Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1393

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч, хохирогч Э.Э, өмгөөлөгч Г.Энхболд,  

шүүгдэгч, хохирогч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Э, Э.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001670 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Драгон төвд “***” тээш хадгалах газар ажиллуулдаг гэх, ам бүл **, эхнэр,  хүүхдүүдийн хамт ** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болгосон, ** овогт Эн Э (РД:**),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр **д төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ** тоотод оршин суух,

урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 448 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ** овогт Эн Т (РД:**).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Э согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хороо, Баянцагааны *** дугаар гудамж, ** тоотод хохирогч Э.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, нуруунд зулгаралт, нуруу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Т согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ** тоотод хохирогч Э.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “үүдэн баруун, зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Чулуугаар толгой руу нь цохисон. Сүх барьж байсан ч цохиогүй. Үүдэн шүд унасан, гомдолгүй. Эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Архи, пиво уусан байсан. Болсон үйл явдлыг мэдэж байгаа. Хоёулаа согтуу, хувийн таарамжгүй харилцаанаас маргалдсан. Нэг мөргөж, цохисон тэгээд ноцолдсон. Гэм буруугаа хүлээж байгаа. Толгойд 2 хагалуулсан, гомдолгүй” гэв.

Эрүүгийн 2208000001670 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Тн: “2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ...найз Сн гэрт очоод найзтайгаа уулзаад пиво, архи ууж байхад гаднаас зүс таних Э, Сн эхнэр М нар орж ирсэн. Э гэх залуу хэрүүлийн чанартай юм яриад байхаар нь би “Чи айл амьтан үймүүлэхээ боль” гэж хэлсэн чинь надтай маргалдаад байшингаас гараад хашаанд нүүрний баруун тал руу чулуугаар 2-3 удаа цохисон. Сүх бариад дайраад байхаар нь би биеэ хамгаалаад мөргөөд, 2-3 удаа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.25-ны өдрийн 13001 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Э.Тн биед зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, нуруунд зулгаралт, нуруу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Хохирогч Э.Эн: “2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед гудмандаа явж байгаад найз Ттэй тааралдаад архи уухаар болоод манай гудманд Мон гэрт очоод ууж идэцгээсэн. Тэгэж байтал найз Т над руу агсраад элдэв янзын юм яриад “би найзыгаа чамаар дээрэлхүүлэхгүй шүү” гээд байхаар нь би “найзыг чинь дээрэлхсэн асуудал байхгүй шүү” гээд маргаан болж “гаръя” гээд гэрээс гараад хашаан дотор Э.Т эхлээд мөргөөд миний үүдэн нэг шүдийг хугалчихаар нь би уур хүрээд зөрүүлээд газраас чулуу аваад Тн толгойн тус газар нэг удаа цохичихсон. Т гэрийн үүдэн дээр байсан сүх аваад ишээр нь миний гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.26-ны өдрийн 13063 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Э.Эн биед үүдэн баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Уг хоёр шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох 4.11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч Б.Сн: “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр пиво, архи ууж байсан. 12 цагийн орчим гаднаас Э халамцуу орж ирсэн. Т, Э хоёр маргалдаад Т “гараад уулзъя” гээд гэрээс гарсан. Би хэсэг байж байгаад араас нь гарахад заамдалцаад зогсож байсан. Эн амнаас, Тн толгойноос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

Шүүгдэгч Э.Тн яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр найз Сн гэрт пиво, архи ууж байхад Сг таньдаг Э гэх залуу орж ирээд надтай маргалдаад би “битгий уур амьсгал эвдээд бай, гараад уулзъя” гээд гараад заамдалцаад харилцан цохилцсон. Би Эн нүүр рүү гараараа 2 удаа цохисон, газар унаад дээр доороо ороод ноцолдсон. Намайг Э чулуугаар болон сүхний ар талын төмөр ишээр 2-3 удаа цохисон. Өөр маргаан зодоон болоогүй. Бид хоёр утсаар яриад уучлалт гуйгаад эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүгдэгч Э.Эн яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Содхүүгийн гэрт очсон. Т “би чамд найзыгаа дээрэлхүүлэхгүй шүү” гээд дайраад, хэрүүл өдөөд байсан. Намайг “гараад уулзъя” гээд бид хоёр гэрээс гарсан. Гарсны дараа Т миний ам руу нэг удаа мөргөсөн. Би чулуу аваад толгой руу нь хоёр удаа цохисон. Газар унаад дээр доороо ороод ноцолдсон. Бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

шүүгдэгч Э.Тн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-45),

шүүгдэгч Э.Эн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-64), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-61), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-65), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.19-ний өдрийн 04-1/1416 дугаар албан бичиг “Э.Э 900,000 төгрөгөөр торгох ялыг 2020.07.09-ний өдөр 20/07 дугаар тогтоолоор дуусгавар болгосон” гэх (хх-54), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-88, 89), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-92-93), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-90-91) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Э согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Баянцагааны **** дугаар гудамж, *** тоотод хохирогч Э.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, нуруунд зулгаралт, нуруу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Т согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Баянцагааны *** дугаар гудамж, *** тоотод хохирогч Э.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “үүдэн баруун зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.Тн “...Бид нар архи, пиво уусан. ...маргалдаад байшингаас гараад нүүрний баруун тал руу чулуугаар 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 13001 дүгээр “1. Э.Тн биед зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, нуруунд зулгаралт, нуруу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), шүүгдэгч Э.Эн “Т миний ам руу нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-41-42), хохирогч Э.Эн “...Э.Т намайг эхлээд толгойгоороо мөргөөд миний үүдэн нэг шүдийг хугалчихсан...” гэх мэдүүлэг (хх-15), шүүх эмнэлгийн 13063 дугаар “1. Э.Эн биед үүдэн баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Уг хоёр шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох 4.11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-24-25), шүүгдэгч Э.Тн “Эн нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-33-34) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Эн согтуурсан үедээ хохирогч Э.Тн толгой руу мөргөж, үүдэн 1-р шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл, шүүгдэгч Э.Тн согтуурсан үедээ хохирогч Э.Эн толгой хэсэгт 2 удаа чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э, Э.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нарын “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Э, Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ** тоотод хохирогч Э.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зулай, дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүү, нуруунд зулгаралт, нуруу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Т согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ** тоотод хохирогч Э.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “үүдэн баруун зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “Гэм буруу дээр маргаагүй. Улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү” гэж,

шүүгдэгч Э.Т “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Э.Э Э.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Э.Э, Э.Т нар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар шүүгдэгч Э.Э, Э.Т нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, шүүгдэгч Э.Э хохирогч Э.Тн нүүр хэсэгт мөргөж, шүүгдэгч Э.Т хохирогч Э.Эн толгой руу чулуугаар 2-3 удаа цохин эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Э.Э, Э.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч Э.Эн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодохой ажилтай, орлоготой)-ыг, шүүгдэгч Э.Тн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Т тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э, Э.Т нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Эн Э, ** овогт Эн Т тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Т тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Т тус бүрийг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Э.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э, Э.Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Э.Т тус бүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР