| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2018/03524/И |
| Дугаар | 184/ШШ2018/00484 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2018/00484
| 2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 184/ШШ2019/00484 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч Т.Батсүх, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, ХМК 31 дүгээр байрны 26 тоотод оршин суух Х овогт О.Оийн /регистрийн дугаар / нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол,ҮЭ гудамж 2-60 байр 26 тоотод оршин суух Б овогт Д Б /регистрийн дугаар /
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельс гудамж өөрийн байранд байрлах “НЗТН” ОНӨААТҮГазар /регистрийн дугаар /
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам, өөрийн байранд байрлах “ЗТ-3” ОНӨААҮТГазарт /регистрийн дугаар / нарт холбогдох
“Гэм хорын хохиролд 14,322,599 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч “Нийслэлийн ЗТН” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, хариуцагч “ЗТ-3” ОНӨААҮТГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, иргэдийн төлөөлөгч Ч.Баянбаатар, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн 24-94 УБС улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа огцом тоормоз гишгэсний улмаас тус автобусанд зорчиж явсан иргэн О.О миний бие унаж, миний зүүн хөлийн шагай бяцарсан, мөн зүүн хөлний шаант болон тахилзуур яснууд хугарсан. Улмаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан” зүйл заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж шалгаж, улмаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1528 дугаартай тогтоолоор “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хаасан. Д.Б нь өнөөдрийг хүртлэх хугацаанд эмчилгээний мөнгө гэж надад нэг ч төгрөг өгөөгүй, намайг элдвээр хэлдэг, мөн тухай үедээ миний бие “Оймон” ХХК-д “Үйлчлэгч” ажилтай, сарын 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг цалинтай ажилладаг байсан бөгөөд биед учирсан гэмтэлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдаж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажлаасаа гарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Мөн өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа буюу групп тогтоосон. Иймд иргэн О.О миний бие хариуцагч Д.Бд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
1. Эмчилгээний зардал буюу хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зардал болох 2,610,599 төгрөг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярсайхан болон “ЗТН” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-аас гэм хорын хохиролд 14,332,599 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь 2017.07.04-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Бы жолоодож явсан 24-94 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд О.О нь дотор нь сууж яваад гэмтэл авсан, гэмтлийн зэргээр хүндэвтэр гэмтэлд тооцогдсон, ясны хугаралтай байдаг. Энд Баянголд дүүргийн прокурорын газраас хүний бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан зүйл заалтаар хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж шалгаж, улмаар 2018.07.30-ны өдрийн 1528 дугаартай тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Иймд О.О нь гэмтэл учирсан эмчилгээнээс гарсан зардлаа нэхэмжилж байгаа. Тухайн үед Д.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “ЗТН” ОНӨААТҮГ-ын нэр дээр бүртгэлтэй байсан учраас 14,332,599 төгрөгийг зорчигч тээврийг жолоодож явсан жолооч Д.Б болон “ЗТН” ОНӨААТҮГ нь сүүлд “ЗТН 3” ОНӨААТҮГ болсон учраас эдгээр хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Бид ИХ-ийн 497.1, 505.1-т зааснаар нэхэмжилж байгаа...Ийм учраас хуульд зааснаар “ЗТН” ОНӨААТҮГ,шинэчлэгдээд байгаа “ЗТН 3” ОНӨААТҮГ нь бидний нэхэмжлэлийн хариуцах ёстой. Д.Б ч мөн хариуцах ёстой. 2017.07 сард Д.Бы жолоодож явсан “ЗТН” ОНӨААТҮГ-ын өмчлөлийн 24-94 УБС автобусанд О.О явж байхад гэм хор учруулсан. Одоо 24-94 УБС автобус нь “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын өмчлөлд байгаа учраас шаардаж байгаа. Гэм буруутайг шүүх тогтооно. Д.Б энэ хүнд гэм хор учруулсан, гэмтэл учруулсан учраас түүнд холбогдон гарсан зардлаа нэхэмжилж байгаа. Прокурорын байгууллага хэрэг бүртгэлийн шатанд энэ хэргийг хаахдаа Д.Быг гэм буруутайг тогтоогоогүй, гэхдээ энэ хүнд гэмтэл учруулсан, гэм хор учруулсан гэдгийг тогтоосон байгаа.Тухайн үед хэрэг нь шинэ хууль хэрэгжиж байна гээд шууд хаачихаад бараг О.О өөрөө ч тэнхэрч амжаагүй хөөн хэлэлцэх хугацаа дуусахын даваан дээр тэр үед нь замын шинжээч томилсон боловч дүгнэлт нь гарч амжаагүй байхад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Хэрэв огцом тоормослоогүй байсан бол гэмтэл авахгүй, гэмтэл авсан учраас гарсан зардлаа нэхэмжлээд байгаа. Гэмтэл авсан учраас үүнээс үүдэлтэй ажлаа хийж чадаагүй явж байгаа нь өнөөдрийн хүртэл харагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас ментос гэх бохь, ус, шампунь авсан нь хасагдах нь зүйн хэрэг. Бусад шаардлагыг хангаж өгөөчээ гэж хүсч байна. Яах аргагүй зүгээр байсан хүнд гэм хор учруулсан байгаа гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дансрангийн Баярсайхан миний бие уг хэрэг болоход ЗТН ОНӨААТҮГ-т автобусны жолоочоор ажиллаж байсан бөгөөд уг хэрэг учрал болоход миний автобусны өмнө зам дээр дугуйтай хүүхэд унасны улмаас би аргагүйн эрхэнд тормоз гишгэж, автобусаа зогсоосон. Ингээд уг автобусанд зорчиж явсан иргэн унаж гэмтсэн асуудал болоод цагдаагийн байгууллага шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс уг төлбөрийг хариуцан арилгах үндэслэлгүй байна. Учир нь би автобусаа зогсоогоогүй бол хүүхдийн амь нас эрсдэх байсан. Өөрөөр хэлбэл гарцаагүй байдлын шинжтэй үйлдэл байсан юм. Тэрнээс миний буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгө нь хүлээн зөвшөөрөх боломжгүй их хэмжээний мөнгө байх бөгөөд цалингаас цалингийн хооронд, банкны зээл төлж амьдардаг миний хувьд төлж чадхааргүй их мөнгө байна. Хэдийгээр уг хэрэгт холбогдуулан намайг шалгасан боловч намайг буруутай эсэх талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй бөгөөд миний бие өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн О.О нь гэм хорын төлбөр 14,332,599 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус нэгтгэлийн 2 дугаар баазын жолооч Д.Б 24-94 УБС улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахад автобусны урд унадаг дугуй унаж явсан хүүхэд замын эвдрэлээс үүссэн нүхэнд унасан. Улмаар жолооч унасан хүүхдийг дайрахгүйн тулд огцом тормоз гишгэж автобусанд зорчиж явсан иргэн О.О унаж бэртсэн. Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1528 дугаартай тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны А/723 дугаар захирамжаар “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ үүсгэн байгуулсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/723 дугаар захирамжаар “ЗТН” ОНӨААТҮГ-ын балансаас...хөрөнгө болон эх үүсвэрийг шинээр байгуулагдаж байгаа “ЗТ-3” ОНӨААТҮГ-ын балансад шилжүүлэхийг даалгасан. “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны А/64 тоот тушаалаар ажилтан болон хөрөнгийг, эх үүсвэрийн хамт шилжүүлсэн. Жолооч Д.Б нь өөрийн жолоодож явсан автобустайгаа “ЗТ-3” ОНӨААТҮГ руу шилжин ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Дээрх үйл баримтаар “ЗТН” ОНӨААТҮГ нь жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч “ЗТ-3” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “ЗТН” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын жолооч Д.Б нь автобусаа жолоодон шугамын үйлчилгээнд явж байхад урдуур нь дугуйтай хүүхэд орж ирсэний улмаас огцом тормоз гишгэсэн. Жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” авах үүрэгтэй тул энэ үүргээ манай жолооч зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна. Монгол улсын Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS:5012:2011 стандартад нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигчдод хориглох зүйлийг заасан байдаг. Стандартын 9.10.3-т “Зорчигч нь нийтийн тээврийн хэрэгслийн хаалганаас зүүгдэх, хөдөлгөөн эхлэх дохио өгсөнөөс хойш суухыг хориглодог” бөгөөд Зорчигч О.О нь автобусанд орсоны дараа хаалга хааж, хөдөлгөөн эхлэхээс өмнө суудалд суух, бариулаас барьж өөрийн аюулгүй байдлыг хангаж явах үүрэгтэй. Гэтэл зорчигч энэ үүргээ биелүүлээгүй, үүнээс үүдэн автобус тормоз гишгэх үед унасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 1.Эмчилгээний зардал буюу 2,610,599 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримт байхгүй байна. 2.Прокурорын тогтоол гарсанаас хойш нэмж гарсан зардлат 472,000 төгрөгийн “Ачит арвис”-ийн баримт байгаа боловч эмчийн заавраар авсан эсэх, яг ямар өвчинд ямар эмчилгээ хийсэн эсэх нь тодорхой бус байна. 3.Осолд орж гэмтэл авснаас үүдэлтэй ажилгүй байсан хугацааны буюу 15 сарын цалин 1,125,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл нийгмийн даатгалын лавлагааны хуулбараас цалинг нь бодоход сарын үндсэн цалин 750,000 төгрөг хүрэхгүй харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн эмчилгээний карт хэрэгт авагдаагүй байгаа нь хэзээ эдгэрсэн, хэдий хүртэл эмчийн хяналтанд байсан эсэх нь тодорхойгүй, лист авсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд манай жолооч замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлж замын хөдөлгөөнд оролцсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч Д.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, 2017.07.04-ний өглөө Д.Б ажил үүргээ гүйцэтгээд 10-р хорооллоос 25-р эмийн сангийн чиглэлд явж байсан бөгөөд урдуур нь дугуйтай хүүхэд орсон учраас тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан. Үүний улмаас нэхэмжлэгчид хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. ИХ-ийн 498, 499-р зүйлд зааснаар байгууллагын албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад гэм хор учруулсан бол байгууллага хариуцна, нөгөөтэйгүүр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэм хорыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нь хариуцдаг. 2017 онд үүссэн хохирлыг хариуцах үндэслэлгүй. Д.Бы гэм бурууг тогтоосон, нотолсон зүйл хэрэгт байхгүй, нөгөөтэйгүүр хүүхэд урдуур нь ороод тоормос гишгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон гэдэг тайлбарыг үгүйсгээгүй, тоормослоогүй бол хүүхдийг дайраад магадгүй амь насыг нь хохироох нөхцөл байдалд орсныг үгүйсгэхгүй. Д.Бы гэм буруутайг тогтоогоогүй. Ийм учраас Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Д.Б, “Нийслэлийн ЗТН” ОНӨААТҮГазар, “ЗТ-3” ОНӨААТҮГазарт холбогдуулан эмчилгээний зардалд 3,082599 /2,610,599+472,00/ төгрөг, ажилгүй байсан хугацааны 15 сарын цалин 11,250,000 төгрөг, нийт 14,322,599 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд: Хариуцагч Д.Б нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 24-94 УБС улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед урд нь зорчиж байсан ундаг дугуйтай зорчигч унасны улмаас тэрээр өөрийн жолоодож явсан 24-94 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “зайлшгүй зогсолт”-ыг хийсэн болох нь тухайн үйл баримтыг шалгаж, хяналт тавьсан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1528 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор тогтоогдож байна.
Хариуцагч Д.Б нь зайлшгүй зогсолт хийж огцом тоормоз гишгэхэд нь автобусанд зорчиж явсан нэхэмжлэгч О.О унаж биед нь хүндэвтэр гэмтэл буюу зүүн хөлийн шаант болон тахилзуур ясны гандангийн доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтлийг болгоомжгүйгээр учруулжээ.
Нэхэмжлэгч талаас: 2017.07 сард Д.Бы жолоодож явсан “ЗТН” ОНӨААТҮГ-ын өмчлөлийн 24-94 УБС автобусанд О.О явж байхад гэм хор учруулсан. Одоо 24-94 УБС автобус нь “ЗТ-3” ОНӨААТҮГ-ын өмчлөлд байгаа учраас шаардаж байгаа. Прокурорын байгууллага хэрэг бүртгэлийн шатанд энэ хэргийг хаахдаа Д.Быг гэм буруутайг тогтоогоогүй, гэхдээ энэ хүнд гэмтэл учруулсан, гэм хор учруулсан гэдгийг тогтоосон. Хэрэв огцом тоормослоогүй байсан бол гэмтэл авахгүй, гэмтэл авсан учраас гарсан зардлаа нэхэмжлээд байгаа гэж гэм хорын хохиролд 14,322,599 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байгаа бөгөөд хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГазар нь “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны А/64 тоот тушаалаар ажилтан болон хөрөнгийг, эх үүсвэрийн хамт “ЗТ-3” ОНӨААТҮГазарт шилжүүлсэн. Жолооч Д.Б нь өөрийн жолоодож явсан автобустайгаа “ЗТ-3” ОНӨААТҮГ руу шилжин ажил үүргээ гүйцэтгэж байгаа, “ЗТН” ОНӨААТҮГ нь жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
хариуцагч “ЗТ-3” ОНӨААТҮГазар нь манай жолооч замын хөдөлгөөний дүрэм болон бусад хууль тогтоомжид заасан үүргээ зохих ёсоор биелүүлж замын хөдөлгөөнд оролцсон гэж,
хариуцагч Д.Бы талаас байгууллагын албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад гэм хор учруулсан бол байгууллага хариуцна, нөгөөтэйгүүр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэм хорыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нь хариуцдаг. Д.Бы гэм бурууг тогтоосон, нотолсон зүйл хэрэгт байхгүй, нөгөөтэйгүүр хүүхэд урдуур нь ороод тоормос гишгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Тоормослоогүй бол хүүхдийг дайраад магадгүй амь насыг нь хохироох нөхцөл байдалд орсныг үгүйсгэхгүй. Д.Бы гэм буруутайг тогтоогоогүй, гэм буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж талууд маргав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөгөөс гадна жолоочийн “зайлшгүй зогсолт” хийсэн үйлдлийг зөрчил гэж үзэх боломжгүй тул жолоочид буюу хариуцагч Д.Бд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч О.О болон хариуцагч “ЗТ-3” ОНӨААТҮГ нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэл /зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар зохих ёсоор хүргэх/-тэй холбоотой хохирол шаардах эрхтэй боловч мөн хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-д зааснаар, тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.
Дээр дурдсанаар хариуцагч буюу жолооч Д.Б нь хууль тогтоомжоор зөвшөөрсөн “зайлшгүй зогсолт”-ыг хийсэн байх тул түүний үйлдлийг санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл байна гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь мөн тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирлыг хариуцагч Д.Д.Б, хариуцагч “ЗТ-3” ОНӨААТҮГ-аас шаардах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолоор “ЗТ-3” ОНӨААТҮГазрыг байгуулсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/743 дугаар “ЗТ-3” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай захирамж гарч, үүний дагуу “ЗТН” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны А/64 тоот тушаалаар ажилтан, албан хаагч, хөрөнгийг шинээр байгуулагдсан “ЗТ-3” ОНӨААТҮГазарт шилжүүлэхэд жолооч Д.Б нь өөрийн жолоодож явсан 24-94 УБС улсын дугаартай автобусны хамт “ЗТ-3” ОНӨААТҮГ руу шилжиж, одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдов.
Иймээс нэхэмжлэгч О.О нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гэм хорын хохирол шаардах эрхгүй юм.
Хариуцагч Д.Б нь тухайн өдөр Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох ямар заалт зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй бөгөөд хэрэгт авагдсан Прокурорын 2018 оны 07 сарын 30-ны 1528 дугаар тогтоолоор...Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтаар хэрэг бүртгэлтийн 180501319 тоот хэргийг хаасан ба мөн нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дуусахын даваан дээр тэр үед нь замын шинжээч томилсон боловч дүгнэлт нь гарч амжаагүй байхад хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон гэх тайлбараар нотлогдов.
Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг гэм буруутай гэж гэм хорын хохиролд 14,322,599 төгрөг шаардсан боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бд холбогдох 180501319 дугаартай хэргээс нотлох баримтаар гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар тооцсон ба тус нотлох баримтууд нь хэргийг шалгах явцад цугларсан бичмэл нотлох баримт юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу шүүх үнэлсэн ба харин нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэргийн 4-11-р талд авагдсан болон шүүхийн тогтоолын дагуу ирүүлсэн 139-143, 156, 163-167-р талд байгаа нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй, 26-27, 35-42-р талд авагдсан зээл болон барьцааны гэрээ, дансны хуулга нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.
Шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны 184/ШЗ/2018/12340 дугаартай захирамжаар хариуцагч Д.Бы арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 14,332,599 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсанг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 184/ШЗ2018/12865 дугаар захирамж болон шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 184/ШТ2019/00020 дугаар тогтоолоор “Нийслэлийн ЗТН” ОНӨААТҮГазар, “ЗТ-3” ОНӨААТҮ Газрыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулав.
Нэхэмжлэгч О.О нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,613 төгрөгийг хуульд зааснаар улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, “ЗТН” ОНӨААТҮГ, “ЗТ-3” ОНӨААҮТГазарт холбогдох “Гэм хорын хохиролд 14,322,599 төгрөг /арван дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун ерэн есөн / гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,613 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БАТСҮХ
Б.ХИШИГБААТАР