| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2019/00603/И |
| Дугаар | 184/ШШ2019/00802 |
| Огноо | 2019-03-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2019/00802
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Б.Т миний бие 2015 оны 07 дугаар сард Г.Ттэй танилцаж, 2015 оны 12 дугаар сараас хамтран амьдрах болсон. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Т.Ттөрсөн. Бид 2015 оноос 2019 он хүртэл хамтран амьдрахдаа өөр хоорондоо таарч тохирохгүй байнга маргаантай байж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран амьдрахаа больсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Т.Тнь Б.Тминий царай төрх, бие организмтай адилгүйгээс гадна, эцэг үрийн холбоо, мэдрэмж төрдөггүйн улмаас энэхүү эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан болно. Иймд охин Т.Тнь Б.Тминий төрсөн охин мөн эсэхийг тогтоож өгнө үү. Миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Г.Т миний бие Б.Т-ийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч Г.Тт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч болох Б.Т, Г.Т нарын дундаас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Т.Т төрж, эрүүл өсөн бойжиж байгаа нь талуудын тайлбар, №2137000031 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг мөн эсэх талаар эргэлзэж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ...Б.Тнь Т.Т-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай гэх 1503 дугаар шинжээчийн дүгнэлтийг /хх 15/ шүүхэд ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сэргээсэн.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Т.Т-ийн төрсөн эцэг нь Б.Т мөн болохыг тогтоон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул тэдний эзгүйд хэргийг хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан Б.Т-г охин Т.Т-ийн эцэг нь мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ