Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03422 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю.Ч, Д.Ц  нарт  холбогдох  

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 480 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ю.Ч ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Очир, Ж.Мөнх-Оргил

Хариуцагч, хариуцагч Д.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХКнь Ю.Ч , хамтран зээлдэгч Д.Ц нартай 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дугаар №217052302 тоот зээлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Зээлийн гэрээгээр Ю.Ч, Д.Ц  нарт 12 000 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаатай нэг сарын 11 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч Ю.Ч, Д.Ц  нарт зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. 2017 оны 05 сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн зээл 12 000 000 төгрөгийн 60 хоногийн хүү 2 400 000 төгрөг, нийт 14 400 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч Ю.Ч, Д.Ц  нар нь 60 хоногийн хүү 2 400 000 төгрөг үндсэн зээлээс 5 425 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Ю.Ч, Д.Ц  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6 575 000 төгрөг, нэг сарын 10 хувийн хүүгээр 2017 оны 07 сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 сарын 16-ны өдөр хүртлэх хүү болох 1 905 000 төгрөг, нийт 8 480 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. А ХХКнь 12 000 000 төгрөгийн зээлээс миний төлсөн 7 825 000 төгрөгийн үндсэн зээлээс 5 425 000 төгрөгийг төлснөөр үлдсэн 2 400 000 төгрөгийг хүүнд суутгаж авсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 12 000 000 төгрөгөөс 7 825 000 төгрөгийг төлж, 4 175 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үүнийгээ төлж барагдуулах нь үнэн болно. А ХХКнь 10 хувийн хүүтэй мөнгө мөнгө зээлүүлсэн гэж хэлж байна. Гэвч олгосон үндсэн мөнгөн дээрээ гэрээ байгуулсан сараараа хүүгээ тооцоолж тэгш хуваан өдөр болгон төлүүлдэг байсан учраас авсан мөнгөө бүтнээр нь сар ашиглаж 10 хувийн хүүгээ төлөх боломжгүй, тооцож үзэхээр сарын 10 хувиас илүү байдаг. Зээл авахад зээлдүүлсэн мөнгөнийхөө 1 хувийг бэлнээр суутгаж авдаг. Үүнийг гэрээнд тусгаагүй. А ХХК-иас олон удаа өндөр хүүтэй мөнгө зээлж цаг тухайд нь төлж байсан түүхтэй. Сүүлд авсан 12 000 000 төгрөгийн зээл нь дээр үйл ажиллагаа зогсож өрөнд орсон учраас дутуу барагдуулсан. Үйл ажиллагаагаа зогсоохгүй амжилттай болгох гэж хичээн олон хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж өрийн сүлжээнд орсон. Иймд мөнгөний хүүг багасгаж өгнө үү. Мөн хариуцагч Д.Ц нь энэ зээлээс ямар ч мөнгө аваагүй. Би дангаараа бизнестээ хэрэглэсэн. А ХХК-иас заал олгохдоо нийгмийн даатгал төлдөг хүн заавал байх ёстой гэсэн тул Д.Ц-г оролцуулсан. Д.Ц мөнгө аваагүй, би хариуцаж өр төлбөрийг барагдуулна. Иймд Д.Ц-г хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Мөн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 1 905 000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А ХХК-иас мөнгө гардаж аваагүй. Ю.Ч нь   зээл авахад нийгмийн даатгал төлдөг хүн байх ёстой гэсний дагуу би өөрийгөө батлан даагч гэж ойлгон нотариатааар орж гарын үсэг зурсан. Энэ зээлнээс би ямар ч мөнгө авч хэрэглээгүй учраас хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Ч аас 6 575 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алтан шургуул” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс Д.Цэцэгээд холбогдох хэсэг, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 905 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Ч аас 120 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ю.Ч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Миний бие зээлийн хүү өндөр байна, хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү шүүхэд хэлж байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хүүг багасгах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна гэж анхан шатны шүүх буруу шийдсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн заалтыг хэрэглэсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг 720 000 төгрөгөөр багасгаж, банкны хүүгээр тооцож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ю.Ч , Д.Цэцгээ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 480 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ю.Ч эс зөвшөөрч “зээлийн үлдэгдэл төлбөр 4 175 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү төлөх боломжгүй” гэж маргажээ.

 

Зохигчид хоорондоо 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 12 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь дээрх зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 5-6, 15-16/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь зөв байна.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүүг хариуцагч Ю.Ч аас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүх хариуцагч Ю.Ч аас зээл, зээлийн хүүд 6 575 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгийг зээлийн хүүгээс хасах боломжтой гэж тайлбарласан бөгөөд дээрх үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй тул хариуцагчаас 6 175 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...6 575 00 төгрөг...” гэснийг “...6 175 000 төгрөг...”, “...1 905 000 төгрөг...” гэснийг “...2 305 000 төгрөг...” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...120 150 төгрөг...” гэснийг “...113 750 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ю.Ч ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                            ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН