Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/00565

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр                  Дугаар 184/ШШ2019/00565                         Улаанбаатар хот

          

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, алтай 25 дугаар гудамж, 71 тоот хаягт оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол 41-62 тоот хаягт түр оршин суух Х овогт Дийн Дын /регистрийн дугаар: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчдын Г-409 тоот хаягт оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол 41-62 тоот хаягт түр оршин суух Ө овогт Бын Эд /регистрийн дугаар: / холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд, хариуцагч Б.Э, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Д нь 2009 оны 05 сард Б.Этай танилцаж бидний аавын гал голомт болох хашаа байшинд хамт амьдарч байсан бөгөөд бидний ууган охин 2010 оны 08 сарын 09-нд энэ хорвоод мэндэлсэн. Миний бие ихэвчлэн ажлаар уурхайд явчихдаг эхнэр, хүүхдээ аваад хадмынд очдог байсан. Гэр бүлийн дотор хэрүүл маргаан гардаг. Тэр болгонд эхнэр маань намайг хөөж туугаагүй, зодож нүдээгүй байхад хамаг хувцасаа аваад гэр рүүгээ явчихаад байдаг нь хэцүү санагддаг байсан бөгөөд гэртээ очсоны дараа согтуу утасдаж, над руу залгаж ярих нь сонин байдаг байсан. Энэ мэтчилэн жижиг сажиг асуудал даамжирсаар хэрүүл маргаан улам гүнзгийрч бид таарч тохирохоо байсан. Одоо эхнэр бид хоёр тусдаа амьдарч байгаа. Сүүлийн 2-3 жил энэ хугацаанд эхнэр маань хамтран амьдрагч хүнтэй болсон бөгөөд нэг хүүхэд гаргасан байгаа... Миний бие нэгэнт шийдсэн учраас түүнтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байна. Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, 8 настай Д.Т охиноо хойд эцгийн гар харуулахгүй өөр дээрээ асран хамгаалах байдалтай байна...Сүүлийн үед охин маань том болсон, би охинтойгоо уулзах гэхээр болдоггүй, аргагүйн эрхэнд би сургууль дээр нь очиж уулзсан... Уг нь би охиноо өөрийн асрамжинд байлгая гэж бодсон, олон хүнээс асууж, өөрөө ч бодож үзлээ. Охиноо ээжид нь байлгаад тэтгэлэг өгье гэж бодож байгаа. Эхнэр хүн эр нөхөртэй үнэхээр хайртай байсан бол ийм асуудал гарахгүй байх, үнэхээр ар гэр амьдралаа бодож байгаа бол өөр хүнтэй болохгүй байсан байх Миний бие өөрийн охин Д.Таа тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд охинтойгоо уулзаж байх, өөрөө хүсвэл аав дээрээ ирж болно гэж байна... гэв.

 

            Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Э миний бие нь Д овогтой Дтай анх гэр бүл болсон хамт амьдрах хугацаанд 2 хүүхэдтэй  болсон. Охин Д.Т маань ааваараа овоглодог, хүү Э.Ч маань ээжээрээ овоглож явдаг. Нөхөр болох Д.Дын гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. харин 8 настай Д.Тыгаа аавд нь өгөхгүй миний охин над дээр өсөж, миний аав ээж маань охиныг хар хандаж өсгөж байсан. Миний охин байнга ээжтэйгээ л хамт амьдарч байсан, аавынхаа ах, эгч нарыг ч танихгүй. Аавыгаа ч тийм сайн мэдэхгүй, тийм дотно байдаггүй. Аав нь хааяа нэг уулздаг, хамт хэд хоно гэхээр явдаггүй. Бага байхад охиныхоо хажууд намайг их зодож байсан болохоор айдаг юм шиг байна лээ...Охиноо нярайгаас нь хайрлаж харж хандаж яваагүй байж одоо авна гээд би үүнийг зөвшөөрөхгүй. Би 2 хүүхдийнхээ төлөө л амьдарч байгаа эх хүн хэзээ ч зөвшөөрөхгүй...Би ч гомдолтой өдий жаахнаас өвдөж зовж, аавын хайраар дутаачихаад одоо хөөрхөн бие даагаад ирэхээр нь авна гээд байдаг... Бид дэлгүүр түрээслэж байсан...Би орчлон хороололд очоод байрны урд талд Тайхар дэлгүүрт 4 жил гаран ажилласан, бүх тохижилтыг би хийж байсан, байрны захирал хүртэл мэднэ, бид хэрүүл маргаан хийх бүрт намайг зоддог, сэтгэл санаа хэцүү байдаг. Намайг гуйлгачин, юутай ирсэн юм гэдэг.. Хурим найр хийгээгүй ч надад тусдаа явсан учраас гээд аав, ээж,ах дүү, хамаатан садан нараас 4 сая төгрөг өгч байсан. Бид дэлгүүр түрээслээд 3 сая төгрөг авсан нь үнэн. Бид тусдаа амьдрахад би 3 сая төгрөгийг буцаагаад  нөхөртөө өгсөн. Би хамт амьдарч байсан хугацаандаа амьдралдаа хувь нэмэр оруулж байсан бөгөөд н.Жигжид гээд хүргэн ахынх нь нэр дээр байдаг байрыг  бид дундаасаа худалдан авсан.Тэр байр нь одоо болтол хүргэн ах Жигжидийн нэр дэр нь байгаа. Би 4 сая төгрөг өгсөн, 20 сая төгрөгийг бид хамтран төлсөн. Тэр байрыг анх хүрган ахын аавд нь ахмад дайчин гээд улсаас үнэгүй 1 өрөө байр өгөхөд нь аав 25 сая зарна.Тэгээд 5 хүүхдээд 5, 5 сая төгрөг өгнө гэхэд нь бид 25 саяаар худалдаж авсан юм.Гэтэл нөхөр одоо болтол өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Надад болохоор чамд баримт байхгүй юм чинь гэж хэлдэг. Би энэ хүнтэй хамт амьдрахдаа ямар ч мөнгөний эрх мэдэл байдаггүй байсан.Д.Д бид салвал чамд юу ч байхгүй, байраа ахын нэр дээр шилжүүлсэн гэсэн. Би шөнө орой болтол жирэмсэн байхдаа ч дэлгүүрт суудаг байсан, тог, ус бүх зардлыг би өөрөө төлдөг байсан гэв. 

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Э миний бие нь 2008 онд Д.Дтай танилцаж улмаар 2009 онд гэр бүл болсон. Энэ хугацаанд 2010 онд охин Д.Тыг төрүүлсэн. 2011 оноос эхлэн бидний дунд маргаан үүсч Д.Д айлган сүрдүүлж, улмаар зоддог болсоноор 2016 онд тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжинд байсан. Цаашид миний асрамжинд байна. Охины маань эцэг болох Д.Даас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү...миний бие эд хөрөнгийн маргаантай асуудлаа мөн хүү Э.Чын асуудлыг дараа шийдүүлнэ гэв.

 

   Хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.

                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х овогт Дийн Д нь хариуцагч Ө овогт Бын Эд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, охин Д.Тыг өөрийн асрамжинд авах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг  гаргуулах “ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргав.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:гэрлэгч Дийн Д, Бын Э нар нь 2008 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 02-нд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн 1635 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан ба 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин Д.Тыг, хүү Э.Ч нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрөлт бүртгэлийн лавлагаа, зохигч нарын тайлбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт, сургуульд суралцаж байгаа тухай сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь хувийн таарамжгүй харьцааны улмаас  2016 оноос хойш  тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр Д.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 06-нд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй, дуусгавар болсон тул  гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч талаас нэхэмжлэгчид холбогдуулан” Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэл гаргав.

Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, одоо нэхэмжлэгч, хариуцагч тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулах шаардлагад хариуцагч Б.Э маргаагүй, хэн аль нь шүүхээс эвлэрүүлэх хугацаа авах хүсэлт гаргаагүй, цаашид эвлэрч амьдрах хүсэлгүй байх тул хуульд зааснаар дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

     

Нэхэмжлэгч Д.Даас охиноо өөрийн асрамжид үлдээх талаар шаардлага гаргасан хэдий ч шүүх хуралдаанд энэ шаардлагаасаа татгалзаж,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  талууд хүүхдийнхээ асрамжийн асуудлаар харилцан тохиролцон эхийнх асрамжинд  хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба охин Д.Т нь эхийн асрамжинд байсан болохыг дурдав.

 

Иймд охин Д.Тыг эхийн асрамжид хэвээр үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулав.

           Шүүх хуралдаанд хариуцагч Б.Э нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тогтоолгож, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах, хүү Э.Чд “эцэг  тогтоолгож, тэтгэлэг гаргуулна” гэсэн  шаардлага гаргана гэсэн боловч  уг асуудлаа дараа нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр татгалзсан болохыг дурдав.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+70,200=140,400 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Учир нь нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаас татгалзсан тул түүнд төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

Шүүгчийн 2019 оны 2 сарын 26-ны 184/2019/02350 дугаартай захирамжаар  хариуцагч Б.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 70200 төгрөгнөөс  20,200 төгрөгийг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул түүнээс 20,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулсан ба  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Даас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж хариуцагч Б.Эд олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  зохицуулсан тул  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Даас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд  төлвөл зохих  төгрөгт  улсын тэмдэгтийн хураамж тооцож  33,148 төгрөгийг гаргуулж  улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.           

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Дийн Д /регистрийн дугаар: /, Ө овогт Бын Э /регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.Тыг эх Б.Эын асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Д.Тыг 11 нас хүртэл нь тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн  50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай /болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х овогт Дийн Даар тэжээн тэтгүүлсүгэй.

   4.  Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар Д.Даас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.

        5. Хариуцагч Б.Э нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тогтоолгож, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулах, хүү Э.Чд эцэг  тогтоолгож, тэтгэлэг гаргуулах талаар дараа нь нэхэмжлэл гаргахаар татгалзсан болохыг дурдсугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эын хүүхдийн тэтгэлэг гаргуулах  сөрөг шаардлага нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Даас улсын тэмдэгтийн хураамжид 33,148  төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

          8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар  Д.Д, Б.Э нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дах хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

            9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор зохигч нарын гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлсүгэй.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200+70,200=140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас  70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дт олгосугай.

 

            11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, үлдэх 20,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч Д.Даас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

12.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ