Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/731

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа /томилолтоор/,      

шүүгдэгч Г.************ /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** овогт ***** ************д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

*******************

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.************ нь 2022 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй зочид буудалд Д.************ын гээгдүүлсэн хохирогч Г.************ийн эзэмшлийн Самсунг А-52 загварын гар утсыг бусдын эзэмшлийн болохыг мэдсээр байж авч завшиж, 799.200 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Г.************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 2 найзын хамт ******* гэх буудалд архи уусан. Шөнийн 03 цагийн үед тамхи татах гээд гартал баруун гар талын буйдан дээр гар утас байхаар нь санаандгүй халаасандаа хийгээд ажилдаа явсан. Сар гаруйн дараа би гар утсаа гээсэн учраас тухайн утсанд симээ хийгээд ашиглаж байтал Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс залгаад мэдүүлэг өг гэхээр нь өгсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хавтаст хэргээс:  

Хохирогч Г.************ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Гэрч Д.************ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч Ц.************ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Г.************гийн Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 68-72 дахь тал/,

Яллагдагч Г.************гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 38-42 дахь тал/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Суллагдсан тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.************ үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.************ нь 2022 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ************ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” нэртэй зочид буудалд гээгдүүлсэн хохирогч Г.************ийн эзэмшлийн Самсунг А-52 загварын гар утсыг бусдын эзэмшлийн болохыг мэдсээр байж авч завшиж, 799.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

 

Хохирогч Г.************ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 80 айлын 11-5 тоотод нөхөр, 3 хүүхдийн хамтаар оршин суудаг. Манай нөхөр Д.************ өөрийн найз болох ********* /********/ мөн ********* /**********/ гэх эмэгтэй нарын хамт нийт 6-уулаа Хан-Уул дүүргийн *********** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******** гэх нэртэй зочид буудалд орсон байсан ... Манай нөхөр надтай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цаг өнгөрч байхад өөрийнхөө утсаар холбогдсон.Тэгээд намайг өглөө нь очиж авахад “би шөнө утсаа алга болгочхоод цагдаагийн байгууллагад мэдэгдэж хөлсөлсөн өрөө болон зочид буудлын хүлээн авагчийн өрөөнд нэгжсэн” надад хэлсэн. Тухайн гар утасыг би Мобикомоос 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгөөр лизингээр авсан. Сард 54.113 төгрөг төлдөг. Миний нэр дээр байдаг зээлээр авсан гар утас юм. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Гэрч Д.************ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ***********-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** зочид буудалд найз нарын хамт архи уусан. Би нэлээн согтуу байсан. Тэгээд утсаар ярих гээд утсаа хаана тавьснаа санахгүй утсаа хайгаад олохгүй байсан болохоор цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Мобикомоос лизингээр гэрээ хийж авч байсан. Энэ гар утас нь манай эхнэрийн утас юм. Би барьж байгаад утсыг нь гээсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Samsung ******** маркийн гар утас 799.200 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

“Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4/2722 дугаартай албан бичигт: ************ дугаар ************ ************э: ******** IMEI кодтой гэсэн /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Гэрч Ц.************э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Би өөрийн нэр дээр авсан ********** дугаарыг авсан. Одоо манай хүү ************ барьж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/

 

Шүүгдэгч Г.************гийн Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 68-72 дахь тал/,

Яллагдагч Г.************гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз **********, *********** нарын хамт Хан-Уул дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “************ “нэртэй зочид буудлын 2 давхрын өрөөнд архи уусан юм. Шөнө 03 цагийн орчимд тамхилах гээд буудлын өрөөнөөс гарахад 2 давхрын заалны сандал дээр цагаан өнгийн Самсунг А52 маркийн гар утас байхаар нь аваад халаасандаа хийгээд буудлаас гарч тамхилчхаад буцаад буудалдаа ороод унтсан юм. Тухайн үед намайг өрөөнөөс тамхилах гээд гарахад зааланд ямар ч хүн байхгүй байсан. Би өглөө ажилтай байсан учраас шууд ажил руугаа явсан. Би олсон гар утсаа 1 сарын дараа өөрийн ************* дугаарыг хийж ашиглаж байхад 2022 оны 05 дугаар сард цагдаагийн байгууллагаас залгахаар ирж мэдүүлэг тайлбар өгсөн юм... Тухайн гар утсыг хүнийх гэдгийг мэдэж байсан боловч хаячихсан байсан болохоор авсан юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

       

          Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Г.************ нь Д.************ гээгдүүлсэн Г.************ийн эзэмшлийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын  гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

         Иймд шүүгдэгч Г.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

         Хохирол, төлбөрийн талаар:

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Шүүгдэгч Г.************гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.************т 799.200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч Г.************т 800.000 төгрөг төлсөн /хавтаст хэргийн 55-р хуудас/, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан байх  тул шүүгдэгч Г.************г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

       

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.************ нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 260 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад Г.************ нь зөвшөөрсөн байна.    

 

         Шүүгдэгч Г.************ нь Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 сарын 20-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил, 03 сар 01 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх тул 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусах байжээ.  /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.************д Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаас эдлээгүй үйлдсэн ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Г.************ нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.************д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.************д мэдэгдэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгч Г.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *********** овогт ********* ************г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.************д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.************ нь хохирогч Г.************т 800.000 төгрөг нөхөн төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.************д Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаас эдлээгүй үйлдсэн ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.************ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

  

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР