Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1346/Э |
Дугаар | 2022/ШШТ/1392 |
Огноо | 2022-11-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШШТ/1392
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Эрдэнэбат,
шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001715 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл **, эцэг, эхийн хамт ** тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жил хорих ял шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, ** овогт Цн Э (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Эко” худалдааны төвийн зогсоол дээр хохирогч М.Бтэй маргалдаж зүүн бугалгад хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Такси олдохгүй болохоор нь “Бг хүргээд өгөөч” гээд маргасан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, ойлгож байгаа, дахиад ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2208000001715 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч М.Бн: “2022 оны 10 сарын 05-ны өдөр 17 цагийн үед Сонгинохарйхан дүүргийн 22 дугаар хороо, “Eко” худалдааны төвийн зогсоол дээр машиныхаа хажууд зогсоод найз Бтай уулзаж байсан. Зүс таних залуу дэргэд ирээд машинд маань суугаад намайг дуудахаар нь би “Чи Содон хороолол орох гэж байгаа юм уу” гэж асуухад “Үгүй, Нисэх явна, хүргээд өг” гээд байсан. Би “Чадахгүй, тийм хол явахгүй” гээд машинаас гараад зогсож байтал нөгөө залуу машинаас бууж ирээд цамцны энгэрээс бариад хурц иртэй зүйлээр зүүн мөр лүү нэг удаа дүрээд авсан. Б нөгөө залууг надаас салгаад гарт нь байсан иртэй зүйлийг салгахад хайч бололтой харагдаж байсан. ...Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.07-ны өдрийн 13754 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Бн биед зүүн бугалгад хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Гэрч Б.Бн: “2022 оны 10 дугаар сарын 05-ны орой найз Б ирсэн. Б жолоочийн, эсрэг талын суудал дээр нь танихгүй залуу сууж байсан. Б бид хоёр юм яриад зогсож байтал нөгөө залуу Бд “Хүргээд өг” гэж хэлэхэд Б “хол байна ажилтай, амжихгүй” гэхэд нөгөө залуу машинаас буугаад Б дээр ирээд тэр хоёр заамдалцаад авсан. Би “боль” гээд салгаад холдуулсан. Б цаашаа явахад зүүн гарын дээд булчин хэсгээс цус гараад хувцас нь цус болсон. Тэр залуугийн гарыг хартал баруун гартаа жижиг ягаан өнгийн иштэй цаасны хайчны нэг гуяыг барьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-34), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-67), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-113, 114), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-116-117), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-118-119) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021.07.28-ны өдрийн 2021/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолын 5 хуудас хуулбар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022.11.09-ний өдрийн 1/5033 дугаар албан бичиг зэрэг баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Э согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Эко худалдааны төвийн зогсоол дээр хохирогч М.Бтэй такси үйлчилгээнээс болж маргалдан зүүн бугалгад хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч М.Бн “...Би “Чи Содон хороолол орох гэж байгаа юм уу” гэж асуухад “Үгүй, Нисэх явна, хүргээд өг” гээд байсан. Би “Чадахгүй, тийм хол явахгүй” гээд машинаас гараад зогсож байтал нөгөө залуу машинаас бууж ирээд цамцны энгэрээс бариад хурц иртэй зүйлээр зүүн мөр лүү нэг удаа дүрээд авсан....” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 13754 дүгээр “1. М.Бн биед зүүн бугалгад хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-19-20), гэрч Б.Бн “...Нөгөө залуу Бд “Хүргээд өг” гэхэд Б “хол байна ажилтай амжихгүй” гэхэд нөгөө залуу машинаас буугаад Б дээр ирээд тэр хоёр заамдалцаад авсан. Б цаашаа явахад зүүн гарын дээд хэсгээс цус гараад хувцас нь цус болсон...” гэх мэдүүлэг (хх-14-15) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Эн согтуурсан үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч М.Бн зүүн бугалгад хайчаар нэг удаа хатгаж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-12, 113)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Э согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Эко худалдааны төвийн зогсоол дээр хохирогч М.Бтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн бугалгад хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ц. нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ “Хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогчийг зүүн бугалга хэсэгт хайчаар нэг удаа хатган эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг прокурор хянана” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Эн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хайчаар хатгасан), хувийн байдал (урьд энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа гэм буруутайд тооцогдож байсан, хутга хэрэглэж байсан), учруулсан хохирлыг төлөөгүй (хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул төлөх төлбөргүй) зэргээс дүгнэхэд 450,000 төгрөгөөр торгох ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэхэд анхаарвал зохихыг тэмдэглэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Цн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР