Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/00562

 

2019 оны 02 сарын 28 өдөр                  Дугаар 184/ШШ2019/00562                       Улаанбаатар хот

                                        

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 26 дугаар хороо, алтан овоо 39 дүгээр гудамж 68 тоот хаягт оршин суух Х овогт А Аийн /регистрийн дугаар: / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар баг, м.жанчив 21 дүгээр гудамж 47 тоот хаягт бүртгэлтэй , Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, их наран 10 дугаар гудамж 12А тоот хайгт түр оршин суух М овогт Бийн Бд /регистрийн дугаар: / холбогдох

 

 “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг “гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.Б, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А би Б.Бтай 2008 онд танилцаж 2012 онд нэг гэрт орсон ба бидний дундаас хүү А.М 2013 оны 04 дүгээр сарын 28-нд төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан...бид салж тусдаа амьдарч хүүгээ төрүүлсэн. Одоог хүртэл хүүтэйгээ 2-3 удаа л уулзаж байсан.Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүгээ өөрийнхөө нэрээр овоглосон. Иймд хуулийн дагуу эцэг тогтоолгож, хүүдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

      

Хариуцагч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Монгол овгийн Бийн Б миний бие нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2013 оны 04 дүгээр сарын 28-нд төрсөн А.М миний хүү мөн учир Б.Б миний зүгээс татгалзах зүйлгүй. Хуулийн дагуу шүүхээс тогтоосон нэхэмжлэлийг хариуцан төлөхөд бэлэн... Бид 2008 онд танилцаж 2012 онд тусдаа гарсан. 2012 оны сүүлээр салсан. Хүүхэдтэйгээ өнөөг хүртэл 5 удаа уулзсан, өөр уулзаж байгаагүй, 1 удаа гэртээ аваачиж байсан. Хүүдээ тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.           

                     

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан “ Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: А.А, Б.Б нар нь 2008 онд танилцан хамтран амьдарч байгаад 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү А.Мийг төрүүлсэн болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол зохигчид нь 2012 оноос хойш хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү М нь ээж Ааар  овоглодог ба эцэг Б нь хүү А.Мийг өөрийн төрсөн хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1” Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж, мөн хуулийн  38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүү А.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдэд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Баар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иймд хуульд зааснаар эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Баас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд  төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 33,148 төгрөгийг гаргуулж  улсын төсөвт оруулахаар тогтов.   

 

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Б.Бы хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч А.А саад болохгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт ”тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 33.148 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгов

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүү 2013 оны 04 дүгээр сарын 28-нд төрсөн А.Мийн эцэг нь Б.Б /регистрийн дугаар: / мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдэд сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Баар /регистрийн дугаар: / тэжээн тэтгүүлсүгэй.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.             

             4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  33.148 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Ат олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 33,148  төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

            6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг Б.Бы  энэ хуулийн 26.2 дах хэсэгт заасан эцгийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ