Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1312

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Г.Б...................р,

шүүгдэгч А.А...................ай, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 0000 00774 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дэмбэрэл овогт А...................ны А...................ай, Монгол улсын иргэн, Архангай аймгийн Их Тамир суманд 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ................................................ оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.А...................ай нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим, ******* дүүргийн ........................... тоотод хохирогч Г.Б...................рыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэх шалтгааны улмаас маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зүүн хөл рүү өшиглөн, түлхэж унагаан эрүүл мэндэд зүүн шаант ясны дунд 1/3 хэсэгт ташуу зөрүүтэй тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт ташуу зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.А...................ай нь хохирогч Г.Б...................ртай хамтран хувиараа барилгын агааржуулалтын системийн бэлдэц хийх чиглэлээр ажилладаг байна. Улмаар А.А...................ай нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд агааржуулалтын систем хийх зорилгоор Г.Б...................рт ажлын санал тавихад тэрээр зөвшөөрсөн байна.  Ийнхүү А.А...................ай нь мөн өдрийн 13 цагийн орчим Г.Б...................рын гэр буюу ******* дүүргийн ........................... тоотод очиход Г.Б...................р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсанд бухимдан “согтуу байгаа тул чи явж чадахгүй юм байна пизда минь” маргалдан улмаар гэрээс гарахдаа түүнийг түлхэж унагасны улмаас Г.Б...................рын биед зүүн шаант ясны дунд 1/3 хэсэгт ташуу зөрүүтэй, тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт ташуу зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

Хохирогч Г.Б...................р мөрдөн шалгах ажиллагаанд: “...А.А...................ай... намайг гэсэн. Тэгэхээр нь би уурлаад гараараа зүүн баганаа цохиход миний зүүн хөл рүү А.А...................ай баруун хөлөөрөө өшиглөөд, намайг түлхэж унагаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал),

-“...2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Харин шүүх дээр очиход миний хөл эдгэчихсэн байсан гомдол саналгүй байна гэж худал ярьсан юм. Анх миний бие гэртээ А...........................оо болон Батаа гэх найзуудтайгаа байж байтал манай хамт ажилладаг А.А...................ай гэрийн гадаа намайг авах зорилгоор ирсэн байсан. Тэгээд би гэртээ оруулсан ба намайг согтуу учир яваад хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад явна гэж хэлээд маргаан болсон. Эхлээд миний цамцнаас заамдаж аваад А.А...................ай ах миний зүүн хөлийн шилбэ руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд түлхэн унагаагаад гарсан...эхлээд намайг өшиглөчхөөд түлхэж унагаасан тэгэх үед мушгирч хөл маань хугарсан байх. Бусдаар эд зүйлд хөшигдөж гэмтэл учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132-133 дахь тал)

-Гэрч М.А...........................оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн багана хөдлөөд Б...................р газар суугаад үлдэхэд орж ирсэн ах нь гараад явсан. Тэгэхэд Б...................р хөл эвгүй болчихлоо, энэ миний хөлийг эвгүй болгочихлоо, би энэнд ямар гай хийсэн юм гэж орилоод байсан... Тухайн үед тэр хоёр барьцалдаж байгаад Б...................р суугаад өгсөн тэрнээс биш хоорондоо зодолдсон асуудал огт болоогүй. Тэгээд газар суухдаа зүүн хөл эвгүй болчихлоо гээд орилоод хөлөө жийгээд сууж байсан...” гэж (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Гэрч Ж.Б.............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэртээ ирэхэд манай нөхөр Г.Б...................р нь гэрийн зүүн талын орны урд хулдаасан дээр хэвтэж байсан тухайн үед би согтуу унтаж байна гэж бодтол манай нөхөр надад хандаж миний хөл хугарсан тухайгаа хэлсэн. Би тэгээд яаж байгаад хугалсан талаар асуухад манай нөхөр Г.Б...................р нь “А.А...................ай ах намайг өшиглөчхөөд гараад явсан” гэж хэлсэн ба би улмаар ах Лутбат-г дуудаад гэмтэл согог судлал руу явсан. Очоод эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орж хөлөндөө хадаас хадуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-130 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 627 дугаартай дүгнэлт:

1. 2022.04.08-ны Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5208 дугаартай дүгнэлтэд: 2022.04.04...ДҮГНЭЛТ

1. Г.Б...................рын биед зүүн шаант ясны дунд 1/3 хэсэгт ташуу зөрүүтэй, тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт ташуу зөрүүтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан ШШҮХ-ийн ШЭШГ-ын шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэжээ.

2.ГССҮТ-ийн НХГСТасгийн 4078 дугаартай өвчний түүхийн хуулбарт: Өвчний түүх нээсэн 2022 оны 3 сар 29 өдөр 23:6 цаг ...Эмнэлгээс гарсан 2022 оны 4 сар 8 өдөр. Ор хоног 10 хоног (гараар ор хоног 2022/04/04 6 хоног гэж бичсэн)...

Хэвтэх үеийн зовуурь: Зүүн шилбээр хүчтэй өвдөнө...

Өвчний түүх: 2022.03.29-ний 18 цагийн үед шат руу гарч байгаад унасан. Өөрсдийн унаагаар ГССҮТ дээр ирсэн...

“Хэсэг газрын үзлэгт...Зүүн шилбээр хаван хавдартай, эмгэг хөдөлгөөнтэй, өвчин эмзэглэлтэй, хугарлын шинжтэй...

2022.03.30-ны Рентген: Зүүн шаант ясны дунд 1/3 хэсэгт диафизын хэсэгт ташуу зөрүүтэй эргүүлэгтэй хугаралтай. Тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт диафизын төгсгөл хэсэгтээ ташуу зөрүүтэй хугаралтай...

2022.03.31-ний Мэс заслын тэмдэглэл: ...Зүүн хөлийн өвдөгний үе орчимд урд гадаргууд 3 см орчим урт дагуу зүслэг хийж...тойгны өргөн холбоосны голоор цуулан шаант ясны дээд булууны урд хэсгээс шөвөгдөн цоолж...хадаасаар ясны хөндийгөөр хугарлыг дайруулан хагас далд аргаар хадаж бэхлээд түгжээт хадаасны дээд төгсөлд 2ш, доод төгсгөлд 2 ш тус тус түгжигч шургаар шурагдан бэхлээд...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5208 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. 7. Г.Б...................рын биед учирсан хөлийн зүүн шаант ясны дунд 1/3 хэсэгт ташуу зөрүүтэй эргүүлэгтэй хугарал,

3. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь хөлийн шилбэний хэсэгт цохих, цохигдох шууд үйлдлээр үүсэхгүй.

5. 6. Мохоо зүйл гэдэгт хатуу болон зөөлөн тогтоцтой, хурц ир үзүүргүй бүх эд зүйл орно. Хүний хөл гар, зуух, багана зэрэг нь мохоо хүчин зүйлд орно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал)

 

- Шинжээч эмч Ч.Эрдэнэболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б...................рын зүүн хөлний шаант ясны дунд 1/3 хэсгээр эргүүлэгтэй буюу мушгирсан хугаралтай тахилзуур ясны дээд 1/3 хэсэгт ташуу хугаралтай байгаагаас үзэхэд уг хугарал нь зүүн шилбэний хэсэгт шууд цохисноос үүсэхгүй, хүн хүндийн хүчээ зүүн хөл дээрээ авч зогсох үед нь хүн ямар нэг байдлаар түлхэх тэнцвэр алдаж биеэрээ эргэлдэн хөдөлгөөн хийх буюу хөлийг хөшиж мушгиж цохих тохиолдолд үүснэ. Шаан яс бүдүүн тахилзуур нь нарийн шилбэний яснууд бөгөөд хохирогчийн хувьд шаант яс нь дунд 1/3 хэсгээрээ тахилзуур нь дээд 1/3 хэсгээрээ хугарсан байгаа байрлалаас үзэхэд рентген зургаар тогтоогдсон шаант ясны хугарал нь ташуу байрлалтай байх тул ийм хугарал нь хөл хөшиж мушгигдсан үед үүсэх бөгөөд уг шаант ясанд үүссэн хөшигдөх мушгигдах хүчний үйлчлэлээр тахилзуур яс нь ижил түвшинд биш буюу өөр өөр түвшинд хөшигдөж хугарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч А.А...................айгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр...Г.Б...................р руу залгахад Сайншанд руу ажилд явахаар боллоо хамт явах уу гэхэд Г.Б...................р зөвшөөрч гэрт ирээд намайг авчих гэсэн. ...Тэгээд Г.Б...................рын гэрт хамт ороход нэг залуу тасраад газар унтаж байсан, бас нэг согтуу залуу зуухны баруун талд зогсож байсан. Тухайн үед гэр орон нь эмх замбараагүй газар хулдаасан дээр юм асгарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Г.Б...................рт хандан миний дүү найз нартайгаа амраад өнөөдөртэй яваад хэрэггүй, ах нь Сайншанд явж ажил төрлөө үзчихээд ирье” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Б...................р над руу “хуцаад бай би явна” гээд над руу агсарч эхэлсэн. Тэгээд би ширээн дороос нь угсарч тавьсан байсан хуванцар сандлаас нэгийг салгаад зуухны зүүн урд талд тавиад сандал дээр суусан. Тэгэхэд Г.Б...................р уурлаад би явна пизданууд гээд баруун гараараа гэрийнхээ зүүн талын баганыг 1 удаа хүчтэй цохиход багана нь хөдөлж байсан. Тэгээд би босоод Г.Б...................рыг баганаас холдуулах гэхэд Г.Б...................р зүүн хөлөөрөө зуухаа өшиглөөд тас нис хийгээд явсан. Тухайн үед би Б...................р руу очиход арагшаа газар хивсэн дээрээ бөгсөөрөө суугаад газар хэвтээд өгсөн. Тэгээд би сул байсан баганыг нь өргөөд доор нь байсан ивээсийг нь хийгээд тавьсан...Тэгээд маргааш нь Гэмтлийн эмнэлэг дээр очоод Г.Б...................рын эхнэртээ уулзахад шөнөжингөө ёолоод хонолоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрт нь болсон асуудлын талаар хэлээд ахынх нь утсыг аваад ахтай нь гэмтлийн эмнэлгийн гадаа машин дотор нь уулзсан. Тэгэхэд ах нь надаас зардал нь 3 сая төгрөг болох юм байна мөнгөний асуудал хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би ахад нь хандан “олон жил хамт ажиллаж байгаа, би бүх зардлыг гаргаж чадахгүй, 500.000 төгрөгөөр тусалъя өөр боломж байхгүй гэж хэлээд эхнэр рүүгээ утасдаж 100.000 төгрөг Г.Б...................рын эхнэрийн данс руу эрүүл мэндийн даатгалын бөглүүл гэж явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 627 дугаартай нэмэлт дүгнэлтээр хохирогч Г.Б...................рын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдал нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.А...................ай нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, өөрийн удирдлага дор ажилладаг Г.Б...................ртай хувийн таарамжгүй сэдэлтээр хоорондоо маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.А...................ай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Б...................р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.А...................айг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.А...................айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч А.А...................ай, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.А...................ай нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн:”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 51, 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч А.А...................айд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А...................ай нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаарх баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдээгүй, нөгөө талаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтоосон байна. Иймд шүүгдэгч А.А...................айд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00774 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дэмбэрэл овогт А...................нын А...................айг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.А...................айг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А...................айд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А...................ай нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.МӨНХЗУЛ