Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1468

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Э.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208019271459 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “**” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Мн М (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М согтуурсан үедээ, ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Э.Бг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гараараа зүүн гарын бугуй хэсэгт нь цохиж зодсон, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “архины мөнгө өгсөнгүй” гэж маргалдан, үснээс зулгаах, хөл, гар луу цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь “зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хардах болон мөнгөний асуудлаас маргалдаж, толгойг нь доош дарах, хоолойг боох зэргээр хүч хэрэглэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Сая баривчилгаанд яваад ирсэн. Мөнгө төгрөгийн асуудалтай байсан тул маргах болсон. Ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 1 дүгээр сарын 17-нд согтуу орж ирээд хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь цагдаад хандсан, 100,000 төгрөгөөр торгуулсан. 6 дугаар сарын 08-нд ажлынхантайгаа бас явж ирээд хардаж, мөнгө төгрөгөөс болж хэрэлдээд цохиж зодохоор нь цагдаад хандсан. 6 дугаар сарын 14-нд Сэлэнгээс ирэхэд зодсон учир цагдаад хандсан. Хардалтаас эхэлдэг. Уугаагүй үедээ сайн эцэг, сайн хань. Уучихсан ирэхдээ авиртай болчихдог. Нэхэмжлэх зүйлгүй, одоо жирэмсэн, группт байдаг тул нөхөрт минь хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 2208019271459 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Э.Бн: “2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед гэртээ хамтран амьдрагч М намайг хардаад хэрүүл хийж эхэлсэн. Гэнэт миний толгой хэсгээр барьж аваад хоолой боогоод “ална шүү чамайг” гээд дайраад байсан. Тэгсэн чинь манай хүүхдүүд айгаад бүгд уйлалдаад эхэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. Урьд өмнө М нь цохиж зодсон асуудал байсан. Тухайн үед би айгаад Сэлэнгэ аймгийн *** сум руу ээж, аавынхаа гэр лүү зугтаагаад очиж байсан. 2022 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн өглөө 8 цагийн орчимд би гэртээ ирэхэд надтай хэрүүл маргаан үүсгэж байгаад ахиад намайг зодож цохисон. М 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэртээ согтуу орж ирээд намайг үснээс татаж унагаад хоолой боогоод толгой руу нэг удаа цохисон. Би гараад зугтаатал намайг үснээс чирээд гэр лүү буцаад оруулсан. Орсны дараа хоёр шилбэ рүү өшиглөсөн, нуруу, гэдэс, хэвлий хэсэгт нэг, нэг удаа цохиж зодсон. Тэр үед цагдаагийн байгууллагад хандахгүйгээр Сэлэнгэ аймаг руу явсан.  

...Хамтран амьдрагч М.М 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр согтуудаа “мөнгө байвал өгчих” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гээд Мий ээж Птэй утсаар “хүүхэд чинь архи уусан, агсам тавиад байна” гэж хэлсэн чинь “цагдаа дуудаад өгчих” гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 87 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.17-ны өдрийн 8629 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Э.Бн биед зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Шүүгдэгч М.Мний яллагдагчаар өгсөн: “2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би ажлынхантайгаа хамт пиво уучихаад орой халамцуу гэртээ ортол эхнэр Б, хүүхдүүдийн хамт байсан санагдаж байна. Яг юунаас болж маргалдсан гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан би уурлаад эхнэртээ агсам тавиад эхнэрийнхээ бие хэсэг рүү гараараа цохиж халдсан. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад ажлынхантайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд ** тоотод байх гэртээ орж ирээд архиныхаа халуунд уурлаад эхнэр Бн үснээс зулгаагаад хөл, гар луу нь цохиж, өшиглөж зодсон. Маргааш нь эхнэр хүүхдүүдээ аваад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу явчихсан. Аав, ээж рүүгээ явна гэж надад хэлээгүй. Хөдөө аав, ээж дээрээ байж байгаад 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүдээ аваад гэртээ ирээд юм яриад байж байтал эхнэр Б “Тоёота Рактис” нэртэй тээврийн хэрэгслийг надад хэлэлгүйгээр банк бус санхүүгийн байгууллагад 2021 оны 10 дугаар сард 2 сая төгрөгт барьцаанд тавьсан байсныг олоод мэдсэн. Миний болон өөрийнхөө нэрээр зээл авдаг 10 гаруй аппликейшнээс зээл авчихсан байсан. Тэрнээс болоод бид хоёр маргалдах үед Б орилоод байхаар нь би “дуугүй бай” гээд толгойг нь доош дараад байж байтал цагдаа ороод ирсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дахь тал),

дуудлагын лавлагааны хуудас (хх-4), аюулын зэргийн үнэлгээ (хх-10-12, 88), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-73-74), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-75-79), АСАП сангийн лавлагаа (хх-80-83), 2022.01.18-ны өдрийн шийтгэлийн хуудас (хх-89),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-71), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-37-38), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-47, 60), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-55-58), дансны хуулга (хх-62-68), Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хорооны Засаг даргын “М.Мнь тус хорооны ** тоотод түр оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-69) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.М согтуурсан үедээ, ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Э.Бг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гараараа зүүн гарын бугуй хэсэгт нь цохиж зодсон, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “архины мөнгө өгсөнгүй” гэж маргалдан, үснээс зулгаах, хөл, гар луу цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь “зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хардах болон мөнгөний асуудлаас маргалдаж, толгойг нь доош дарах, хоолойг боох зэргээр хүч хэрэглэн байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.Бн “2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед гэртээ хамтран амьдрагч М намайг хардаад толгой хэсгээр барьж аваад хоолой боогоод “ална шүү чамайг” гээд над руу дайраад байсан. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 8 цагийн орчимд би гэртээ ирэхэд надтай хэрүүл маргаан үүсгэж намайг зодож цохисон. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэртээ согтуу орж ирээд намайг үснээс татаж унагаад хоолой боогоод толгой руу нэг удаа цохисон. Гэрээс гараад зугтаатал намайг үснээс чирээд гэр лүү буцаад оруулж, миний хоёр шилбэ рүү өшиглөсөн, нуруу, гэдэс, хэвлий хэсэгт нэг, нэг удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хх-21-22), шүүх эмнэлгийн 8629 дүгээр “1.Э.Бн биед зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-31-32), аюулын зэргийн үнэлгээ (хх-88), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-75-79), шүүгдэгч М.Мн “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би ажлынхантайгаа хамт пиво уучихаад орой халамцуу гэртээ орсон. Ямар ч байсан би уурлаад эхнэртээ агсам тавиад бие хэсэг рүү нь гараараа цохиж халдсан. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ажлынхантайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд ...Бн үснээс зулгаагаад хөл, гар луу нь цохиж, өшиглөж зодсон. 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...бид хоёр маргалдах үед Б орилоод байхаар нь би “дуугүй бай” гээд толгойг нь доош дараад байж байтал цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хх-115-116) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Мн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Э.Бг 3 удаа зодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжтэй, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”  гэж тус тус хуулиар баталгаажуулжээ.

Шүүгдэгч М.М гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Бг байнга зодсон идэвхтэй үйлдэл гаргасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй боловч гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-21-22)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.М согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Э.Бг байнга буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ** тоотод шалтаг шалтгаангүйгээр агсан тавьж, улмаар гараараа зүүн гарын бугуй хэсэгт нь цохиж, зодсон, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан ** тоотод “архины мөнгө өгсөнгүй” гэх зэргээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, хөл, гар луу нь цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь “зүүн бугалга, хоёр гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ** тоотод “хардах болон мөнгөний асуудлаас үүдэн” хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа түүний толгойг нь доош нь дарах, хоолойг нь боох зэргээр биед нь хүч хэрэглэн зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 3 сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзсан болно...” гэж,

хохирогч “Ар гэрийн байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргаж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, гэр бүлийн харилцаа болон бусад шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчийг үл ялих зүйлээр шалтаглан эрх, эрх чөлөөнд нь үсдэх, хоолой боох, өшиглөх, цохиж зодох үйлдлээр халдаж байнга зодсон, гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй, нөхөрт хөнгөн ял өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой, бага насны 4 хүүхэдтэй)-ыг тус тус харгалзан шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 жил 1 сараар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.М нь ** тоот хашаа байшинг худалдан авахаар болон тэндээ амьдарч байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” ХХК-д ажил эрхэлдэг нь тогтоогдож байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийг Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосныг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Мн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил 1 (нэг) сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР