Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1534

 

 

 

 

 

 

 

2022           12           14                                 2022/ШЦТ/1534

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Ж.Сувданчимэг,

            шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208031411735 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******************* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа авто засварчин хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, С*************** тоотод оршин суух хаягтай,

урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, биелүүлсэн, *************************** /РД:***************/,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” дэлгүүрийн гадна ************* автомашины зам чөлөөлөх асуудлаас үүдэн  маргалдаж улмаар түүний нүүр, толгойн тус газарт гараараа цохих, нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэрэг байдлаар  халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны шинэ хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй. Би *********** хамар луу цохисноо хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Хохирогч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...************ нь миний хамар луу цохиж шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг учруулсан. Надад эмчилгээнд зориулж 140,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл мөнгөө барагдуулж авахыг хүсэж байна. Ер нь  *********** надад 500,000 төгрөг төлж барагдуулна гэж тохиролцсон байгаа ” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” дэлгүүрийн гадна өөрийн эзэмшлийн 2580 УНМ улмын дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа иргэн ************* тавьсан  “зам чөлөөлөх тухай” шаардлагыг  эсэргүүцэн маргалдаж улмаар **************** нүүр, толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны шинэ хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, 

 

1. Хохирогч **************н “...Би ********** гэх залууг өмнө нь таньдаггүй байсан, цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн. Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчим санагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутагт байх Урьхан дэлгүүр ороод буцаад гарсан. Тэгсэн дэлгүүрийн гадна ************гэх залуу машиныхаа хаалгыг онгойлгосон урдаас ирсэн машины жолоочтой хэрэлдээд байхаар нь би ********** гэх залууд “чи архи уучихсан юм биш үү замаа чөлөөлөөд чимээгүй яв” гэж хэлсэн. Тэгсэн *********** гэх залуу машинаасаа бууж ирээд над руу дайраад “чи цагдаа юм уу, хэн юм” гээд гараараа миний нүүр, толгой хэсэгт 5-6 удаа цохиж зодсон... мөн нүүр хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний биед үүссэн гэмтэл нь тэр үед үүссэн гэмтэл юм. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12842 дугаартай: “...*********** биед хамар ясны шинэ, хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

3. Шүүгдэгч ************ “...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутагт байх баз ************* гэрээс хүүхдүүдээ авах гээд өөрийн эзэмшлийн 25-80 УНМ улсын дугаартай авто машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутагт байх Урьхан нэртэй дэлгүүрийн зүүн талын зам дээр түгжрээд зогсож байсан чинь ************ гэх хүн миний автомашины шил рүү гараараа цохиод авахаар нь би машинаасаа бууж очоод ***************** гэх хүнийг заамдаж аваад нүүр хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохиод хавирч газар унагаад нүүр хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн *********** гэх хүн цагдаад дуудлага өгөөд байсан. Би ганцаараа явж байсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч *********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд байх атал тэрээр хүүхдүүдээ авах нэрийдлээр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, ингэж явахдаа бусдын зам чөлөөлөх талаар тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, иргэн ************ бие махбодод халдсан  үйл баримт тогтоогдсон байна.

 

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

шүүгдэгч *********** нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ************* зодож бие махбодод нь гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч **************** энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч ******** нь шүүгдэгч ************* зодуулсны улмаас гарсан зардал хэмээн  нийт 172,500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, уг зардлаас шүүгдэгч  ********** нь 140,000 төгрөгийг  мөрдөн байцаалтын шатанд төлсөн байна.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн үеэр 35,000 төгрөг төлсөн буюу шүүгдэгч ************ нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн зардлыг төлж барагдуулсан болно.  

Хохирогч *************нь нийт 500,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг зардлыг нотолсон ямар нэгэн баримт байхгүй тул хохирогч нь  энэхүү зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь  “...шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний буруутай үйлдлээс шууд шалтгаалсан буюу тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодон явж бусдын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэл нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн, нөгөө талаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь бусдад баримтын хүрээнд хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгч *********** нь хувийн байдлын хувьд авто засварын газар ажилладаг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн ангилалд хамаарсан зэрэг дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 600 (зургаа зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  

            5. Шүүгдэгч ********** нь хохирогч ************175000 (нэг зуун далан таван мянган) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч *************т нь баримтгүй нэхэмжилж буй зардал болон цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *************** нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ