Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1372

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч, хохирогч Э.У,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Б, Э.У нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2208000001506 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл *, нөхөр, хүүхдүүдийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Мн Б (РД:**),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “**” ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод түр оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж биелүүлсэн, ** овогт Эн У (РД:**).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Б согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн *** дүгээр гудамж, ** тоотод “чи яахаараа манай нөхрийг шээс гэдэг юм” гэх шалтгаанаар хохирогч Э.Ун зүүн хөмсөгний дээд талд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “духанд зүсэгдсэн шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.У согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн *** дүгээр гудамж,*** тоотод хохирогч Б.Бг “Яагаад хүүхдээ загнаад байгаа юм” гэх асуудлаас маргалдаж, зүүн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ч намайг түлхээд хойшоо унахдаа санамсаргүй Ун нүүрийг хатгасан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, уучлаарай” гэв.

Шүүгдэгч, хохирогч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хүүхдээс болж Б-тэй маргалдсан. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б зүүн нүдний дээд зовхи рүү хутгаар хатгасан. Хохиролд 1,500,000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн 2208000001506 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Ун: “2022 оны 8 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед найз Б залгаад “жаахан юм ярьж суух уу” гэхээр нь “эхнэрээсээ асууж байж больё” гээд эхнэрээсээ асуухад дургүй байхаар нь “хүн дуудаж байхад очоод жаахан байж байгаад ирье” гээд бид хоёр Бн гэрт очсон. ...Тэднийд очиход Б, эхнэр Бн хамт пиво ууж байсан. Ингээд бид дөрөв авчирсан пиво, архиа ууцгааж байхад шөнө 04 цагийн үед Бн охин том өрөөнд орж ирэхэд Бх “Өрөөндөө ороод унт” гээд загнасан. Би Бг “Чи яагаад хүүхэд загнаад байгаа юм” гэхэд Б “Чи дуугүй бай” гээд бид хоёр маргалдаж муудсан. Би Бн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Б нь нөхөр Бг өмөөрч цагаан өнгийн гал тогооны тавилга дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад “Чи яахаараа манай нөхрийг шээс гэдэг юм” гээд миний зүүн хөмсөгний дээр хутгаар хатгасан. Миний духнаас цус ихээр гарсан. Тэгтэл манай эхнэр Ч Бс хутгыг нь булааж авах гэж булаацалдаж байгаад хоёр гараа зүсүүлсэн. Тухайн үед цагдаад мэдэгдэх гэсэн боловч утас олдоогүй. Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. ...Б 1,500,000 төгрөг өгсөн тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.11-ний өдрийн 10954 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Э.Ун биед духанд зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн нүдний дотор доод хэсэг, баруун хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтэл топгоогдлоо. 3. Дээрх гэмтлүүдээс духны зүсэгдсэн шарх, зулгаралт нь ир үзүүр бүхий зүйлийн, зүүн нүдний дотор доод хэсэг, баруун хацрын гадна хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

Шинжээч Ч.Эн: “Э.Ун биед учирсан духанд зүсэгдсэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),

Хохирогч Б.Бн: “2022 оны 8 дугаар сарын 06-ны орой 22 цаг 30 минутад би найз У луу залгаад “Манайд хүрээд ир, жаахан юм ярьж сууя, ирэхдээ уух юм аваад ир, би мөнгийг нь хийе” гээд 50,000 төгрөг шилжүүлсэн. ...Бид дөрөв авчирсан архи, пивоо ууцгааж байхад шөнө 04 цагийн үед манай охин А унтахгүй, том өрөөнд ороод ирэхээр нь би “Өрөөндөө орж унт” гэж хэлсэн. У “Чи яах гээд хүүхэд загнаад байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. У миний зүүн нүд рүү баруун гараараа цохисон. ...Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгээгүй болохоор гарсан эмчилгээний зардал байхгүй. Ут одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.11-ний өдрийн 10950 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2. Б.Бн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Гэрч Э.Ч-ын: “...Шөнө 04 цагийн орчимд Б бид 2 гарч бие засаад орж ирэхэд У, Б 2 муудалцаж маргалдаж байсан. Манай нөхөр У Бн зүүн нүд рүү нэг удаа цохисон. Гэтэл Б нөхрөө өмөөрч гал тогооны тавиур дээр байсан хутга авч манай нөхрийн толгойд нэг хатгасан. Би орилоод Бс хутгыг нь булааж авах гээд хутгатай гараас нь бариад булаацалдаж байхад миний зүүн гар зүсэгдсэн. Би баруун гараараа хутганы ирэн дээрээс барьж аваад Бс хутгыг булааж аваад цагаан өнгийн тавиур луу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Бн: “Хохирогч Э.У нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 241,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг М.Бс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ...дугаар дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-16), мөрдөгчийн “27 см урттай, улаан хүрэн өнгийн иштэй хутга”-ыг эд мөрийн баримтаар тооцох” тогтоол (хх-18),

шүүгдэгч М.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-98), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-107), Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хорооны Засаг даргын “М.Б нь тус хорооны Хангайн *** тоотод түр оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-97), “М.Б нь Gem худалдааны төвийн 4-р лангууг түрээслэдэг болох нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-99), дансны хуулга (хх-100-101), хохиролд 1,500,000 төгрөг өгсөн тухай баримт (хх-121),

шүүгдэгч Э.Ун эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-115), Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын “Э.У нь тус хорооны Зүүнбаян-Уулын ** тоотод түр оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-108), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-110), “***” ХХК-ийн “Э.У нь тус компанид орон тооны бус хүргэлтийн жолоочоор ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-113), шийтгэх тогтоолын хуулбар (хх-117-119), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Э.У нь 2022 оны 8 дугаар сард эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан” гэх албан бичиг (хх-131-132), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-142), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-125, 126), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-145-146), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-147-148) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Б согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн *** дүгээр гудамж, ** тоотод “чи яахаараа манай нөхрийг шээс гэдэг юм” гэх шалтгаанаар хохирогч Э.Ун зүүн хөмсөгний дээд талд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “духанд зүсэгдсэн шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.У согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Хангайн ** дүгээр гудамж, ** тоотод хохирогч Б.Бг “чи яагаад хүүхдээ загнаад байгаа юм” гэх асуудлаас маргалдаж, зүүн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Бн “...Бид нар архи, пиво ууцгаасан. У миний зүүн нүд рүү баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-27-28), шүүх эмнэлгийн 10950 дугаар “1.2. Б.Бн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-52-53), хохирогч Э.Ун “...Бид нар архи, пиво уусан. Б нь нөхөр Бг өмөөрч цагаан өнгийн гал тогооны тавилга дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад “чи яахаараа манай нөхрийг шээс гэдэг юм” гээд миний зүүн хөмсөгний дээр хатгасан...” гэх мэдүүлэг (хх-33-34), шүүх эмнэлгийн 10954 дүгээр “1.2.Э.Ун биед духанд зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн нүдний дотор доод хэсэг, баруун хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтэл топгоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-56-57), гэрч Э.Чн “...манай нөхөр У Бн зүүн нүд рүү нь нэг удаа цохисон. Гэтэл Б нөхрөө өмөөрч гал тогооны тавиур дээр байсан хутга авч манай нөхрийн толгойд нэг хатгасан...” гэх мэдүүлэг (хх-41-42) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Бн согтуурсан үедээ хохирогч Э.Ун зүүн хөмсөгний дээд тал руу хутгаар хатгаж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл, шүүгдэгч Э.Ун согтуурсан үедээ хохирогч Б.Бн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, Э.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-27-28), хохирогч Э.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,500,000 төгрөг төлөгдсөн (хх-121), хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Э.У, М.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Б “Эрүүл мэндийн даатгалын санд олгогдох 214,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба шүүгдэгч М.Б төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч М.Бс 214,000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.Б нь 2022 оны 8 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хохирогч Э.Уг “чи яахаараа манай нөхрийг шээс гэдэг юм гэх шалтгаанаар нөхөр Бг өмөөрч түүний зүүн хөмсөгнйи дээд талд хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “духанд зүсэгдсэн шарх, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.У нь 2022 оны 8 дугаар сарын 6-7 -нд шилжих шөнө ** тоотод хохирогч Б.Бг “чи яагаад хүүхдээ загнаад байгаа юм” гэх асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б, Э.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч М.Бс 214,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгох саналтай...” гэж,

шүүгдэгч М.Б “Хялбараар шийдэж өгнө үү, уучлаарай” гэж,

шүүгдэгч Э.У “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,

шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, согтуурсан үедээ Э.У нь “хүүхэд загналаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Бтэй маргалдан зүүн нүд рүү нь нэг удаа цохиж, шүүгдэгч М.Б “манай нөхрийг шээс гэж дуудлаа” гэх шалтгаанаар хохирогч Э.Ун зүүн хөмсөг орчим 1 удаа хутгаар хатгах үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь тус тус халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Б.Батсүх, Э.У нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч Э.Ут 1,500,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч М.Бн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодохой ажилтай, орлоготой)-ыг, шүүгдэгч Э.Ун хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “27 см урттай, хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутга” -ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, Э.У нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Мн Б, ** овогт Эн У тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У тус бүрийг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.У нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Бс 214,000 (хоёр зуун арван дөрвөн мянга) төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “27 см урттай, хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутга” -ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б, Э.У нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Э.У тус бүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР