрх ашгийг давхар зөрчиж байгаа юм. А.С нь дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтад зааснаар хуулийн дагуу Засаг даргаар томилогдсон Засаг даргын бүрэн эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд биш бөгөөд холбогдох хуульд дээд шатны Засаг дарга шууд томилгоо хийж сумын Засаг даргын эрхийг бусдад шилжүүлж өгөх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд шийдвэрлэсэн бол аймгийн Засаг дарга чөлөөлөх боломжтой байдаг. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцээгүй байхад шууд эрх шилжүүлсэн гэдэг утгаар намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус. Иймд хууль зөрчсөн аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, С.Б намайг Баяннуур сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Бийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын эрхийн актад дүгнэлт хийх ёстой. Сая хариуцагч байгууллагын төлөөлөгч нэг ёсондоо ажил цалгардуулсан учраас сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбар тавьж байна. Гэтэл аймгийн Засаг даргын захирамжид үндэслэсэн хуулийн зүйл заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3,  29 дүгээр зүйл 29.2, 32 дугаар зүйлийн 32.7, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтуудыг  баримталсан байгаа. Эрх зүйн үр дагавартай учраас маргаж байгаа акт нь хууль тогтоомжид нийцэж байж хүчин төгөлдөр акт болох ёстой. Уг захирамжид үндэслэсэн заалтуудыг судалж үзэхээр, 26 дугаар зүйлд аймаг, сумын Засаг даргыг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  санал болгосноор дээд шатны Засаг дарга батламжлаад, 4 жилийн хугацаатай томилохоор тусгаад өгсөн. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-д “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж заагаад өгсөн. И.Дыг аймгийн Засаг дарга 2 удаа буцаасан. Засаг дарга  томилогдох хүртэл өмнөх Засаг дарга бүрэн эрхийг хэрэгжүүлэх учиртай. Сумын Засаг даргын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд  6 үндэслэл байгаа. Засаг даргын захирамжид баримталсан 32.7 дугаар зүйл С.Бт огт хамааралгүй. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргал хүргүүлнэ” гэж заагаад өгсөн. Тэгэхээр Баяннуур сумны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан бичигт бид нар аймгийн Засаг даргад Баяннуур сумын Засаг даргыг огцруулах талаар санал хүргүүлж байгаагүй, мөн аймгийн Засаг дарга С.Бийн талаар санал ирүүлж байгаагүй гэсэн байгаа. Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний дагуу захирамж гаргана. Гэтэл өөрийнхөө эрх хэмжээнд ямар ч хамааралгүй асуудлаар захирамж гаргаж, сумын Засаг даргыг өөрөө шууд ажлаас чөлөөлж байгаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэд халдаж байгаа хэрэг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тусгаад өгсөн. Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар илт хууль бус эрхийн акт гаргасан.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “хуулийг зөрчсөн албан хаагчид Эрүүгийн тухай хууль, эсвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж зохицуулсан байгаа. Төрийн албаны тухай хууль эсвэл Захиргааны ерөнхий хуулиар хариуцлага хүлээлгэсэн талаар Засаг даргын захирамжид огт дурдаагүй. Сумын Засаг дарга гэдэг нь Төрийн албаны тухай хуулиар улс төрийн албан тушаалтан. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагч болон төрийн тусгай албан хаагчид хариуцлага хүлээлгэх, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулаад өгсөн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Засаг даргын эрхийг тусгаад өгсөн. Үүнийг судалж үзэхээр, доод шатны Засаг даргыг шууд огцруулахаар тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй. Засаг дарга эрх шилжүүлэх захирамж үйлдсэн байгаа. Хуулиар Засаг дарга хугацаанаас өмнө огцрох, чөлөөлөгдөх, эзгүй байгаа тохиолдолд  заавал аймгийн Засаг дарга захирамж гаргаад эрх шилжүүлнэ гэсэн нэр томьёо байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж тодорхой заагаад өгсөн. 32.2, 32.3, 32.4, 32.5, 32.6-д зааснаар Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэхээр  заагаад өгсөн. Тэгэхээр аймгийн Засаг даргаас сумын Засаг даргыг чөлөөлж, бүрэн эрхийг шилжүүлж байгаа нь хууль бус шийдвэр. Иймээс аймгийн Засаг дарга өөрт хамааралгүй, илт хууль бус захирамж гаргаж, С.Бийг ажлаас чөлөөлсөн учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар хууль бус эрхийн акт тул  хүчингүй болгож, С.Бийг Баяннуур сумын Засаг даргын ажилд эгүүлэн томилж, өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий актаар Баяннуур сумын Засаг дарга С.Бийн бүрэн эрхийг  хугацааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба ажил хүлээлцүүлэх комиссоос уг шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр танилцуулсан болох нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргыг томилох тухай хурлын тэмдэглэл” гэсэн баримт болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3-02/269 дүгээр албан бичгээр тус тус нотлогдож байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас удаа дараа сумын Засаг даргыг томилуулахаар тогтоол ирүүлсэнтэй холбогдуулан Засаг дарга нь үүрэгт ажлаа цалгардуулан сумыг эзгүйдүүлж, сумын хэмжээнд ковидын дэглэмийг алдагдуулсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно” гэжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 2020 оны ээлжит орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болж, уг хуралдаанаас И.Дыг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай тогтоол гарсан. Аймгийн Засаг даргаас нэр дэвшигч  И.Дыг тус сумын Засаг даргаар томилохоос татгалзсан талаар мэдэгдсэн. Ингэснээр Баяннуур  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоёр дахь удаа хуралдаж, И.Дыг сумын Засаг даргаар томилуулахаар дахин дэвшүүлсэн ба аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дүгээр  албан бичгээр нэр дэвшигч И.Ды хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас  хянан үзэх боломжгүй гэж буцаасан тул И.Дыг сумын Засаг даргаар томилохоос татгалзаж байгаа талаар мэдэгдэж, шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.

Түүнчлэн, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдааны 13 дугаар тогтоолоор Н.Мийг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн ба дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус 3 дугаар хуралдаанаас гаргасан 14 дүгээр тогтоолоор өмнөх 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Н.Мийг аймгийн Засаг даргад уламжлахаас татгалзсан байна. Ингэснээр нэр дэвшигч И.Д, Н.М нараас аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандаж, аймгийн Засаг дарга болон Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр баталсан “Сумын Засаг даргаар Н.Мийг нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг баталгаажуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

                  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 110/Ш32021/0047 дугаар захирамжаар Н.Мийн нэхэмжлэлд  захиргааны хэрэг үүсгэж, улмаар мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 110/Ш32021/0083 дугаар захирамжаар “...И.Д нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан тогтоолоор сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн гэсэн үндэслэлээр Баяннуур сумын Засаг даргаар томилохыг даалгах гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргасан тул Ш.Майрагүл нарын 12 төлөөлөгч болон И.Ды нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрхэн шийдвэрлэх нь Н.Мийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нөлөөлөхөөр байна” гэж үзээд Н.Мийн нэхэмжлэлтэй Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2021/0016 дугаар шийдвэрээр И.Ды нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дугаартай албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

                  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт зааснаар сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байхаар, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт зааснаар Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг нь бүрэн хүлээхээр тус тус зохицуулсан байна.Одоогийн байдлаар Баяннуур сумын Засаг даргын томилгооны асуудал дээрх байдлаар маргаантай байгаа ба сумын Засаг даргын албан үүргийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж байгаа болох нь нотлогдож байна.

                  Маргаан бүхий акт болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбаруудын агуулгаас үзэхэд Баяннуур сумын Засаг дарга асан С.Бийг хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзжээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.4-д “Энэ хуулийн 105.1, 105.2 дахь хэсгээс бусад зүйл, заалтыг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж байгаа. Сумын Засаг даргыг чөлөөлөх болон огцруулах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар нарийн журамлаж зохицуулсан байна. Тодруулбал,Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ" гэж,  32.4 дэх хэсэгт “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө" гэж тус тус заасан байна.Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр “Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар сумын Засаг дарга С.Бийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргаас манайд ямар ч санал, албан тоот ирээгүй бөгөөд энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага хэлэлцсэн асуудал байхгүй. С.Бийг ажлаас чөлөөлснийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өглөө аймгаас ирсэн аймгийн Засаг даргын орлогч Х.Арман тэргүүтэй комисс ирж, Б/10 дугаар захирамжийг танилцуулах үед мэдсэн юм. С.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл албан тасалгаанд ажлаа хийж байсан болно” гэжээ.

Дээрхээс үзвэл Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг дарга асан С.Бийг огцруулах тухай санал гаргаж байгаагүй, нөгөө талаас аймгийн Засаг даргаас Баяннуур сумын Засаг дарга асан С.Бийг огцруулах тухай саналаа Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж байгаагүй байна.Хуульд зааснаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаа тухайн Засаг даргыг шинээр томилж ажлыг нь хүлээлгэж өгснөөр эхэлж, дараагийн шинэ Засаг даргыг томилж ажлыг нь хүлээлгэж өгснөөр дуусгавар болох учиртай. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Б/10 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-т заасныг тус тус зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасантай нийцээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ‘'Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй" гэж тус тус заасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Бийг урьд өмнө ял шийтгүүлж байсныг нотолсон ямар ч нотлох баримт, шүүхийн шийтгэх тогтоол байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.          

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбар, нэмэлт тайлбартаа:

Тус аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Бийг дараах үндэслэлээр сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Үүнд:1.Ковид-19 цар тахлын өвчний нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Засаг даргын А/1017 дугаартай захирамжаар Хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах тухай ажлын хэсэг байгуулагдан Баяннуур суманд цар тахалтай холбоотой Засгийн газар, Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссоос гарсан заавар зөвлөмжийн биелэлтийг хангуулах сургалт, дадлага сургуулийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Майрагаар ахалсан ажлын хэсэг ажиллаж Баяннуур сумын үйл ажиллагаа, бэлэн байдалд хяналт шалгалт хийсэн.

Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б нь суманд болон ажлын байранд байгаагүй, сумын онцгой комиссын даргын хувьд ажилдаа хайнга хандсан нь тогтоогдсон. Хүнд нөхцөл байдлын үед хариуцлагатайгаар ажиллах албан тушаалтан сумыг эзгүй орхигдуулсан байна. Тус ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Баяннуур сумын Онцгой комиссын ажил болон онцгой комиссын дарга буюу сумын Засаг даргын ажлыг дүгнэхэд гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн коронавирусын халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдал 44.8 хувьтай, мэргэжлийн ангийн албан хаагчид, сумын Эрүүл төвийн мэргэжлийн албан хаагчдаас коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр гарч хэрэгжиж байгаа тогтоол, шийдвэрийн мэдлэгийн сорилын шалгалт 60.8 хувьтай хангалтгүй гэж дүгнэгдсэн.

2.Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Засаг даргын зөвлөх Ш.Х дарга ахалсан ажлын хэсэг Баяннуур суманд ажиллаж өвөлжилтийн бэлтгэл болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хянаж шалгалт хийсэн үеэр: 1.Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг шалгахад өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаагүй, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлээгүй, өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлан байхгүй байсан. 2.Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, коронавиурст халдварын тохиолдлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг шалгахад гамшгаас хамгаалах төлөвлөгөө байхгүй, хариу арга хэмжээний төлөвлөгөө дутмаг, тодотгол хийгээгүй байна. 3.Төрийн байгууллагуудын үйл   ажиллагааг шалгахад сумын Засаг дарга нь байхгүй, тодруулахад ажилд ирдэггүй, гэр нь аймагт   нүүж явсан гэсэн тайлбарыг хэлсэн, сумын төвийн ерөнхий боловсролын    сургуулийн барилгын их засвар дуусаагүй байсан. 4.Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний явц, үр дүнг үзэхэд шуурхай штабт хөтлөгдөж байгаа бичиг баримт, тусгаарлалтад байгаа иргэдийн судалгаа байхгүй, жижүүр нь ямар ч мэдээлэлгүй байсан. Сумын удирдлага, эрүүл мэндийн төвийн ажлын уялдаа холбоо байхгүй, мэдээлэл солилцдоггүй. 5.Аймгийн Засаг даргын 2021 оны А/01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг огт хангаагүй, үйл ажиллагаа нь доголдолтой байсан. 6.Сумын Эрүүл мэндийн төвийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон хариу арга хэмжээний төлөвлөгөө байхгүй, эрхлэгч нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан коронавируст халдварын тохиолдлын үед ажиллах хариу арга хэмжээний түр журам, заавар зэргийг судлаагүй, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа нь тогтоогдсон. 7.КОВИД-19-ын халдварын тохиолдлын үед шар бүс болон бусад хөдөлгөөнийг хянах камержуулалтыг Эрүүл мэндийн төвд хийгээгүй байна. 8.Эрүүл мэндийн төвийг халдвартын эмнэлгийн зориулалтаар ашиглах үеийн бүдүүвч зургийг батлуулаагүй, тооцоолол хийгээгүй байсан. 9.Тус сум нь Ховд, Увс аймгуудтай хил залгаа оршдог боловч нутаг дэвсгэрийн заагт хяналтын пост гаргаагүй эрсдэл ихтэй байсан гэсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн сумын Засаг дарга С.Бийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Мөн С.Б нь аймгийн Засаг даргатай 2020 онд байгуулсан гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.7, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн С.Бийг сумын Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр Засаг дарга томилох хүртэл хугацаанд сумын Засаг даргын бүрэн эрхийг орлогч А.Сд шилжүүлсэн болно.Иймд С.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэлхий дахинд нүүрлэсэн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэмцэх зорилгоор улсын хэмжээнд Монгол Улсын Засгийн газраас,  Улсын онцгой комиссоос, аймгийн хэмжээнд Онцгой комисс, Засаг даргаас хэд хэдэн удаа шийдвэр гаргаж, биелэлтийг сум, орон нутагт хэрэгжүүлэн ажиллахыг  сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байгаа. Харамсалтай нь энэ дээр Баяннуур сумын Засаг дарга үнэхээр идэвхгүй ажилласан. Энэ нь аймгийн Засаг даргаас явуулсан ажлын хэсгийн  хэд хэдэн удаагийн хяналт шалгалтаар нотлогдсон. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Засаг даргын А/1017 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулж, сумуудад ажиллуулсан. Тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.М ахлуулсан ажлын хэсэг Баяннуур суманд ажилласан. Ингэхэд Баяннуур сумын короновируст халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ авах бэлэн байдал нь 44.8 хувьтай байсан. Энэ нь сумын Онцгой комиссын  болон комиссыг ахалж байгаа сумын Засаг даргын ажлыг дүгнэхэд өгсөн үнэлгээ. Маш хангалтгүй байгаа нь харагдаж байгаа. Үүнийг үндэслээд аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А/01 дүгээр албан даалгаврыг сумдад хүргүүлсэн. Үүнд сумын Засаг нарт гээд тодорхой  5 заалт оруулсан. Үүнийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын албан тоотоор хүргүүлсэн, мөн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч А мэйл хаягаар явуулсан  нь баримтаар нотлогдож байгаа.

Ингээд хэд хэдэн удаа үүрэг даалгавар өгөөд дараагаар нь  2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр мөн ажлын хэсэг байгуулж, сумуудад ажиллуулсан. Баяннуур суманд Ш.Х Х.А дарга нар тэргүүтэй ажлын хэсэг ажилласан. Баяннуур суманд тухайн ажил маш хангалтгүй байгаа нь ажлын хэсгийн илтгэх хуудсаар нотлогдож байгаа. Тухайн ажлын хэсгүүд очих үед Онцгой комиссын дарга, Засаг дарга С.Б ажлын байранд байгаагүй. Энэ талаар Засаг даргын Тамгын газрын дарга болон бусад ажилтнуудаас асуухад, “...С.Б даргын гэр нь аймагт нүүж явсан. Ажилдаа хааяа нэг ирдэг. Бараг ажилд ирэхгүй байгаа” гэсэн хариу өгч байсан. Тухайн үед аймгийн Засаг дарга С.Бийг анхааруулга  өгөхөөр хэд хэдэн удаа дуудахад, С.Б  бас ирээгүй. Тэгээд сүүлд 2021 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Баяннуур суманд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлд 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр танилцуулан, С.Бийг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. С.Б яагаад ажлаа цалгардуулсан гэхэд хэд хэдэн шалтгаан харагдаж байсан. Нэгдүгээрт, 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиар шинээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа  хийж, сумын Засаг даргад Н.Мийн нэрийг дэвшүүлсэн. Дараа нь хоёр дахь удаа И.Ды нэрийг дэвшүүлсэн. Тухайн үед Н.Мь нь шүүхэд хандаж, маргаантай байгаа учраас аймгийн Засаг дарга буцаасан. Дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хуралдаж, дахиад И.Ды нэрийг явуулж, аймгийн Засаг дарга  И.Ды хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт явуулсан. Гэхдээ Н.Мь нь бас маргаантай гэж гомдол  явуулсан учраас Авлигатай тэмцэх газраас шүүхээс маргаантай асуудал шийдэгдэх хүртэл зөвшөөрөл  өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахиж хуралдаад А.Алмагүлийн нэрийг ирүүлсэн. Ингээд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэд хэдэн удаа сумын Засаг даргад  өөр хүний  нэрийг дэвшүүлээд байгаа учраас С.Бт ажиллах сонирхол байгаагүй гэдэг нь хэд хэдэн удаагийн хяналт шалгалтаар тогтоогдож байсан. Мөн өөрөө ч суманд ажиллах боломжгүй гэж аймгийн төвд нүүж ирсэн, гэр бүлийн хүнийг ч ажлаас нь гаргаад аймгийн төвд нүүж ирж, байшин барьж байгаа учраас сумын төвд очиж ажиллах боломжгүй байсан байх гэж бодож байгаа.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар намайг Хурлаас огцруулах ёстой гэж маргаж байна. Гэхдээ сумдын Засаг дарга нарыг анх томилохдоо аймгийн Засаг дарга батламж гаргадаг. Уг батламжийн 8-д “Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн  хөрөнгийг үрэлгэн зарцуулсан, хууль зөрчиж албан тушаалаа хувийн зорилгодоо ашигласан, авлига, хээл хахууль авсан, ёс суртахууны доголдол гаргасан тохиолдолд Засаг даргын үүрэгт ажлаас шууд татгалзаж, зохих хууль тогтоомжийн дагуу шийтгэл, хариуцлага хүлээнэ” гэж  заасан. Батламж нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж  өөрөө гарын үсэг зурж, тамга дарсан байгаа. Тийм учраас заавал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлах шаардлага байгаагүй.

Мөн С.Бийг ажлаас чөлөөлөх захирамж дээр Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэл болгосон. 17.2-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”  гэж заасан байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар сануулах, цалин хасах, ажлаас халах гэсэн 3  сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Гэхдээ заавал дэс дарааллаар хэрэгжүүлэх албагүй гэж заасан байгаа.Үүнийг бас үндэслэл болгосон.

Сумын Засаг дарга нар жил болгон аймгийн Засаг даргатай гэрээ байгуулдаг. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхий захирагч болон Баяннуур сумын Засаг даргын хооронд 2020 онд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээ байгаа. Уг гэрээний 2.2-д “сумын Засаг дарга нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж, үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцна”, 2.2.2-д “Засгийн газрын болон аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтэд хяналт тавьж, байгууллагуудыг арга зүй, зохион байгуулалтын шуурхай удирдлагаар хангаж,  гэрээний хавсралтад заасан ажил үйлчилгээг тоо, чанар, шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэх ажиллагааг өөрийн суманд зохион байгуулж, үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцна”, 2.2.3-д “Албан тушаалын сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн ажил, үйлчилгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлийн явц, үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулж,  хууль тогтоомж зөрчсөн, зөрчил дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож, зохих байгууллагад албан ёсоор  мэдээлнэ”, 2.2.11-д “аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын удирдлагуудаас өгсөн үүрэг, цаг үеийн шуурхай үүргийг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллана” гэж заасан. Мөн 7.2 /б/-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Шилэн дансны тухай хуульд заасан төсөв, санхүүгийн ил тод байдал, мөн Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан бодлогын баримт бичгийн хэрэгжилт,захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын 11 дүгээр хавсралтад заасан үйл ажиллагааны болон хүний нөөцийн ил тод байдал, Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг  чангатгах тухай” 2007 оны 1 дүгээр албан даалгаврыг хэрэгжилтийг хангуулах” гэж гарын үсэг зураад гэрээг байгуулсан.

Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дүгээр “Короновируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын 2-д “Сумдын Засаг дарга нарт даалгах нь: 2.1-д “Сумын хэмжээнд короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүхий л үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх”, 2.2-д “сумын болон короновируст халдварын тохиолдлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг  тодотгож,  2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнөөс аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлэх”гэж байгаа, энийг одоо хүртэл хүргүүлээгүй. 2.3-д “сумдын эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулж, албан хаагч бүрийг томилгоожуулж, ажил үүргийн хуваарийг баталж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх”, 2.4-д “короновируст  халдвараас урьдчилан сэргийлэх  эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, ухуулах  хуудас зэргийг бэлтгэн нийтийн эзэмшлийн гудамж  талбай, нийтийн тээвэр болон олон нийтийн үйлчилгээний газраар зорчих иргэдэд түгээж, байрлуулан, зарлан мэдээллийг нэмэгдүүлэх”, 2.5-д “бүх шатны аж ахуйн нэгж байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбай, худалдааны үйлчилгээний төвүүдэд иргэдийн байршлыг тогтоох зорилгоор “QR” код үүсгэх систем байршуулах ажлыг эрчимжүүлэх” зэрэг үүрэг өгсөн байдаг. Үүнийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлын хэсэг очиж шалгахад, нэг  нь ч биелэгдээгүй байсан.

Мөн саяны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1017 дугаартай  “Хариу арга хэмжээний бэлэн байдал хангуулах тухай” захирамжийн 1-д  “сумдын Онцгой комисс, эрүүл мэндийн анхан шатны байгууллага, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн короновируст халдвартай тохиолдлын тэмцэх үеийн бэлэн байдлыг хангуулан, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хариу арга  хэмжээг зохион байгуулахтай холбоотой Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн сайдаас гарсан журам, заавар, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, сургалт  зохион байгуулсугай” гэж  заасан. Үүний дагуу ажлыг дүгнэхэд Баяннуур сумын Онцгой комиссын ажил,онцгой комиссын дарга буюу  сумын Засаг даргын ,гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн короновирусын халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ авах бэлэн байдал 44.8 хувьтай байсан. Баяннуур суманд ажилласан ажлын хэсгийн илтгэх хуудасны 1-д “короновируст халдварын үед ажиллах сумын Онцгой комисс, эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тохиолдлын үеийн хариу арга хэмжээний баг болох мэргэжлийн ангийн 64 албан  хаагчийн бэлэн байдлыг газар дээр нь шалгаж үнэлэв. Сумдын удирдлагын бүрэлдэхүүн болох Засаг дарга болон орлогч дарга нар бэлэн байдлын үйл ажиллагаанд оролцоогүй, шийдвэр гаргалт болон зохион байгуулалтын арга хэмжээг авч  хэрэгжүүлээгүй” гэж заасан. Дүгнэлтэд, сумын Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын короновирусаас сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдал нь 44.8 хувьтай гэж маш хангалтгүй үзүүлэлт  байсан. Мэргэжлийн албан хаагчид сумын Эрүүл мэндийн төвийн мэргэжлийн албан хаагчдаас коронавирусын халдвараас  сэргийлэх чиглэлээр гарч хэрэгжиж байгаа  тогтоол, шийдвэрийн мэдлэгийн сорилын шалгалт 60.8 хувьтай гээд  дүгнэсэн. Мөн аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Засаг даргын зөвлөх Ш.Х даргаар ахалсан ажлын хэсэг Баяннуур суманд ажиллаж өвөлжилтийн бэлтгэл болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хянаж шалгалт хийсэн үеийн илтгэх хуудсанд  ажил хангалтгүй талаар тодорхой бичигдсэн байгаа. Ингэж ажил цалгардуулсан нь хэд хэдэн удаагийн хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч  Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

1.Хариуцагч 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 тоот захирамжийг гаргахдаа холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд бүхэлдээ Засаг даргыг томилох тухай эрх зүйн харилцааг зохицуулсан байгаа. Хуулийн энэхүү үндэслэлээс үзэхэд, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга С.Бийг томилох эрх бүхий ганц субъект аймгийн Засаг дарга Д.Бауыржан мөн. Засаг даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан захирамж гаргах эрхийн хүрээнд уг захирамжийг гаргасан гэж үзэж байна. Нэгэнт томилох эрх нь аймгийн Засаг дарга буюу дээд шатны Засаг даргад байдаг учраас чөлөөлөх эрх нь мөн адилхан тус Засаг даргад байдаг.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар чөлөөлөх буюу огцруулах тухай асуудлыг Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлээгүй, Хурлын саналыг аваагүй гэж ярьж байна. С.Бийг томилсон Хурлын бүрэн эрхийн хугацаа 2020 оны шинээр байгуулагдсан Хурлын төлөөлөгчид анхны хурлаа хийж, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болсон байгаа. Өнөөдөр Баяннуур суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрөө 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болж, өнөөдөр Засаг даргаар 2 удаа И.Дыг, 1 удаа Н.Мь нарын нэрийг дэвшүүлж байгаа Хурал байгаа. Ийм учраас Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллана.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б нь С.Бийг чөлөөлөхийн тулд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд яагаад санал оруулаагүй  вэ гэдэг асуудлын талаар тайлбараа хэлье.  Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж зааснаар тухайн шатны Засаг дарга асуудал оруулах эрхтэй. Түүнээс биш дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг дарга сумын Хуралд асуудал оруулна гэсэн ойлголт  хуулийн 24 дүгээр зүйлээр зохицуулагдаагүй учраас аймгийн Засаг дарга сумын Хуралд С.Бийн талаар асуудлыг оруулж шийдвэрлээгүй гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Ажлаас чөлөөлсөн гэдгийг сахилгын шийтгэл ногдуулах журмаар чөлөөлсөн гэж хариуцагч тал шүүх хуралдааны тайлбарт хэлсэн. Сахилгын журмаар халж, чөлөөлсөн болох талаар аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  Б/10 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн үндэслэх хэсэгт тодорхой 3 үндэслэлийг тусгасан байна. Үүнд, үүрэгт ажлаа цалгардуулсан, сумыг эзэнгүйдүүлсэн, сумын хэмжээнд ковидын дэглэмийг алдагдуулсан гэсэн энэхүү 3 үндэслэлээр ажлаас сахилгын журмаар чөлөөлсөн. С.Бийг хугацаанаас өмнө чөлөөлсөн, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй гэдэг  асуудлыг тавьж болохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл С.Бийг анх томилсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа өөрөө дуусгавар болж, анхдугаар чуулганаар шинэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж заасан.  Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэд хэдэн хүний нэрийг Засаг даргад дэвшүүлж байсан явдал нь С.Бийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсныг давхар нотолж байгаа. Огцруулах асуудал хөндөгдөөгүй учраас тухайн шатны Хурал өөрөө авч хэлэлцэх боломжгүй байхгүй гэж байна. Тухайн шатны хурал С.Бтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх нь зохимжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл С.Бийг одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал томилоогүй учраас С.Бийн ажилд дүгнэлт хийх, түүний тайланг авч хэлэлцэх,  С.Бийн ажлын талаар үнэлэлт дүгнэлт өгөх эрх одоогийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдэд байхгүй.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Бийг ажлаас  чөлөөлөх тухай Б/10 тоот захирамжийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтыг баримталж, Засаг даргын бүрэн эрхийг Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А.Сд шилжүүлсэн явдал хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж өмгөөлөгч нар тайлбарлаж байна.  Үүнд хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байхгүй. Засаг даргын бүрэн эрхийг хэнээр хэрэгжүүлэх вэ гэдэг эрх хэмжээ аймгийн Засаг дарга буюу  дээд шатны Засаг даргад бий. Энэ бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга өөрийнхөө томилж, гэрээ байгуулан ажиллаж байгаа сумын Засаг даргын орон тоонд ямар хүнийг ажиллуулж, хэнтэй хариуцлага тооцуулах вэ гэдгийг өөрөө сонгож авах эрхтэй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэсэн хуулийн үндэслэлийг баримталж, Баяннуур сумд Засаг дарга томилогдох хүртэл гэж хугацаатай томилсон явдлыг буруу гэж үзэхгүй.

С.Б сахилгын шийтгэл хүлээлгэхээр хэмжээний зөрчил гаргасан уу гэдэг асуудал өнөөдрийн шүүх хуралдааны үндсэн сэдэв мөн. Хариуцагч буюу ажил олгогчийн С.Бийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон үүрэгт ажлаа цалгардуулсан, сумыг эзгүйдүүлсэн, сумын хэмжээнд ковидын дэглэмийг алдагдуулсан гэх  зөрчлүүд дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1067 тоот “Хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Баяннуур сумд ажилласан тухай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот илтгэх хуудсаар нотлогдож байгаа. Мөн Засаг даргын баталж өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу Баяннуур суманд ажилласан ажлын хэсгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн илтгэх хуудас, мөн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт 2021 оны 03 дугаар сард очиж ажилласан ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

Засаг даргын захирамжид дурдсан зөрчлүүдийг нэг бүрчлэн зааж тэмдэглэсэн байх бөгөөд  тухайн сум Засаг даргагүй, эзэнгүйдсэн, удирдлагагүй, ажил цалгардуулсан талаар Засаг даргын Тамгын газрын дарга З.Мадениет, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан А.Сий тайлбарыг хурлын тэмдэглэлд тусгасан байгаа. Мөн тухайн үед ажил цалгардаж, Баяннуур суманд дээрх Засаг даргын захирамжид дурдсан зөрчлүүд илэрсэн болохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийн хэсгээс харж болно. Энэхүү хурлын тэмдэглэлээр Баяннуур сумын Засаг дарга болон Тамгын газрын ажлыг шалгахад, “Баяннуур суманд Засаг дарга, удирдлага байхгүй байсан,өвлийн бэлтгэл хангагдаагүй,  сургуулийн их засвар дуусаагүй, гэрэл цахилгааны асуудал” хөндөгдөж, аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл болон ковид-19 цар тахал өвчинтэй  холбоотой гарсан  2021 оны  А/01 албан даалгаврын биелэлт огт хангагдаагүй. Баяннуур сумын удирдлагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо байхгүй, ажил цалгардсан талаар тэмдэглэлд дурдсан байна. С.Б нь тухайн үед Засаг даргын үүрэгт ажлыг цалгардуулсан, төрийн ажлыг хэвийн хэмжээнд ажиллуулж чадаагүй зөрчил гаргасан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-ыг захирамжид баримталсан. Хуулийн 17.2-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан учраас С.Бийг чөлөөлсөн Б/10 тоот захирамжид 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг үндэслээд Төрийн албаны тухай хуулийн үндсэн агуулгаар шийтгэл ногдуулсан нь буруу гэж үзэх боломж байхгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуульд зааснаар нарийвчилсан хуулийн зохицуулалтаар асуудлыг хэлэлцэнэ гэж байна. Сумын Засаг даргын хувьд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан заалтууд Засаг даргын үйл ажиллагааг зохицуулсан нарийвчилсан зохицуулалт учраас хуулийн 32 дугаар зүйлийн холбогдох заалтад зааснаар Засаг даргыг нэг бол чөлөөлөх, нэг бол огцруулах асуудал тухай хуульд зааснаар шийдэгдэх ёстой гэсэн байр сууринаас тайлбар тавьж байна. Үүнийг би эсрэгээр тайлбарламаар байна. Нэгэнт Коронавирус халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль цаг хугацааны аясаар 2 жилийн хугацаатай хэрэгжихээр гарч ирсэн. Энэ хуулиар манай улсын бүх төр, хувийн хэвшил,  бүх иргэний үйл ажиллагааг бүхэлдээ зохицуулж өгсөн байгаа. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2–д нэгэнт албан тушаалтан гэж заасан учраас үүнд улс төрийн албан тушаалтан ч хамаарна гэж үзэж байгаа. Хуулиар заагаад өгсөн учраас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Засаг дарга С.Бт хэрэглээгүй байна гэж үзэх боломж байхгүй байна. Ийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

            Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар захирамжаар[1] “2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас удаа дараа сумын Засаг даргыг томилуулахаар тогтоол ирүүлсэнтэй холбогдуулан Засаг дарга нь үүрэгт ажлаа цалгардуулан  сумыг эзгүйдүүлж,  сумын хэмжээнд ковидын дэглэмийг алдагдуулсан”  гэсэн үндэслэлээр   Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,26.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.7, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас  урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь  заалтыг тус тус  үндэслээд Баяннуур сумын Засаг дарга С.Бийн  бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,26.3 дахь заалт нь Засаг даргыг нэр дэвшүүлэх, томилох тухай, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт нь Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах тухай, 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалт нь Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг нь бүрэн хүлээх тухай  буюу Засаг даргыг үүрэгт ажлаас  нь чөлөөлөхтэй холбогдолгүй зүйл, заалтууд байна.

Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас  урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.4-т “Энэ хуулийн 105.1, 105.2 дахь хэсгээс бусад зүйл, заалтыг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9. бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж тус тус зохицуулсан байна.

Баяннуур сумын Засаг дарга С.Бийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас  чөлөөлсөн хариуцлага нь Төрийн албаны тухай хууль болон  Захиргааны ерөнхий хуулийн аль хуулиар, ямар зүйлээр ногдуулсан хариуцлага болох талаар маргаан бүхий захиргааны актад огт тусгаагүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Бт Төрийн албаны тухай хуулийн 46,48 дугаар зүйлээр хариуцлага хүлээлгэсэн гэсэн тайлбар гаргасан болно.

Гэтэл дээрх зохицуулалтуудаас үзэхэд төрийн улс төрийн албан тушаалд хамаарах  бүх шатны Засаг даргын  эрх зүйн байдлыг хуулиар тогтоох буюу тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаагаас гадна  Төрийн албаны  тухай хуулийн 46, 48 дугаар зүйлүүдээр   төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар нь үндэслэл бүхий биш байна.

Бүх шатны Засаг даргын  бүрэн эрх, баталгаа,  Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах зэрэг асуудал  буюу эрх зүйн байдлыг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах  үндэслэл, журам, чөлөөлөх, огцруулах санал болон шийдвэр гаргах асуудлын талаар  дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: г/Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”,  32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”,  32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”,  32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө”, 32.8-д “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй”  гэж тус тус  заасан.

Мөн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны талаар  Монгол Улсын Үндсэн  хуулийн 60 дугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”, 3-т “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж тус тус зохицуулсан байх ба өмнөх Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дараагийн Засаг даргыг томилох хүртэл үргэлжлэхээр  байна.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актаар Баяннуур сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож,  үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар

1.Ковид-19 цар тахалтай холбоотой Засгийн газар, Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссоос гарсан заавар, зөвлөмжийн биелэлтийг хангуулах, сургалт, дадлага сургуулийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг Баяннуур сумын үйл ажиллагаа, бэлэн байдалд хяналт шалгалт хийсэн. Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б нь суманд болон ажлын байранд байгаагүй, сумын онцгой комиссын даргын хувьд ажилдаа хайнга хандсан нь тогтоогдсон. Тус ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Баяннуур сумын Онцгой комиссын ажил болон онцгой комиссын дарга буюу сумын Засаг даргын ажлыг дүгнэхэд гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн коронавирусын халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдал 44.8 хувьтай,  хангалтгүй гэж дүгнэгдсэн.

2.Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Засаг даргын зөвлөх Ш.Хын ахалсан ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баяннуур суманд  өвөлжилтийн бэлтгэл болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хянасан шалгалтаар  холбогдох ажлууд хийгдээгүй, үйл ажиллагаа нь доголдолтой, сумын Засаг дарга нь байхгүй байсан. Мөн С.Б нь аймгийн Засаг даргатай 2020 онд байгуулсан гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй” гэсэн тайлбар гаргасан[2].

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “Коронавируст халдварын цар тахлаас  урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, аймгийн Засаг даргатай байгуулсан 2020 онд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Батламж” гэсэн баримт бичигт  тус тус заасан  үүргээ Баяннуур сумын Засаг дарга С.Б хэрэгжүүлээгүй, ажлаа цалгардуулсан” гэж тайлбарласан.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон хариуцагч талын тайлбараас үзэхэд хууль тогтоомж зөрчсөн, сумын Засаг даргын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлээр Баяннуур сумын Засаг дарга  С.Бийг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3,32.4,32.8-д тус тус зааснаар Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол дээд  шатны Засаг даргаас түүнийг огцруулах  тухай саналаа зохих шатны Хуралд хүргүүлж, Хурлаас 15 хоногийн дотор уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж,санал хураалт явуулж хариу өгснөөр уг саналыг үндэслэн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг  шийдвэрлэхээр  тусгайлан зохицуулсан байна.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын хувьд  дээрх үндэслэлээр Баяннуур сумын Засаг дарга С.Бийн бүрэн эрхийн хугацааг  дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргахдаа  түүнийг чөлөөлөх, огцруулах асуудлаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  санал хүргүүлээгүй, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Засаг дарга С.Бийг чөлөөлөх, огцруулах санал аймгийн Засаг даргад хүргүүлээгүй. Мөн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон  төлөөлөгчдийн олонхын санал авсан И.Дыг  сумын Засаг даргаар томилуулахаар  мөн өдрийн 05 дугаар тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтан болох  аймгийн Засаг даргад  санал болгосон,  аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1062 дугаар  албан бичгээр  “И.Дыг  сумын Засаг даргаар томилохоос татгалзсан” талаар мэдэгдсэн. Улмаар  тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан 10 дугаар тогтоолоор И.Дыг  сумын Засаг даргаар томилуулахаар  дахин нэр дэвшүүлж,  уг тогтоолыг  томилох эрх бүхий этгээдэд хүргүүлснээр аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1-01/01 дүгээр албан бичгээр “И.Ды  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  Авлигатай тэмцэх газраас  хянан үзэх боломжгүй гэж буцаасан” гэсэн үндэслэлээр И.Дыг  сумын Засаг даргаар томилохоос татгалзснаа  мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3]  тус тус  тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн г/-д зааснаар  Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах нь сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах тул Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар  сумын Засаг дарга С.Бийг  бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцээгүй,  чөлөөлөх, огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлээгүй байхад  Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  Б/10 дугаар  захирамж гаргаж, С.Бийг Баяннуур сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй  байна гэж дүгнэлээ.  

Өөрөөр хэлбэл сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга нь томилох, чөлөөлөх, огцруулах эрхтэй боловч  тухайн шатны Хурлаас Засаг даргыг томилох,чөлөөлөх, огцруулах  асуудлыг хэлэлцээд санал хүргүүлсэн тохиолдолд  аймгийн Засаг даргаас уг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхаар  хуульчилсан бөгөөд энэхүү  тухайн шатны Хурлаас Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах, чөлөөлөх саналыг  хүргүүлээгүй байхад Засаг даргыг чөлөөлөхгүй, огцруулахгүй байхыг хуульд зохицуулсан нь төрийн  улс  төрийн албан хаагчийн баталгаа юм.

Түүнчлэн дээр дурдсанаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус зохион байгуулагдаж, сумын Засаг даргад И.Дыг нэр  дэвшүүлсэн боловч Баяннуур сумын Засаг даргын томилгоо хийгдээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон бусад нотлох баримтаар[4] тогтоогдож байгаа   тул Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-т зааснаар  өмнөх Засаг дарга С.Бийн бүрэн эрх хэвээр хадгалагдах  буюу дуусаагүй байхад  аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актаар түүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосон нь  үндэслэлгүй, хууль бус  байгааг дурдах нь зүйтэй.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “С.Бийг одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал томилоогүй учраас С.Бийн ажилд дүгнэлт хийх, түүний тайланг авч хэлэлцэх,  С.Бийн ажлын талаар үнэлэлт дүгнэлт өгөх эрх одоогийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдэд байхгүй” гэж маргасан.

Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа 2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр  сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхдугаар хуралдаанаар хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болсон  ба дээр дурдсанаар Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах нь сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх  тул  аймгийн Засаг даргаас сумын Засаг даргыг чөлөөлөх, огцруулах санал хүргүүлсэн тохиолдолд бүрэн эрх нь хүлээн  зөвшөөрөгдсөн шинээр сонгогдсон төлөөлөгчид буюу одоо үйл ажиллагаа явуулж буй Хурал  уг асуудлыг хэлэлцэх эрхгүй гэж үзэх  үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх байдлаар Баяннуур сумын Засаг дарга С.Бийн  бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас  чөлөөлсөн   нь  хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч С.Б нь  Баяннуур сумын Засаг дарга шинээр томилогдох хүртэл хугацаанд албан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг  сонирхол нь зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, С.Бийг Баяннуур сумын Засаг даргын албан тушаалд  эгүүлэн  тогтоож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1,106.3.12 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн г/, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.4, 32.8-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч  С.Бийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож,С.Бийг Баяннуур сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ

 

 

 

 

 

[1] Хэргийн 33-р хуудас

[2] Хэргийн 162-164-р хуудас

[3] Хэргийн 36,37,38,39,137-153,160-161,162-164-р хуудас

[4] Хэргийн 137-153,154-р  хуудас