| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/00106/И |
| Дугаар | 184/ШШ2019/00643 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2019/00643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.ТӨҮГ-т холбогдох
Эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх үндсэн, хөрөнгө дутагдуулсны төлбөрт 384,869.45 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М нь 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Г ТӨҮГ-т реактив бодис, тоног төхөөрөмжийн нярваар ажилд орсон. Энэ өдрөөс хойш хэвийн ажиллаж байтал 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Ажлаас чөлөөлөх тухай Б/182 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18-ийн а, б хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1 дэх хэсэг, Захирлын зөвлөлийн хурлын 2018 оны 18/20 тоот шийдвэрийг үндэслэн ажлын байран дээр танхайрсан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ цуцалсугай гэжээ. Д.М нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр үндэслэлгүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон үйл явдлын үеэр Д.М архи уугаагүй байсан тул Хөдөлмөрийн гэрээний 3.4.1-т ажил үүргээ биелүүлэх явцдаа . . . архи ууж танхайрах гэх ноцтой зөрчилд хамаарахгүй, мөн бусад ажилтантай хувийн харилцаанаас болж маргалдсаныг ноцтой зөрчил гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Реактив бодис, тоног төхөөрөмжийн нярав ажилтай Д.М-ыг Г ТӨҮГ-ын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/182 тоот тушаалаар ажлын байран дээр танхайрсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Уг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Д.М нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө маркетинг харилцагчийн үйлчилгээний өрөөнд өглөөний 09 цаг 19 минут 35 секундээс эхлэн нягтлан бодогч Ш.Д-тэй үүссэн хувийн харилцаанаас болж ажлын байранд бусад руу дайрч, утсыг нь булаах зэргээр танхайрсан үйлдэл гаргасан. Болсон үйл явдал нь камерт бичигдсэн байдаг ба гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Д.М нь маркетинг харилцагчийн үйлчилгээний өрөөнд өглөөний 09 цаг 19 минут 35 секундэд орж ирэн цайны өрөө рүү ордог өрөөнд ажилладаг харилцагчийн үйлчилгээний менежер ажилтай Б.Ө нь гадуур хувцсаа өлгөж байгаад 09 цаг 20 минут 32 секундэд цайны өрөө рүү яаран 09 цаг 20 минут 45 секундэд Д.М-ыг авч гарч ирдэг. Үүнээс хойш Д.М нь цайны өрөө рүү орох гэж хэд хэдэн удаа оролддог бөгөөд тус өрөө цоожтой байдаг нь бичлэгээс харагддаг. Тэрээр 09 цаг 51 минут 21 секундэд маркетинг харилцагчийн үйлчилгээний өрөөнөөс гарч явдаг. Д.М-ыг гарч явсны дараа Г.Ө түгшсэн байдалтай цайны өрөөнөөс гарч ирдэг, энэ нь гэрчийн мэдүүлэгт байдаг. Үүний дараа нягтлан бодогч Ш.Д гарч ирэн ажлаа хийж байтал Д.М нь гаднаас дахин орж ирэн Ш.Д-ий утсыг авч хоёул булаацалдан зохисгүй үйлдэл гаргаж байсныг салгах гэж оролдсон хүмүүсийг Д.М нь утас шидэж сүрдүүлдэг. Д.М-н дээрх үйлдлүүд нь ажилтнуудыг ажлаа хэвийн явуулах бололцоо олгоогүй, гадны харилцагчийн дэргэд бусдыг заналхийлж байгууллагын нэр хүндийг унагасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Бусдад бие махбодын болон сэтгэл санааны дарамт учруулсан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан тайлбарт ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино гэж зааснаас үзвэл Д.М-н дээрх үйлдлүүдийг нь ноцтой зөрчил гэж үзэж болохоор байна. Мөн Г ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.18 дах хэсгийн а болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4.1 дэх хэсэгт заасанчлан ажлын байран дээр танхайрсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох нөхцөл гэж заасан тул Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан. Д.М болон өөр 3 ажилтныг ажлын байранд архи уусан ёс зүйн зөрчлийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 тоот захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Д.М нь 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр болох Чингис хааны төрсөн өдрөөр 16.00 цагаас 21.00 цагийн хооронд хариуцлагатай жижүүр хийж байсан. Энэ хугацаандаа гарсан бүхэл зөрчил, дутагдлыг хариуцлагатай жижүүрийн тэмдэглэлд тусгаж, захиргаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тэр цагаараа ажлын байр нь дээр архи уусан зөрчил гаргасан. Үүнийг бидэнд мэдэгдээгүй, зөрчил дутагдлыг захиргаанд мэдэгдээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн. Д.М-ын танхайрсан үйлдлийг 3 дахь удаагийн зөрчил гэж үзэн Захирлын зөвлөлийн гишүүн А.Э-ын оруулсан саналыг үндэслэн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх үндэслэлүүдээр Д.М-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оноос хойш М нь реактив тоног төхөөрөмжийн нярваар ажиллаж эхэлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хугацаанд эд хөрөнгө хүлээлцэхээр тушаалд заасан. Эд хөрөнгө хүлээлцэх явцад 2 нэр төрлийн 13 ширхэг 384,869.49 төгрөгийн хөрөнгө дутагдсан болох нь эд хөрөнгө хүлээлцэх явцад илэрсэн. Жилийн эцсийн тооллогоор дутагдсан эд хөрөнгийг хариуцаж байсан эд хариуцагчаас нь нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслээд Д.М-тай байгуулсан эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээнд зааснаар хохирлыг гаргуулахаар шаардсан боловч одоо болтол төлөөгүй байгаа учраас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 384,869 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г ТӨҮГ /цаашид Геологийн төв лаборатори ТӨҮГ гэх/-т холбогдуулан эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар нэхэмжлэгчийг хариуцаж байсан хөрөнгө дутагдуулсны төлбөрт 384,869.45 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.
Уг маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байх бөгөөд ажилтан Г ТӨҮГ-ын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Д.М-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/182 дугаар тушаалд 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гомдлоо тус шүүхэд гаргасан нь хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.
Д.М болон Г ТӨҮГ-ын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Д.М нь бичиг хэрэг, архив, нууцын эрхлэгчийн ажил үүрэг, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр урвалж бодис, тоног төхөөрөмжийн нярвын ажил үүргийг гүйцэтгэж байжээ. /хх-48, 50-51/ Мөн Д.М нь реактив, тоног төхөөрөмжийн нярвын ажил үүргийг эрхлэхээр талууд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд зохигчид хөдөлмөрийн харилцаа үүссэн дээр үйл баримтад маргаагүй. /хх-18-19/
Г ТӨҮГ-ын захирлын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн Д.М-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/182 дугаар тушаалаар Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Г ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.18-ийн а в хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1 дэх хэсэг, Захирлын зөвлөлийн хурлын 2018 оны 18/20 тоот шийдвэрийг үндэслэжээ. /xx-4/
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр үндэслэлгүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон үйл явдлын үеэр Д.М архи уугаагүй байсан тул Хөдөлмөрийн гэрээний 3.4.1-т ажил үүргээ биелүүлэх явцдаа . . . архи ууж танхайрах гэх ноцтой зөрчилд хамаарахгүй, мөн бусад ажилтантай хувийн харилцаанаас болж маргалдсаныг ноцтой зөрчил гэж үзэхгүй гэжээ.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэгдүгээрт, Д.М 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлын байранд танхайрсан зөрчил гаргасан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил мөн, хоёрдугаарт, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Д.М-д сахилгын шийтгэл ногдуулсан, гуравдугаарт, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажилтан ажлын байранд согтуурсан зөрчлийг таслан зогсоох, мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.
Хариуцагчийн татгалзалд дурдсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үйл явдлууд, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байдлын талаар нэхэмжлэгч тал маргаагүй ба эдгээр нь дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Ө, Г.Ө нарын мэдүүлэг, Г ТӨҮГ-ын захирлын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар тус тус тогтоогдож байна. /хх-17, 68-71/
Гагцхүү Д.М-ын гаргасан зөрчил нь ноцтой зөрчилд хамаарах, давтан зөрчил гаргасан гэж үзэх эсэх нь маргааны зүйл болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх нөхцөлийг заажээ.
Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.1-т ажил үүргээ биелүүлэх явцдаа . . . архи ууж танхайрах нөхцөлийг ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцжээ. Тодруулбал, танхайрах үйлдлийг архи уух үйлдэлтэй зэрэгцүүлсэн нөхцөлийг ноцтой зөрчил байхаар гэрээнд тохирсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.М нь архи уусан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул тухайн өдрийн үйлдэл нь дангаараа хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гэж үзэхгүй. Харин ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Г ТӨҮГ-ын даргын 2018 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн А/7 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.18 (а)-д заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.
Мөн түүнчлэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа ажилтан ажлын байранд согтуурсан зөрчлийг таслан зогсоох, мэдэгдэх үүргийг хэрэгжүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.2, Г ТӨҮГ-ын даргын 2018 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн А/7 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.5-д заасан ажилтан хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, байгууллагын дотооддоо дагаж мөрдөгдаж байгаа журам, дүрэм, зааврыг чанд сахиж биелүүлэх, хүлээсэн үүрэгт ажлаа цагт нь чанартай гүйцэтгэх заалтыг зөрчиж сахилгын зөрчил гаргажээ.
Нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар цалинг бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дээр дурдсанаар сахилгын зөрчлийг давтан гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий гэж үзлээ.
Иймд Д.М-н Г ТӨҮГ-т холбогдуулан гаргасан эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр хариуцаж байсан хөрөнгө дутагдуулсны төлбөрт 384,869.45 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч (сөрөг нэхэмжлэлийн тухайд)-ийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М нь Г ТӨҮГ-т холбогдуулан гаргасан эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Г ТӨҮГ-аас нэхэмжлэгч Д.М-д холбогдуулан хөрөнгө дутагдуулсны төлбөрт 384,869.45 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 12,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 12,200 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН