| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2019/00154/И |
| Дугаар | 184/ШШ2019/00530 |
| Огноо | 2019-02-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2019/00530
| 2019 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 184/ШШ2019/00530 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК--д холбогдох,
“Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр байр, 23 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.А миний бие нь 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ний 61 дүгээр байрны 23 тоот 1 өрөө 35м2 орон сууцыг 29,050 ам доллараар тохиролцон үнийг бүрэн төлж худалдах худалдан авах гэрээг компаний захирал Б.Эрдэнэчимэгтэй хийж уг байрыг худалдан авсан болно. Уг байр 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтанд орж би түлхүүрийг нь хүлээн авч, түүнээс хойш өөрийн эзэмшилд ашиглаж байна. Тухайн үед байрны эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байгаа 1 жилийн дараа гарна гээд олгоогүй. Одоог хүртэл олгоогүй 10 жил болж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т ХХК-ний 61 дүгээр байрны 23 тоот 35 м2 орон сууцны өмчлөгчөөр Б.А миний биеийг тогтоож өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 дүгээр байр гэж буруу бичсэн байна. 61 дүгээр байр юм” гэжээ.
Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А нь Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоогоо бүрэн төлж дуусгасан тул 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.А болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх хуралдаан зарлагдсан тохиолдолд оролцохгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 35 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.А нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 35 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахаар хариуцагч Т ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар захиалагч болох Б.А нь 29,050 ам.долларыг Т ХХК-д төлөх, Т ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ат шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 2008 оны 8 дүгээр сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах худалдан авах гэрээ”, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Б.А нь 29,050 ам долларыг хариуцагч Т ХХК-д бүрэн төлж барагдуулсан бөгөөд хариуцагч Т ХХК нь 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Ат шилжүүлэн өгсөн, уг байрыг Б.А нь 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох орон сууцыг барьж дууссан боловч улсын комисст хүлээлгэн өгөөгүй байсан, нэхэмжлэгч Б.А нь 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан зэргээс үзвэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Гэрээний талууд гэрээнд заасан үүргээ биелүүлснээр нэхэмжлэгч Б.А нь гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болсон байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд хуульд зааснаар гэрээний зүйлийн онцлогоос хамаарч улсын бүртгэлд бүртгэгдсэнээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Б.Ат үүсэж, Т ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болох юм.
Хариуцагч Т ХХК нь маргааны зүйл болох орон сууцыг шинээр барьж байгуулан Б.Ат худалдсан боловч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу нэхэмжлэгчид худалдсан, шинээр барьсан барилгаа ашиглалтад оруулах хуульд болон дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Аийн өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу баталгаажуулах, өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах зэрэг эрх зөрчигдсөн байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.А нь өмчлөх эрх зөрчигдсөн талаар эрх зөрчигөөс шаардах эрхтэй ба хариуцагч Т ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлснээр тухайн хөрөнгийн хувьд хууль ёсны өмчлөгч мөн байна.
Иймд нэхэмжлэгч Б.А нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв
Нэхэмжлэгч Б.Аийг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэр нь хариуцагч Т ХХК-ийг барьсан барилгаа ашиглалт оруулах Барилгын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-д заасан үүргээс чөлөөлөхгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аийг Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 35 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР