| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1379/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1408 |
| Огноо | 2022-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1408
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Энхбаяр,
шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208026081582 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д теллер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Тн Г (РД:**)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ** тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Сг “шөнийн цагаар унтуулж амраахгүй, шуугилдсан” гэх шалтгаанаар дагз руу нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнөх өдөр нь шуугилдаад байхаар орж дээд айлаас гуйсан. Дараа өдөр нь шөнө 1 цагийн үед пижигнэсэн. Аав Т шаардлага тавихад хэл амаар доромжилсон. Тийм учраас би дээшээ гарсан. Хүүхэд гэдгийг мэдсээр байж цохисон нь миний буруу. Тэр хүүхэд элдэв янзаар хараасан болохоор дээшээ гарсан. Хаалгыг нь хүчтэй цохисон, харин эвдээгүй. Гэхдээ миний буруу байсан учир засаж өгсөн” гэв.
Эрүүгийн 2208026081582 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Д.Сн: “2022 оны 07 сарын 29-ний өдөр эмээгийн гэрт байсан. Би үеэл М.Стай 00 цагийн орчимд зурагт үзэж байтал тагтны доод талаас төмөр нүдээд байсан. Эмээ болон С бид 3 тагтан дээр гартал доод айлын ах “битгий шуугилдаад бай” гэсэн. Эмээ “шуугилдаагүй байна” гэж бага зэрэг маргаан өрнүүлж байгаад больсон. Том өрөөндөө орж ирээд сууцгааж байтал хаалга маш хүчтэй балбаад, өшиглөөд байхаар нь эмээ “болиоч ээ, согтуу байгаа юм уу чи” гэхэд “үгүй, би эв эрүүл байна” гэхээр нь хаалгаа онгойлгоход танихгүй ах гэр лүү шууд орж ирээд эмээ рүү гар далайгаад, над руу ойртож гараа далайж миний толгойн дагз хэсэгт нэг удаа цохиод дүү С руу муухай хараад эмээгийн хажуугаар гарахдаа мөрлөөд гарсан. Толгой өвдөөд бөөлжиж байгаад унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.09-ний өдрийн 10782 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Сн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. 3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Эсэргүүцсэн тэмцсэн ул мөр тогтоогдсонгүй. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 39-40 дахь тал),
Гэрч О.Он: “2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээ С, С нарын хамт гэртээ амарч байсан. Намайг унтаж байтал гэнэт тагтны төмөр их чанга дуугараад цочиж сэрэхэд доод айл нүдээд байх шиг байна гээд тагт руу гараад “юу болоод байгаа юм, яагаад байгаа юм” гэхэд урдаас нэг юм хэлсэн. Миний чих жаахан хатуу болохоор сайн сонсоогүй. Гэнэт хаалга нүдээд, өшиглөөд бөөн юм болохоор нь “хэн бэ, чи Тэгшээ юу, согтуу байгаа юм уу” гэхэд “би эрүүл байна, хаалгаа тайл” гээд орилоод байхаар нь тайлахад доод айлын Тэгшээгийн дагавар хүү шууд орж ирээд над руу гар далайгаад миний хажуугаар гарч хүүхдийг цохисон. Би цохиж байгааг нь хараагүй, нүдээ аниад зогсож байсан. Сд газар эвхрээд уйлчихсан байж байсан. Хүүгийн толгой үе үе өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 30 дахь тал),
Шүүгдэгч Т.Гн: “Миний бие уг айлын хаалгыг эвдэж болон эмээг нь түлхсэн зүйл байхгүй. Зүгээр хаалгыг хүчтэй тогшиж, эмээгийнх нь хажуугаар орж хүүхдийг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-62), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-81), “**” ХХК-ийн “Т.Г нь тус компанид ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-61), хохирлын баримт (хх-57), насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-86), хохирол төлсөн баримт (хх-89) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Г нь 2022 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Залуус хороолол,** байр, ** тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Сг “шөнийн цагаар унтуулж амраахгүй, шуугилдсан” гэх шалтгаанаар дагз руу нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч Д.Сн “...танихгүй ах манай гэр лүү шууд орж ирээд эмээ рүү гар далайгаад, над руу ойртож гараа далайж миний толгойн дагз хэсэгт нэг удаа цохиод гарсан...” гэх мэдүүлэг (хх-24-25), шүүх эмнэлгийн 10782 дугаар “1. Д.Сн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-39-40), гэрч О.Он “...Тэгшээгийн дагавар хүү шууд орж ирээд миний хажуугаар гарч хүүхдийг цохисон... ” гэх мэдүүлэг (хх-13-14), шүүгдэгч Т.Гн “...Хаалгыг нь хүчтэй тогшиж, эмээгийнх нь хажуугаар орж хүүхдийг цохисон...” гэх мэдүүлэг (хх-49) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Гн 12 настай буюу насанд хүрээгүй хохирогч Д.Сг “шөнийн цагаар унтуулж амраахгүй шуугилдсан” гэх шалтгаанаар толгой руу нь гараараа 1 удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Сн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 130,000 төгрөгийн баримт (хх-57) гаргаж өгсөн, хохиролд 130,000 төгрөг төлөгдсөн (хх-89)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд ** тоотод насанд хүрээгүй хохирогч Б.Сг “шөнийн цагаар унтуулж амраахгүй, шуугилдсан” гэх шалтгаанаар толгойн дагз хэсэгт гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэж,
шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “шөнөөр унтуулж амраасангүй, шуугилдсан” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогчийн толгой руу нэг удаа цохих үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 130,000 төгрөг төлөгдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“**” ХХК-д теллер ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Т.Гг 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Тн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР