Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2021/0038   

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: Б.А гомдолтой,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Гад холбогдох,

Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  гомдол гаргагч Б.А, түүний өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагч Б.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч Б.Аээс шүүхэд гаргасан гомдолдоо:

Баян-Өлгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай "Шийтгэлийн хуудас”-аар Болат овогтой Айбек намайг "... сонгуулийн явцын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дах хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж, 20,000,000 сая төгрөгөөр торгох албадлагын арга хэмжээ авсан байна.

Санхүү, төрийн сангийн *хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Гын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Гын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай “Шийтгэлийн хуудас” нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дах хэсгийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.

Учир нь,  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дах хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Иргэн Б.А миний бие Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 2 дугаар тойрогт нэр дэвшиж оролцохдоо хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлж байсан тул “... сонгуулийн явцын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулж, торгох албадлагын арга хэмжээ авсан улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дах хэсгийг ноцтой зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна.

  1. Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г иргэн Б.А намайг 20,000,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахдаа хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т “оролцогч” гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно, 3.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заажээ. Холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дах хэсэгт заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр зохицуулагдсан байна.

Гэтэл Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г зөрчил шалгах ажиллагааг явуулахдаа иргэн миний хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, намайг зөрчил шалгах ажиллагаанд огт оролцуулаагүй болно. Улсын байцаагч Б.Г нь зөрчил шалгах ажиллагаанд оролцуулаагүйн улмаас иргэн миний ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, мэдүүлэг өгөх, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг хуульд заасан эрх ноцтой зөрчигдсөн.

Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г зөрчил шалгах ажиллагааг явуулахдаа холбогдогчийг ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүйн улмаас "... сонгуулийн явцын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй” гэсэн явцуу дүгнэлтийг хийж, хууль бус шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна.

  1. Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зөрчиж, иргэн Б.А намайг 20,000,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заажээ.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт "... нэр дэвшигч ... хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байна.

Төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газар нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дах хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч шалгах ёстой байжээ.

Хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зөрчиж, иргэн Б.А намайг 20,000,000 төгрөгөөр торгосон Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Гын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд иргэн Б.А миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Гомдол гаргагч Б.Аээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Болат овогтой Айбек миний бие 2020 онд Улсын Их Хурлын 2 дугаар тойрогт Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшиж, сонгуульд оролцсон. Үндсэн хуульд олгогдсон сонгох ба сонгогдох эрхийнхээ дагуу ямар нэгэн хууль зөрчихгүйгээр, хууль бус ямар нэгэн эдийн засгийн эх сурвалжгүйгээр, бүх хөрөнгө болох хандивын дансаа нээж, үйл ажиллагаагаа явуулж, ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр сонгуульд өрсөлдсөн.

Мөн 06 дугаар сарын 22-ны өдөр Ногооннуур сумаас ирээд, явцын тайлан явуулах ёстой байсан. Явцын тайлангаа бэлдээд тухайн үед цаг хугацааны хувьд давчуу байсан учраас Баян-Өлгий аймгийн Аудитын газрын аудитор М.Айнурт “...цаашаа дамжуулаад өгөөрэй” гэж өгсөн. Би хувьдаа аймгийн Аудитын газарт явцын тайлангаа өгдөг юм байна гэж ойлгож байсан. Тэрний дагуу явцын тайлангаа гаргаж Аудитад хүргүүлээд, өөрөө Ногооннуур суманд сургалттай байсан учраас гараад явсан. Зусланд уулзалт зохион байгуулж байсан учраас тухайн үед утсаар холбогдох боломжгүй байсан. Сонгуулийн сурталчилгаа  дуусч эргэж ирэхэд, төв Аудитын газарт явуулах ёстой байсан гэсэн асуудал сонсоод, сургалт дууссаны дараа эцсийн тайлангаа Аудитын газарт шалгуулж, үнэлүүлээд өгсөн гэж ойлгоод дахиж тэр асуудлыг эргэж хараагүй.

Тэгээд би өөрийнхөө явцын тайлангаа өгсөн гэж ойлгож байсан. Хэсэг хугацааны дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.С над руу утсаар холбогдоод “... тодорхой байгууллагуудаас та явцын тайлангаа гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр  зөрчлийн хэрэг үүсгэх эсэх асуудлаар шалгалт явуул, хэрэв үндэслэл байвал зөрчлийн хэрэг үүсгэ гэдэг асуудлаар надад чиглэл өгөгдсөн” гэдэг асуудал ярьсан. Тэгээд би эцсийн тайлангаа албан ёсоор аймгийн Аудитын газарт хянуулж хүргүүлсэн гэдэг асуудлыг тухайн үед утсаар тайлбарласан. Дараа нь нэг удаа дахиж утсаар холбогдоод “...та явцын тайланг гаргасан гэдгийг нотлох ямар нэгэн нотлох баримт байгаа юу, яаж явуулсан бэ” гэж асуусан. Тэгээд би “Баян-Өлгий аймгийн Аудитын байгууллагын аудитор М.А гэдэг хүнд өгч, тухайн байгууллагад хүргэж өгөөрэй” гэж үлдээгээд явсан гэсэн тайлбараа хэлсэн.

Дараа нь нэг холбогдоход, “... таны хэлсэн тайлбарын дагуу бид  тодорхой хүмүүсээс тайлбар авсан” гэсэн.  Би тэр байцаагчийн тайлбарыг юу гэж ойлгосон бэ гэхээр, “...тантай холбоотой асуудалд зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна. Энэ тухай урьдчилаад Прокурорын газрын хяналтын прокурорт мэдэгдсэн. Нотлох баримтуудаа авчраад өг” гэсэн байдлаар надад ярьсан. Тэгээд би өөрийн явцын тайлантай холбоотой бүх бичиг баримтуудыг хуулийн хүрээнд хянаад зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй гэж үзсэн гэж ойлгосон.

Дараа нь байцаагч над руу дахиж холбогдоод “...миний байцаагчийн эрх дууссан байсан. Тиймээс танд өөр хүний  эрхээр шийтгэвэр бичсэн” гэх маягаар ойлгомжгүй  зүйл ярьсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд ажиллагаа явагдаж,  нотлох баримт авах, эсвэл надаас  тайлбар авах гэх мэт ямар ч ажиллагаа явагдаагүй. Зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэж ярьсны дараа таныг 20 сая  төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн гэдэг яриа болсон.  Дараа нь шуудангаар намайг 20 сая төгрөгөөр торгосон тухай шийтгэлийн хуудас ирсэн. Би өөрийнхөө явцын тайлангаа хүргэсэн гэж үзэж байгаа.

Явцын тайлан өгөгдсөнөөс хойш бараг 3-4 хоногийн дараа буюу эцсийн тайланг аудитын байгууллагаар хянуулсны дараа эргэж Аудитын төв байгууллагад дахиж тайлангаа тавьсан. Би тайлангаа хуулийн хүрээнд гаргасан учраас шийтгэл оногдуулах хуулийн үндэслэл байхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс хуулийн хүрээнд явагдаагүй. Өөрөөр хэлбэл, миний эрхийг хангаагүй гэж үзээд энэхүү нэхэмжлэлийг гаргасан. 

Иймд  Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчаас  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монгол Улсын Ерөнхий аудитор болон Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн Улсын ерөнхий байцаагчийн ирүүлсэн "Арга хэмжээ авч ажиллах талаар” албан тоотын дагуу Улсын Их Хуралд 2 дугаар тойргоос нэр дэвшсэн Б.Ат холбогдох “Сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлээгүй гэх” зөрчлийн хэргийг Нягтлан бодох бүртгэлийн Улсын байцаагч Xадырбек, Нягтлан бодох бүртгэлийн Улсын байцаагч Б.Г нар бид 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг нээлгэн шалгасан болно.

Холбогдогч Б.А нь биеэр ирж мэдүүлэг өгөх боломжгүй байсан бөгөөд холбогдох тайлбараа бичиж бидэнд ирүүлсэн юм.

Б.А нь тайлбартаа: “Сонгуулийн сурталчилгааны үеэр 21 хоногт 12 сум, 13 багаар явж уулзалтууд зохион байгуулах шаардлагатай байсан бөгөөд сонгуулийн штаб болон менежер, санхүүгийн албаны дарга гэсэн бүтэц бүхий баг ажилласан. Хүн бүр өөрийн хариуцсан үүргээ хангалтай хийж дуусгасан. Явцын тайланг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр аудитын байгууллагад өөрөө хүргэж өгсөн, гагцхүү дэндүү яаруу явсан болоод 10 жилийн найз Баян-Өлгий аймгийн Аудитын байгууллагад ажилладаг М.Айнурт хувийн журмаар дамжуулж өгөөрэй гээд үлдээгээд явсан.  Ингэхдээ явцын тайланг аймгийн аудитын байгууллага авна гэж ойлгосон. Харин манай найз энэ тайланг Үндэсний аудитын төв байгууллагад өгөх ёстой гэдгийг явцын тайланг хараад мэдсэн ба эргэж над руу хэлэх үед бид дахиж хөдөө гараад явсан байсан. Бид зохих журмаар тайлангаа өгсөн гэж ойлгоод үргэлжлүүлэн уулзалтуудтай  анхаарал хандуулаад явсан. Харин сонгуулийн эцсийн тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн болно” гэжээ.

Холбогдогчийн өгсөн тайлбарын дагуу аймгийн Аудитын газрын аудитор М.Айнураас гэрчийн мэдүүлэг авсан ба уг мэдүүлэгт, “2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний ажлын ширээн дээр Б.Аийн үлдээсэн гэх сонгуулийн зардлын тайлангийн материал байсныг олж хараад манай байгууллагад хамааралгүй болохоор нь өөрт нь хэлэхээр гар утас руу нь хэд хэдэн удаа залгасан боловч Б.Аийн утас нь холбогдох боломжгүй байсан. Уг сонгуулийн явцын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх ёстой гэдгийг хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан, сонгууль дууссаны дараа уг тайланг өөрт нь буцааж өгсөн” гэж мэдүүлэг өгсөн юм.

Мөн “Та бидний эвсэл”-ийн санхүү хариуцсан ажилтан С.Е гэрчийн мэдүүлэг авсан юм. Тэрээр “нэр дэвшигч нь надад сонгуулийн зардлын тайлан өгөх талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, явцын тайлан өгнө гэдгийг надад хэлээгүй, зөвхөн мөрийн хөтөлбөрийг Аудитын байгууллагад өгнө гэсэн тул миний бие мөрийн хөтөлбөрийг хүргүүлсэн. Тэдний өмнөөс тайлан гаргаж Аудитын байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээгээгүй, харин сонгуулийн зардлын эцсийн тайлан гаргахад гарсан зардлын талаарх мэдээллийг өөрсдөд нь тухайн үед гаргаж өгч байсан” гэсэн.

Б.А нь сонгуулийн зардлын явцын тайлангаа Үндэсний Аудитын газарт хүргүүлэх  ёстой байтал аймгийн Аудитын газарт ирүүлсэн нь хуулиа судалж, бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байгааг гэрчилж байгаа бөгөөд хуулийг дутуу ойлгож алдаа гаргасан нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Үндэсний Аудитын газраас ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт, холбогдогчийн өөрийн ирүүлсэн тайлбар, гэрчийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд холбогдогч нь сонгуулийн явцын тайлангаа гаргаж Үндэсний Аудитын газарт хүргүүлээгүй байгаа нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь  хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан болно. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь заалтад “нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг сана авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж  төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байгаа ба холбогдогч нь нэр дэвшигч гэсэн заалтад хамаарч байгаа тул миний оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна.

 Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа дэлгэрэнгүй бичгээр өгсөн байгаа. Б.Ат холбогдох зөрчлийн хэргийг эхлээд улсын байцаагч Х.С шалгаж байгаад, шийтгэлийн хуудас бичих үед байцаагч Х.Сийн байцаагчийн эрх нь дууссан учраас шийтгэлийн хуудас бичих эрхгүй гэж надаар бичүүлсэн. Х.С байцаагчийн хэргийг шалгасан үйл явцтай шийтгэлийн хуудас бичихээс өмнө танилцсан.

Нэхэмжлэгч Б.Аийн тайлбарлаж байгаа “...явцын тайлангаа М.Айнурт өгөөд явсан” гэсэн утгаар М.Айнур, бие төлөөлөгч Ербол нараас Х.С байцаагч гэрчийн мэдүүлэг авсан байсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т ”...  төрийн аудитын төв байгууллагад  хүргүүлнэ” гэж тодорхой заасан байгаа. Б.Аийн тайлан Үндэсний аудитын газарт хүргэгдээгүй. Тэр нь манайд Үндэсний аудитын газраас ирсэн албан тоотоор тогтоогдож байгаа ба “...тайлангаа үндэсний аудитын газарт хүргүүл” гэж М.Айнурт орхиод явсан гэж байгаа.

М.Айнур  мэдүүлэг өгөхдөө “...би тэр тайланг явуулаагүй, явуулж амжаагүй. Намайг байхгүй үед миний ширээнд орхиод явсан байна. Тэгээд тайлан нь хүргэгдээгүй” гэсэн мэдүүлэг өгсөн учраас Үндэсний аудитын газрын тайлангаа ирүүлээгүй гэсэн албан тоот нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Тиймээс өөрийнхөө эрх хэмжээний дагуу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь заалтын дагуу хариуцлага тооцож, шийтгэврийн хуудас бичсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Гомдол гаргагчийн  өмгөөлөгч П.Еркебуланаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 Өнөөдрийн шүүх хуралдаанд гомдол гаргагчийн  өмгөөлөгчөөр оролцож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах нөхцөл байдлуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.

Улсын байцаагч нар гомдол гаргагчийг 20 сая төгрөгөөр торгох албадлагын арга хэмжээ авахдаа Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсгийг буруу ойлгож арга хэмжээ авсан гэж үзэж байна. Хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тодорхой заасан.

Төрийн аудитын байгууллага гэдэгт хэнийг хамруулж ойлгох вэ гэдгийг Төрийн аудитын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.3-д” “төрийн аудитын байгууллага” гэж төрийн аудит хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газар, төрийн аудитын байгууллагын албан хаагчийг” ойлгоно гэж заасан. Дээр дурдсан хуулийн тодорхой зохицуулалтаас үзэхэд, нэр дэвшигч явцын тайлангаа аймаг, нийслэл, аудитын газарт тухайн газрын аудиторт хүргүүлсэн бол 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д “аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж хуульд заасан. Гэхдээ энэ хүмүүс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсгийг баримталж, Б.Ат арга хэмжээ аваад байна. Улсын байцаагч  нарын өөрсдийн баримталдаг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй бол арга хэмжээ авна гэж заасан юм байхгүй. Эсрэгээрээ Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58.4-д “төрийн дээд байгууллагад хүргүүлнэ” гэж зааж зохицуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасны дагуу 20 сая төгрөгөөр торгох арга  хэмжээ авах хуулийн үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Тийм учраас гомдол гаргагч Б.А Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсгийг зөрчөөгүй. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан явцын тайланг аймгийн аудитын байгууллагад болон тухайн байгууллагын албан хаагч М.Айнурт хүргүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулиар олгогдсон эрх бүхий албан тушаалтан явуулах ёстой.  Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тодорхой хуульчилсан. Энэ ажиллагааг байцаагчийн эрх нь дууссан байцаагчийн эрхгүй этгээд явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан улсын байцаагч Х.Сийн улсын байцаагчийн эрх нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дууссан байна. Гэтэл энэ хүн улсын байцаагчийн эрхийн хугацаа дууссанаас хойш 2020 оны 12 дугаар сарын 14-өөс, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ажиллагаа явуулсан байна. Энэ ажиллагаа явуулах үед байцаагчийн эрх дууссан байсан учраас энэ ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан, эрх бүхий этгээдийн явуулсан ажиллагаа гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй.

 Байцаагчийн эрхгүй этгээдийн ажиллагааны үр дүнд  бий болсон нотлох баримтад тулгуурлаж Б.Г гэдэг хүн арга хэмжээ авсан. Б.Г арга хэмжээ авах үед улсын байцаагчийн эрх нь байсан. Б.Г улсын байцаагчийн эрхтэй ч өөрөө хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй. Байцаагчийн эрхгүй этгээдийн хийсэн ажиллагааны үр дүнд бий болсон баримтад тулгуурлаж шууд 20 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч шийтгэсэн нь хууль бус үйл ажиллагааг зөвтгөх хууль эрх зүйн хувьд үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой байсан тайланг хүргүүлээгүй гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан гэж тайлбарладаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн асуудал байгаа. Бидний ойлгосноор аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн улсын байцаагч бол аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд гэж ойлгож байгаа.

Тиймээс  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.С нь нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн Б.А нь сонгуулийн зардлын явцын тайлангаа Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор[1] 2013000450 дугаартай зөрчлийн хэргийг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл  явуулж,  улмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “ Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах албан тушаалтныг өөрчлөх тухай”  тогтоолоор[2] “... нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Сийн байцаагчийн эрхийн хугацаа дууссан” үндэслэлээр зөрчлийн хэргийг улсын байцаагч Б.Гад шилжүүлсэн байх ба нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г нь  зөрчил нь тогтоогдсон гэж үзэн, 2021 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар[3] Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр  буюу 20.0 сая төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан  зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлын үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр заасан, төрийн аудитын байгууллагад аймгийн аудитын байгууллага хамаарах ба аймгийн аудитын газрын аудитор М.Айнурт сонгуулийн зарцуулалтын явцын тайланг хуулийн хугацаанд өгсөн, мөн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн,  холбогдогчоос нотлох баримт болон тайлбар авах зэрэг  хуулийн хүрээнд явуулах ажиллагаа явагдаагүй, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг   төрийн аудитын дээд байгууллагад  хүргүүлэхээр заасан, Үндэсний аудитын газар Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг,  зөрчил шалган шийдвэрлэх харьяалал зөрчигдсөн, эрх хэмжээгүй этгээд зөрчил  шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан “ гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагчаас гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ  “...Монгол Улсын Ерөнхий аудитор болон Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн улсын Ерөнхий байцаагчийн ирүүлсэн албан бичгийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, Б.Аээс холбогдох тайлбарыг авсан,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг Үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой байхад аймгийн төрийн аудитын газарт хүргүүлсэн нь буруу, хуулийн дутуу ойлгож алдаа гаргасан нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж тайлбарласан байна.

Шүүх  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг харьцуулан судалж үзээд гомдлын шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитораас Сангийн яаманд  хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаартай “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай”  албан бичгийн[4] дагуу Монгол Улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн  улсын Ерөнхий байцаагчаас Баян-Өлгий аймгийн  Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е  2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаартай “Арга хэмжээ авч ажиллах талаар” албан бичгийг[5], хавсралтын хамт хүргүүлсэн байх ба уг албан бичигт “...нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт арга хэмжээ авах” талаар тусгаж, хавсралтын 13-т “2 дугаар тойрог”, “Та бидний эвсэл”, нэр дэвшигч Б.А гэж бичигджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заасан байх ба хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

Гомдол гаргагч Б.Ат Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодогч зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,  шийтгэлийн хуудсаар  торгуулийн шийтгэлийг ногдуулахдаа хуулийн дээрх заалтад заасан “...нутаг дэвсгэрийн харьяаллыг болон эрх бүхий албан тушаалтны хуульд заасан харьяаллыг” давхар зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд,

  1. Нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн тухайд:

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  тус тус заажээ.

Зөрчлийн тухай хуулийн Сонгуулийн хуулийг зөрчих гэсэн  17.1 дүгээр  зүйлийн 27 дах хэсэг  нь  Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудад тус тус  заасан сонгуулийн зардлын  тайлантай холбоотой хэсгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулах  ерөнхий заалт, харин Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх заалт нь нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг хүргүүлэх асуудлыг зохицуулсан нарийвчилсан заалт тул Монгол Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад буюу Үндэсний аудитын газарт хүргүүлэх гэж ойлгохоор байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг  хуульчилсан 1.4 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж тус тус заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дах хэсэгт заасан зөрчлийн хувьд үйл баримт нь нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын тайлан хүргүүлээгүй гэх эс үйлдэхүйн үр дагавар Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн байна.

Үндэсний Аудитын газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршдог тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан нь хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн гэж дүгнэлээ.

2.  Хуульд заасан харьяалал зөрчсөн тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т “нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 11.13 дугаар зүйл, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд  Зөрчлийн  тухай хуулийн тусгай ангид торгох шийтгэл ногдуулахаар заасан  зөрчилд, тодруулбал,  нэр дэвшигч нь сонгуулийн зардлын зарцуулалтын  явцын тайланг хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй гэх зөрчилд  торгох шийтгэлийг  хуулиар харьяалал тогтоож, эрх олгосон эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч ногдуулахаар заажээ.

Б.Ат  холбогдуулан  зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан  нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Х.Сийн улсын байцаагчийн эрхийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А193 дугаар тушаалын[6] 1 дэх заалтаар  2 жилийн хугацаагаар олгосон, энэ хугацаа нь  2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дууссан, улмаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А25 дугаар тушаалын[7] 1 дэх заалтаар  улсын байцаагчийн эрхийг 2 жилийн  хугацаагаар дахин олгосон үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд,  Х.С нь улсын байцаагчийн эрхгүй байсан үед буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд   гомдол гаргагч Б.Ат зөрчлийн хэрэг нээн, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг  хуулиар харьяалуулсан эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй, уг зөрчлийн хэрэг дэх цугларсан нотлох баримтууд нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, 2-т заасан “Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно”, 3-т заасан “Иргэд, байгууллагаас прокурор, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно”, 4-т заасан “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэсэнтэй нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай шийтгэлийн хуудсыг “нутаг дэвсгэрийн болон хуулийн харьяаллыг  зөрчиж шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагч Б.Аийн аймгийн аудитын байгууллагад сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг хүргүүлснийг хуульд заасны дагуу хүргүүлсэн гэж үзэх эсэх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчид эрх, үүргийг тайлбарлаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх процессын зөрчил гаргасан эсэхэд тус тус дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1,   17.1 дүгээр зүйлийн  27, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.22, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 1,2,3,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч Б.Аийн  гомдлыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Гын  үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1451209 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан Б.Ат олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 36 дугаар хуудас

[2] Хэргийн 53 дугаар хуудас

[3] Хэргийн 54 дүгээр хуудас

[4] Хэргийн 41 дүгээр хуудас

[5] Хэргийн 42 дугаар хуудас

[6] Хэргийн 75 дугаар хуудас

[7] Хэргийн 74 дүгээр хуудас