| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/1494/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1511 |
| Огноо | 2022-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1511
2022 12 09 2022/ШЦТ/1511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001857 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1******************* аймгийн **********************суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ********************** ХХК-нд ээжлийн ахлах тогтооч ажилтай, ам бүл 2 ээжийн хамт********************* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ****************************************(РД:***********),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***************** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 40 минутын орчимд *************************** бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ************* миний гарнаас барилаа гэж толгойн тус газар архины шилээр цохиж биед духанд няцарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 40 минутын орчимд ******************бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус баарны хамгаалагч **************** тохойноос нь барилаа гэх шалтгаанаар толгойн тус газар архины шилээр цохиж биед духанд няцарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч **************: “...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг 40 минутын орчимд би ажил дээрээ байж байтал 2 согтуу эмэгтэй намайг буудлын хаалга олоод өг гэхээр нь би 1 эмэгтэйн гарнаас бариад баарнаас гаргаад буудлын хаалгыг нь зааж өгөөд зогсож байтал тэр эмэгтэй чи миний гараас барьдаг хэн бэ гээд гартаа барьж байсан шилтэй архиараа миний толгой руу цохичихсон. Би тэр хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй ба тухайн үед цагдаа нар тэр эмэгтэйг эрүүлжүүлэхээр аваад явсан. Миний толгойны зүүн дээд хэсэг хагарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
2. Гэрч ********: “...2022 оны 10 дугаар сарын 18-ны 14 хоног ээлжилдэг ажлаасаа ****************** бид гурав буугаад хотод ирцгээсэн юм. Тэгээд бид гурав жоохон сууж юм ярилцаж уудаг юм билүү гэж бодоод *******************араокед суугаад гурвуулаа нилээн ууж байгаад **********түрүүлээд тасраад унтаад өгсөн. Өрөө рүү нь оруулчхаад бид хоёр үргэлжлүүлээд 1 шил архи, 4 пиво аваад, 4 пиво ууж дуусгачхаад хоёулаа өрөөндөө орж ууя гэж ярьж тохиролцоод өрөө рүүгээ босоод явж байхад хамгаалагч гэх нэг залуу нь ***************** түшээд явж байтал ************** согтсон байсан болохоор хүүе яах гээд миний биед хүрээд байна гээд гартаа барьж байсан архины шилээрээ тухайн баарны хамгаалагч гэх залуугийн толгой хэсэгт нэг удаа цохичихсон юм, тэгсэн тухайн баарны хамгаалагч гэх залуугийн толгойноос цус гараад, бас гар нь цус болчихсон байсан, удалгүй цагдаагаас хүмүүс ирээд **************** аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
3. Гэрч ************ “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг ************* нарын хамт Улаанбаатар хотод ирээд жоохон юм ярингаа ууя гэж ярьж тохиролцоод ******************** караокед сууцгааж нилээн ууж байгаад би түрүүлж тасраад буудлын өрөөндөө унтсан. Маргааш өглөө сэрэхэд **************** байхгүй, Оюун бид хоёр унтаж байсан. ****************юу болсон талаар асуухад ...архины шилээр баарны хамгаалагчийн толгойг хагалсан, цагдаа ирээд *************** аваад явсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)
4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14415 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...**************** биед духанд няцарсан шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
5.Шүүгдэгч ************: “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ********************************ХХК-д ээлжийн ахлах тогооч ажлаасаа буугаад 15 цагийн үед Улаанбаатар хотод ирээд найзууд болох ***************** нарын хамтаар гадуур явж байгаад ************************” караокед орж сууцгаасан юмаа. Тэгээд бид хэд нилээн юм ууцгааж байгаад ************** түрүүлээд тасраад унаад өгөхөөр нь бид хоёр өрөө рүү нь оруулж өгчхөөд буцаад сууж байгаад дахиж 1 шил архи, 4 ширхэг шилтэй Калтенбэрг пиво уучхаад буцаад 1 шил архи үлдчихээр нь өрөө рүүгээ орж ууя гээд байж байтал баарны хамгаалагч гэх залуу намайг сугадаад буудлын өрөөний хаалгыг зааж өгөөд байж байхад би юунаас болсноо мэдэхгүй байна, толгой руу гартаа барьж байсан архины шилээр нэг удаа цохичихсон. Тэгсэн удалгүй цагдаагаас хүмүүс ирээд намайг аваад явсан. Би тухайн үед согтсон байсан болохоор яг юунаас болсноо мэдэхгүй байна. Гэхдээ архины шилээр цохисноо хүлээн зөвшөөрч байна. Намайг цохиж, зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч ************** нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтсон үедээ хохирогч ************* миний тохойд зөвшөөрөлгүй хүрлээ гэх шалтгаанаар толгой хэсэг рүү архины шилээр цохисон нь хохирогч ***********, гэрч ********* нарын мэдүүлгээр тогтоогдсон, улмаар шүүгдэгчийн энэхүү үйлдлээс шалтгаалж хохирогчид гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, улмаар шүүгдэгч нь уг үйлдлийг үгүйсгээгүй, өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ба түүний үйлдэл, хохирогчид учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *********** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч ************** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчээс 250,000 төгрөг авсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон (хавтаст хэргийн 40дэх тал)-оос гадна хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 72 дахь тал) авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь *********** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ************* танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгч ************* нь *****************ХХК-нд тогоочоор ажилладаг, түүний орлоготойг илэрхийлэх баримт авагдсан зэргийг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *****************нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************** 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** оногдуулсан торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ