Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1246

 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.А..............д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0159 11275 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт Б...........гын А..............д, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1997 ..........................-ны өдөр төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эцэг, дүү нарын хамт .................................айнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.А..............д нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э..................с гэх нэртэй ломбардад хохирогч О.Э..................сайханы зарж байсан Readmi 8 pro маркийн гар утас нэг ширхэг, Readmi note 9 маркийн гар утас 1 ширхэг нийт 2 ширхэг гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Э..................н гэх нэртэй ломбардад хохирогч Н.У..................гийн зарж байсан Самсунг А-52 маркийн гар утас нэг ширхэг, Хулан 21 маркийн гар утас ширхэг нийт 2 ширхэг гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.А..............д нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 391 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Э..................с” барьцаалдан зээлдүүлэх газар А.Х..................нг ажиллаж байхад нь “зарах утас байна уу” гэж хуурч, А.Х..................нгийн зарахаар танилцуулсан “Readmi 8 pro”, “Readmi note 9” загварын 2 ширхэг гар утсыг авч зугтаан 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг 17 минутын орчим *******,******* буюу “М..................у” буудлын үйл ажиллагаа явуулдаг байранд байрлах “Э..................н” ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх газар Н.У..................гийг ажиллаж байхад нь “зарах утас байна уу, 800.000 төгрөгт хоёр ширхэг гар утас авъя” гэж хуурч, Н.У..................гийн зарахаар танилцуулсан Samsung A-52,  Хулан-21 загварын 2 ширхэг гар утсыг авч зугтаан 630.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хар өнгийн саравчтай малгай хар өнгийн малгайтай цам хар өнгийн куртик, хар бараан өнгийн жинсэн өмд, хар гуталтай 20-30 насны эрэгтэй хүн орж ирэв. ..Удалгүй гэрч Э.Х..................н нь тус ...хүнд хар өнгийн утас хойд талдаа цагаан өнгийн бичигтэй гар утас 1 ширхэг, мөн хар өнгийн дэлгэцтэй хойд тал нь цагаан өнгийн гар утас 1 ширхгийг өгөв. ...Дээрх ...эрэгтэй нь тус гар утаснуудыг авч зугтааж явав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал)

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Б...........гын А..............д Readmi 8 pro загварын гар утсанд үзлэг хийхэд хар өнгийн нүүртэй байв. Гар утсыг эргүүлээд ард талыг нь харахад хар өнгөтэй байв...Цаашлаад гар утсыг нээж setting цэсийн about хэсэг рүү орж status хэсэг рүү ороход IMIE 1 8606800553992556, IMIE 2 860680053992549 кодууд харагдав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 63-65 дахь тал)

- Гэрч А.Х..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчимд үл таних ...хүн орж ирээд гар утас зарж байгаа юу гэхээр нь би эдгээр гар утсыг зарна гэж хэлээд үзүүлтэл өнөөх залуу 2 ширхэг гар утас аваад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)

- Хохирогч О.Э..................сайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ҮЭ-391 тоотод байрлалтай Э..................с ломбардын үйл ажиллагааг хариуцан явуулаад 7 гаран жил болж байгаа юм. Би өөрийн ломбардад эхнэрийн дүү Х..................нг ажиллуулдаг юм. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 30 минутын үед гэртээ байж байхад дүү Х..................н...залгаад дөнгөж сая танихгүй эрэгтэй хүн утас үзье гээд үзэж байгаад аваад зугтаагаад явчихлаа гэхээр би очиж шүүж хартал хар саравчтай малгайтай, хар юүдэнтэй цамцтай хүн Readmi 8 pro, Readmi note 9 маркийн хоёр утсыг үзэж байгаад зугтаасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Redmi note 9 хуурчин...гар утас...300.000 төгрөг... Realme 8 pro маркийн...хуучин хэрэглэж байсан...гар утас...500.000 төгрөг буюу нийт 800.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

 

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь *******ны нутаг дэвсгэр шөнийн зах худалдааны төвийн баруун талд байрлах гар утасны ломбардаас хоёр ширхэг гар утас үзээд өгье гэж хэлээд аваад зугтчихлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалган хэргийн газарт үзлэг явуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2022 оны 4 дүгээр сарын 22-ны 20 цаг 16 минут 52 секунд хар малгай, цагаан маск, хар куртик, хар малгайтай цамц, саарал өнгийн өмдтэй, хар гуталтай 20-30 насны эрэгтэй хүн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Э..................н гэх нэртэй ломбардад орж ирэв...Удалгүй ...20 цаг 17 минут 17 секундэд хохирогч Н.У..................г нь тус үл таних ...эрэгтэй хүнд цагаан өнгийн гэртэй гар утас 1 ширхэг, ..хар өнгийн гар утас 1 ширхэг тус тус өгөв...Дээрх ..хүн нь тус гар утаснуудыг авч 2022 оны 4 дүгээр сарын 22-ны 20 цаг 17 минут 28 секундэд зугтааж явав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

- Хохирогч Н.У..................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сараас хойш *******ны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын хажууд Э..................н гэх нэртэй ломбард ажиллуулдаг. Манай ломбард нь цахилгаан бараа үнэт эдлэлүүд барьцаалж зээл олгодог юм. Барьцаалан зээлдүүлэх гэрээ дуусгавар болсон гар утас эд зүйлүүдээ худалдаг бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг 16 минутад гаднаас коршонкин малгайтай дээгүүрээ хар нимгэн хүрэмтэй саарал өнгийн жинсэн өмдтэй 25-30 насны эрэгтэй хүн ганцаараа орж ирсэн бөгөөд “Зарах утас байна уу, 800.000 төгрөгт хоёр ширхэг гар утас авъя” гэсэн тэгэхээр нь би  ...гар утаснуудыг үзүүлтэл аваад гараад зугтаачихсан. Би араас нь гараад харахад ертөнцийн зүгээр зүүн тийш буюу шөнийн зах худалдааны төвийн урдуур гараад явчихсан...Би Галакси А-52 маркийн гар утас 500.000 төгрөг, Хулан 21 маркийн гар утас 130.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланд: “...Samsung A-52 загварын хуурчин...гар утас...500.000 төгрөг... Хулан-21 маркийн...хуучин хэрэглэж байсан...гар утас...130.000 төгрөг буюу нийт 630.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

- Шүүгдэгч Б.А..............дын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын хойно байх 3 давхар объектын 2 давхарт байрлах ломбардад зарна гэсэн утаснууд өрсөн байдгийг санаад худалдаж авъя гэж үзэж байгаад аваад зугтаачихъя гэж бодоод орсон юм. Намайг тухайн ломбард руу ороход нэг эмэгтэй хүн байсан ба Realme 8 pro, Redmi Note-9 маркийн нэг нэг ширхэг гар утаснуудыг зааж үзье гэхэд тухайн эмэгтэй надад авч өгөхөөр нь би авч зугтаад тэндээсээ Депогийн автобусны буудал хүртэл гүйхэд ардаас ямар нэгэн хүн хөөхгүй байсан. ...Хархорин захын гадна зогсох танихгүй эрэгтэй хүнд Redmi Note-9 маркийн гар утсыг 150.000 төгрөгөөр зарсан. Харин Realme 8 pro гар утсыг нь 25 дугаар эмийн санд байх ломбардад өөрийн иргэний үнэмлэхээр 300.000 төгрөгөөр тавиад зээлээ төлөөд дуусгасан...Мөн тухайн гар утаснуудыг авснаас 14 хоногийн дараа дахиж мөнгөний хэрэг гараад ******* Шөнийн захын ертөнцийн зүгээр баруун талд нь байх 4 давхар тоосгон барилгын 1 давхарт байрлах ломбард ороход 1 эмэгтэй хүн байсан ба би авчихмаар гайгүй утас байна у гэхэд тэр ломбардын эмэгтэй надад Samsung A-52 маркийн гар утас, Хулан-21 маркийн нэртэй гар утас надад өгчхөөд цаашаагаа явахад би тухайн хоёр гар утсыг авч зугтаагаад шөнийн захын урдуур ертөнцийн зүгээр зүүн тийш гарч зугтаахад ломбардын эмэгтэй орилоод үлдсэн...Тэгээд маргааш нь Цамбагаравын ертөнцийн зүгээр баруун тийш явсан засмал зам дагуу байх ломбардад өөрийн бичиг баримтаар Samsung A-52 маркийн гар утсыг 250.000 төгрөгөөр тавьсан. Хулан-21 маркийн гар утсыг нь авахгүй болохоор нь Төв аймгийн Батсүмбэр суманд байх өөрийн гэртээ аваачаад тавьчихсан байхад нүүдэл хийж байхад гээгдсэн юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А..............д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.А..............д нь үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хохирогч, шүүгдэгч, камерын бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна. Тодруулбал шүүгдэгч Б.А..............д нь дээрх санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.А..............дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч О.Э..................сайханд эд хөрөнгийн үнэлгээгээр 800.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.У..................гт эд хөрөнгийн үнэлгээгээр 630.000 төгрөгийг хохирол тус тус учирснаас шүүгдэгч Б.А..............д нь хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А..............дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Б.А..............д нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А..............д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 86, 87 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.А..............дыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал болон хувиараа мал малладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчлөн хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч Б.А..............дод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг түүний оршин суугаа Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А..............д нь Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй...” бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

 

2.3. Бусад асуудлын талаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 2 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн 2208 0159 11275 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Б...........гын А..............дыг Бусдын үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А..............дод 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А..............дод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А..............д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ