Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2019/00516

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны гүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.ХХК

Хариуцагч: М.Э-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,930,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч нартай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 60 хоногийн хугацаатай, 6% хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар гэрээний хугацаанд нийт 740,000 төгрөг төлсөн. Төлсөн мөнгөнөөс 1 сарын хүү 180,000 төгрөг буюу нийт 380,000 төгрөгийн хасаж тооцсон. Зээлийн үндсэн төлбөрт 2,620,000 төгрөг ба талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-т зааснаар алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиар тооцоход 1,310,000 төгрөг болох ба нийт 3,950,000 төгрөгийг хариуцагч нараас гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх лангуу ажиллуулдаг ба нэхэмжлэгч байгууллагаас байгууллагаас байнга мөнгө зээлдэг байсан. Өмнөх гэрээний дагуу манайх илүү төлөлт хийсэн тул үүнийг хасах нь зүйтэй гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр  3,000,000 төгрөгийн гэрээ хийсэн боловч 2,970,000 төгрөгийг хүлээн авсан буюу дутуу өгсөн. Хариуцагч нар 837,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр буцааж өгсөн. Мөн 740,000 төгрөгийг цувуулж байгаад төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 23-нд 200,000, 8 дугаар сарын 24-нд 200,000 төгрөг, 6 сарын 24-нд 100,000 төгрөг, 80,000 төгрөг, нийт 1,577,000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр зээлийн үлдэгдэл 1,393,000 төгрөг, алдангид 696,500 төгрөг, нийт 2,089,500 төгрөгийг төлж болно гэв.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М.Э, Э.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,930,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал 2,089,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,841,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч М.Э, Э.Г нартай 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 3,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаанд 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-3-4/ Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байх ба талууд гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй тул үүргийн биелэлтийг үүрэг зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2,970,000 төгрөг хариуцагч Э.Г-ын банкин дахь дансанд шилжүүлсэн ба талууд энэ талаар маргаагүй. /хх-10/ Нэхэмжлэгч гэрээ байгуулсан дүнгээс 30,000 төгрөгийг зээлийн үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж үзэн суутгасан бөгөөд энэ нь компанийн захирлын тушаалаар батлагдсан хэмээн тайлбарласан боловч хэрэгт холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан тул зээлдэгчийн буцаан төлөх үүргийн хэмжээ нь гэрээ байгуулсан дүнгээр бус шилжүүлэн авсан хэмжээгээр хязгаарлагдана.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн үүргийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө, талуудын хооронд өмнө байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг илүү төлснийг тооцуулна, зээлийн шимтгэлд 30,000 төгрөг суутгасан нь үндэслэлгүй, мөн зээлийн гэрээ байгуулсан өдөр 837,000 төгрөгийг буцаан төлсөн хэмээн тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй, мөн маргааны үйл баримтын талаар мэдэхгүй байгаа нөхцөлд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх маргааныг шийдвэрлэх, улмаар хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар, түүнчлэн анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.

Энэхүү нөхцөлөөр авч үзвэл талуудын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 201806064 тоот Зээлийн гэрээний 7.1-т “Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралт хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үндсэн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэж заажээ.

Хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг зээлийн үндсэн төлбөр 2,970,000 төгрөг, түүний хүү 356,400 төгрөг, нийт 3,326,400 төгрөг болох ба хариуцагч нарын төлсөн 740,000 төгрөгийг хасаж тооцоход зээлийн үндсэн төлбөр 2,586,400 төгрөг, алданги нь 1,293,200 төгрөг, нийт 3,879,600 төгрөг гэж үзнэ.   

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч хэн алинаас шаардсан нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч Э.Г, М.Э нараас 3,879,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгон, үлдэх 50,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр үйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Э, Э.Г нараас 3,879,600  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгон, үлдэх 50,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 77,830 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 77,023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.НЯМСҮРЭН