Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1410

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208031771731 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “**” ХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Жн М (РД:).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.М согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой ** тоот хашаанд байсан хохирогч Г.Зн эзэмшлийн ** УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгслийн гадна талын хоёр толийг хууль бусаар хугалж устгасны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирлоо төлсөн, уучлалт гуйсан. Дахин хэрэг төвөгт орохгүй, уучлалт гуйя” гэв.

Эрүүгийн 2208031771731 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Зн: “2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим хамт ажиллаж байсан Ж.М гаднаас шууд хашааны хаалга онгойлгоод ороод ирсэн. Миний ** гэсэн улсын дугаартай “Тоёота Приус-30” машиныг тойрч харж байгаад дугуйг нь өшиглөж үзээд шууд 2 толийг хагалаад цонхыг балбаад байсан. Би гэрээс гараад “Хөөе чи болил доо” гэхэд миний нурууг цохиод “дугуйг чинь хагална, намайг цагдаад барьж өгвөл гэр орныг чинь түвээнэ, 9 дүгээр ангийн хүүхдийг дүүгээрээ зодуулна, том охиныг чинь хүнээр шоглуулна” гэхэд нь би цагдаа дуудсан. Хоёр толины мөнгөө гаргуулж авмаар байна. ...Маргааш нь М ирж “машины толь хугалсандаа уучлалт гуйгаад балай юм аа” гээд машин хараад бэлэн 100,000 төгрөг өгөөд явсан. Би машинаа эвдлүүлсэндээ гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан хохирлоос 350,000 төгрөг, үнэлгээний хөлс 15,000 төгрөг, нийт 365,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11-12, 14 дэх тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.09.26-ны өдрийн 22/010 дугаар тайланд: “Тоёота Приус-30 маркын тээврийн хэрэгслийн зүүн, баруун толь 2 ширхэг, нийт 450,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Гэрч Г.Ан: “...** УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Би З гэх эмэгтэйд зарсан. Машины нэрийг шилжүүлж өгч амжаагүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Шүүгдэгч Ж.Мн яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, өмнө хамт ажилладаг байсан З эгчийн гэрт согтуу очсон. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Маргааш нь З эгчийн гэрт очиход “Тоёота Приус-30” маркын машины хоёр толь хугалсан гэсэн. Намайг согтуу хугалсан гэхээр нь би уучлалт гуйгаад 100,000 төгрөг өгсөн. Өөр маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-5), хохирогчоос гаргаж өгсөн “тээврийн хэрэгслийн гадна 2 толь хугарсан” гэрэл зургийн үзүүлэлт (хх-27-28), хохирол барагдуулсан баримт (хх-67),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-32), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-29), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-33), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-34), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-35), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-36), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-37), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-65, 66), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-69), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-70) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.М согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Одонтын ** дугаар гудамж,** тоот хашаанд байсан хохирогч Г.Зн эзэмшлийн ** УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркын автомашины гадна талын хоёр толийг хууль бусаар хугалж устган 450,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Зн “... согтуу, хашаанд орж ирээд миний машиныг тойрч харж байгаад дугуйг нь өшиглөж үзээд шууд 2 толийг хагалаад цонхыг балбаад байсан...” гэх мэдүүлэг (хх-11-12), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Тоёота Приус-30 маркын тээврийн хэрэгслийн гадна зүүн, баруун толь нийт 450,000 төгрөг” гэх тайлан (хх-21-22), шүүгдэгч Ж.Мн“.. Намайг согтуу хугалсан гэхээр нь би уучлалт гуйгаад 100,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-59-60) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Мн согтуурсан үедээ хохирогч Г.Зн эзэмшлийн тээврийн хэрэгслийн гадна 2 толийг хугалж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Зн тээврийн хэрэгсэлд 450,000  төгрөг, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн 15,000 төгрөг, нийт 465,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохиролд 465,000 төгрөг төлж барагдуулсан (хх-67), хохирогчийн “Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-66)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.М согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны орой Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Одонтын** дугаар гудамж,** тоот хашаанд байсан хохирогч Г.Зн эзэмшлийн ** УНС улсын дугаартай Тоёота Приус-30 маркын автомашины гадна баруун, зүүн хоёр толийг хууль бусаар хугалж устгасны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “600,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна. Хийсэн гэм буруугаа хүлээж байна. Уучлалт гуйя. Дахин хэрэг төвөгт орохгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ж.М нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, хохирогчийн машины гадна 2 толийг хугалж ашиглах боломжгүй болгон устгаж, хохирогчийн эд хөрөнгийн эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 465,000 төгрөгийн хохирол учирсан, хохиролд 465,000 төгрөг бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Жн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР