| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2019/00402/и |
| Дугаар | 182/ШШ2019/00474 |
| Огноо | 2019-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2019/00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж тоот хаягт байрлах, /регистрийн дугаар /, овогт Д.О-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Ч.Б,
Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.С нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.С, Ч.Бнарт 3,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Д.С, Ч.Бнар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тиймээс Д.С, Ч.Бнараас хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалт байгаа тул хүү 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулна. Зээлийн гэрээнд 2,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, мөн 1,000,000 төгрөгийн өдөр бүр 36,000 төгрөг төлөхөөр тохиролцож бичсэн боловч 3,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй өгсөн гэв.
Хариуцагч Д.С, Ч.Бнар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Д.Огаас 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Наймаа хувиараа лангуу ажиллуулж байсан боловч эргэлтийн мөнгө хэрэг болоод хүүтэй зээлсэн, наймаа орлогогүй, ногоо тариад ариун ургац аваагүй болоод өрөө төлж чадаагүй. Одоо лангуугаа алдаад тодорхой ажилгүй байна. Зээлсэн 3,000,000 төгрөг болон хүү 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.О хариуцагч Д.С, Ч.Бнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 2,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, мөн 1,000,000 төгрөгийн өдөр бүр 36,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа “Зээлийн гэрээнд 2,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, мөн 1,000,000 төгрөгийн өдөр бүр 36,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж бичсэн боловч 3,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд 1,500,000 төгрөг бол зээлийн хүүгийн төлбөр” гэж тайлбарлав.
Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч төлбөр төлөөгүй тухайд маргахгүй байна.
Зээлдэгч Д.С, Ч.Бнар зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 240,000 төгрөг нийт 3,240,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талууд зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн зохих хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцоогүй тул нэхэмжлэгч Д.О зээлдэгч нараас алданги 1,500,000 төгрөг шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Д.С, Ч.Бнараас үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 240,000 төгрөг нийт 3,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С, Ч.Бнар зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн боловч талуудын хооронд хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй, нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөр эсвэл алданги шаардаж байгаа эсэхийг тодоруулах шаардлагатай тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй, Иргэний хуульд нийцээгүй гэж үзлээ.
Хариуцагч Д.С, Ч.Бнар шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, Ч.Бнараас 3,240,000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С, Ч.Бнараас 66,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ