Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/41

 

 

2019 оны 06 сарын 03 өдөр                        

  2019/ДШМ/41                                                     Зуунмод

Э.Өд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Шүүгдэгч Э.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжтай Э.Өд холбогдох  дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бөхийтөн овогт Энэбишийн Өлзийсаруул, 1974 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутагт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:НХ,

 

Шүүгдэгч Э.Ө нь "Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хустайн байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалтай газарт зөвшөөрөлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 4 тооны тарвага агнаж 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Бөхийтөн овгийн Энэбишийн Өлзийсаруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834006960451 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Шүүгдэгч Бөхийтөн овгийн Энэбишийн Өлзийсаруул нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар 84N 18811 арлын дугаар, 8344 замгийн дугаартай ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, ТОЗ-8 маркийн бууны сум 1 ширхэг, бичгийн баримтаар 000263 дугаартай ангийн бууны эзэмших эрхийн бичиг тус тус хураагдан ирснийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “...Э.Өд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал:

1. ... хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тухайн гэмт хэрэг нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн байгалийн цогцолборт улсын тусгай хамгаалалтай газарт үйлдэгдсэн ба тухайн газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн байр сууринаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно." гэж заасны дагуу "Хустайн байгалийн цогцолборт газар"-т албан бичиг хүргүүлж, тухайн байгууллагаас байгаль хамгаалагч ажилтай З.Очирданзан төлөөлөх талаар албан бичиг ирүүлсэн учраас мөрдөгчийн тогтоолоор түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.

Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг учраас байгаль хамгаалагч З.Очирданзанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Хустайн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын менежер, байгаль орчны улсын байцаагч Ш.Тогтохсүрэн нь 3-0001 дугаартай зөрчлийн талаархи гомдол мэдээллийг шалгах явцдаа иргэн Э.Өын агнасан 4 тооны тарвагыг устгуулахаар "Улсын вирус судлалын төв лаборатори"-д хүргүүлсэн болох нь албан тоотоор тогтоогдсон байдаг.

Түүнчлэн эрүүгийн хэрэгт хийгдээгүй мөрдөн шалгах ажиллагааг яллах дүгнэлтэд дурьдаж бичээгүй яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2. Э.Өд холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 84N 18811 арлын дугаар, 8344 замгийн дугаартай Тоз-8 маркийн бууны 000263 дугаартай эрхийн бичгийг түр хурааж, хэрэгт хавсаргасан ба тухайн буу нь ангийн зориулалттай буу болох нь бууны гэрчилгээнд тодорхой тусгасан байдаг.

 Мөн Төв аймаг дахь Цагдаагийн газрын галт зэвсэг хариуцсан мэргэжилтэнгээс гэрчийн мэдүүлэг авахад ТОЗ-8 маркийн бууг байлдааны болон хууль сахиулах зориулалтын галт зэвсэг биш талаар мэдүүлсэн зэрэг нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй болох нь тогтоогдож байсан болно.

3. Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ч.Гал-Эрдэнэ, яллагдагч Э.Ө нарын мэдүүлэг болон "Шинэ Каннам" ХХК-ний 2018/249 дугаартай албан тоот зэрэг бичгийн нотлох баримтуудаар 38-77УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ч.Гал-Эрдэнийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон байна.

4. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь 38-77УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж тогтоол үйлдэхдээ "ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-нийг нэр зааж тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан тул үнэлгээ хийсэн байгууллага болон үнэлгээчний эрхийг тодруулах шаардлагагүй юм.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Мөрдөгчийн тогтоолоор З.Очирданзанг хохирогчоор тогтоосон. Энэ тогтоол үндэслэлтэй. 4 тооны тарвагыг устгуулахаар байгаль орчны улсын байцаагч Тогтохсүрэн улсын вирус судлалын төв лабораторид шилжүүлсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ТОЗ-8 буу нь байлдааны болон хууль сахиулах галт зэвсэг биш болох талаар гэрчээс асууж тодруулсан. Мөн 38-77 УНК улсын дугаартай “Приус-20“маркийн машин нь иргэний нэхэмжлэгч Ч.Гал-Эрдэнийн машин болох нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Шинжээчээр “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийг тогтоосон мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаж гарсан. Гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж шийдвэр гаргаачээ гэж хүсч байна. Прокурор хэргийг нотолж чадаагүй байна гэж үзэж байна. Тарвага агнасан газар нь тусгай хамгаалалттай газар гэдгийг юугаар нотлоод байгаан. 4 тарвагыг хурааж авах ажиллагаа нь процессийн алдаатай явагдсан. Бууны асуудлыг хуульд нийцүүлж шийдвэрлэх ёстой. Мөн яллах дүгнэлтийн агуулга тодорхойгүй байдаг. Шүүгчийн захирамжийн заалтуудыг хангах шаардлагатай юм. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ө гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Өд холбогдох эрүүгийн 1834006960451 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгчийн захирамжид дурдагдсан шалгавал зохих асуудлуудын зарим нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Өд холбогдох эрүүгийн  дугаартай хэрэгт “Хустайн цогцолборт газар” төвийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргасны дараа “Хустайн цогцолборт газар” төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан мэдүүлэг авах ажиллагааг явуулах шаардлагатай байна.

Хууль бусаар агнасан гэх 4 тооны тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд устгуулахаар шилжүүлж өгсөн гэж прокурор тайлбарлаж байх боловч дээрх 4 тооны тарвагыг устгасан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан шалгавал зохих 3 дахь ажиллагаа болох шүүгдэгч Э.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 38-77 УНК улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь “Шинэ Каннам” ХХК-ий нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгчийн захирамжид дурдагдсан бусад асуудлыг дахин нэмж шалгах шаардлагагүй байна. Учир нь Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “байлдааны зориулалттай галт зэвсэг” гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг, 3.1.6-д “хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг” гэж цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх байгууллага, эсхүл тагнуулын байгууллагын мөрдөн шалгах, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн эзэмшиж байгаа галт зэвсгийг ойлгоно гэж хуульчилсан. Үүнээс үзэхэд Э.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЗ-8” маркийн буу нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэгт хамаарахгүй байна.

Шинжээч Н.Мажигсүрэн нь тайландаа хөрөнгийн үнэлгээ хийх эрхийн 140600043 тоот тусгай зөвшөөрөлтэй болохоо тусгаж, дүгнэлтэн дээр хөрөнгийн үнэлгээчний тэмдгээ дарж баталгаажуулсан байна. Үнэлгээчин Н.Мажигсүрэн нь үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй, мөн мэргэжлийн үнэлгээчин мөн эсэхэд эргэлзээтэй байна гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж түүний хувийн бичиг баримт, мэргэжил, чадвартай эсэхийг тодруулах боломжой байна.

Прокурорын 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 414 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2, 5 дахь хэсгийн 5.3-д заасан шаардлагыг хангахгүй байна. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч нь тээврийн хэрэгсэл ашиглаж “ТОЗ-8” буугаар 4 тооны тарвага агнасан, учруулсан хохирол болох агнасан 4 тооны тарвага нь ямар нас, хүйстэй болох зэрэг яллаж байгаа хэргийн агуулга, учруулсан хохирлыг тодорхой тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй буюу нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзнэ.

Иймд эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 182 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурор Б.Энхболдын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Ж.Өлзийсаруулд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй:

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

  ШҮҮГЧИД                                 Т.ЭНХМАА

                                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ