Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03064 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч З ХХК, Нийслэлийн Засаг даргын тамгын газар Хэрэгжүүлэгч агентлаг Г дэд бүтцийн газарт тус тус холбогдох  

 

113 769 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Заг давелопер” ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 14/8 тоот “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, өмгөөлөгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Г, А.Д

Хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.С, Б.Б

Хариуцагч Г газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Д.Г нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот нэг талбарын 1864331280978 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаартай 606 ам.дөрвөлжин метр талбай газар, тус газар дээрхи 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү2203016842 дугаартай хувийн орон сууцтай байсан юм.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 тоот тогтоолын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх 2 талт 31/8-138 тоот гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 14/5 тоот гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж уг эд хөрөнгөө худалдсан. Нийслэлийн Өмч газрын харилцааны газар /одоо Өмчийн харилцааны газар/ миний өмчлөлийн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ Нийслэлийн төрийн сангаас 140 000 000 төгрөг надад өгсөн ба үлдэгдэл 106 000 000 төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 дугаар блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхраас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон юм.

Хоёр талт 31/8-138 тоот гэрээний 3.2, 3.3-т заасан хоёр талт гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар байгуулах гурван талт гэрээний урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг байна гэж заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 31/8-138 тоот гурван талт гэрээг байгуулж хуучнаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар /Гэр хорооллын хөгжлийн газар/-ын дарга Ш.Ганхуяг гэрээнд гарын үсэг зурж тамга дарсан. Гэвч 2016 оны 2 дугаар улирал дуусахад надад гэрээнд заасан 2 өрөө сууцыг олгоогүй учир 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14/5 гэрээнд нэмэлт оруулах гэрээг байгуулж гэрээний хугацааг 6 сараар сунгаж, сунгасан 6 сарын хугацаанд сар бүр 650 000 төгрөгийг орон сууцны түрээс түр суурьшуулах зардалд төлөхөөр тохиролцсон. Гэвч 6 сарын хугацаа өнгөрөхөд мөн л 2 өрөө орон сууцаа өгөөгүй. Ингээд би 12 дугаар сарын 20-ны өдөр дахин очсон бөгөөд түлш зарцуулах зардал өгөхгүй гэсэн.

Ингээд манай гэр бүл өөрийн гэсэн гэргүй, түрээсийн байрны төлбөргүй амьдралын хүнд нөхцөлд 3 жил амьдарч хохирсоор байна. Миний өмчлөлд байсан газар дээр одоо төслийн шинэ орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьж ашиглалтад орон 2 жил гаруй хугацаа өнгөрүүлж байна. Хоёр талт гэрээний нэг тал болох З ХХК-ийн захирал Н.Эрдэмбаяртай уулзахад байрны түрээсийн төлбөрийг цаашид төлөхгүй таны үл хөдлөх хөрөнгийг буулгаж төрийн өмчийн барилга барьсан, манай компанид ямар ч газар үлдээгүй, 2 өрөө байрны үнэ 106 000 000 төгрөг болон бусад хохирлоо Г газар, нийслэлийн Засаг дарга /төрөөс/ авах ёстой гэж хариу өгсөн.

Миний бие 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн захирагч болон Г газарт гомдол гаргасан боловч гомдлыг З ХХК-д шилжүүлж орон сууцны асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг өгсөн байдаг. Гэвч З ХХК уг асуудлыг шийдвэрлэхгүй миний бие шүүхэд хандан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

З ХХК болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас 1.Гэрээгээр надад өгөхөөр тохирсон 53 м.кв байрыг м.кв-ыг нь 2 000 000 төгрөгөөр үнэлж 106 000 000 төгрөг, 2.Нэмэлт гэрээнд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсноос хойш хугацааны орон сууцны түрээсийн төлбөр сар бүр 650 000 төгрөг 2017 оны 06 дугаар сарыг дуустал хугацаагаар 3 900 000 төгрөг, 3.14/5 тоот гэрээний 5.2-т заасан 106 000 000 төгрөгөөс хоног тутам алданги 3 869 000 төгрөг, нийт 113 769 000 төгрөгийг яаралтай гаргуулах хүсэлтэй байна. 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ганболдын өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгө, газар, амбаар, гарааш гээд эд зүйлсийг өөрсдийн зардлаар буулгаж шилжүүлсэн. З ХХК нь гэрээгээ 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн нь үнэн. Бид Д.Г-ын эзэмшилд байсан газар дээрхи байшин үл хөдлөх эд хөрөнгө, хашаа, амбаар бусад эд зүйлсээ өөрийн зардлаар буулгаж нүүлгэн шилжүүлсний дараа /”Заг девелопер” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот гэрээг байгуулах үед/ З ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төслийн удирдагч Х.Лхагвасүрэн нарын шаардлагаар газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тэдэнд хүлээлгэн өгч энэ өдрөөс эхлэн тус газрыг З ХХК эзэмших буюу захиран зарцуулах эрхтэй болон гэж Н.Дамчий миний гарын үсэгтэй бичиг үйлдүүлэн хүлээн авсан. Н.Ганболдын нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 гэрчилгээг З ХХК-ийн мэдэгдэлд шилжүүлэн өгсөн, уг газрыг чөлөөлөхөөр газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн зардлаар буулгаж нүүлгэсэн. З ХХК-тай гэрээ хийхээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын гаар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговорыг 150 000 000 төгрөгөөр тохирсон байсан тул түүнийг хасч тооцон, З ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба энэ гэрээний 1.2 дахь хэсэгт худалдан авч буй газрын төлбөр болох 130 000 000 төгрөгийн төлбөрийг дараах нөхцөлөөр төлнө. Дээрхи 2 гэрээний заалтын дагуу 2014 оны 11-р сарын 13-ны өдөр З ХХК-иас Н.Дамчийгийн Төрийн банкны дансаар 30 000 000 төгрөгийн төлбөр орж ирсэн байдаг.

Ийнхүү газар чөлөөлөх нөхөн олговрын мөнгө 150 000 000 төгрөг өгөх болсон нь тодорхой болсны дараа гэж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 14/5 тоот гэрээ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 31/8-138 тоот гэрээг хийсэн гэдгийгээ З ХХК-ийн захирлууд, төслийн удирдагч нар мэдэж ойлгож байсан атлаа өнөөдөр намайг бодит байдлыг нуун дарагдуулж гэрээ хийсэн мэтээр мэдэн будилж байгааг юу гэж ойлгох вэ?, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоотод байрлах газар болон тус газар дээрх 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн, нийт 315 224 000 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээний баримтыг тухайн үед төсөл хэрэгжүүлэхэд оролцож байсан төрийн байгууллагын албан тушаалтан, компанийн удирдах хүмүүс бүгдээрээ үзэж харсан. Тухайн үед З ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төр олон нийттэй харилцах албаны дарга, төслийн удирдагч Х.Лхагваүсрэн нар хоорондоо ярилцаж байгаад нь газар чөлөөлөх блон газар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 280 000 000 төгрөгөөр тооцохоор тохиролцож шийдсэн гэж надад хэлж байсан, үүнийгээ тэд сайн мэдэж байгаа. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлстийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговрыг 150 000 000 төгрөгөөр тохирсон байсан үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр З ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр төр олон нийттэй харилцах албаны дарга Х.Лхагвасүрэн нартай газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №14/5 тоот гэрээг хийсэн, 2014 оны 12 дугаар сарын 04-ний А/1011 дугаартай нөхөн олговор олгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Иймд хууль журмын дагуу байгулагдсан гэрээг олгосон 30 000 000 төгрөгийг буцааж гаргуулахыг хүссэн З ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 130 000 000 төгрөг хариуцагч төлөх болоод надад 30 000 000 төрөг өгсөн. Ингээд барилгыг буулгах ажилд би зарцуулсан, эргээд 30 000 000 төгрөг авах гэж өөрсдийнхөө хийсэн гэрээнд цоорхой гаргаж намайг хохироох гэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энд 1 цогц үйл ажиллаагаа явж байсан учраас хэн нэгнийгээ хууран мэхлэх нөгөө талдаа түрүүлж авчихаад дараа нь нуусан гэдэг асуудал байхгүй, хугацааны хувьд үргэлжлээд яваад байгаа. Ингээд 2014 оны 02 дугаар сарын 04-ний захирамжаас хойш 3 талт гэрээ 2015 онд байгуулагдсан, 2016 онд нэмэлт гэрээ байгуулагдаад явж байсан энэ хүртэл эдгээрийг мэдэхгүй байна гэхээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын /2014 оны 23-р тогтоолоор батлагдсан/ 3.18-нд зааснаар ажлын алба нь гэр хорооллын хөгжлийн газар байхаар тодорхой заасан. Энд зөвхөн тэр гарсан эрхийн акт, гэрээнүүдийг заахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зөвхөн газрыг чөлөөлөх нөхөн олговор гэдгийг эдгээр баримтууд дээр заасан байгаа.

Газар чөлөөлөх нөхөн олговор үүний дээр байгаа эд хөрөнгө нь Нийслэлийн засаг даргын А/1011 дугаартай захирамжийн 3 дахь хэсэгт газар дээрх эд хөрөнгийн нөхөн олговрыг олгоно гээд зүгээр нэг оруулаагүй заалт байгаа гэдгийг шүүх хараасай. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын холбох гээд байгаа зүйл нь 3.18-нд төслийн удирдах хорооны ажлын алба нь засаг дарга төслийн удирдлагын хороонд төсөл хэрэгжүүлэгч, төсөлд оролцож байгаа эд хөрөнгийн өмчлөгчтэй эд нарын үйл ажиллагаа танилцуулах үүрэгтэй байгаа. Өнөөдөр төсөл хэрэгжүүлэхэд оролцогч төрийн байгууллага, аж ахуйн нэгж хоёрын хооронд л Ганболд хохирчихоод яваад байгаа. Худалдах худалдан авах гэрээний 2.3-т зааснаар хариуцагчийн томилсон төлөөлөгчтэй хамтран бүртгүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж байгаа. Тэгэхээр бүртгүүлэх үйл ажиллагаа нь хариуцагч талын ч үүрэг байна. Гэтэл томилсон зохион байгуулагч нэг удаа ч шаардаагүй нь энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй, тухайн үедээ гарын үсэг зуруулаад авчихсан зүйлдээ хариуцагч тал маргахгүй байгаа. Ганболд бол шилжүүлэхэд бэлэн байсан, гагцхүү гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч тал үүргээ биелүүлэн хүлээж аваагүй л асуудал байгаа. Иргэний хуулийн 248.2-т зааснаар газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэж өгсөн, үүнийг маргаагүй.

Хариуцагч талд гэрчилгээг хүлээлгэж өгсөн, 2 болон 3 талт гэрээ байгуулагдсан, гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрийг өгсөн, суурьшуулах зардал олгосон гээд тодорхой үйлдлүүд хийгдсэн байгаа. Энэ үүргүүдийг гэрээний үүргийн зөрчил гэж үзвэл энэ бол ялимгүй зөрчил гэдэг асуудалд орох уу? гэдэг асуудал яригдана. Нөгөө талаар З ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээнүүдийн дагуу 30 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, гэрээний үргэлжлэл баталгаажих гэрээг 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. 7 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан гэх мэтээр гэрээ хүчин төгөлдөр болох, З ХХК үүргээ биелүүлж байсныг харуулах тодорхой баримтууд байна. Хэрэв эд хөрөнгийн гэрчилгээг өгөөгүй байсан бол үүнийг шаардаж авах эрх хариуцагч талд байсан, энэ эрхээ биелүүлээгүй. Худалдан авагч тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй, нэмэлт гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.2-т зааснаар алданги гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан нөхцөл бүрдсэн байх ёстой гэтэл энд зааснаар талуудын хооронд үүрэг үүсээд гэрээнийхээ дагуу шаардлага гаргаж явж байгаа учраас энд хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Г газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Нийслэлийн өмчийн харилцааны газар уг, үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж дурдсан нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгох тухай А/1011 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны VIIхороолол төслийн дэд бүтцийн трасст орсон иргэн Д.Г-ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 150 000 000 төгрөгийн нөхөн олговрын хэмжээг тогтоосон байна.

Иймд Нийслэлийн Өмчийн Иймд Нийслэлийн Өмчийн харилцааны газар иргэн Д.Г-ын газар, үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлсэн нь нотлогдохгүй байна. Мөн иргэн Д.Гтой байгуулсан 31/8-138 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.3-т 50 м.кв бүхий 2 өрөө байр, 30 000 000 төгрөгийг бэлнээр олгов гэсэн тохиролцоо хийсэн.

Тус гэрээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.17-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Гэвч иргэн Д.Г нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1011 дугаар захирамжийн дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж болон манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан хэмээн үзэж байна. 2.Газар, үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах 14/5 дугаартай гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж тус гэрээндээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.18-д Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг Төслийн удирдах хорооны баталсан гэрээний загвараар байгуулах бөгөөд өөр загвар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд иргэн Д.Г-ын нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 3.900.000 төгрөг болон гэрээний алданги 3 .869.000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжлэх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 12/43 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай тогтоол батлагдсан. Үүгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хамаарсан.

Ийм учраас З ХХК нь эхлээд төсөл шалгаруулах үйл ажиллагаанд оролцож, танилцуулга нь 100 хувь шаардлага ханган, шалгарсан учраас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдсан газрын өмчлөгч иргэдтэй хэлэлцэн тохиролцож 75 хувиас дээш зөвшөөрлийг авсан байгаа. Тэнд Ганболдын газар болон үл хөдлөх хөрөнгө хамаарч байсан. Энэ хүрээнд эхлээд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 талт гэрээ байгуулагдсан, үүний дараа түншлэлээр батламжлах үйл ажиллагаа явагдаад үүний дагуу иргэнтэй зөвшилцөөд газрыг нь авах талаар иргэнтэй зөвшилцөж 2 талт гэрээ байгуулагдсан учраас манай З ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч итгэмжлэгдсэн.

Ингэхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан журам үйлчилж байсан. Журмын 3.17.3-т зааснаар хэрэв тухайн газарт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн бол төлбөр төлөх хугацааг тохиролцсон байна, худалдах худалдан авах тохиролцоог төсөл хэрэгжүүлэгч нь тухайн газрын үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчтэй худалдах худалдан авах гэрээг байгуулж болно, байгуулахгүй ч байсан болно гэдэг зохицуулалт тусгасан. Мөн уг журмын 4.24-д зааснаар тухайн газрын өмчлөл, эзэмшил нь З ХХК буюу төсөл хэрэгжүүлэгчид шилжихгүй, харин тухайн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хугацаанд тэр газрыг ашиглаад төслийн хугацаанд орон сууц барих юм уу ямар нэгэн байдлаар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад бүгдийг нь төрд буюу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт хүлээлгэн өгөх ёстой.

З ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийнхээ хувьд тэнд төслийнхөө хүрээнд орон сууцаа барина, харин худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн газар, үл хөдлөх хөрөнгийн авсан тохиолдолд зөвхөн ашиглаад бүх юмаа хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөөд нөхөн олговрыг төрөөс өгөх ёстой. З ХХК нь тэр газрын өмчлөгч нь хэзээ ч болох ёсгүй.

Тийм учраас бид энд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс баталсан тогтоолын дагуу худалдах худалдан авах гэрээг, 2 талт гэрээтэй хамт байгуулсан. Гэтэл энэ худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Ганболд нь Нийслэлийн газрын албатай тохиролцоо хийгээд нөхөн олговортойгоор тохиролцоо хийсэн байсан. Энэ асуудал Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заачихсан. Тухайн газар нь барилга байгууламж юм уу? дэд бүтцийн асуудлаар төрд шилжих тохиолдолд нөхөн олговрын асуудлыг шийдээд төр авах асуудлыг зохицуулчихсан. Энэ хүрээнд нөхөн олговортойгоор тэр газар нь дэд бүтцийн трасст өртсөн буюу шугам сүлжээний трасст өртсөн байсан. Тэр газарт З ХХК нь барилга байгууламж барихаар ерөнхий төлөвлөгөөгөөр баталчихсан байсан.

Гэтэл тэр нь анхнаасаа дэд бүтцийн трасст өртөөд шугам сүлжээ баригдахаар төлөвлөгдчихсөн байсныг мэдээгүй. Гэтэл энэ нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө трасстаа өртөөд шугам сүлжээ баригдахаар төлөвлөгдчихсөн байсан. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас болон Гэр хорооллын дэд бүтцийн газраас бидэнд мэдэгдээгүй учраас бид дээрх тогтоолоор олгосон эрхийхээ дагуу худалдах худалдах авах гэрээг хийж болох юм байна гэдэг хүрээнд худалдах худалдан авах гэрээгээ хийчихсэн. Хэрвээ энэ асуудал манай орон сууцны барилгажих талбайд хамаарахгүй байсан бол худалдах худалдан авах гэрээг анхнаасаа байгуулахгүй байсан. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудал нь байгаа. Энд 315.000.000 төгрөгөөр хувийн компани үнэлж тогтоосон байна, тухайн иргэнтэй зөвшилцсөний үндсэн дээр 150 000 000 төгрөгөөр нөхөн олговортойгоор шийдвэрлэлээ гэдгийг харилцан тохиролцсон. Түүнээс биш энд манайхаас 150 000 000 төгрөгөө ав, үлдсэн хэсгийг З ХХК буюу төсөл хэрэгжүүлэгчээс ав гэсэн харилцан тохиролцоо явагдаагүй. Тийм учраас дахин худалдах худалдан авах гэрээ байгуулж өөр компани авах боломжгүй болж байгаа.

Нөгөө талаар энэ газрын өмчлөх, эзэмших эрх З ХХК-д огт шилжиж ирээгүй. Уг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч нь эзэмшил, өмчлөлийнхөө газрыг худалдан авагч талд шилжүүлнэ гэдэг үүргийг гэрээнд хүлээчихсэн байгаа. Үүний дараа манайхаас 5 хоногтоо багтаж 30 000 000 төгрөг шилжүүлнэ гэдэг үүргийнхээ дагуу манайд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч манайд огтхон ч газрын гэрчилгээ, өмчлөлийн асуудал шилжиж ирээгүй. Ингээд 2016 онд төсөл хэрэгжүүлэгчийн маань үйл ажиллагааны эрхийг 6 сарын дотор төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа явуулаагүй гээд цуцалчихсан. Манайх барилгажилтынхаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй ч гэсэн төсөлтэй холбогдуулаад холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байсан. Ингээд манайд эзэмшил, өмчлөлийн асуудал ч ирээгүй, байшин барилгаа ч бариагүй, эрхээ цуцлуулчихсан.

Иймд 106.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Дээр нь нэмэлт гэрээ байгуулахад иргэн ирж уулзсан, гэр хорооллын асуудалд ямар нэгэн нөхөн олговортой авчихлаа гэдэг асуудлыг ярьсан учраас 6 сарын хугацаатай нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээгээр түр суурьшуулах түрээсийн татвар буюу 1 сарын 650.000 төгрөгөөр тохирч 6.900.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ хүрээнд хэргийн материалд өгсөн баримтын хүрээнд 6.900.000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс энэ гэрээний холбогдолгүй дараах асуудлаар мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд худалдах худалдан авах гэрээний хувьд 30 000 000 төгрөгийг шилжүүлээд гэрээний үүргээ биелүүлсэн ч нөгөө талаас гэрээний үүргээ биелүүлэхгүй Иргэний хууулийн 59 дүгээр зүйлийн 59.9-д заасан хууран мэхэлж хийсэн шинжтэй хэлцэл байгаа учраас үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 30 000 000 төгрөгөө эргүүлэн авахаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З ХХК-иас 113.761.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гоос 30 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч З ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газраас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726 795 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Гоос 307.950 төгрөгийг гаргуулж, хариуцагч З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дамчий, өмгөөлөгч Э.Ганхөлөг нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодьтойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Шүүхээс шийдвэрийн гол үндэслэл болгосон нэхэмжлэгч Д.Г нь "Заг девелопер" ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн уулзалтаар Нийслэлийн тусгай хэрэгцээнд өөрийн өмчлөлийн газрыг 150 000 000 төгрөгөөр нөхөх олговортойгоор төрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна гэж үзжээ.

Шүүхээс гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ гэрээ байгуулах үед талууд ямар хүсэл зоригтой байсан эсэхийг тодруулах шаардлагатай байсан хэдий ч уг асуудлыг шийдвэрлэхдээ хэт объектив хандаж, хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана" хэмээн заасан. Д.Г-ын хөрөнгийг нийт 280 000 000 төгрөгөөр үнэлэн 150 000 000 төгрөгийг нийслэлийн захиргааны байгууллагаас үлдсэн 130 000 000 тегрөгийг "Заг Девелопер" ХХК-иас тус тус авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. 

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд дүгнэлт өгөхдөө хууль дээдлэх зарчим бодитоор хэрэгжсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй. Д.Г-ын өмчлөлийн газрыг нөхөн олговроор авах талаар Нийслэлийн захиргааны байгууллагаас гэрээ, хэлцэл байгуулсан, бодит үр дүнд хүрсэн эсэхийг нэхэмжлэгчийн хувьд үгүйсгээгүй хэдий ч өнөөг хүртэл уг газрын өмчлөх эрх төрийн, эсхүл орон нутгийн өмчлөх эрхэд албан ёсоор шилжээгүй байгаа бодит байдлыг анхаарч үзвэл төрийн холбогдох байгууллага, "Заг Девелопер" ХХК-иас иргэний өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбон тайлбарлаж болно.

Хоёр талт гэрээнд 130 000 000 төгрөг гэдэг нь харагдаж байгаа бөгөөд ийнхүү тохиролцоогүй байсан бол тухайн газрыг 130 000 000 төгрегөөр тооцох ямар ч боломжгүй. зах зээлийн үнэлгээгээгээр 315 224 000 төгрөг гэж байгаа. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд дүгнэлт өгөхдөө хууль дээдлэх зарчим бодитоор хэрэгжсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч Д.Г нь өөрийн өмчлөлийн газрын өмчлөх эрхийг хариуцагч "Заг Девелопер" ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелээгүй" хэмээн дүгнэжээ. Иргэний хэрэгт иргэн Д.Г болон "Заг Девелопер" ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Гэр хорооллын дахин төлөвлелтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, мөн өдрийн "Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" авагдсан байх бөгөөд шүүхээс маргааныг шийдвэрлэхээ талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааны төрлийг тодорхойлоогүйгээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн хэмээн үзэж байна. Тухайлбал, иргэн Д.Г өөрийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг "Заг Девелопер" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн шүүхээс дүгнэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байсан, эсхүл үйлчилж байгаа эрх зүйн актын хүрээнд ийнхүү шилжүүлэх боломжтой байсан эсэхийг нягтлан шалгах шаардлагатай байсан.

Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.24-д "төсөл хэрэгжүүлэгчийн худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгө нь төсөл хэрэгжүүлэгч компанийн нэр дээр эзэмших эрхтэйгээр шилжих бөгөөд худалдан авсан газар, үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн төслийн зориулалтаар ашиглана" гэж журамд зааснаар Д.Г нь "Заг девелопер" ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагагүйн зэрэгцээ Д.Г гэрчилгээг "Заг девелопер" ХХК-д захирлаар ажиллаж байсан Н.Эрдэмбаяр болон төслийн удирдагч Ж.Лхагвасүрэн нарын шаардлагаар тэдэнд хүлээлгэн өгч байсан. Ийнхүү хүлээлгэн өгөхдөө энэ өдрөөс эхлэн З ХХК захиран зарцуулах эрхтэй болно гэж заасан бичиг үйлдэж З ХХК-д өгч байсан. Харин эзэмших эрхийн нэр шилжүүлэх асуудлын хувьд худалдах, худалдан авах гэрээний 2.3-т зааснаар хариуцагчийн үүрэг байх тул энэхүү асуудалд Д.Гыг буруутгах боломжгүй юм.

Мөн журмын 4.19-т Нийслэлийн засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлнэ. Журмын 4.21-т төслийн нийт санхүүжилтын 50-иас доошгүй хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлэх тохиолдолд энэ журмын 4.19-т заагдсан ажлыг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрхтэй. гэж заасан.

Шүүхээс өмчийн харилцаанд эрх зүйн дүгнэлт өгөхдөө материаллаг хуулийн хэм хэмжээг хэрэглэх ёсгүй харилцаанд хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дapaa болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ" гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д "Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авахад газар өмчлөлд олгох нөхөх олговрыг улсын төсвөөс гаргана" гэж заажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд"төрийн тусгай хэрэгцээт газрыг иргэний өмчлөлийн газрыг солих эсхүл эргүүлэн авах хэлбэрээр нөхөх олговортойгоор авч болох бөгөөд төр нөхөх олговортойгоор эргүүлэн авсан тохиолдолд уг газар төрийн өмч болно. Өөрөөр хэлбэл, иргэний өмчлөлийн газар иргэний хэрэгцээнд төр худалдан авч буй хэлбэр юм" гэжээ. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйл нь Иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газрын харилцаанд үйлчлэх бөгөөд газар эзэмших гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгохтой холбоотой харилцаанд хэрэглэгдэнэ. Шүүхээс Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэглэж өмчийн харилцаанд дүгнэлт өгөхдөө хуулийн заалтыг зохицуулж байгаа харилцаа, хэм хэмжээ үйлчлэн хэрэглэгдэх урьдчилсан нөхцөл зэргийг сайтар харгалзан үзээгүйгээрээ маргааныг шийдвэрлэхдээ хэргийг тал бүрээс нь бүрэн бодит дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 болон 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хангасан. Гэвч энэхүү гэрээнүүд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдсэн гэрээнүүд байх бөгөөд хоёр талт гэрээ болон худалдах, худалдан авах гэрээгээр нэр шилжүүлэх үүрэг нь "Заг девелопер" ХХК-д байсан, Д.Г нь өөрийн зүгээс гэрчилгээнүүдийг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн байна. Цаашлаад иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасанчлан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд газрын өмчлөх эрх Д.Г-ын өмчлөх эрхэд бүртгэлтэй эд хөрөнгийн эрх дуусгавар болоогүй, газрын эрх албан ёсоор өөр байгууллагад шилжээгүй байхад иргэн миний "Заг Девелопер" ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон эд хөрөнгө нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхийн доголдолтой байсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх бүхнээс нэгтгэн дүгнэхэд шүүх хэргийг шийдвэрлэхээ талуудын хооронд үүссэн гэрээ, хэлцлийн харилцааг тодорхойлоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл нь хуульд нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэх, гэрээний хүсэл зориг нь бодит байдалд ямар байсан эсэх зэрэг үндсэн үйлдэл, үйл явдалд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийн тайлбарыг хэт харгалзан, нотлох баримтыг хэт объектив байдлаар тайлбарласан зэрэг нь нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх ноцтой зөрчигдөх нөхцлийг бүрдүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч З ХХК, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Г газарт тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 109 869 000 төгрөг, түрээсийн төлбөрт 3 900 000 төгрөг, нийт 113 769 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Г газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч З ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 8 дугаар гудамжны 138 тоотод байрлах 606 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан бөгөөд уг газар дээр 110 м.кв талбай бүхий хувийн сууц барьж улмаар өмчлөгч болжээ. /хх 103-133/

 

Дээрх газар нь Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны 7 дугаар хороолол Төслийн дэд бүтцийн трасст өртсөн тул Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Д.Гтой 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулж, түүний өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн хамт чөлөөлөх, уг газрыг 150 000 000 төгрөгөөр үнэлж нөхөн олговортойгоор төр эргүүлэн авахаар талууд тохиролцож, тэмдэглэл үйлдсэн байна. /хх 151/

 

Нэхэмжлэгч Д.Г-ын өмчлөлийн газар хашаа хувийн сууц нь дэд бүтцийн трасст өртсөн  тул чөлөөлж Нийслэлийн өмчийн газарт хүлээлгэн өгч, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр түүнд нөхөх олговор олгохоор шийдвэрлэж тэмдэглэл, мөн өдөр чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт  тус тус үйлдэж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1011 дугаартай захирамж гарч Д.Год нөхөн олговорт 150 000 000 төгрөг олгосон тухай үйл баримт хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх 137-157, 190-196/

 

            Нийслэлийн өмчийн харилцааны газар дэд бүтцийн трасст орсон газрыг нөхөх олговортойгоор Д.Гоос эргүүлэн авснаар уг газар төрийн өмч болсон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.2, 43.4 дэх хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дах хэсэгт заасантай нийцсэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г нь З ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14/5 дугаартай “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдөр 31/8-138 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” байгуулж, худалдан авагч нь гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамжны 138 тоотод байрлах газар, хувийн сууцыг 130 000 000 төгрөгт тооцон урьдчилгаа төлбөрт 30 000 000 төгрөг, гэр хорооллыг барилгажуулах төслийн орон сууцнаас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдагчид шилжүүлэхээр талууд тохиролцжээ.

            Дээрх гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгч Д.Г өөрийн өмчлөлийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн тусгай хэрэгцээнд 150 000 000 төгрөгний нөхөх олговортойгоор шилжүүлэхээр тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний дагуу тэрээр эрхийн зөрчилгүй газар, түүнтэй холбоотой баримт бичгийг З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Г Нийслэлийн тусгай хэрэгцээнд зориулж өөрийн өмчлөлийн газрыг нөхөн олговортойгоор төрд эргүүлэн өгсөн тул хариуцагч З ХХК-тай байгуулсан газар худалдах худалдан авах хэрэгжих боломжгүй болж худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсон төлбөр болон алданги, “Нэмэлт гэрээ”-ний дагуу орон сууц хөлслөх төлбөр шаардах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Иймд хариуцагч З ХХК-иас 113 769 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч З ХХК нэхэмжлэгч Д.Год холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Г  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 8 дугаар гудамжны 138 тоотод байрлах 606 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан газар, тус газар барьсан  110 м.кв талбай бүхий хувийн сууцыг З ХХК-д 130 000 000 төгрөгөөр худалдаж,  тухайн газрын өмчлөлийг шилжүүлэх, З ХХК, Д.Год ажлын 5 хоногт багтаан 30 000 000 төгрөгний урьдчилгаа өгөх, үлдэгдэл 100 000 000 төгрөгийн төлбөрт 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бартер хэлбэрээр төлөхөөр тохиролцжээ. /хх 8-16/

 

Дээрх гэрээний дагуу З ХХК нь Д.Год 30 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Г өмчлөлийн газраа төрд нөхөх олговортойгоор шилжүүлэн өгч уг газар дээр Ус дулаан дамжуулах төв баригдсан тул худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн эрхийн зөрчилгүй доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул хариуцагч З ХХК нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 30 000 000 төгрөг шаардсаныг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх агентлаг Г газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсэээ татгалзсан байх тул шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь гэрч Н.Бат-Эрдэнийг асуулгах тухай хүсэлт гаргасан байх ба шүүх гэрчийн оршин суух хаяг тодорхойгүйгээс ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. /хх 67, 68, 78, 79/

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/03064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 034 745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН