| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1293/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1339 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1339
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001466 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ны өдөр ** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 168 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2, 125 дугаар зүйлийн 125.1, 225 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2644 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 07 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ** овогт Пн Ц (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Зээлийн*** дугаар гудамж, *** тоот хашааны гадна хохирогч Ц.Бг “шөнөжин архидаад хүн амраасангүй” гэх шаардлага тавьсны төлөө маргалдан халиваар 3 удаа хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, шуунд шарх, сорви, баруун гарын эрхий хурууны хумсанд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр тэр айлаас хүн авахаар очсон. Гэтэл хохирогч Б гарч ирээд бид 2 маргалдсан. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, зодсон нь үнэн. Хохирогчид эм тариа авч өгөөд 100,000 төгрөг өгсөн. Гар утас зээлээр авч өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208000001466 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ц.Бн: “2022 оны 08 сарын 12-ны шөнө би гэртээ амрах гэж байтал хажуугийн айл буюу Зээлийн *** тоотод ** УАК улсын дугаартай Приус-41 маркын авто машинтай хүмүүс цуглаад шөнөжин шуугилдаж архидаж хоносон. Маргааш өглөө 06 цагийн үед ажилдаа явах гээд гартал хажуу хашааны үүдэнд ** УАК дугаартай машины хажууд зүүн нүдний доор шивээстэй, халзан толгойтой, дунд зэргийн нуруутай 30-35 насны залуу зогсож байхаар нь би “Та нар шөнөжин архидаад хүн амраахгүй юм, цагдаа дуудсан чинь ирсэнгүй” гэхэд “Чамд ямар хамаатай юм, хар Н, Б хэлээрэй, бүгдийг чинь хутга шааж ална шүү” гэхээр нь би буцаад орох гээд хашаа руугаа явж байтал араас гэнэт нүүр лүү гараа зангидаж байгаад цохиод, гар луу цохих шиг болохоор нь хартал зүүн гартаа жижиг халив шиг юм барьчихсан байсан. Миний зүүн гарын булчин хэсгээс цус гоожиж эхэлтэл дахиж дайраад булчин хэсэгт 1, шуу хэсэгт 1, нийт 3 удаа тухайн зүйлээрээ дүрчихээд машинаа согтуу жолоодоод яваад өгсөн. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.23-ны өдрийн 11510 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Бн биед зүүн бугалга, шуунд шарх, сорви, баруун эрхий хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Шүүгдэгч *******н сэжигтнээр өгсөн: “Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Ажлын дү Сүх-Эрдэнийн гэрт очоод 2 эмэгтэйн хамт архи уугаад 02 цагийн орчим унтсан. Өглөө 07 цагийн орчимд бие засах гэж гараад Бтэй таараад бид хоёр маргаан үүсээд (би яг юу хэлснээ санахгүй байна) ажлын цамцны халаасанд байсан халиваар зүүн гар хэсэг рүү нь 2-3 удаа зоож гэр лүүгээ явсан. Би согтуу байсан тул тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Мөн яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед Баруун салаанд байхдаа Б гэдэг залуутай маргалдаад зүүн гарын бугалга, шуу зэрэгт нь гурван удаа жижиг халиваар хатгаж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-5), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-25), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-28), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-29), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-30), дансны хуулга (хх-32-43) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн өмнөх эрүүгийн хариуцлагатай холбоотой шийтгэх тогтоолын 12 хуудас хуулбар баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, ***тоот хашааны гадна хохирогч Ц.Бтэй “шөнөжин архидаад хүн амраасангүй” гэх шалтгаанаар маргалдан эрүүл мэндэд нь “зүүн бугалга шуунд шарх, сорви, баруун гарын эрхий хумсанд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч өмнөх орой нь архи уусан, хэрэг болсон айлд хоноогүй. Өглөө нь шүүгдэгч даргаа авах гээд очоод машинаа янзалж байтал хохирогч ирээд “шөнөжин архи уугаад хүүхэд айлгалаа” гэж шүүгдэгчийг гүтгэн маргалдаж хэрэг гарсанд хохирогчийн буруутай үйлдэл байна. Хатгахдаа зүүн гар талын шуу хэсэг рүү нь 2 удаа хатгасан. Тухайн үед 8 сар байсан тул хохирогч зузаан цамцгүй майктай гарч ирсэн тул 2 сорви гарсан байна. Үлдсэн 2 гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүнзгий сорви үүсээгүй хөнгөн гэмтэл гарсан байна. Гүнзгий гэмтэл шинжээчийн дүгнэлтэд байхгүй. Шүүгдэгч рүү хохирогч дайраад байсан тул хохирогчийг халиваар хатгасан. Нүцгэн хүнд хүрэх үед хөнгөн гэмтэл учирсан. Тухайн айлд хоноогүй байхад хоносон гэж гүтгэж байна. Хохирогч нь Цыг оролдож байгаад хатгуулсан. Ц санаатай хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “Хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн” гэх гэм буруугийн дүгнэлт нь хэрэгт авагдсан хохирогчийн “...та нар одоо шөнөжин архидаад хүн амраахгүй юм, цагдаа дуудсан чинь ирсэнгүй” гэтэл “Чамд ямар хамаатай юм, хар Н, Б хэлээрэй, бүгдийг чинь хутга шааж ална шүү” гэхээр нь би буцаад орох гээд хашаа руугаа явж байтал араас гэнэт нүүр лүү гараа зангидаж байгаад цохиод, гар луу цохих шиг болохоор нь хартал зүүн гартаа жижиг халив шиг юм барьчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-10), шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хх-14) болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин хохирогчийн тавьсан зүй ёсны шаардлагаас үүдэн шүүгдэгч, хохирогч нарын дунд маргаан үүсэж шүүгдэгч хохирогчийн араас очиж зүүн гаранд 3 удаа халиваар хатгаж байгаа үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориудаар хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд харин шүүгдэгчийг тээврийн хэрэгслээ янзалж байхдаа болгоомжгүй, санаандгүй хэлбэрээр хохирогчид гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүйн зэрэгцээ няцаагдаж байна.
Хохирогчид шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт ...-ийг холбогдох оролцогчид танилцуулна”, 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл ...хохирогч, ...тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа ...хохирогч, ...тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн мөрдөгч хохирогч Ц.Бд шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулах гэсэн хэдий ч “Хохирогч хаана байгаа талаар мэдэгдэхгүй, самарт явсан” гэсэн гэх өгүүлэмж бүхий тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан, мөн дээрх зөрчил нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөөлөхгүй гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн, хохирогч 8 сард дээгүүрээ нүцгэн гарч ирсэн болохоор гүнзгий шарх үүссэн, 2 гэмтлийг зөвшөөрнө, 2 гэмтлийг зөвшөөрөхгүй, хэзээ үүссэн нь тогтоогдоогүй, цагаатгаж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******г 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр (хх-14), 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг (хх-57) авахдаа сэжигтний болон яллагдагчийн эрх, үүргийг тус тус тайлбарлан улмаар мэдүүлэг өгөх эсэх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эсэхийг асууж тодруулсны эцэст өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, цаашид өмгөөлөгч авах эсэхээ шийднэ гэсний нь дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэхгүй.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, уг шинжээч дүгнэлтдээ “...Хэсэг газрын үзлэг: “Зүүн бугалга гадна дунд хэсэгт 1х0.5см хар хүрэн тав тогтсон шарх, урд дунд хэсэгт 0.5х0.3см цайвар ягаан сорви, зүүн шууны урд дунд хэсэгт 0.3х0.3см цайвар ягаан сорви. Баруун гарын эрхий хурууны хумсанд цус хурсан. Дүгнэлт: 1. Ц.Бн биед зүүн бугалга, шуунд шарх, сорви, баруун эрхий хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна...” гэснийг үгүйсгэсэн, няцаасан үндэслэл бүхий тайлбар гаргаагүй төдийгүй тийм нотлох баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн*******дүгээр хороо, Зээлийн *** дугаар гудамж,*** тоот хашааны гадна хохирогч Ц.Бг “шөнөжин архидаад хүн амраасангүй” гэх шаардлага тавьсны төлөө маргалдаж халиваар 3 удаа хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга шуунд шарх, сорви, баруун гарын эрхий хумсанд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.Бн “...нүүр лүү гараа зангидаж байгаад цохиод араас гар луу цохих шиг болохоор нь хартал зүүн гартаа жижиг халив шиг юм барьчихсан байсан. Миний зүүн гарын булчин хэсгээс цус гоожиж эхэлтэл дахиж дайраад булчин хэсэгт 1, шуу хэсэгт 1, нийт 3 удаа дүрээд машинаа согтуу жолоодоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-9-11), шүүх эмнэлгийн 11510 дугаар “1. Ц.Бн биед зүүн бугалга, шуунд шарх, сорви, баруун эрхий хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), шүүгдэгч *******н “...Б гэдэг залуутай маргалдаад зүүн гарын бугалга, шуу зэрэгт нь гурван удаа жижиг халиваар хатгаж гэмтэл учруулсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-57) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******н согтуурсан үедээ, хохирогч Ц.Бн зүүн бугалга, шуу хэсэг рүү халиваар 3 удаа хатгаж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч хохиролд 1,500,000 төгрөг төлсөн гэх боловч баримт гаргаж өгөөгүй, хохирогчийн “Гомдолтой байна” гэх мэдүүлэг (хх-11)-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.
Харин хохирогч Ц.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000-600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, хохирогчийн “шөнөжин архидаад унтуулсангүй” гэх шаардлага тавьсны төлөө гарын шуу, бугалга хэсэгт халиваар 3 удаа хатгах, нүүр лүү 1 удаа цохих үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,500,000 төгрөг төлсөн гэх боловч баримтгүй, хохирогч “би гомдолтой байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын дундаж хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675,000 (зургаан зуун далан таван мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилга дээр ажилладаг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *******г 675,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Пн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675,000 (зургаан зуун далан таван мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 675,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР