Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

                                                                                               

 

Р.Ө-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02229 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.И-тад холбогдох  

Зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 3 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.И ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Р.Ө

Хариуцагч: Д.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч болон шүүх хуралдаанд: Би Д.И-тад 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 9 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаандаа зээл хүүгээ төлөхгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөх тухай гэрээг бичгээр хийж зээлдүүлсэн. Энэ зээлийн гэрээний дагуу Д.И  нь надад зээл болон хүүд 11.400.000 төгрөг төлөхөөс 9 400 000 төгрөгийг төлсөн ба, 2 000 000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй байна. Би түүнээс мөнгөө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан боловч тэрээр оршин суух хаягтаа байхгүй байсан тул түүнийг Баянгол, Хан уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03132 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулж хаягийг 2017 оны 05 сард тогтоож өгснөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг бүгд 3 070 200 төгрөгийг хариуцагч Д.И аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Ө оос 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 9 500 000 төгрөг бус бэлнээр 6 000 000 төгрөгийг хүлээн авсан, манай ээж н.Мөнхцэцэгийн авсан 3 500 000 төгрөгийг энэ зээлийн гэрээн дээр нэмж бичсэн. Гэхдээ би 9 500 000 төгрөгийг хүүгийн хамт бүгдийг нь төлж дуусгасан. Түүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 08-нд 2 000 000 төгрөгийг зээлсэн, уг мөнгийг төлж дуусгасан нь Хас банкны орлогын баримтууд болон миний өөрийн хөтөлдөг 2 ширхэг хар дэвтрээр нотлогдоно. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.И аас 3 070 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ө т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Ө оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.И аас 64 073 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.И  давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Өлзийдолгорын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.И  надад 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй өдрийн төлөлттэй мөнгө байсан. Уг мөнгийг өдөр өдрөөр өгч авахдаа надаас өөрийн дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан. Хугацаанд нь багтаж төлөөгүй мөнгө дараагийн зээлээс суутгаж авч дахин зээл өгч өдөр болгон авч өгч байсан. Гэвч шүүх зөвхөн Өлзийдолгорын зохиомол нэхэмжлэлийг үндэслэн нэг талыг харж шийдвэр гаргалаа. Анх Г.Өлзийдолгор нь 2015 оны сүүлээр гэнэт чиний авч байсан зээлийн үлдэгдэл 600 000 байгаа гэсэн. Удалгүй нөгөө үлдэгдэл чинь 1 000 000 төгрөг болсон гэсэн. Одоо 3 000 000 төгрөг болсон гээд дур зоргоороо зохиолмолоор мөнгө нэхэмжилсэн. Би Г.Өлзийдолгороос 2012 оноос хойш өдрийн зээл авч сарын 10 хувийн хүүтэй мөнгийг жилийн 120 хувийн хүүтэй мөнгө авч байгаад 2016 оны 2 сард бүрэн дампуурсан. Түрүүчийн зээлийн үлдэгдэл байхад ахин мөнгө зээлдэхгүй, зээлүүлэх бол хүү, алданги бодож суутгаж авдаг байсан. Би энэ нэхэмжилээд байгаа мөнгөнөөс хойш 2016 оны 1 сарыг дуустал сар болгон мөнгө авч төлж байсан. Мөн Г.Өлзийдолгороос сар бүр мөнгө авч гэрээ хийгээд төлсөн зээлийн гэрээнүүд нь байгаа. Дахин үүнийг төлөөгүй гээд шүүхэд нэхэмжилж мөнгө нэхэхийг үгүйсгэх арга алга. Миний зүгээс баримт авч үлддэггүй ч Г.Өлзийдолгорт миний 2012 оноос хойшхи өдөр өгч байсан гарын үсэгтэй дэвтэр байгаа” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Р.Ө  нь хариуцагч Д.И-тад холбогдуулан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 3 070 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд 9 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь дээрх зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 39, 42-48/

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Р.Ө  нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

            Хариуцагч Д.И  нь зээлийн гэрээний дагуу 9 500 000 төгрөг аваагүй, 6 000 000 төгрөгийг хүлээн авсан, авсан зээлээ хүүгийн хамт буцааж төлсөн гэж тайлбарласан боловч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

            Шүүх зээлийн гэрээн дээр Д.И  9 500 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж гараар баримт үйлдсэнийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 9 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

            Хариуцагч Д.И  зээл төлснөө нотлохоор шүүхэд 2 ширхэг хар тэмдэглэлийн дэвтэр ирүүлсэн бөгөөд уг дэвтэрт нэхэмжлэгчийг мөнгө хүлээн авсныг нотлох баримт байхгүй, мөн шүүхэд ирүүлсэн Хас банкны орлогын маягтууд нь зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 1 310 000 төгрөгийн баримтууд байх тул талуудын маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

            Иймд шүүх хариуцагч Д.И аас зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 3 070 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.И  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                  

                       

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                                                                           Д.ЦОГТСАЙХАН