| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2019/00344/и |
| Дугаар | 435 |
| Огноо | 2019-03-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 435
| 2019 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 182/ШШ2019/00435 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.О
Хариуцагч Ц.О
947.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О миний бие Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хорооллын 18-р байрны 58 тоотын 2 өрөө байрыг Ц.Оад 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1 сарын түрээс 500.000 төгрөг байхаар тохиролцон хөлслүүлсэн. Хөлслөгч Ц.Оых манай байранд 6 сар гаран амьдрах хугацаандаа байрны хөлсний мөнгөө өгөлгүй хойшлуулсаар байрнаас гар гэхээр гардаггүй, буух эзэнтэй буцах хаягтай учир бид мөнгөө өгнө үргэлжлүүлээд амьдарна гэсээр байрны хөлсны мөнгөө өгөхгүй байгаа учраас би шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ. Байрны төлбөрөө 08 сард багтаан төлөхгүй бол сарын 5 хувийн алданги тооцно гэж Ц.Отай тохиролцсон батламж, тодорхойлолтыг үндэслэн алдангийг төлүүлэх хүсэлтэй байгаа боловч алдангийг нэхэмжлэхгүй, үндсэн төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Ц.О нь 12 дугаар анги төгсөх хүүхэдтэй байсан бөгөөд манай байранд 2017 оны 07 сарын 23-ны өдрийг хүртэл амьдарсан бөгөөд амьдарч байх хугацаандаа 1.750.000 төгрөгийг төлсөн. Иймд Ц.Оаас сүүлийн 46 хоногийн түрээсийн 766.000 төгрөг болон 6,7 дугаар сарын байрны мөнгө 60.000 төгрөг, 2017 оны 02 сараас 2017 оны 07 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөр 121.400 төгрөг нийт 947.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэл, орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээслүүлэгч Н.О болон Ц.Оын тохиролцсон тодорхойлолт, батламж, СӨХ, байрны мөнгө төлсөн баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Ц.Оад холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний дагуу 46 хоногийн түрээсийн төлбөр 766.000 төгрөг, 6,7 дугаар сарын байрны мөнгө 60.000 төгрөг, 2017 оны 02 сараас 2017 оны 07 дугаар сар хүртэлх СӨХ-ны мөнгө 121.400 төгрөг, нийт 947.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр нэхэмжлэгч Н.О нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5-р хороо 6-р хорооллын 18-р байрны 58 тоотын 2 өрөө байрыг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Ц.Оад хөлслүүлж, түүний эзэмшилд орон сууцаа шилжүүлсэн байна. Ц.О нь орон сууц хөлсөлсний төлбөр болох 500.000 төгрөгийг сар бүр, сар тутмын 07-нд урьдчилж төлөх, төлбөрөө төлөхгүй 1 сарын хугацаа хэтэрвэл гэрээг дуусгавар болгож, цуцлах, цахилгаан болон бусад хэрэглээний бүх зардлыг хөлслөгч төлөхөөр гэрээнд тохиролцсон байна.
Хариуцагч орон сууцанд 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл оршин суусан ба хөлсөө төлөхгүй байсны улмаас нэхэмжлэгчийн шаардлагаар мөн өдөр байрыг суллаж гарсан байна.
Ингэхдээ орон сууц хөлсөлсний хөлсийг 2017 оны 07 дугаар сар бүтэн, 06 дугаар сарынхыг хагас төлөөгүй тул 766.000 төгрөг, 6,7 дугаар сарын байрны ашиглалтын зардал 60.000 төгрөг, мөн 2017 оны 02 сараас 2017 оны 07 дугаар сар хүртэлх СӨХ-ны мөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Уг байрны СӨХ-ны төлбөр сард 16.700 төгрөг ба 2017 оны 03 дугаар сард шавьж устгалтын мөнгө 4500 төгрөг нэмэгдэж төлөгджээ. Нэхэмжлэгч дээрх мөнгийг холбогдох газарт төлсөн нь мөнгө төлсөн баримтаас харагдаж байна. СӨХ-ны төлбөрийг 2017 оны 02 сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд тооцоход 96.900 төгрөг байх ба хариуцагчаас 922.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Орон сууцны цахилгаан болон бусад хэрэглээний бүх зардлыг хөлслөгч төлөхөөр гэрээнд тохиролцжээ. СӨХ-ны төлбөрт лифт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээний хөлс ордог байна.
Хариуцагч 2017 оны 07 сарын 21-ний өдөр 45 хоногийн мөнгийг болон бусад зардлыг 2017 оны 08 дугаар сард багтаан төлөх тухай бичиг хийж өгч байсныг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсыг хүлээн авсан, мөн түүний утсаар түүнд шүүх хуралдааны товыг давхар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Оаас 922.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгож, нэхэмжлэгчийн 24.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас 26.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БУД