Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/687

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Ц.**********,    

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.**********, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баянжаргалын **********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт 

*******************

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Б.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ******* ******* хорооллын Эс 9 дүгээр байрны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Э.**********ийн “утсаа салгаад хаагуур яваад орой ирж байгаа юм бэ” гэж хэлсэн шалтгаанаас үүссэн маргааны улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, түүний цээжний баруун ар талд нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн ар ханын хатгагдсан шарх, уушиг уналт, плеврийн хөндийд шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Б.********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний үйлдлээс болж нөхөрт маань гэмтэл учирсан. Би маш их гэмшиж байна. Гэхдээ санаатайгаар гэмтэл учруулна гэж бодоогүй. Тухайн өдөр оройтсоноос болж маргаан үүссэн. Нөхөр Э.**********ийн биед аюултай гэмтэл учруулна гэж бодоогүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн *********** дугаартай хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

-Хохирогч Э.**********ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

-Гэрч Э.**********ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

-Гэрч Ө.**********гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дах тал/,

-Гэрч Б.**********ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ****** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/

-Шүүгдэгч Б.**********гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/,

-Авто тээврийн үндэсний төвийн тээврийн Б.**********гийн нэр дээр хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/,

-Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэцийн эмчийн Б.**********г “Эрүүл” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

-********** ХХК-д Б.**********г Сэтгүүлч албан тушаалд ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хавтаст хэргийн 99 дэх тал/,

-********** ХХК-д Б.**********г сарын 1.400.000 төгрөгийн цалинтай гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 100 дахь тал/,

-Б.********** бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

-Б.**********гийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 103 дахь тал/,

-Б.**********гийн 040 дугаартай “**************” тэмдгээр шагнагдаж байсан гэх үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 104 дэх тал/

 

Эд мөрийн баримтаар тооцож хутгыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.**********гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ******************** тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч Э.**********тэй “утсаа салгаад оройтож ирлээ” гэх шалтгаанаас   маргалдаж улмаар хохирогчийн цээжний арын баруун хэсэгт хутгалсны улмаас хохирогчийн биед “цээжний баруун ар талд нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн ар ханын хатгагдсан шарх, уушиг уналт, плеврийн хөндийд шингэн хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо********************* орон сууцанд 2021 оны 12 дугаар сарын 22-ны үүрээр 05 цаг 30 минутад явуулжээ.  Хэргийн газраас хар өнгийн хуванцар хугархай иштэй, цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхгийг хураан авсан байна. /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: хохирогч Э.**********ийн нурууны баруун далны доор 4 см зайд 4 оёдол тавьсан улаан хүрэн өнгийн шингэн зүйл даавуунд шингээн тавьж боолт хийсэн байдалтай /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт: хэргийн газраас хураан авсан нийт 21 см урттай, ажлын хэсэг нь 16.3 см, бариул хэсэг нь 4.7 см, өндөр нь 3.7 см, гөлгөр хар өнгийн хуванцар хугархай иштэй хутга /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

 

Хохирогч Э.**********ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ амарч байсан ба 22 цагийн орчимд гадагшаа гарч үсээ засуулчхаад 23 цагийн орчимд дэлгүүр орж 1 шил вино, 1 лааз 0.5 литрийн савлагаатай пиво авч гэртээ орсон. Тухайн өдөр Б.********** байгууллагынхаа шинэ жилд оролцож улмаар шагнал авсан гэдгээ надад утсаар хэлсэн. Үүнийг нь хамт тэмдэглэхийг хүссэн учир Б.**********д зориулж 1 шил вино авсан. Түүнээс өмнө өөрөө 1 лааз пиво авч уусан. Ингээд гэртээ байж байтал Б.**********ы утас нь холбогдохоо больж холбоогүй болсон. Шөнийн 02 цаг 30 минутын орчимд ажлынхаа хүний утаснаас залгаад “удахгүй харьлаа” гэж хэлсэн. Тэгж утсаар ярьснаасаа хойш  03 цаг 30 минутын орчимд над руу дахин утсаар ярьж “ирж байна” гэхээр нь би “тосож авъя” гэж хэлээд гэрээсээ гарсан. Б.**********г ирэхэд нь би байрны урд талаас тосож аваад гэртээ орох гэж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн. Бид хоёр нэг нэгнийгээ түлхэж, Б.********** намайг хөлөөрөө өшиглөхөд нь би зөрүүлж түлхсэн. Ингээд хоорондоо эвлэрээд гэртээ орсон. Гэртээ ороод хувцсаа тайлж унтаж амрахаар ор дэрээ засаж би гал тогооны цаад талд байдаг өрөөний орон дээр сууж утсаа оролдож харин ********** том өрөөний буйдан дээр хэвтсэн. Би Б.**********д хандаж “арай орой ирж байгаа юм биш үү, орой ер нь хаагуур яваад байдаг юм, утсаа яагаад салгачихсан юм” гэж жаахан өндөр дуугаар хэлээд л маргаан эхэлсэн. Гэнэтхэн Б.********** “чи одоо намайг юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд хэвтэж байсан буйдан дээрээс босоод гал тогоо руу орж нэг зүйл гартаа авах шиг болсон. Тэгээд л над руу шууд хүрээд ирсэн. Тэгэхэд нь би тэвэрч аваад гартаа барьсан зүйлийг нь тавиулах гэж оролдсон. Тэгээд нэг мэдэхэд төд удалгүй Б.********** бид хоёр тэврэлдчихсэн нааш цааш болж байсан. Гэнэт би амьсгалж чадахаа больж, амьсгалж чадахгүй нуруунаас хий гарч байгаа нь мэдэгдэж, амьсгалын дутагдалд орж бие маань суларч, нуруундаа гараараа хүрч үзэхэд шингэн зүйл мэдрэгдсэн. Тэгэхээр нь сэрээ л зоогдчихсон юм болов уу? гэж бодоод өөрийн мэдэлгүй доош унасан. Тэгтэл Б.********** хажууд “яана аа хайр аа, юу болчихвоо” гэж уйлаад түргэн тусламж дуудаж байсан. Ингээд түүнээс хойш яг юу болсон гэдгийг тодорхой нарийн нэг нэгэнгүй санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд эмч, цагдаа орж ирсэн түргэн тусламжийн эмч надад анхны тусламж үзүүлсэн. Тэгээд түргэний машин руу 2 хүнээр түшүүлэн байж бууж суусан.  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Тэнд очиход толгойноос бас цус гарчихсан байсан ба толгойд 3 оёо, нуруунд 4 оёо хийлгэж цээжний хөндийд зүсэлт хийлгэж амьсгал дэмжих зорилгоор гуурс тавиулсан. Түүний хойш нэг хоногийн дараа хагалгаанд орж үргэлжлүүлэн хэвтэн эмчилгээ хийлгэсэн... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Б.**********д  холбогдуулж гаргах гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,

Гэрч Э.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд ******* чиглэлд дэд ахлагч Б.*******ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Эрхэс жижүүрийн шуурхай удирдлагаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо***********************1 тоотод нуруундаа хутга зоолгосон хүн байна гэх дуудлага мэдээллийг хуваарилан өгсөн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу очиж шалган тус тоотод ороход нэг эмэгтэй хүн уйлчихсан газар сууж байсан ба түүний өвөр дээр хар өнгийн малгайтай цамцтай нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн тоотод ороод удаагүй байж байхад 103 түргэн тусламжийн эмч ирж газар хэвтэж байсан залууг үзэж “нуруунд нь хүнд шархтай юм байна Гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэж хэлээд анхны тусламж үзүүлж боолт хийж тухайн иргэнийг харж байсан эмэгтэйгийн хамт авч явсан. Тухайн дуудлага мэдээлэлд очиж тус тоот байсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад юм хэлэлгүй уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Өвчний түүхээр хийсэн  №********** дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.**********ийн биед цээжний баруун талд нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн ар ханын хатгагдсан шарх, уушиг уналт, плеврийн хөндийд шингэн хуралт гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

 

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Э.**********ийн биед цээжний баруун ар хэсэгт, 5, 6-р хавирга орчимд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх байсан. Энэхүү гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй гэжээ. /хавтаст хэргийн 52 дахь тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн Өвчний түүх №13066: Энхбатын ********** 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэвтсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгээс гарсан. / хавтаст хэргийн 78-91 дэх тал/

 

Шүүгдэгч Б.**********гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн эрх үүрэг болон Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгсийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Намайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу, энэхүү үйлдэлдээ би маш их гэмшиж өөрийгөө буруутгаж байгаа. Яллагдагчаар татсан тогтоолын зүйлчлэл дээр хүлээн зөвшөөрөхгүй байна... Яллагдагчаар татагдах болсон хэргийн талаар гэвэл 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж би тухайн арга хэмжээнд оролцсон. Улмаар тухайн арга хэмжээ орой тарж би гэртээ оройтож 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнө гэртээ ирсэн. Тухайн үед би Э.**********тэй хамт амьдарч байсан бөгөөд Э.********** намайг гаднаас тосож авсан. Э.********** намайг “оройтож ирлээ, хэнтэйгээ, юугаа хийж янхандаж байгаад ирж байгаа юм” гэж хардаж улмаар бид хоёр маргалдаж эхэлсэн. Энэхүү маргаан хэсэгхэн хугацаанд үргэлжилж гадаа маргалдаж байх хугацаанд Э.********** миний гар хэсэг рүү цохиж, түлхэж газарт унагаан өшиглөсөн. Ингээд Э.********** бид хоёр хэсэг хугацаанд эвлэрч маргалдахаа больж гэртээ буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* хотхоны Эс 9-3-1 тоотод орсон. Ингээд унтаж амрахаар болж ор дэрээ засаж байхад Э.********** дахин намайг хардаж маргалдаж эхэлсэн. Тэгэхдээ Э.********** “чи хэнтэйгээ явж байгаад ирж байгаа юм, би чамайг шалгана гээд хувцас барьж, уруул чинь улайсан байна, хэнд базуулж, озуулж, хэнтэй үнсэлцэж байгаад ирсэн юм, би чамайг хэнтэй явж байгаад ирсэн гэдгийг чинь би мэдэж байна” гээд гэнэтхэн миний хоолой хэсгээс баруун гараараа багалзуурдан боож түлхсэн. Тэгээд “хэнтэй заваарч явж байгаад ирсэн гэдгээ хэл” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “тийм зүйл байхгүй” гэж хэлэхэд нөгөө гараараа дахин боож “битгий худлаа яриад бай” гээд буйдан дээр түлхэж унагасан. Тэгээд Э.********** хоёр гараараа миний хоолойг боосон. Тэгэхэд миний амьсгал давчдаж би гэнэтхэн ухаан балартаж сонин болоход Э.********** гэнэтхэн миний цээж рүү цохиход би сэргэсэн. Тэгэхэд Э.********** “чи битгий жүжиглээд бай” гэж хэлээд Э.********** бид хоёр буйдан дээрээс боссон. Тэгэхэд “чи ер нь намайг яаж доромжлоод байгаа юм” гээд гэнэтхэн миний баруун нүд рүү цохисон. Тэгээд маргалдаж байгаад гал тогооны хэсэгт Э.********** намайг түлхэж унагасан. Тэгээд босохдоо гал тогооны тавцан дээр дарахад гарт нэг зүйл баригдсан. Аваад хартал хутга байх шиг байсан. Тэгээд айсандаа хэрвээ хутга барьчих юм бол над руу ойртохгүй байх гэж бодтол Э.********** над руу ойртож ирээд хутга булаацалдаж эхэлсэн. Хутга булаацалдаж байх хооронд гэнэт Э.********** доошоо суусан. Би тэгэхэд “яасан бэ” гээд нуруун дээр нь дарахад миний гар цус болсон. Улмаар би айж сандарч Э.**********ийн утсыг авч түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийвэл: Хохирогч Э.**********, шүүгдэгч Б.********** нар нь гэрлэлтийн баталгаагүй ч 2019 оноос хамтран амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байжээ. Энэ талаар шүүгдэгч Б.**********гийн эгч Ө.************ баталж мэдүүлжээ.

 Шүүгдэгч Б.********** нь “шинэ жилийн” баярын арга хэмжээнд оролцож 2021 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд гэртээ ирэхэд хохирогч Э.********** “утсаа салгаад хаагуур яваад орой ирж байгаа юм бэ” гэснээр тэдний дунд маргаан үүссэн байна. Шүүгдэгч Б.**********, хохирогч Э.********** нар нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа шүүгдэгч нь хохирогчийн цээжний баруун ар хэсэг буюу дал орчимд нь хутгаар хатгасны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх мэс заслын бичлэгт тэмдэглэгдсэн байдал, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар хохирогчийн биед “баруун уушгины дээд дэлбэн ар доод хэсэгт 8-9-р сегментийн түвшинд хатгагдаж цоорсон, шархнаас хийн бөмбөлөг үүсэн уушиг бүрэн тэлэгдэхгүй байсныг викрил 2 номерын утсаар П хэлбэрийн оёдол тавьж уушгины цоорсон хэсгийг битүүлж мэс засал хийсэн. Хохирогчийн биед цээжний баруун талд нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн ар ханын хатгагдсан шарх, уушиг уналт, плеврийн хөндийд шингэн хуралт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан тайлбарт “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд ахуйн зориулалттай хутга нь зэвсэгт хамаарах ба шүүгдэгч Б.********** нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хар иштэй хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.********** нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, үйлдлээрээ хүнд хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.**********гийн хохирогч Э.**********ийн эрүүл мэндэд хутга хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаас дүгнэвэл: шүүгдэгч, хохирогч нар хутга булаацалдсанаас хохирогч Э.**********ийн биед болгоомжгүй үйлдлээр хүнд хохирол учруулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нараас гаргасан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: “...шүүгдэгч Б.**********г гэм буруутай байна “ гэсэн дүгнэлт гаргав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.**********д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нараас “хэргийн зүйлчлэлийн зөвшөөрөхгүй тул саналгүй” гэсэн тайлбар гаргав.

 

Шүүгдэгч Б.**********, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл дээр маргасан боловч нь шүүгдэгч нь “хохирогч Э.**********ийг хутгалсан үйл баримтын талаар мөрдөн байцаалтад анхнаасаа мэдүүлсэн, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж шууд үзүүлсэн, хохирогч Э.********** нь гомдол саналгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.**********д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.********** нь анх удаа хорих ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.********** нь эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба хохирогч Э.********** нь мөрдөн шалгах ажиллагаанд“...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.**********г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хохирогч Э.********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.**********гаас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

4. Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 21 см урттай, ажлын хэсэг нь 16.3 см, бариул хэсэг нь 4.7 см, өндөр нь 3.7 см, гөлгөр хар өнгийн хуванцар хугархай иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ********* овогт ************** **********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.**********г 3 жил 5 сарын /гурван жил таван сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.**********д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар /гурван жил таван сар/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Шүүгдэгч Б.**********д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг тоолсугай.

 

5. Хохирогч Э.********** нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.**********гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч Б.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.    

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ОДБАЯР

 

 

                                           ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ

 

 

                                 ШҮҮГЧ                                     Д.ДОРЖСҮРЭН