Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2021/0059

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: М.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч А.С, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бөөс  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний бие Мн Б нь 1986 онд төрсөн, Өлгий сумын 5-р багт оршин суудаг,  ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр маань 2013 онд нас барсан. Эдийн засагч менежер мэргэжилтэй, Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

Миний бие Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад 2016 онд Хөдөлмөрийн хэлтэс болон нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс бүтцийн өөрчлөлтөөр нэгдэхэд шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 31 тоот тушаалаар Өлгий сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон, улмаар 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралттай байх үед Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, мөн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг зөрчиж, Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын б/69 тоот тушаалаар албан ажлаас хууль бусаар чөлөөлсөн билээ.

Намайг нийгмийн баталгаагаар хангаж ажилтай болгох талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад хүсэлт гаргасан. Улмаар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын б/76 тоот тушаалаар гэрээт ажилтнаар томилогдон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, холбогдох хуулиар олгогдсон нийгмийн баталгаа маань алдагдаж, хохирсоор явлаа. Намайг 2018 оны 07 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын б/69 тоот тушаалаар чөлөөлөхдөө шүүхийн шийдвэрээр миний оронд Д. А томилуулахаар шийдвэр гаргасныг үндэслэл болгосон билээ.

Өөрөөр хэлбэл, би ажлынхаа хариуцлага алдаагүй, өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тул тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудын дагуу нийгмийн баталгаагаар хангагдаж, ажилтай болох ёстой гэж үзэж, энэ талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргасан юм. Уг гомдлын хариуд намайг дээрх хуулийн заалтуудын дагуу ажилтай болгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад мэдэгдсэн 164 тоот албан тоотыг 2018 оны 10 дугаар  сарын 26-ны өдөр хүргүүлсэн юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны бүтэц орон тоог шинэчлэн батлахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний 1 орон тоо шинээр нэмэгдсэн (урьд нь 2015 онд Хөдөлмөрийн хэлтэст миний эрхэлж байсан албан тушаал) бөгөөд уг орон тоонд намайг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын б/23 тоот тушаалаар хуулийн дагуу томилж, тушаалыг тухайн өдөр гардуулж өгсөн юм. Томилгоо хийхээс өмнө уг орон тоонд өргөдөл өгсөн хүмүүсийн талаар албан ёсоор сонсох, сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулсан юм.

Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга намайг ажилд томилсон 2019 оны  03 дугаар сарын 29-ний өдрийн б/23 тоот тушаалыг буцаан авч, чи уг орон тоонд ажиллахгүй гэсэн юм. Учрыг лавлахад, уг орон тоонд Я.Сийг ажиллуулна, Я.С тэтгэвэрт гарсан үед чамайг ажиллуулна гэсэн тайлбар өгч жирэмсний амралт авсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний нөгөө орон тоонд ажиллаж байсан мэргэжилтний оронд түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Я.С 2020 оны 1 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарах үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр намайг Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-ийг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын б/10 тоот тушаалаар томилсон юм. Энэ талаар иргэн Х.А 2020 оны 1 дүгээр сард Төрийн албаны  зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс дээрх тушаалыг хүчингүй болгох талаар шийдвэр хүргүүлсний дагуу  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас тус тушаалыг 2020 оны 03 сарын 12-нд хүчингүй болгосон.

 Намайг нийгмийн баталгаагаар хангуулах талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад өргөдөл гаргасны дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтуудыг үндэслэл болгон 2020 оны 3-р сарын 27-ны өдөр б/27 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон билээ. Гэтэл Х.А нь Төрийн албаны  зөвлөлд  2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр б/27 тоот тушаалын талаар дахин гомдол гаргасны дагуу та 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/729 тоот албан бичиг ирүүлсэн ба үүний дагуу намайг тус албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/37 тоот тушаалаар  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулсан юм.

2020 оны 9 дүгээр сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний сул орог тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлд өгсний дагуу Сонгон шалгаруулалт зарлагдаж, Төрийн албаны тусгай шалгалтын бүртгэл цахимаар явагдахад миний бие бүртгүүлсэн юм. Бүртгэл явагдах хугацаанд  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 347 дугаар албан тоотоор тус сул орон тоонд намайг ажиллуулах  талаар Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтыг үндэслэл болгон  санал хүргүүлсэн юм.

Төрийн албаны Тусгай шалгалтын бүртгэлийн комиссоос Төрийн албаны тухай хуулийн 3.1.3, 7.1.2, 7.1.5, 27.1.2 дахь заалтууд болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14-р тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх журам болзол”-ын 1.2 дахь заалт /Шалгалтын зорилго нь Төрийн жинхэнэ албан тушаалд тавиглах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино./, 2.3.1 дэх заалт /Шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхнө./-уудыг тус тус үндэслэн намайг бүртгэсэн ба би тусгай шалгалтад орж, тэнцэж, улмаар Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2020 оны 52-р тогтоолоор дээрх сул орон тоонд нэр дэвшүүлсний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/88 тоот тушаалаар тус албан тушаалд томилогдсон юм.

Гэтэл Өлгий сумын иргэн Х.О гэгч Төрийн албаны зөвлөлд дээрх сул орон тоог нөхөх Тусгай шалгалтад бүртгээгүй М. Бэд давуу байдал олгож бүртгэсэн тул тус тусгай шалгалтыг хүчингүй болгуулж, дахин зарлуулж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлөөс хянаж үзээд, Х. Оы хүсэлтийг хангах тухай 2021 оны 01-р сарын 19-гий өдрийн 02/196 дугаар бүхий албан тоотыг Аймгийн ТАЗСЗ-д хүргүүлсэн байна. Үүнийг Аймгийн ТАЗСЗ-өөс хуралдаанаараа хэлэлцээд тусгай шалгалтыг хүчингүй болгох боломжгүй гэж үзээд ТАЗ-д 2021 оны 02-р сарын 26-ны өдрийн 39 дүгээр албан тоотоор хариу хүргүүлсэн байна.

Х.О Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасны дагуу ТАЗ-өөс Аймгийн ТАЗСЗ-д Тусгай шалгалтыг хүчингүй болгуулах талаар дахин үүрэг өгсний дагуу ТАЗСЗ-өөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 дугаар тогтоолоор  намайг дээрх сул орон тоонд нэр дэвшүүлсэн 2020 оны 52-р тогтоолыг хүчингүй болгосон байна.

  Х.Оы гомдлыг хянаж гаргасан дүгнэлт болон үүний дагуу Аймгийн ТАЗСЗ-өөс гаргасан дээрх тогтоолыг дараах үндэслэлүүдээр  хууль бус гэж үзэж байна.

1. Иргэн Х.О нь  Тусгай шалгалтын бүртгэлтэй гомдлоо Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14-р тогтоолоор баталсан дээрх журмын 5.4/ Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын нэг өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ/-д заасны дагуу бүртгэлийн комисст гаргаагүй байна.  Бүртгэл явагдсанаас 10 хоногийн дараа Тусгай шалгалт зохион байгуулагдсан тул Х.О гомдол гаргах бүрэн боломж байсан. Хэрэв тухайн үед гомдол гаргасан бол шалгалтад орж болох байсан байх. Сонгон шалгаруулалт дуусаж, миний бие хуулийн дагуу нэр дэвшиж,  томилогдсоны дараа маргаан үүсгэж, үүнийг нь Төрийн албаны зөвлөлөөс хянаж, миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон байна.

2. Миний бие 2010 онд Төрийн албаны шалгалт өгч, тэнцэж, улмаар 2010 оны 10 дугаар сараас төрийн жинхэнэ албанд томилогдон, тангараг өргөсөн мэргэшсэн албан хаагч юм. Төрийн албанд ажилласан хугацаанд жил бүр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, “А” үнэлгээтэй дүгнүүлж байсан, ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй юм. Шинээр нэмэгдэж байгаа орон тооны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг би урьд нь эрхэлж байсан ба мэргэжлийн болон мэргэшсэн, дадлага, туршлагажсан байдлын хувьд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлага, 23-р зүйлд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байгаа ба аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 6 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа.

Тийм ч учраас Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан/ “Чадахуйн зарчим” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд  тулгуурлахыг/,  7.1.2-д  заасан /Мэргэшсэн, тогтвортой байх/, 7.1.5-д заасан /...томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах/ заалтуудыг мөрдөж намайг сонгон шалгаруулалтаар  уг сул орон тоонд  бүртгэсэн нь ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна.

3. Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтэд намайг тухайн байгууллагад ажиллаж байгаагүй гэж үзсэн байна. Гэтэл миний бие аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2015 оноос одоог хүртэл тасралтгүй ажиллаж, жил бүр үр дүнгийн гэрээгээ “’А” үнэлгээгээр дүгнүүлж байгаа, төрийн жинхэнэ албан хаагч юм.  Энэ талаарх бүх нотлох материалуудыг бүртгэлийн комисст тухайн үед гаргаж өгсөн ба аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тоотоор мөн нотлогдож байгаа. Би өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн боловч миний нийгмийн баталгааг хангаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын шийдвэрүүдээр тасралтгүй ажиллуулж байгаа ба энэхүү хугацаанд мэргэшүүлэх сургалтуудад хамрагдаж мэргэшсэн байдлыг харгалзаж намайг бүртгэсэн юм.

4. Нөгөө талаар өрх толгойлсон эмэгтэйн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан нийгмийн баталгаагаар хангагдах ёстой. Намайг энэхүү нийгмийн баталгаагаар хангах талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 болон  40.2   дахь заалтуудаар тус тус хуульчилсан байх ба уг эрхээ эдэлж, тус байгууллагад гарсан миний урьд нь буюу одоо эрхэлж буй албан тушаалын сул орон тоонд давуу байдлаар өрсөлдөх ёстой гэж үзэж байна.

2. Төрийн албаны зөвлөл нь Х.Оы  гаргасан гомдлыг хянаж үзэхдээ, Монгол Улсын Их Хурлын 2019 оны  20-р тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журмын 4.1.6 /талуудын тэгш эрхийг хангах зарчим/, 10.1.6 /маргагч талуудаас тайлбар авах/ дахь заалтуудыг үл харгалзан надаас ямар нэгэн тайлбар, нотолгоо авалгүйгээр миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Би төрийн албанд 11 жил ажилласан. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч. Тусгай шалгалтад надтай хамт орсон хүмүүсийн надаас болж эрх нь зөрчигдсөн асуудал байхгүй. Би нийгмийн баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байна.

Иймд  Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Миний холбогдох хуулиар нийгмийн баталгаагаар хангагдахаар заагдсан эрхийг эдлүүлж, өрх толгойлсон болон төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага болон тусгай шаардлагыг хангаж буй байдлыг маань харгалзан, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Саас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд М.Бийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу дараах санал дүгнэлтээ гаргаж байна.

Нэгдүгээрт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, миний үйлчлүүлэгч 2010 оноос өнөөдрийн хүртэл төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж ирсэн болох нь тогтоогдсон. Энэ нь бараг 20 гаруй гарсан тушаалаар нотлогдоно. Миний үйлчлүүлэгч төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. М.Б Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байхад Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн хамт шилжүүлдэг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 онд 11 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар Өлгий сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр томилсон байна.

Учир нь, маргаан бүхий орон тоо 2 байснаас 1 орон тоо болж цөөрсөн. Тухайн орон тоон нэг орон тоонд нь Айнур, нэгэнд нь М.Б ажиллаж байсан. Айнур нэг орон тоонд үлдээд, М.Б тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу Өлгий сумын халамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл Баяннуур сумын хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Алтынай шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тухайн М.Бийн ажиллаж байсан орон тоон маргаантай болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр тушаалаар Алтынайг Өлгий сум хариуцсан мэргэжилтнээр томилж, М.Бийг чөлөөлсөн. М.Б 2016 оны байдлаар 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгаагаар хангагдсан гэж ойлгосон байсан.

 Хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс  нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэлх хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг авах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах  зэрэг баталгаагаар хангагдах  ёстой. 2016 оны байдлаар миний үйлчлүүлэгч цалин хөлсийг нь  бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжсэн гэж ойлгоод явж байсан.

 Гэтэл 2018 онд шүүхийн шийдвэр гарч, Алтынай Өлгий сум хариуцсан мэргэжилтнээр томилогдсоноор миний үйлчлүүлэгч уг орон тооноос чөлөөлөгдсөн. Гэхдээ баталгаа нь хэвээрээ байх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл, тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралт төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2 дугаар бүлгийн 2.2-т  “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”,  2.2.3-д “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд  6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч, төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц” гэсэн байна.

Тиймээс миний үйлчлүүлэгч 2016 оноос хойш энэ журмын дагуу нөөцөд байсан хүн мөн. Хууль тогтоомжид зааснаар ажлын байраар хангуулах гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа. Тухайн байгууллагад орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжид миний үйлчлүүлэгч тухайн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд шууд томилогдох  ёстой. Дараа нь тухайн орон тоо дахиж 2 болсон. Нэг орон тоонд нь Айнур хэвээрээ ажиллаж байсан. Нэг орон тоонд Я.С түр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарснаар миний үйлчлүүлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, шинэ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан “...хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах” гэдэг нэмэгдэл баталгааны дагуу уг орон тоонд ажиллах эрх нь үүссэн гэж дүгнэж байна.

Дараагийн үндэслэл, 2018 онд Алтынай шүүхийн шийдвэрийн дагуу томилогдож, М.Б ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Энэ тохиолдлыг хуулиар хэрхэн зохицуулсан бэ гэдгийг харах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэдэг зохицуулалт байгаа. Энэ хуулийн тайлбар байгаа эсэхийг судалж үзэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 16 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “бололцооны дагуу өөр ажил олгоно” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ” гэсэн байгаа.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд, М.Б хуульд заасан баталгаагаа эдлэхийн тулд сул орон тоо байх ёстой. Өмнө  нь Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан орон тоо нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр нэмэгдсэн байгаа тохиолдолд хуулийн эдгээр зохицуулалтын дагуу нэмэгдэл баталгаагаар хангагдаж, ажиллах боломжтой гэж дүгнэж байна.

Хоёрдугаарт, маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалт явуулахтай  холбоотой маргаан байгаа. Маргаан бүхий орон тоонд Төрийн албаны салбар зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Хавтаст хэрэгт цугларсан материал хянасан тухай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлээс үзэхэд, Төрийн албаны салбар зөвлөл миний үйлчлүүлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзсэн. Мөн нөөцөд байгаа гэж дүгнэсэн. Хариуцагчаас энэ талаар тодруулж асуулт асуухад, бүгдэд нь зөвшөөрсөн байдалтай хариулсан. Гэтэл Төрийн албаны зөвлөл эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлэхдээ нэг зүйлийг буруу ойлгосон гэж дүгнэж байгаа.

 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ижил нэртэй хоёр орон тоо байдаг, нэг нь сул, нэг нь эзгүй орон тоо гэдгийг ойлгоогүй юм шиг байна. Эзгүй орон тоо гэдэг маань жирэмсний амралттай байгаа Айнурын орон тоо. Сул орон тоонд миний үйлчлүүлэгч ажиллаж байсан. Харин Айнурын орон тоог хавсран гүйцэтгэж байсан. Үүнийг Төрийн албаны зөвлөл буруу ойлгосноос болж, Төрийн албаны салбар зөвлөлд нэр дэвшүүлсэн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгох гэдэг агуулгатай мэдэгдэл хүргүүлсэн юм шиг байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 06, 02 дугаар сарын 26-ны өдөр удаа дараа тайлбар өгөхдөө хангалттай тайлбар өгөөгүй юм шиг байна. Үүнээс болж үл ойлголцол үүсэж, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны актын хувьд тайлбар хэлэхэд, хариуцагч маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “...сонгон шалгаруулалт явуулсан хэсэг нь хуульд нийцсэн байсан. Бид нар одоо ч энэ байр сууринд байгаа. Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох  ёстой гэснээр” хүчингүй болгосон гэж хэлж байгаа. Тэгэхээр өөрсдийн сонгон шалгаруулалт явуулсан нь хуульд нийцсэн гэдэг  байр суурь нь  одоо ч хэвээрээ юм байна. Бид нар Төрийн албаны зөвлөлийн шаардлага зөв үү гэдэгт дүгнэлт хийх ёстой.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байгаа гэж үзэх юм бол дараах хэдэн тохиолдолд хүчингүй болгож болно. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасан 5 үндэслэл байгаа. Хариуцагч 48.2.1-д хууль, “захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарласан боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар энэ үндэслэл тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, шинэ хуулиар 62 дугаар зүйлийн 62.1.4 ба Төрийн албаны зөвлөлөөс журмын дагуу баталсан нөөцөд байгаа. М.Б нэмэгдэл баталгааг эдлэх ёстой хүн. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д заасан 5 үндэслэлийн 48.2.1-д заасан үндэслэлд хамаарахгүй. Төрийн албаны зөвлөл энэ асуудлыг буруу ойлгосон байсан. Энэ бүх асуудал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

1. Томилох эрх бүхий албан тушаалтан буюу тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020.09.29-ний өдрийн 347 тоот албан бичгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний  албан тушаалын сул орон тооны захиалга ирүүлснийг хянаж үзээд Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2020.10.05-ны өдрийн 103 тоот, 2020.11.11-ний өдрийн 118 тоот албан бичгээр дээрх ажлын байрны  албан тушаалын тодорхойлолт, сул орон тоо гарсан шийдвэр, зарын хуудас зэргийг бүрдүүлэн,  Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, 2020 оны 12 дугаар  сарын 08-ны өдөр http://csc.gov.mn, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн болно.  Дээрх тусгай шалгалт /тухайн албан/-ын бүртгэлийг цахим хэлбэрээр  bayan [email protected] хаягаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:00-17:00 цагийн  хооронд авч, мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр шалгалтын комисс нь бүртгүүлэхээр ирүүлсэн иргэдийн материалтай танилцаж, нийт бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн иргэдэд утсаар хариу өгсөн. Энэ үед нийт зарлагдсан 43 ажлын байранд 72 иргэн бүртгүүлэхээр материал ирүүлж, 27 ажлын байранд 34 хүн шаардлага хангаж бүртгүүлсэн байна.

Маргаан бүхий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний  албан тушаалд 7  хүн бүртгүүлэхээр материал ирүүлснээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх  болон тусгай албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас ” гэж мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх журам болзол, журам, загвар батлах тухай” заасан журмын 2.3.1-д заасны дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч М.Бийг бүртгэж, тусгай шалгалтад орсон байна.

Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 11-ний  өдөр бүртгэл хийж, 12 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд тусгай шалгалтыг 3 хувааж явуулсан. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний  албан тушаалд 7 хүн бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн ба комисс хэлэлцээд тухайн байгууллагад ажиллаж байгаа, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн М.Бийг Төрийн албаны тухай хуулийн 62.1.3, 61.2.4 дэх заалтыг үндэслэн бүртгэж, бусад нөөцөөс бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн иргэдэд 2020 оны 12 сарын 14-ний өдөр мэдэгдсэн.

Ийнхүү утсаар нэг бүрчлэн ярихад шалгалтын комисст ямар нэгэн санал гомдол гаргаагүй болно. Тухайн албан тушаалын тусгай шалгалт нь бүртгэл явуулснаас хойш 10-аад хоногийн дараа явагдахад Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Төрийн албаны тусгай шалгалт өгөх журам болзол, журам, загвар батлах тухай”  14 дүгээр тогтоолд заасан журмын 5.4-д “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ ” гэж заасан ба тухайн үед бүртгэлтэй холбоотой журамд заасан эрхийнхээ дагуу хэн ч гомдол гаргаагүй  байна.

Шалгалтын комиссоос төрийн жинхэнэ албан хаагч М.Бийг Төрийн албаны тухай хуульд заасан шатлан дэвшүүлэх зарчмыг бүрэн хангаж байгаа гэж үзэж, давуу байдал олгосон юм. Учир нь М.Б нь төрийн жинхэнэ албанд 10 жил ажилласан, тангараг өргөсөн, зарлагдаж буй сул орон тооны чиглэлээр урьд нь ажиллаж байсан мэргэшсэн, ур чадвар туршлагаар сүүлийн 5 жилд “А” үнэлгээгээр үнэлүүлсэн, тус байгууллагад 2015-2018 оны 7 дугаар сар хүртэл ажилласан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн ба Төрийн албаны тухай хуулийн  62.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2, 36.2 дахь заалтууд ёсоор нийгмийн баталгааг хангуулах эрхтэй.

Энэ талаар аймаг дахь салбар зөвлөлд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл ирүүлсэн ба Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б. Сд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 164 дүгээр албан тоотоор М.Бийг ажилтай болгох талаар мэдэгдэж албан бичиг  хүргүүлж байсан. Уг эрхийг нь эдлүүлж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас М.Бийг энэхүү сул орон тоонд асуудал шийдэгдэх хүртэл тасралтгүй ажиллуулж, ажлыг үр дүн, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдлыг харгалзан захиалга ирүүлсэн.

Үүнээс гадна аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төрийн жинхэнэ албан хаагчдаас өөр хүн хүсэлт ирүүлсэн бол мөн нэмж бүртгэх байсан.

Тусгай шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд М.Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний  албан тушаалд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан болно.

2. Тусгай шалгалт зохион байгуулагдаж , нэр дэвшүүлсний дараа Төрийн албаны зөвлөлд иргэн Х. О гомдол гаргасан тухай дурдаж, тус салбар зөвлөлөөс тайлбар авсан. Мөн М.Бийг бүртгүүлэхээр ирүүлсэн холбогдох материалуудыг татан авч шалгасан. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн 2021.01.19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02/196 тоот албан бичиг нь салбар зөвлөлд ирсэн.

Уг албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг эс зөвшөөрсөн шийдвэр гарсан тул Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 2-р сарын 26-ны өдрийн 39 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн болно.

Иргэн Х. О Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс утсаар үүрэг өгсний дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж, энэ асуудлаар салбар зөвлөлийн гишүүл маргаж, хуралд орсон гишүүдийн олонхын саналаар (7-4/3) нэр дэвшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

3.Энэ тухай Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу Толбо сумын иргэн М.Бд сонсох ажиллагааг албан бичгээр хүргүүлж,  хариу тайлбарыг бичгээр авсан. Үл зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн бөгөөд уг асуудлаар цаашид шүүхэд хандах талаар дурдсан юм. Иймд уг маргааныг хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ноос  хуралдаанд тайлбарлахдаа:

 Томилох эрх бүхий этгээдээс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтэн мэргэжилтний албан тушаалын сул орон тооны захиалга ирүүлсний дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлд захиалга  хүргүүлж зарласан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09-17 цагийн хооронд  тусгай шалгалтад бүртгэсэн. Шалгалтыг комисс тусгай шалгалтад бүртгэгдсэн хүмүүсийн материалыг шалгаад 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шалгалтад бүртгүүлсэн иргэдэд хариу өгсөн.

Тухайн үед нийт 43 ажлын байр зарласан. Үүний нэг нь маргаан бүхий Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан албан тушаалын сул орон тоо байсан. Тухайн орон тоонд нийт 7 хүн материалаа ирүүлсэн. Энэхүү 7 хүнээс 6 хүнд нь хариу өгсөн. Энэ сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэж заасны дагуу, мөн 2019 оны Төрийн албаны зөвлөлөөс баталсан тусгай шалгалт авах журмын 2.3.1-д заасны дагуу энэхүү албан тушаалын тусгай шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч М.Б шалгалтын комисс бүртгэж, тусгай шалгалтад оруулсан.

Энэхүү тусгай шалгалтыг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэм болон янз бүрийн шалтгааны улмаас шалгалтыг 3 хувааж авсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтний сул орон тооны  тусгай шалгалтыг хамгийн сүүлд буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Шалгалтаас өмнө энэхүү албан тушаалын сул орон тоонд бүртгүүлсэн хүмүүст тусгай шалгалтад орох боломжгүй гэдгийг танилцуулснаас хойш 10 хоногийн дараа шалгалт авсан. Тухайн үед шалгалтын комисст бүртгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал ирээгүй байсан. 2019 оны Төрийн албаны зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор баталсан тусгай шалгалт авах журмын 5.4-д “Бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг ажлын 3 өдрийн дотор хянан эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан.

 Энэ хугацаанд бидэнд ямар нэгэн хүн гомдол гаргаагүй байсан учраас шалгалт явагдаад дууссан. Шалгалтын комисс М.Бийг бүртгэсэн шалтгаанаа тайлбартаа тодорхой дурдсан байгаа. М.Б тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, мөн төрийн албанд 11 жил ажилласан. Тийм учраас давуу байдал олгож бүртгэсэн. Мөн хэрэв уг сул орон тоонд бусад байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан хүмүүс бүртгүүлэх юм бол тэд нартай хамт оруулах боломжтой байсан. Харин бүртгүүлсэн 7 хүний 6 нь төрийн жинхэнэ албан хаагч биш төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн нөөцөд бүртгэгдсэн  иргэд байсан. Энэ талаар нэг бүрчлэн тэдэнд  утсаар мэдэгдсэн,  ямар нэгэн санал гомдол гаргаагүй. Шалгалт явагдаад, шалгалтын дүнг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд М.Б Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан албан тушаалд Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор нэр дэвшүүлсэн.

Нэр дэвшүүлсэн тогтоолыг явуулсны дараа Төрийн албаны зөвлөлөөс утасдаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан албан тушаалын талаар иргэн Х.О гомдол гаргасан талаар ярьж, холбогдох материалыг татаж авсан. Төрийн албаны зөвлөлөөс тухайн иргэн бүртгэлийн талаар 3 хоногийн дотор гомдол гаргаагүй байна гэж ярьж байсан мөртлөө Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 02/196 тоот албан бичгээр М.Бийг нэр дэвшүүлсэн тогтоол хууль бус болсон байна хүчингүй болго гэсэн албан тоот ирүүлсэн.

Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 02/196 тоот албан бичгийг  хэлэлцээд, уг албан тоотыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бид нар хууль бус шийдвэр гаргаагүй гэдэг үүднээс гишүүдийн олонхын саналаар Төрийн албаны зөвлөлд хариу хүргүүлсэн. Дараа нь Х.О Төрийн албаны зөвлөлд дахин гомдол гаргасан учраас Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтнүүд утсаар яриад “...тухайн сонгон шалгаруулсан комиссын буруу байсан. Тиймээс тухайн 52 дугаар тогтоолыг яаралтай хүчингүй болгож, хариу ирүүл бид Х.Од хариу өгнө” гэж шаардлага тавьсан.

 Энэ талаар салбар зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар  хэлэлцээд олонхын саналаар М.Бийг нэр дэвшүүлсэн 52 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ тогтоолыг хүчингүй болгохоос өмнө М.Бд энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар мэдэгдэж, бичгээр тайлбар авсан. Тухайн үед М.Б хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд хандана гэсэн тайлбар өгсөн байсан. Салбар зөвлөлийн комиссын гишүүд бас шүүхээс эцсийн шийдвэр гаргуулахыг зөвшөөрсөн. М.Бийн нэр дэвшүүлсэн тогтоолыг дээд газар буюу Төрийн албаны зөвлөлөөс үүрэг өгсний дагуу хүчингүй болгосон.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/196 дугаар албан тоотод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан М.Бийг бүртгэж, М.Бд бусад 6 хүнээс илүү давуу байдал олгосон гэдэг утгаар бичсэн байна. Бид нар М.Б тус албан тушаалд түр ажиллаж байсан гэдэг утгаар бүртгээгүй, харин төрийн жинхэнэ албан хаагч гэдэг утгаар бүртгэсэн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөтөлбөр төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаал 2 орон тоо байсан. Нэг орон тоонд ажиллаж байсан хүн жирэмсний амралттай байсан. Тухайн албан тушаалд  М.Б ажиллаж байсан нь үнэн байсан. Гэхдээ зарлагдсан орон тоонд өмнө нь Я.С  ажиллаж байгаад тэтгэвэрт гарсны улмаас сул орон тоо гарсан гэж зарласан. Төрийн албаны зөвлөл М.Бийг тухайн сул орон тоонд ажиллаж байсан гэсэн буруу ойлголттой байсан юм шиг байна. Тиймээс шүүхээс эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Бийн Төрийн албаны  зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн /цаашид “салбар зөвлөл” гэх/ 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай”[1] 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний /төрийн албан тушаалын гүйцэтгэх төрлийн,   дэс түшмэл ТЗ-5 ангиллын/  сул орон тооны захиалгыг салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газарт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 103 тоот албан бичгээр хүргүүлсэн, сонгон шалгаруулалтын зарыг  2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлсэн, уг сул орон тоонд 7 иргэн бүртгүүлснээс нэхэмжлэгч М.Бийг тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэх  үндэслэлээр бүртгэж, нөөцөд буй бусад 6 иргэнийг бүртгэхээс татгалзсан, М.Б нь уг орон тооны тусгай шалгалтад орж 106.3 оноогоор тэнцсэн, салбар зөвлөл нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор М.Бийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн зэрэг үйл баримтууд нь  хэрэгт авагдсан захиалга хүргүүлсэн салбарын зөвлөлийн албан бичиг[2], сонгон шалгаруулалтын зар[3],  материал хянасан тухай 2020 оны 12 дугаар 14-ний өдрийн тэмдэглэл[4], 2020 оны 12 дугаар сарын 16-22 өдрүүдийн төрийн албаны тусгай шалгалт явуулсан тухай тайлан[5], тусгай шалгалтын үнэлгээний хуудас[6], нэр дэвшүүлсэн тогтоолоор[7] тус тус тогтоогдож байна.

Төрийн албаны зөвлөлөөс дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд иргэн Х.Оы гомдлоор хяналт шалгалт хийж, хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02/196 дугаар мэдэгдлийг[8] салбар зөвлөлд хүргүүлсэн байх ба уг мэдэгдлийг үндэслэж салбар зөвлөл нь маргаан бүхий тогтоолоор өмнөх материал хянасан тухай бүртгэлийн тэмдэглэлийн болон тайлангийн холбогдох хэсгийг, мөн М.Бийг  нэр дэвшүүлсэн  2020 оны 52 дугаар тогтоолыг  тус тус хүчингүй  болгожээ.

Нэхэмжлэгч М.Б нь анх Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр тушаалаар[9] аймгийн бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр түр, 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тушаалаар[10] бүр томилогдож, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг[11] өргөсөн, улмаар  Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[12] аймгийн  Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлж, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар[13] хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилогдсон, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[14] Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар[15] Өлгий сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн б/69 дүгээр тушаалаар[16] тус захиргааны хэргийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэж уг орон тоонд өөр иргэнийг томилсонтой холбогдуулан ажлаас чөлөөлсөн, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн б/76 дугаар тушаалаар[17] хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хариуцсан ажилтнаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс түр, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн б/23 дугаар тушаалаар[18]  бүр , мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/24 дүгээр тушаалаар ажил мэргэжлийн баримжаа олгох зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний ажлыг түр орлон гүйцэтгүүлэхээр, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн б/38 дугаар тушаалаар[19] төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар[20] хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилж, уг тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б/19 дугаар тушаалаар[21] хүчингүй болгож, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар[22] хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр дахин томилж, уг тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б/36 дугаар тушаалаар[23] хүчингүй болгож, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар[24] дээрх орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар[25]  уг орон тоонд салбар зөвлөлийн 2020 оны 52 дугаар тогтоолыг үндэслэн бүр томилжээ.

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сард “Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн тоон чанарын судалгаа хийх арга зүй” сэдэвт сургалтад, 2017 оны 04 дүгээр сард хөдөлмөрийн ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг хангах зорилгоор зохион байгуулагдсан 16 цагийн арга зүйн сургалтад,  2017 оны 5 дугаар сард “Гарааны бизнес, ментор, бизнес” сэдэвт  сургалтад, 2017 оны 6 дугаар сард “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах” сэдэвт сургалтад, 2018 онд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” сургалтад, 2019 оны 3 дугаар сард “Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр-2019” сэдэвт сургалтад, 2019 оны 5 дугаар сард “Залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх” сургалтад, 2019 онд “Нийгмийн халамжийн салбарын аймаг, дүүрэг, сум, хорооны ажилтнуудыг чадавхжуулах” сэдэвт сургалтад, 2019 оны 5 дугаар сард “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих, гарааны бизнесийг дэмжих 72 цагийн арга арга хэмжээг зохион байгуулах сургагч багш бэлтгэх сургалтад, 2020 оны 9 дүгээр сард “Ментор бэлтгэх” сургалтад тус тус хамрагдсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Бд олгосон     гэрчилгээ, сертификат[26] зэрэг  нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албад 11 жил түр болон бүр  тушаалаар томилогдон ажилласан, үүнээс сул орон тооны захиалга өгсөн  байгууллагад тасралтгүй 6 жил ажилласан, ажиллаж байх хугацаанд тухайн албан тушаалд шаардагдах мэргэшлийн сургалтуудад хамрагдсан, маргаан бүхий орон тоонд   сонгон шалгаруулалт явагдах үед тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч мөн гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;”, Төрийн   албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө:” 2.3.1-т “шатлан дэвшүүлэх журмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас”, 2.3.2-т “төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс;”  гэж тус тус заажээ. 

Хууль болон журмын дээрх заалтуудын агуулгаас үзэхэд гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг сул орон тоог эхний ээлжид тухайн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас нөхөх, хэрэв тухайн байгууллагаас нөхөх боломжгүй бол төрийн бусад байгууллагын албан хаагчдаас нөхөх, дээрх хоёр байдлаар  нөхөх  боломжгүй  тохиолдолд  төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр байна.

Энэхүү маргааны хувьд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтний сул орон тооны тусгай шалгалтад бүртгүүлэхээр баримт бичгээ бүрдүүлж өгсөн 7 иргэнээс М.Бийг тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч гэж үзэн бүртгэсэн, түүнийг тусгай шалгалтад оруулсан, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй бусад иргэдийг бүртгэхээс татгалзсан, сонгон шалгаруулалтаас  тэнцсэн М.Бийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн  салбар зөвлөлийн үйлдэл нь хууль болон журмын дээрх заалтуудад нийцсэн тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Үүнээс гадна  хариуцагч салбар зөвлөл нь анхны нэр дэвшүүлсэн тогтоолын үндэслэлээ “... М.Бийн тухайн байгууллагад ажиллаж байсан  туршлага,  мэргэшсэн байдал, чадахуйн зарчмыг үндэслэж нэрийг нь  дэвшүүлсэн” гэж тайлбарласан бөгөөд энэ үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;” 7 дугаар зүйлийн  7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.5-т “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах;”, 26 дугаар зүйлийн  26.1-т “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заасантай мөн нийцсэн байна.

Иймээс  нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар  тогтоолыг хүчингүй болгосон  2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 13 дугаар  тогтоол нь хууль бус, үүний улмаас  нэхэмжлэгчийн  төрийн жинхэнэ албад нэр дэвших, томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 Мөн дээрх үндэслэлүүдээр   тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч М.Б нь уг сул орон тоонд  бүртгүүлсэн тохиолдолд  маргаан бүхий албан тушаалын сул орон тоог эхний ээлжид М.Бөөр  нөхөх боломжтой тул салбар зөвлөлийн бүртгэхээс татгалзсан нөөцөд буй бусад  иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй гэж үзэн шүүх энэхүү хэрэгт  гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3,  7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Бийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 59 дүгээр хуудас

[2] Хэргийн 83-84 дүгээр хуудас

[3] Хэргийн 89-90 дүгээр хуудас

[4] Хэргийн 91-95 дугаар хуудас

[5] Хэргийн 96-98 дугаар хуудас

[6] Хэргийн 99 дүгээр хуудас

[7] Хэргийн 65 дугаар хуудас

[8] Хэргийн 63 дугаар хуудас

[9] Хэргийн 28 дугаар хуудас

[10] Хэргийн 29 дүгээр хуудас

[11] Хэргийн 9 дүгээр хуудас

[12] Хэргийн 30 дугаар хуудас

[13] Хэргийн 31 дүгээр хуудас

[14] Хэргийн 32 дугаар хуудас

[15] Хэргийн 34 дүгээр хуудас

[16] Хэргийн 35 дугаар хуудас

[17] Хэргийн 36 дугаар хуудас

[18] Хэргийн 37 дугаар хуудас

[19] Хэргийн 39 дүгээр хуудас

[20] Хэргийн 40 дүгээр хуудас

[21] Хэргийн 41 дүгээр хуудас

[22] Хэргийн 42 дугаар хуудас

[23] Хэргийн 43 дугаар хуудас

[24] Хэргийн 44 дүгээр хуудас

[25] Хэргийн 45 дугаар хуудас

[26] Хэргийн 17-27 дугаар хуудас