Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1334

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч М.Б,

шинжээч Б.Даваасүрэн, Б.Ариунболд,

иргэний нэхэмжлэгч Д.Б өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Цг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208018190353 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэргээн засахын эмч мэргэжилтэй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд сэргээн засахын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Нн Ц (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “Ноndа” маркын “Insight” загварын ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Д.Бн жолоодон явсан “Нyundai” маркын “Sonata-6” загварын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн араас М.Бн жолоодон явсан “Тоуоtа” маркын “Fielder” загварын ** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч М.Бн эрүүл мэндэд хүндэвтэр “Тоуоtа” маркын “Fielder” загварын ** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6,073,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн “Нyundai” маркын “Sonata-6” загварын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4,441,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Машин хол зайтай байхаар нь “амжих байх” гээд эргэсэн. Хохирлыг төлнө, даатгал руу хандсан. Өөрийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн хэрэг гаргасандаа уучлалт гуйж байна. Гэм буруугаа ойлгож байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 05 сарын 17-нд Сонсголонгийн замаар хойноос урагшаа явж байсан. Миний хажууд саарал машин явж байсан. Тэр машин мөргөлдсөн. Би бас мөргөөд зогссон. Тоормосны хар мөр гарсан байсан. Хөдөлгөөн үргэлжилж байсан болохоор тэр мөр арилсан. Соната машин миний зүүн урд явж байсан. Хажууд явсан машин чихраад дуугарангуут би бас тоормос гишгээд л мөргөсөн. Нуруу, толгой өвдөөд байгаа. Албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөөгүй. Цаашид хийлгэх сувилалын үнэ 3 сая төгрөг нэхэмжилсэн. Эмч дүүгээр эмчилгээ хийлгэсэн” гэв.

Шинжээч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “MRI-н шинжилгээг үндэслэн дүгнэлт гаргасан. Хохирогчид учирсан гэмтлийг 4 долоо хоногоос дээш хугацаагаар өвдөөд явна, ердийн явцаараа сорвижиж эдгэх учраас хүндэвтэр гэмтэл гэж үзнэ. Барилдах, өндрөөс унах, далд шархны улмаас үүсэх боломжтой. Тухайн тохиолдолд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэв.

Шинжээч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр л явах ёстой. Тээврийн хэрэгсэл бүтэн эргэх хүртэл явсан гэхээр хурдтай явсан нь тогтоогддог. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүд зайн баримжааны хувьд зогсох боломжгүй. Хохирогч Б замын нэгдүгээр эгнээнд явж байсан, эргэх үйлдлийг хараагүй гэдэг, энэ нь ч ослын актаар тогтоогдоно. Иймээс Бг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхгүй” гэв.

Эрүүгийн 2208018190353 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Бн: “2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед өөрийн “Тоёота филдер” маркын ** УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 2 эгнээтэй замын 1-р эгнээгээр явж байхад зүүн урд талд 2-р эгнээнд саарал өнгийн “Соната 6” маркын автомашин явж байгаад гэнэт тоормос гишгээд чахрах дуу гарахаар нь дагаад тоормос гишгэхэд “Соната-6” буцаж эргэж байсан машинтай мөргөлдөөд эрчиндээ миний явж байсан эгнээ рүү ороод замын хашлага мөргөж зогсох үед би араас нь мөргөөд зогссон. Улаан өнгийн “Хонда” маркын автомашин чигээрээ явж байсан автомашины урдуур эргээд “Соната-6” маркын автомашинтай мөргөлдөөд замын дунд хашлага даваад хөндлөн байдалтай зогсчихсон байхаар нь өөрийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Замын цагдаа ирээд хэмжилт хийгээд 3 автомашиныг ачаад явсан. Тэр өдрөө миний биед ямар нэгэн өөрчлөлт зовиур байхгүй байсан боловч маргааш өглөө нь ажил дээрээ ирээд хувцсаа солих үед нуруу татаад хөдөлж болохгүй, явж чадахгүй болсон. Энэ талаар осол шалгаж байсан цагдаад хэлээд прокурорын тогтоолын дагуу ШШҮХ-д үзүүлсэн. Эмчилгээ, эм тарианы баримттай зардал байгаа, автомашинд учирсан хохирлыг хохирлын үнэлгээний дагуу буруутай хүнээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.02-ны өдрийн 7801 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Бн биед бүсэлхий нурууны 4,5-р нугалмын Фиброзон цагирагны урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.18-ны өдрийн 666 дугаар тайланд: “Toyota fielder ** УБЗ улсын дугаартай автомашины хохирлын шууд зардлын дүн 5,163,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,073,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 41-49 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч Д.Бн: “2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн “Хьюндай Соната 6” маркын ** УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд явж байхад буцаж эргэх хэсгээр улаан өнгийн суудлын автомашин гэнэт урдуур дараад орсон. Би шууд тоормос гишгэсэн боловч хэтэрхий ойрхон байсан болохоор баруун талын урд хаалгыг нь мөргөж эрчиндээ замын 1-р эгнээ рүү ороод хашлага мөргөөд зогсох үед 1-р эгнээд явсан автомашин миний машины баруун талын ар хэсэг рүү мөргөж миний машин буцаж эргээд зогссон. Бууж ирэхэд “Тоёота филдер” маркын автомашины жолооч цагдаа дуудаад замын цагдаа ирж хэмжилт хийгээд машинуудыг ачаад явсан. Миний автомашинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.18-ны өдрийн 663 дугаар тайланд: ““Hyundai sonata 6” маркын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 2,771,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 4,441,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 53-57 дахь тал),

Иргэний хариуцагч Т.Сн: ““Хонда инсайт” маркын 48-81 УАК улсын дугаартай автомашиныг хүргэн Ц 2021 оны 3 дугаар сард худалдаж аваад ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн үед хүүхдүүд ажилтай байсан болохоор намайг очоод зээлийн гэрээ байгуулчих гэхээр нь би гарын үсэг зурж байсан. Нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.07.07-ны өдрийн 701 дүгээр магадлагаанд: “...6.1 “Хонда инсайт” маркын ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6.2 “Хьюндай соната 6” маркын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 6.3 “Тоёота филдер” маркын ** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Шүүгдэгч Н.Цн яллагдагчаар өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед ажлаасаа гараад харихаар “Хонда инсайт” маркын ** УАК улсын дугаартай автомашиныг жолоодон Сонголонгийн зам руу ороод ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байгаад буцаж эргэдэг уулзвараар нэлээн хол зайтай саарал өнгийн суудлын автомашин ирж байгаа харагдахаар нь амжина гэж бодоод буцаж эргэх үед уг автомашины миний жолоодон явсан автомашины баруун талын урд хаалгыг мөргөөд зогссоны дараа дахиад тас хийх чимээ гараад миний машины хажуу талаас мөргөсөн автомашины араас машин мөргөхөд миний машин зам дээрээ буцаж эргээд зогссон. Буугаад харахад саарал өнгийн “Хьюндай соната-6” маркын автомашин замын 1-р эгнээнд буцаж эргээд зогссон хоёр машины хооронд хар өнгийн “Тоёота филдер” маркын автомашины урд хэсэг эвдэрсэн зогсож байсан. ...Ослоос хойш удаагүй хэд хоногийн дараа “Тоёота филдер”-ийн жолоочийн биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт гараагүй, зүгээр явж байсан. Автомашины хохирлын үнэлгээний зардлыг надаас гаргаж өг гээд шаардахаар нь төлөх боломж байхгүй байна гэхэд уурлаад “шүүхээр явна, бүх зардлуудаа гаргуулж авна" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал),

зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-5, 8-9), иргэний нэхэмжлэгч Д.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-33), жолоодох эрхийн лавлагаанууд (хх-29, 34, 72),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-71), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-73), Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт (хх-63-66), үнэлгээний төлбөрийн баримт (хх-42, 52), хохирлын тооцоо (хх-115), хохирогчийн хохирлын баримтууд (хх-117-118) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 1 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “****” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн “Ноndа” маркын “Insight” загварын ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Бн жолоодон явсан “Нyundai маркын “Sonata-6” загварын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар араас нь явсан М.Б жолоочтой “Тоуоtа” маркын “Fielder” загварын ** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Бн жолоодон явсан “Нyundai маркийн “Sonata-6” загварын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч М.Бн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Бн эзэмшлийн “Нyundai маркын “Sonata-6” загварын *** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 4.441.000 төгрөг, М.Бн эзэмшлийн эзэмшлийн “Тоуоtа” маркын “Fielder” загварын *** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 6.073.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч Бд 7,051,700 төгрөг, иргэний нэхэмжлэгч Бд 4,441,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай. Давуу эрхтэй жолооч нарт зам тавьж өгөөгүй нь шүүгдэгчийн 100 хувь буруутай үйлдэл...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний нэхэмжлэгч Бн хохирлыг зөвшөөрч байгаа. Хохирогч Бн бодит хохирлоор шийдэж өгнө үү. Шатахууны зардлыг хасаж өгнө үү. Иргэний нэхэмжлэгчийн ачилтын 450,000 төгрөгийг төлсөн байгааг анхаарна уу. Цалингийн зээлээр машин авч зээлээ төлдөг. Хадам ээж нь өвчтэй учир барьцаанд тавиад зээл авсан байдаг тул хохирлыг төлж чадахгүй байгаа...” гэж,

иргэний нэхэмжлэгч Д.Бн өмгөөлөгч “Машины хохирол, төлбөр 4,441,000 төгрөг тогтоогдсоныг бүтэн гаргуулж өгнө үү. Журмын хашааны 450,000 төгрөгийг төлж машиныг гаргуулсан гэсэн” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд “Ноndа” маркын “Insight” загварын ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас Д.Бн жолоодон явсан “Нyundai” маркын “Sonata-6” загварын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн араас М.Бн жолоодон явсан “Тоуоtа” маркын “Fielder” загварын ** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж, хохирогч М.Бн эрүүл мэндэд хүндэвтэр “Тоуоtа” маркын “Fielder” загварын ** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6,073,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Бн “Нyundai” маркын “Sonata-6” загварын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 4,441,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Бн “...Хоёр эгнээтэй замын 1-р эгнээгээр явж байхад зүүн урд талд 2-р эгнээнд саарал өнгийн Соната-6 маркын автомашин явж байгаад гэнэт тоормос гишгээд чахрах дуу гарахаар нь дагаад тоормос гишгэхэд Соната-6 машин буцаж эргэж байсан машинтай мөргөлдөөд эрчиндээ миний явж байсан эгнээ рүү ороод замын хашлага мөргөж зогсох үед би Соната-6 маркын автомашины араас мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг (хх-27), шүүх эмнэлгийн 7801 дүгээр “1.М.Бн биед бүсэлхий нурууны 4,5-р нугалмын Фиброзон цагирагны урагдал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. “ гэх шинжилгээ (хх-14-15), “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Toyota fielder ** УБЗ улсын дугаартай автомашины хохирлын үнэлгээ 6,073,000 төгрөг” гэх тайлан (хх-41-49), “...Hyundai sonata 6 маркын ** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4,441,000 төгрөг” гэх тайлан (хх-53-57), иргэний нэхэмжлэгч Д.Бн “...хойноос урагшаа чиглэлд 2 эгнээтэй замын 2 дугаар эгнээнд явж байхад буцаж эргэх хэсгээр улаан өнгийн суудлын автомашин гэнэт урдуур дараад орсон. Би шууд тоормос гишгэсэн боловч хэтэрхий ойрхон байсан болохоор баруун талын урд хаалгыг нь мөргөж эрчиндээ замын 1-р эгнээ рүү ороод хашлага мөргөөд зогсох үед 1-р эгнээнд явсан автомашин миний машины баруун талын ар хэсэг рүү мөргөж миний машин буцаж эргээд зогссон...” гэх мэдүүлэг (хх-32), мөрдөгчийн “...6.1 Хонда инсайт маркын ** УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хх-58-59), шүүгдэгч Н.Цн “...урдаас хойш чиглэлд явж байгаад буцаж эргэдэг уулзвараар нэлээн хол зайтай саарал өнгийн суудлын автомашин ирж байгаа харагдахаар нь амжина гэж бодоод буцаж эргэх үед уг автомашины миний жолоодон явсан автомашины баруун талын урд хаалгыг мөргөөд зогссоны дараа дахиад тас хийх чимээ гараад миний машины хажуу талаас мөргөсөн автомашины араас машин мөргөх үед миний машин зам дээрээ буцаж эргээд зогссон...” гэх мэдүүлэг (хх-81), зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-5, 8-9) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Цн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч М.Бн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний 143,000 төгрөг, жолоодох эрхийн лавлагаа 500 төгрөг, машины ачилтын 390,000 төгрөг, үнэлгээний төлбөр 367,000 төгрөг, шатахууны зардал 78,200 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Үүнээс шатахууны зардал 78,200 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь нотлогдоогүй тул, “сувилалд эмчлүүлэх 3,000,000 төгрөг”-тэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ. Мөн түүний тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд үнэлгээгээр 6,073,000 төгрөгийн хохирол учирсан, үүн дээр дээрх баримтаар тогтоогдсон 900,500 төгрөг, нийт 6,973,500 төгрөгийн хохирол төлөгдөөгүй,

иргэний нэхэмжлэгч Д.Бн тээврийн хэрэгсэлд 4,441,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (хх-32)-ийг тус тус үндэслэн нийт хохиролд 11,414,500 төгрөг буюу шүүгдэгч Н.Ц, иргэний хариуцагч Т.С тус бүрээс 5,707,250 төгрөг гаргуулж, хохирогч М.Б (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д 6,973,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б (** тоотод оршин суух, РД:**, утас:8**)-д 4,441,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох, улмаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульчилсан байгааг үндэслэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон шууд болон шууд бус зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохирлын хэмжээгээр хохирлыг гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Ц нэг тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, хохирлоо төлөөгүй, төлнө гэж байгаа, эмч ажилтай тул нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Ажил мэргэжлийн хувьд онцлог, хохирол төлөхөө илэрхийлж байгааг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял өгнө үү. Чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж,

иргэний нэхэмжлэгч Д.Бн өмгөөлөгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буцаж эргэх үйлдэл хийхдээ чигээрээ явсан буюу эсрэг урсгалын 2 дугаар эгнээнд явсан жолооч Д.Бн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр мөргөлдөж, улмаар эсрэг урсгалын 1 дүгээр эгнээнд явсан хохирогч М.Бн тээврийн хэрэгсэл, Д.Бн тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирогч М.Бн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, нийт 6,973,500 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч “хохирлоо барагдуулж авмаар байна, сувилалд эмчлүүлэх 3 сая төгрөг нэхэмжилнэ” гэх, иргэний нэхэмжлэгч Д.Бн тээврийн хэрэгсэлд учирсан 4,441,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч “хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Цт торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 11,414,500 төгрөгийн хохирол учирснаас хохирол төлөгдсөн зүйлгүй, шүүгдэгч хохирол төлөх талаар идэвх санаачилга гаргаагүй хэдий ч хохирол төлөхөө илэрхийлж байгаа, түүнчлэн торгох ял оногдуулах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэснийг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Нн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цг 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Ц, иргэний хариуцагч Т.С тус бүрээс 5,707,250 төгрөг, нийт 11,414,500 төгрөг гаргуулж, хохирогч М.Б (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д 6,973,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Б (** тоотод оршин суух, РД:**, утас:**)-д 4,441,000 төгрөг тус тус олгосугай.

6. Хохирогч М.Б “Шатахууны зардал 78,200 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээ, сувилалд явахтай” холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР