Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 120/2024/0013/З |
Дугаар | 221/МА2024/0689 |
Огноо | 2024-10-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0689
2024 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2024/0689 | Улаанбаатар хот |
“СМС” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар;
Нэхэмжлэгч: “СМС” ХХК
Хариуцагч: “ТТ” ХК
Хариуцагч: “ТТ” ХК-иас зарлагдсан ТТХК/202401010** дугаар бүхий “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “ТТ” ХК-ийн Тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/202401010** дугаартай тендер шалгаруулах Үнэлгээний хорооны дүгнэлтийн “Б” ХХК болон “СМС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийхийг “ТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд даалгаж, “ТТ” ХК-ийн “Б” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А,
Хариуцагч “ТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н,
Хариуцагч “ТТ” ХК-ийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 120/2024/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 26 дугаар зүйлийн 26.4.4, 26.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СМС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ТТ” ХК-ийн Тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/202401010** дугаартай тендер шалгаруулах Үнэлгээний хорооны дүгнэлтийн “Б” ХХК болон “СМС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг “ТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд даалгаж, “ТТ” ХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан ТТХК/2024/07* тоот гэрээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н давж заалдах гомдолдоо:
2.1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн талаар: Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн заалтыг ноцтой зөрчигдлөө. Тухайлбал,
2.1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн.
2.1.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны акт буюу тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж /дүгнэлт/-ийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яамнаас хүчингүй болгосны дагуу дахин үнэлгээ хийж, шийдвэрийг маргааш нь өөрийн цахим хуудсанд байршуулах замаар талуудад дахин мэдэгдсэн байхад хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлага хангагдаагүй, энэ журмыг хэрэглэх боломжтой нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохын оронд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээрээ хэрэг маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчигдлөө.
2.1.3. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна” гэсэн заалтыг зөрчиж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэрийг 10 дугаар сарын 10-ны өдөр буюу шүүх хурлаас хойш 11 хоногийн дараа буюу хуульд заасан хугацааг 6 хоног хэтрүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
2.1.4. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэр өөрөө хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хууль зүйн хүчин төгөлдөр үйлчлэлгүй болох учиртай.
2.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн талаар. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн чухам аль үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байсныг шүүх хуралдааны явцад хариуцагчийн зүгээс хэлж, сануулсаар байхад анхан шатны шүүхээс үл тоомсорлож, илт нэг талыг баримтлаж шийдвэрлэснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдсангүй. Тухайлбал,
2.2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д “Шүүх энэ хуулийн 112.4.2-т заасан /төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдах авах ажиллагаатай холбоотой/ маргааныг хянан шийдвэрлээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гэрээ илт хууль бус болохыг тогтоосон бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг буцаах, эсхүл тэр даруй зогсоох нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол гэрээ эрх зүйн үйлчлэлгүй болох хугацаа, журмыг зохигчдын саналыг харгалзан тогтооно” гэж зааснаас үзэхэд шүүх гагцхүү хууль зүйн хувьд гэрээ илт хууль бус болохыг тогтоох ёстой байдаг.
2.2.2. Гэтэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” шаардлага гаргалгүй, харин тендерийн дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгах (Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх заалт), гэрээ хууль бус тул хүчингүй болгох (мөн хуулийн 106.3.1 дэх заалт), захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн (гэрээ байгуулагдсан) бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт /гэрээ/ хууль бус байсан болохыг тогтоох (мөн хуулийн 106.3.3 дахь заалт) зэрэг хуулийн өөр үр дагавар бүхий үндэслэлүүдийг бүгдийг нь хольж хутган хууль хэрэглээний зөрчлийг үл хайхран зөвхөн хуулийн 106.3.1 дэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар хангаж шийдвэрлэснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.
2.2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна” гээд 41.1.1-д “энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан”; 41.1.2-т “энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан”; 41.1.3-т “хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй”; 41.1.4-т “энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан”; 41.1.5-д “тендер хүлээн авах эцсийн хугацааг, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй”:, 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж тодорхой заасан.
2.2.4. Гэтэл энэ тендерийн хувьд дээрх заалтын аль ч нөхцөл хамаарахгүй, тухайлбал, захиалагч нь (а) гэрээ шууд байгуулаагүй, (б) хуулийн дагуу тендер зарласан, (в) хуулийн дагуу нийтэд зарлан мэдээлсэн, (г) оролцогчийн тендертэй танилцах эрхийг хязгаарлаагүй, (д) тендер хүлээн авах эцсийн хугацаа болон гэрээ байгуулах хугацааг тус тус баримтласан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдол гаргаагүй тул гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэл бүрдээгүй байсныг шүүх огтхон ч анхаарсангүй.
2.2.5. Нэхэмжлэгч нь хуульд зааснаас огт өөр үндэслэлээр буюу техникийн шинжтэй зөрчлийн талаар маргасан нь Захиалагчийн тендерийн үйл ажиллагаа хуульд нийцсэнийг илтгэх бөгөөд “гэрээ илт хууль бус байх” хуулийн үндэслэлд хамаарахгүй байна.
2.2.6. Тендерийн үнэлгээний хорооны анхны шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Сангийн яамнаас зохих журмын дагуу хянан үзээд хууль зөрчөөгүй болохыг тогтоосныг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хайхарч үзээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хэргийг хэт нэг талыг баримтлаж шийдвэрлэснийг харуулж байна.
2.2.7. Нэхэмжлэгч тендерийн үнийн саналд хамгийн өндөр үнэ санал ирүүлсэн болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн атлаа түүнээс даруй 56 тэрбум гаруй төгрөгөөр хямд үнийн санал ирүүлсэн гуравдагч этгээдийг шалгаруулсан орон нутгийн өмчит хуулийн этгээдийг тендерийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцээгүй бөгөөд хамгийн бага үнийг шалгаруулсан захиалагчийн “хууль зөрчсөн” гэх аливаа үйлдэл хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн нэхэмжлэгчийн тендерийн эцсийн дүнд илт нөлөөлөх ямар ч боломжгүй байсан.
2.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг хуульд нийцээгүй талаар:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Тендерийн ажлын даалгавар нь ТШЗ тендер шалгаруулалтын зааварчилгаа, шалгуур, тендерийн баримт бичигт хамааралгүй тул тендер үнэлэхэд харгалзахгүй гэж тайлбарлан маргадаг” (Үндэслэх хэсгийн 3.4) хэмээн шүүх хуралдаан дээр болсон талуудын мэтгэлцээнийг илт гуйвуулан шийдвэрээ үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж ... байна.
2.4. Гэтэл, үнэн хэрэг дээрээ шүүх хуралдааны явцад хариуцагч тендерийн баримт бичиг хоорондоо зөрчилдсөн нөхцөлд аль баримт бичгээ барьж, тендерийг үнэлсэн талаар мэтгэлцдэг бөгөөд уг мэтгэлцээний явцад Ажлын даалгавар нь Тендер шалгаруулалтын зааварчилгаатай зөрчилдсөн тохиолдолд үндсэн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын зааварчилгаа болон захиалагчийн хүсэл зорилгыг илүү харгалзаж тендерийг үнэлснээ тайлбарлаж мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа.
2.5. Түүнчлэн, шүүх хэт нэг талыг барьж хариуцагчийн Үнэлгээний хорооны мэргэжлийн гишүүдийн үнэлэлт дүгнэлтийг тэсэлгээний цооног бэлтгэх машины өрмийн хошуу нь нэмэх, хасах 20 мм гэсэн шаардлага зөрчигдсөн мэтээр илт буруу тайлбарлаж, шийдвэрээ үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна.
2.6. Бодит байдал дээр захиалагчийн тендерийн баримт бичигт техникийн үзүүлэлтийг гаргахдаа үндсэн үзүүлэлт, нэмэх, хасах 20 мм гэж заасан бөгөөд үндсэн үзүүлэлт нь заавал шаардагдах бол харин хэлбэлзэж болох буюу зөвшөөрөгдөх хязгаар нь заавал хатуу мөрдөгдөх албагүй байдаг атал нэхэмжлэгчийн захиалгад хэт хөтлөгдсөн шүүгч нэмэх, хасах 20 мм гэсэн зөвшөөрөгдөх хэлбэлзэх үзүүлэлтийг нь үндсэн шаардлага байсан мэтээр илт гуйвуулан тайлбарлаж, захиалагчийн тендерийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүйд тооцсоноороо шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, хууль зөрчсөн шийдвэр гаргалаа.
2.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Б ХХК-ийн тэсэлгээний цооног бэлтгэх машины жагсаалтад 29-9*УР гэж бичигдсэнийг үнэлгээний хорооноос төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхдээ хийхдээ 26-9* УР гэж зөвтгөж шалгасан болох нь тогтоогдож байх тул... нэхэмжлэгчийн “Б” ХХК-ийн тендерийн алдааг үнэлгээний хороо залруулж, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн” гэх маргаан үндэслэлтэй” хэмээн шийдвэрээ үндэслэсэн нь анхан шатны шүүгч хэт нэг талыг барьж, хариуцагчийг ямар нэгэн аргаар буруутгаж, гэрээг цуцлахын тулд бодит үнэнийг хүртэл гажуудуулж чаддагийг харуулж байна.
2.8. Гэтэл үнэн хэрэг дээрээ тендерт оролцогчийн техник тоног төхөөрөмжийн мэдээллийг төрийн анхдагч өгөгдөл хадгалж байгаа мэдээллийн санд шалгаж үзэхэд тухай оролцогчийн нэр дээр байгаа бүх тоног төхөөрөмжийн мэдээлэл гарч ирэх боломжтой бөгөөд ийм нөхцөлд алдаатай өгсөн техникийн улсын дугаар, тэр тусмаа хувь хүний машин нэр дээр байгаа техник гарч ирэх боломжгүй тул “зөвтгөж шалгана” гэдэг асуудал байхгүй бөгөөд магадгүй уг шүүгч өөрөө хийдэг үйлдлээ бусад этгээд ч хийдэг мэтээр өөртөөгөө адилхан сэтгэж шийдвэрээ үндэслэснийг харуулж байна.
2.9. Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгийн 6-д “нэхэмжлэгч “СМС” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан (Үндэслэх хэсгийн 3.1, 3.2, 3.3) үндэслэл болон нэхэмжлэгчийн маргааны (үндэслэх хэсгийн 2.3) үндэслэл хэрэгт авагдсан цахим болон бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна” дүгнэсэн байдаг.
2.10. Өөрөөр хэлбэл, шүүгч “нэхэмжлэгчийн үнийн санал нь... нийт оролцогчоос хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн (Үндэслэх хэсгийн 3.1); 2022-2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй нь ...тендер шалгаруулалтын шаардлагад нийцээгүй (Үндэслэх хэсгийн 3.2), нэхэмжлэгчийн ашиглахаар ирүүлсэн 37-8* УБЗ улсын дугаартай төхөөрөмж нь давхар хүчин чадалтай машин-4 байх гэсэн шалгуур хангаагүй (Үндэслэх хэсгийн 3.3)” болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн атлаа тендерийн баримт бичигт заасан үндсэн үзүүлэлт дээр нэмэх, хасах 20 мм гэсэн нь зөвшөөрөгдөх хязгаарыг заавал мөрдөх үндсэн үзүүлэлт мэтээр тайлбарлаж шийдвэрээ үндэслэсэн (Үндэслэх хэсгийн 2.3) нь ... хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ.
2.11. Шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөрчилтэй байгаа талаар:
Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөрчилтэй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг мөн харуулна. Тухайлбал, Анхан шатны шүүхийн шийдвэрийн 26 дугаар хуудасны 7.1-д “энэ тохиолдолд шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй болох нь тогтоогдсон нэхэмжлэгч “СМС” ХХК-ийн шаардлага хангаагүй тендер ирүүлсэн ч Тэсэлгээний хорооноос дахин үнэлгээ хийж, Тендерийн хуульд заасан захиалагчийн гаргах сонголт бүхий шийдвэрүүдээс хамааран нэхэмжлэгчийн сэргэх эрх, хууль ёсны эрх ашиг байна гэж шүүх үзэж...2 оролцогчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэв ингэж шүүхээс нэг ч тендер шаардлага хангаагүйг тогтоосон гэж үзвэл тийм тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд шүүхээс даалгах нь өөрөө хууль бус шаардлага болох бус уу.
2.12. Нөгөө талаар, шүүхээс захиалагчийн сонголт бүхий шийдвэрүүд гэж юуг хэлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хамгийн бага болон өндөр үнийн санал хоёрын хооронд 56 тэрбум төгрөгийн зөрүү байхад захиалагч ямар сонголт бүхий шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээж, тендерийг дахин үнэлгээ хийж, нэхэмжлэгчийн тендерийг ялагчаар тодруулж болох вэ? Үүнийг хариуцагчийн зүгээс шүүгч хуульд заасан хараат бус байх зарчмаа умартсан гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас илэрхий нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Иймд нэхэмжлэгч “СМС” ХХК-ийн гаргасан “ТТ” ХК-ийн зарласан ТТХК/202401010** дугаартай тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн маргааныг хянан шийдвэрлэсэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 120/ШШ2024/0020 дугаартай шийдвэрийг дээрх хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолдоо:
3.1. ...“ТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооноос нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарласан Тэсэлгээний ажил гүйцэтгэх ТТХК/202401010** дугаар тендерийн оролцогч “СМС” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ТТ” ХК-д холбогдох Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийн “СМС” ХХК болон “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгах, хариуцагчаас “Б” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилан хянан шийдвэрлэх журмаар хангагдсан эсэх, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гарсан дахин үнэлгээ хийсэн шийдвэрийг эс зөвшөөрч маргах, цаашлаад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй эсэхэд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 106.4-т “шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх” шаардлагыг хангаагүй дараах үндэслэл байна. Үүнд:
3.1.1. Нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны акт буюу тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яамнаас хүчингүй болгосны дагуу дахин үнэлгээ хийж, шийдвэрийг нь хариуцагчийн цахим хуудсанд байршуулсан бөгөөд уг дахин үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол хянан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай байсан боловч ийм ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэснээрээ хууль зөрчсөн.
3.1.2. Анхан шатны шүүхийн шийдвэртээ “нэхэмжлэгч “СМС” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан (Үндэслэх хэсгийн 3.1, 3.2, 3.3) үндэслэл болон нэхэмжлэгчийн маргааны (үндэслэх хэсгийн 2.3) үндэслэл хэрэгт авагдсан цахим болон бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна” дүгнэсэн нь шүүх шийдвэрээ үндэслэсэн гол нотлох баримтууд юм. Уг нотлох баримтыг тодруулбал: нэгдүгээрт, нэхэмжлэгчийн үнийн санал нь нийт оролцогчоос хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн гэдгийг шүүх тогтоож, хүлээн зөвшөөрсөн, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн 2022-2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт байхгүй байгаа нь тендер шалгаруулалтын журам зөрчсөн болохыг тогтоосон, гуравдугаарт, нэхэмжлэгчийн үйл ажиллагаандаа ашиглана гэж тендерт ирүүлсэн 37-8* УБЗ улсын дугаартай техник нь “давхар хүчин чадалтай хосолсон машин-4 байх” гэсэн тендерийн шалгуур хангаагүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг нь дээрх 3 үндэслэлээр тендерийн шалгуур хангаагүй тул шалгарах боломжгүй болохыг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсний үндсэн дээр өөрөө тогтоож, хүлээн зөвшөөрсөн байна. /Шүүхийн шийдвэрийн 25 дугаар хуудасны 6 дахь хэсэг/.
Харин шүүх “СМС” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсаныг баримтлан “Б” ХХК-ийн санал болгосон Sunward SWDE165A тэсэлгээний цооног бэлтгэх машинууд нь 138-180мм диаметр өрмийн хошуутай байгаа тул ТӨХ-ийн ТШЗ 19.1 -д заасан “165мм-ээс нэмэх, хасах 20мм” буюу 145-185 мм өрмийн хошуутай байх техникийн тодорхойлолтыг хангахгүй байна” гэж дүгнэсэнтэй гуравдагч этгээд санал нийлэхгүй байна. Тендерийн баримт бичигт заасан “165мм-ээс нэмэх, хасах 20мм” гэж тусгасны 165 мм нь ашиглах техникийн өрмийн хошуунд тавигдах үндсэн шаардлага бол нэмэх, хасах 20 мм гэсэн нь зөвшөөрөгдөх боломжтой хязгаарыг заасан бөгөөд өөрөөр хэлбэл үндсэн шаардлага нь заавал мөрдөгдөх бол зөвшөөрөгдөх дээш, доош хэлбэлзэх боломжийн хязгаар нь заавал баримтлах албагүй гэсэн утгыг илэрхийлдэг байтал шүүгч хэт нэг талыг баримтлан “нэмэх, хасах 20 мм” гэсэн зөвшөөрөгдөх хязгаарыг үндсэн шаардлага байсан мэтээр буруу ойлгож шийдвэртээ үндэслэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.
Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “... Б ХХК-ийн тэсэлгээний цооног бэлтгэх машины жагсаалтад 29-9*УР гэж бичигдсэнийг үнэлгээний хорооноос төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийхдээ хийхдээ 26-9* УР гэж зөвтгөж шалгасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Б” ХХК-ийн тендерийн алдааг үнэлгээний хороо залруулж, өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчсөн” гэх маргаан үндэслэлтэй” хэмээн дурдсан нь нотлох баримтыг шүүх буруу үнэлснийг илтгэж байна. Учир нь, тендерт оролцогчийн техник тоног төхөөрөмжийн мэдээллийг төрийн байгууллагад хадгалагдаж байгаа албан ёсны мэдээллийн сантай тулгаж үзэхэд эзэмшигчийн нэр дээр байгаа бүх тоног төхөөрөмжийн мэдээлэл гарч ирэх бүрэн боломжтой бөгөөд энэ тохиолдолд алдаатай бичсэн техникийн улсын дугаар, тэр тусмаа хувь хүний нэр дээр байгаа машин техник гарч ирэх боломжгүй тул Тендерийн хороо “зөвтгөж шалгана” гэдэг асуудал байх боломжгүй.
Нөгөө талаар, олон хуудас тендерийн баримт бичиг бэлтгэхэд зарим нэг тоо буруу бичигдэх байдлаар техникийн алдаа гарах явдал байдаг бөгөөд ийм шалтгаанаар тендерийг бүхэлд нь хүчингүй болгох нь хэтэрхий туйлширсан, тэгш шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан үйлдэл болох юм. Захиалагчийн зүгээс гуравдагч этгээд “Б” ХХК-ийн хамгийн бага үнийн саналыг харгалзан тендерт шалгаруулсныг анхан шатны шүүхээс хүчингүйд тооцож байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.
3.1.3. Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй, жишээлбэл, шүүхийн шийдвэрт “энэ тохиолдолд /шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй болох нь тогтоогдсон /нэхэмжлэгч “СМС” ХХК-ийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн ч Үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийж, Тендерийн хуульд заасан захиалагчийн гаргах сонголт бүхий шийдвэрүүдээс хамааран нэхэмжлэгчийн сэргэх эрх, хууль ёсны эрх ашиг байна гэж шүүх үзэж, ...2 оролцогчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ” Үндэслэх хэсгийн 7 дахь хэсэг/ гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэв шүүх нэг ч тендер шаардлага хангаагүй болохыг тогтоосон юм бол тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд шүүхээс даалгах нь хэр зэрэг үндэслэлтэй вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр үлдэж үүнээс үүдэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тендерийн баримт бичгийн 3 том шалгуур хангаагүй нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийг дахин үнэлж, Үнэлгээний хорооноос буюу захиалагчаас гаргах сонголт бүхий шийдвэр нь ямар байх нь ойлгомжгүй байна.
Гуравдагч этгээд болох “Б” ХХК-ийн тендерийн баримт бичигт тендерийн шалгуурыг ноцтой зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа байхгүй бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл болгож ... тендерийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх нэрээр гэрээг хүчингүйд тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
3.1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “Энэ хуулийн... 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна” гэсэн заалтыг анхан шатны шүүхээс зөрчиж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдааны шийдвэр 11 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа хэтэрч албажуулан гарсан нь хууль зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчмын нэгэнд “хууль дээдлэх” зарчим багтах бөгөөд шүүх төрийн байгууллагын нэг болохын хувьд хуулийн хугацааг заавал мөрдөх үүрэгтэй ба хэрэв хууль мөрдөөгүй шийдвэрийг дээд шатны байгууллага буюу шүүхээс хүчингүй болгох нь хуульд нийцнэ. Иймээс, дээрх хууль зүйн болон бусад үндэслэлийг харгалзан үзэж, “СМС” ХХК-ийн гаргасан “ТТ” ХК-д холбогдох Тэсэлгээний ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн маргааныг хянан шийдвэрлэсэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 120/ШШ2024/0020 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
-Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-54* дугаар “СМС” ХХК-д ирүүлсэн “Тендерээс татгалзах тухай” мэдэгдэл,
-“Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулах,
-“ТТ” ХК-иас зарласан ТТХК/202401010** дугаар бүхий “Тэсэлгээний ажил гүйцэтгэх” тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлтийн “СМС” ХХК, “Б” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгуулж, дахин үнэлгээ явуулахыг Үнэлгээний хороонд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 78 дугаар шүүгчийн захирамжаар “Захиалагчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1-54* дугаар “СМС” ХХК-д ирүүлсэн “Тендерээс татгалзах тухай” мэдэгдэл хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “захиалагч “ТТ” ХК-ийн “Б” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй /1хх-ийн 226-229/ холбогдуулан “ТТ” ХК-ийг шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 120/ШШ2024/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА