Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0684

 

 

 

 

 

 

“Ис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гэ

Нэхэмжлэгч: “Ис” ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 617 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахим/ нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0541/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 617 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ис” ХХК-аас гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/*** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн болон хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтыг цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

2.1.1.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг маргаан бүхий актад үндэслэснийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй тайлбарласан, нотлох баримт дутуу бүрдүүлсэн тухайд:

Нэхэмжлэгч “Ис” ХХК-д анх Баянгол дүүргийн Засаг даргын 2009.12.29-ний өдрийн *** дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 20-р хороо, “ТЭЦ”4 ЦС-ын зүүн тал Үйлдвэрийн бүсэд 3000м.кв газрыг олгох үед 2004.04.22-ны өдөр батлагдсан Усны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009.03.09-ны өдрийн 51/** дугаар усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүх, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм батлах тухай тушаалын 5-д заасан бөгөөд “Ис” ХХК-г газар эзэмших эрх авах үед тус хилийн зааг батлагдаагүй, Газрын тухай хуульд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон заалт байгаагүй, Усны тухай хуулиар зөвхөн усны эх, ундаргад онцгой хамгаалалтын бүс тогтоосон болно.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй. Гэтэл “Ис” ХХК-д анх 2009 онд газар эзэмших эрхийг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж олгоогүй, хэн нэгэн газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт тогтоогдохгүй, хуулийн зүйл заалтын урьдчилсан нөхцөл хангагдаагүй тул маргаан бүхий актаар дээрх зүйл заалтыг баримталсан нь  хууль зөрчиж байна.

Анхан шатны шүүх Усны газраас ирүүлсэн 2024.07.02-ны өдрийн 01/*** тоот албан бичгээр усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэж дүгнэсэн нь хэт явцуу буюу тус албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд нэгдүгээрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/*** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.3-т заасны дагуу үерийн хамгаалалтын далангаас хилийн заагийг тогтоосон баримт ирүүлээгүй, хоёрдугаарт эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн зааг ялгаа нь тодорхой бус хэдий хэмжээний давхцалтай нь зурган мэдээлэлд тусгагдаагүй, гуравдугаарт НИТХ-ын 2023.09.26-ны өдрийн *** дугаар “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Сэлбэ Дунд голын хамгаалалтын бүсийн хилийн заагийн солбицлын мэдээллийг ирүүлээгүй болно.

Дээрх нөхцөл байдлыг тогтоолгүй хангалттай нотлох баримт цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэснээс гадна нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос хойш газрын хэмжээ өөрчлөх, сунгах үед хориглосон заалтыг зөрчиж байсан эсэх талаарх баримтыг Засаг даргын захирамж тус бүрээр он цагийн дарааллаар гаргуулж тодорхойлох ёстой байтал энэ ажиллагааг хийгээгүй, хүсэлт гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй хууль зөрсөн гэж үзэж байна.

2.1.2. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаар “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй тайлбарласан, мөн нотлох баримт дутуу бүрдүүлсэн тухайд:

Анхан шатны шүүх шийдвэртээ "...нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй байсан маргаан бүхий газрыг "байгалийн нөөц" газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамааруулсан байна... хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны актад газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.09.26-ны өдрийн *** дугаар тогтоолыг үндэслэснийг буруутгах үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчмыг зөрчиж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаар "Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Сэлбэ Дунд голын хамгаалалтын бүсийн 534.0 га талбай бүхий газрыг "Байгалийн нөөц" газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил заагийн солбицлыг баталж, хамгаалалтын горим, дэглэмийг тогтоосон байтал маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын А/*** дугаартай захирамжид тус хамтарсан тогтоолыг үндэслэсэн нь хамгаалалтын бүс болон хуулийн хориглосон хязгаарласан хилийн зааг солбицол, түүнд хамаарах дэглэмийг давхардуулан хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар шүүх огт дүгнээгүй.

Дээрх НИТХ-ийн *** дугаар тогтоолоор баталсан "Сэлбэ Дунд голын Байгалийн нөөц газар"-ын хамгаалалтын горим, дэглэмийн 3.1-т "Хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно", 3.1.1-т "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгох", 3.1.5-д "газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд "Нүхэн жорлон, угаадасны нүх.техникийн шаардлага стандарт MNS 5924:2015 стандарт"-д нийцсэнээс бусад төрлийн нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах", 3.2.7-д "Хамгаалалтын бүсэд газар эзэмшигч, ашиглагч иргэн аж ахуйн нэгжийн газрын төлбөрийн хэмжээг одоо мөрдөгдөж буй Газрын төлбөрийн хуульд заасан хэмжээнээс 2 дахин өсгөж тооцох" гэж зааснаар хамгаалалтын бүсэд шинээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгохыг хориглосон бол хамгаалалтын бүсэд нэгэнт газар эзэмших, ашиглах эрх авсан газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжид тусгай шаардлага тавьсан болно.

Өөрөөр хэлбэл, Сэлбэ Дунд голын хамгаалалтын бүсийн нийт 534.0 га талбай бүхий газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бүсэд хамаарах газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлах талаар тусгаагүй, орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар газрыг солих буюу эргүүлэн авах харилцааг мөн адил зохицуулаагүй буюу харин нэгэнт газраа аваад олон жил ашиглаж байгаа газар эзэмшигчид газрын төлбөрөө 2 дахин нэмж тооцож төлөх, стандартын шаардлага хангаж үйл ажиллагаа явуулах, голын урсцыг нэмэгдүүлэх, эргийн дагуу тохижилт хийх, суваг шуудуу, даланг тогтмол цэвэрлэж, засвар арчилгаа хийх зэрэг гол мөрний урсцыг сэргээх, дэмжих, хамгаалах үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан.

Гэтэл шүүхээс дүгнэхдээ 3.7-д Газрын тухай хуулийн 20.1.4 дэх заалтад "бусдын эзэмшил газрыг аймаг сум. нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах" гэж заасны дагуу газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нэхэмжлэгчид хадгалагдана гэж шүүх үзлээ" хэмээн гуйвуулан тайлбарласанд гомдолтой байна. Учир нь, нийслэл, дүүргийн аль ч иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч "Ис" ХХК-ийн эзэмшлийн газрыг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах шийдвэрийг гаргаагүй байхад дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн хууль бус захирамж гаргасныг шүүх хэвээр үлдээсэн атлаа дээрх байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч "Ис" ХХК-д газар эзэмших эрх 2009 онд үүссэн цагаас хойш даруй 15 жил тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж, жил бүр газрын төлбөрөө хугацаанд нь төлж. Үйлдвэрийн бүс тул их хэмжээний зардал гарган бүтээн байгуулалт хийн хөрөнгө мөнгө зарцуулж одоог хүртэл тогтмол ажилчидтай үйл ажиллагаа явуулж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т "эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно", 48 дугаар зүйлийн 48.3-т "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон болохыг дүгнээгүй. Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гэ анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд Газрын тухай хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон эсхүл НИТХ-ын 2023.09.16-ны өдрийн тогтоолын дагуу эргүүлэн авч байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд эдгээр нь өөр өөр хууль зүйн үр дагавартай байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.9-д заасан үндэслэлийн тухайд “Ис” ХХК нь анх Баянгол дүүргийн засаг даргын 2009.12.29-ны өдрөөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж эхэлсэн. Маргаан бүхий захиргааны актад дурдаад буй Усны тухай хууль нь 2012.05.17-ны өдөр батлагдсан. Тодруулбал “Ис” ХХК-д анх газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2009.12.29-ний өдөр *** дугаартай захирамж Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.6-д заасан үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 20.1.3-т газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон хэдий ч Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т ямар тохиолдолд /ямар ангиллаар/ тусгай хэрэгцээнд авах нөхцөлийг заасан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023.09.26-ны өдрийн *** дугаар тогтоолд дурдсанчлан “Байгалийн нөөц газар” гэх ангиллаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхийг хуулиар олгоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.7-д заасан үндэслэлийн тухайд “..газрыг орон нутгийн хэрэгцээнд авсан НИТХ-д нөхөн олговор авах талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нэхэмжлэгчид хадгалагдана гэж шүүх үзлээ” гэсэн байна. Энэхүү дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүхийн “...маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг ашиглаж газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй..” гэх агуулга бүхий дүгнэлттэй зөрчилдөж байна.

Иймд дээрх дүгнэлтүүдээс үзэхэд Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/*** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Ис” ХХК-аас “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Анх нэхэмжлэгч “Ис” ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар[1] Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын зүүн талд аж ахуйн зориулалттай 3000 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

Үүний дараа хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 2011, 2016, 2022 онуудад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж[2], 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаар захирамжаар[3] “Ис” ХХК-ийн газрын хэмжээг 8038 м.кв болгон нэмэгдүүлэн өөрчилж, аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрчилгээ[4] олгожээ.

Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газар дээрээ хөнгөн блокны үйлдвэрийн болон оффисын барилга[5] барьж, аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа гэдэг нь тогтоогдож байна.

3.Маргаан бүхий захирамж нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны *** дугаар “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор[6] “...Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Сэлбэ Дунд голын хамгаалалтын бүсийн 534.0 га талбай бүхий газрыг “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил заагийн солбицол, хамгаалалтын горим, дэглэмийг баталсантай холбоотойгоор тухайн тусгай хэрэгцээний газарт байршилд байгаа, усан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[7] тогтоогдов.

4.Мөн маргаан бүхий А/*** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/*** дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.3.6 дах хэсэг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарчээ.

5.Нэхэмжлэгч “Ис” ХХК-ийн эзэмшлийн 8038 м.кв газар нь  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны *** дугаар тогтоолоор баталсан Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газар буюу усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй давхцалтай, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай нь хэрэгт авагдсан Усны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/*** тоот албан бичиг[8], түүний хавсралтаар ирүүлсэн зурган мэдээлэл, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/*** дугаар албан бичиг[9], Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-07/*** дугаар албан бичиг[10] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч талаас гаргасан “...эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн зааг ялгаа нь тодорхой бус хэдий хэмжээний давхцалтай нь зурган мэдээлэлд тусгагдаагүй, гуравдугаарт НИТХ-ын 2023.09.26-ны өдрийн *** дугаар “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Сэлбэ Дунд голын хамгаалалтын бүсийн хилийн заагийн солбицлын мэдээллийг ирүүлээгүй болно...Дээрх нөхцөл байдлыг тогтоолгүй хангалттай нотлох баримт цуглараагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

6.Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 11.1.4-т "Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж. ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох" гэж,

Мөн хуулийн 12 дугаар зүйлд "Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 12.1.4-т "усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах",

...22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.”,

...22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”,

...22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.” гэж тус тус заасан.

7. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”,        

...33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”,

...61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зохицуулжээ.

8.Маргааны тохиолдлын хувьд нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газрын зарим хэсэг нь хуулиар барилга, байгууламж барих, газар хагалахыг хориглосон усан сангийн онцгой хамгаалалтын бүсийн  газартай хэсэгчлэн давхцалтай, харин эзэмшлийн газар нь хуулиар газар эзэмшүүлэхийг хориглосон  усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийг тогтоосон Улаанбаатар хотын тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай нөхцөл байдал маргааны үйл баримтаас тогтоогдож байна.

9.Хуулийн зохицуулалтаас үзвэл, харьяалах нутаг дэвсгэрт нь хуулиар барилга, байгууламж барих, газар хагалахыг хориглосон усан сангийн онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай, тусгай хэрэгцээний газартай давхцалтай зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах бүрэн эрх Баянгол дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон.

10.Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас Газрын тухай, Усны тухай хууль болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн, тодруулбал, хуульд нийцүүлэх зорилгоор өөрийн өмнө гаргасан, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон (эерэг нөлөөлөл үзүүлсэн) шийдвэрээ хүчингүй болгож, өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргажээ.

11.Үүнээс дүгнэвэл, хариуцагч захиргаанаас нийтийн ашиг сонирхол буюу Улаанбаатар хотын усан бүхий газрыг хамгаалах, хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, тодруулбал, эерэг нөлөөлөл бүхий хууль бус актаа хариуцагчаас хуулийг хэрэгжүүлж, хуульд нийцүүлэх зорилгоор эргэн харж хүчингүй болгосон байх тул маргаан бүхий актыг шүүхээс хууль бус бөгөөд уг актын улмаас нийтийн ашиг сонирхлоос илүүтэй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

12. Иймээс “... “Ис” ХХК-д анх 2009 онд газар эзэмших эрхийг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж олгоогүй, хэн нэгэн газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт тогтоогдохгүй, хуулийн зүйл заалтын урьдчилсан нөхцөл хангагдаагүй, ...Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бүсэд хамаарах газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн газрыг цуцлах талаар тусгаагүй, орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар газрыг солих буюу эргүүлэн авах харилцааг мөн адил зохицуулаагүй буюу харин нэгэнт газраа аваад олон жил ашиглаж байгаа газар эзэмшигчид газрын төлбөрөө 2 дахин нэмж тооцож төлөөд ашиглах боломжтой” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

13.Түүнчлэн “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд  авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрын солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ талаар хүсэлтээ гаргаж, хариуцагчаас нөхөн олговор шаардах эрхтэй байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хуульд нийцээгүй гэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 617 дугаар шийдвэр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 46, 54 дахь тал

[2] Хэргийн 34, 45 28-33 26-27дахь тал

[3] Хэргийн 24-25 дахь тал

[4] Хэргийн 10 дахь тал

[5] Хэргийн 121-128 дахь тал

[6] Хэргийн 66-82 дахь тал

[7] Хэргийн 107, 111, ***, 116, 118 дахь тал Хэргийн 111 дэх тал

[8] Хэргийн 88-89 дэх тал

[9] Хэргийн *** дахь тал

[10] Хэргийн 118 дахь тал